Австралийг уяраасан морин хуурч



Нүүдэлчдийн хөгжмийн соёл, хөөмий, уртын дуу, морин хууртай хүн төрөлхтөн танилцаад удаагүй байна. Гэхдээ богинохон хугацаанд монгол үндэсний урлаг дэлхийн зах зээлийг эзэлжээ. Морин хуур, уртын дуу эгшиглээгүй тайз үлдээгүй биз.  Европын сонгодогтой эн зэрэгцэн морин хуураа гайхамшиг болгох нь монгол уран бүтээлчдийн  мөрөөдөл байсан. Эсгий гэрээс дэлхийн тайзнаа эгшиглүүлж чадсан бахдам түүх бүтээгчдийг Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун нээжээ. Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулсан энэ аугаа хүмүүн чадварлаг морин хуурчдыг бэлтгэсний нэг нь Ганбүргэдийн Бөхчулуун юм.  Консерваторийн оюутан байхдаа Морин хуурын чуулгад хөгжимчнөөр ажиллажээ.  Морин хуурын чуулгаас гадна ардын дуу, аялгууг шинэ өнгө аясаар найруулан бүтээлээ туурвидаг үндэсний урлагийн хамтлагууд морин хуурыг олон улсад таниулахад гол хөшүүрэг болсон. Тиймдээ ч 2003 онд ЮНЕСКО-гоос морин хуур хөгжмийн уламжлал урлагийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний “Соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад бүртгэжээ. Тэдгээр хамтлагийн нэг бол “Домог” байлаа. Г.Бөхчулуун “Домог” хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг. Хамтлаг байгуулах санааг ангийнхаа Д.Шинэцог, Пүрэвдорж нартай ярилцаж гаргажээ. Анх морин хуурын дөрвөл хэлбэрээр гарч ирэхдээ бөмбөр нэмсэн байна. “Домог” хамтлагийн уран бүтээлийг залуучууд, гадаадууд сонирхон сонсдог байв. Их Монгол улс байгуулагдсаны түүхт 800 жилийн ой тохиосон 2006 онд хамтлагаа байгуулжээ. Ингэхдээ орчин үеийн этник чиглэлийн бүтээл туурвих, дэлхийн сонгодог болон бусад төрлийн хөгжмийг морин хуур, хөөмийн аялгууг хослуулан тоглож Монголын урлагт тэсрэлт хийсэн. Морин хуурын чуулгаас эхэлж “Домог”-оор амьдарсан түүний уран бүтээлчийн замнал Сиднейд үргэлжилсэн юм. Эсгий гэрээс эгшиглэдэг морин хуураараа австраличуудын сонорыг мялаахдаа үндэсний урлагаа сурталчлахыг л эрхэмлэж ирсэн. Урлагт үнэнч байж чадсан тэрбээр Австралийн хөгжмийн ертөнцөд орон зайгаа эзэлсэн уран бүтээлч болжээ. 

Ц.Батчулуун багшийн захиас

Хөгжим, бүжгийн коллежид 1997 онд элсэн  Монгол Улсын Гавьяат багш Ё.Батбаяраар морин хуурын цагаан толгойг заалгажээ. Энэ хүний шавь нар өдгөө олон улсад морин хуураа эгшиглүүлэн, үндэсний урлагаа сурталчилсаар явна. “Морин хууртайгаа байхад  чи алзахгүй” гэсэн багшийн сургаал Г.Бөхчулууны уран бүтээлийн зарчим болжээ.  Морин хуурын чуулга гэдэг их айлд  17 настайдаа оров. Оюутны ширээнээсээ хөндийрөөгүй хүүг дадлагажигчаас үндсэн хөгжимчин хүртэл нь дэмжсэн хүн бол Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун.
Дэлхийн шилдэг морин хуурчдын нэгдэлд багтсанаа тэрбээр их хувь тавилан гэж бэлгэшээдэг. Монгол Улсын Хөгжим, бүжгийн консерваторид суралцаж байхдаа уралдаан тэмцээнд амжилттай оролцдог байсан нь чуулгын уран бүтээлч болоход нөлөөлсөн биз. Багш нь сэрүүн тунгалаг ахуйдаа  “Морин хуурын чуулга дэлхийд данстай бүх тайзнаа тоглолоо.  Одоо Австралийн “Opera House” дуурийн театр л үлдээд байгаа шүү миний хүү” гэсэн нь түүний сэтгэлээс гардаггүй захиас байжээ.  Бурхны орныг зорьсон багшийн хүсэл  өнгөрсөн сарын 14-нд биелж “Opera House”-ын тайзнаа Морин хуурын чуулгын аялгуу эгшиглэлээ. “Монголын сайхан орон” тоглолтод чуулгынхантайгаа  хамт нэгэн тайзнаа гарав. Далайн чинадад амьдардаг ч сэтгэл зүрхээрээ чуулгатайгаа холбоотой түүнд үүнээс илүү хүндлэл, шагнал гэж үгүй билээ. Хүн бүрийн зүрхэнд цаг хугацааны уртад гээгдэж үлдээгүй, үргэлж сэтгэлд нь уяатай явдаг сайхан дурсамж бий. Бөхөөд Морин хуурын чуулгынхантайгаа үдсэн цаг хугацаа, тоглолтууд хамгийн нандин мөч. Угаас бие нь  Австралид амьдардаг ч зүрх сэтгэл нь Монголд үлдсэнийг уран бүтээлээс нь сонсож болно.

Гудамжны хөгжимчнөөс эхэлсэн замнал

Г.Бөхчулууны гэр бүл 2009 онд эх орноосоо гарч, Австралийг зорьжээ. Эхнэр нь зорилгынхоо дагуу сурч, харин Бөхөөд хөгжмөөс өөр сайн чадах зүйл байсангүй. Сиднейд хөгжмийн карьераа үргэлжлүүлэхэд эхнэр нь хамгийн их дэмждэг байв. Янз бүрийн ажил хийгээд амьдарч болох ч эхнэр нь “Мэргэжлийн хөгжимчин байж хар бор ажил хийгээд гар хуруугаа гэмтээвэл хичээл зүтгэл чинь талаар болно. Урлагаа орхиж болохгүй” гэж ятгана.  Австралийн хөгжмийн салбарт танил талгүй морин хуурч залуу хэрмэл хөгжимчний замналыг сонгов. Хүн хөлхсөн олон гудамжнаас  уран бүтээлчид, урлагийнхан төвлөрсөн Нью-Таун гудамжийг сонгон, морин хуураа тоглох зөвшөөрөл авав. Өмнө нь Европын орнуудаар аялахдаа гудамжинд тоглож үзсэн учраас ичиж, эмээх зүйл байсангүй. Гудамжинд хөгжим тоглох, түүнийг сонсож, оюуны таашаал авдаг соёл том хотуудад хэдийнэ тогтсон. Харин манайд гадаа хөгжим тоглож байвал  “Ээ хөөрхий дөө. Ядарсан амьтан байна” гэж бодох нь олон. Хааяа халширсан үед морин хуурын аялгуу эх орондоо очсон мэт сэтгэлийг нь аргадана. Тэр үед  Ц.Батчулуун багшийн хэлдэг “Хөгжмөө тоглож байвал хаана ч очсон талхтайгаа шүү” гэх үг яасан үнэн юм бэ гэж бодогдоно. Хэдхэн задгай зоос байсан ч гуньж, урвайлгүй хөгжмөө тоглосоор зургаан сар болжээ.  Түүний  зорилго авьяасаараа амь зуух биш, морин хуур хөгжимтэйгөө Австралийн урлагт хөл тавих. Харь нутагт амжилтад хүрэх амар биш. Тэр дундаа дэлхий тоглодог нийтлэг хөгжмийн зэмсгээр бус үндэсний хөгжмөөр дагнасан уран бүтээлчид хэцүү даваа.   Өөрөө л эрэл хайгуул хийхгүй бол түүнийг наашаа гэх хүн үгүй. Хачирхалтай, урьд өмнө үзээгүй хөгжим, хөөмийн аялгуу Сиднейн гудамжнаа эгшиглэж,  олны анхаарлыг аажмаар татлаа. Сонссон хүн бүр  “Мэдэхгүй хөг аялгуу хэрнээ  сэтгэлийн утсыг хөнддөг шидтэй хөгжим байна” гэж магтана.  Яг л монголчууд морин хуурын аянд уярдаг шиг  гаднынхны сэтгэлийг хөвөлзүүлж байлаа. Монгол хүн дотогшоо мэлмэрүүлж чимээгүй сонсдог бол австраличууд хөгжим дууссаны дараа асуултаар “булдаг” сониуч зантай. Хэл мэдэхгүй болохоор хүмүүсийн асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй гацна.   “Энэ ямар хөгжим бэ” гэхэд “Энэ бол монгол хөгжим” хэмээн тайлбарлаж, үндэсний соёлоо сурталчлахын тулд англи хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байдаг. Гадаа дөрөв, таван цаг хөгжмөө тоглож, хөөмийлөөд суухаар хоолой эцэж, ядарна. Тийм нэг өдөр “Чиний хоолой сөөсөн байна. Манайд орж цай уу” гэсэн залуугийн урилгыг хүлээн авчээ. Магадгүй түүнийг өрөвдсөн байх. Тэр залуу “Би англи хэлний мэдлэгээ сайжруулахад чинь тусална, харин чи надад гоё аялгуу тоглож өгөөрэй” гэжээ. Монгол хөгжимчний тухай Австралийн үндэсний телевизээр нэвтрүүлснээр олон хүнд хүрч, хөгжмийн хүрээнийхэнтэй танилцжээ.  Нэг өдөр гэртээ иртэл, эхнэр нь Австралийн Засгийн газраас олгодог байнгын оршин суух эрхтэй Авьяастны виз бөглөснөө хэлжээ. Визний бүрдүүлэлт хийх үед  “Чи ямар Женнифер Лопез биш. Чамд олгохгүй байх аа” гэсэн хүмүүс ч байв. Чамгүй олон тодорхойлолт бүрдүүлжээ. Хүссэн болгонд олддогүй, урлагт гарамгай хувь нэмэр оруулсан, хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч, олимпын аваргуудад олгодог тэр алтан визийн шаардлагыг хангасан ч цөхөртлөө хүлээсэн хүн олон. Гэтэл монгол хөгжимчний визийн хүсэлтэд зөвшөөрсөн хариу зургаан сарын дараа гарчээ. Энэ бол түүний гэр бүлийн шинэ эхлэл байсан юм. Эхнэр нь ч ажлаа өөрчилжээ. ABC радиогийн үндэсний хөтлөгч Эндрю Форд Австралийн хөгжмийн сард зориулан 2015 онд Г.Бөхчулуунтай ярилцсан нь олонд хүрсэн. Австрали дахь анхны “тайз” задгай талбай байсан бол 2010 онд Сиднейн  “Opera house” дуурийн театрт мартагдашгүй тоглолтоо хийжээ. Үүнээс хойш ногоон тивийн урлагийн бүх л том тайзнаа гарч,  хөгжмийн наадмуудад оролцсон байна. Мэргэжилдээ үнэнч,  шантралгүй явсны үр дүнд өнөөдөр Австралийн хөгжмийн салбарын нэг хэсэг болжээ.  Өдгөө Монгол, Туркийн ардын болон Блюграссын хэв маягийг хослуулсан “Horse and Wood”, Монголын уламжлалт хөгжмийг Ойрхи Дорнодын чавхдаст зэмсэг, жазз хэмнэлтэй уусгасан “Equus” хамтлагт харьяалагдахаас гадна Линси Поллак, Лиззи О'Кифе нартай хамтран уран бүтээл туурвиж байна. Энэ цаг үед тэрбээр Австралийн сурагчдад үндэсний урлагаа таниулахад анхааран ажиллаж байна. Монгол ахуйтай урлагаар дамжин танилцсан хүүхдүүдийн сэтгэлд манай орон эергээр үлдэх нь дамжиггүй. 

Шилдгүүдтэй эн зэрэгцэв

Австралийн “The Voice” шоуны зохион байгуулагчид 2019 онд Бөхөөг урьжээ.  Энэ шоуг үзэж байгаагүй ч үндэсний соёлоо сурталчлах, нийгмийн бүхий л давхаргын хүмүүст аялгуугаа сонсгох зорилгоор зөвшөөрчээ. Ингэхдээ  гадаадын ковер дуулахгүй. Үндэсний аялгуугаа тоглох болзолтойгоор “Аав, ээж хоёр” дуугаараа оролцсон байна. 
Аян замдаа сайн яваарай гэж
Аав минь ерөөж хэлдэг юм
Алсын газраас хүрээд ирэхэд
Аав, ээж минь баярлан сууна...гэх үгс сэтгэлээс нь хөвөрчээ. Морин хуур, хөөмийн аялгуунд уярсан үзэгч, шүүгчид “Ид шид биелэх шиг боллоо” гэж уран бүтээлчийн гүйцэтгэлийг магтсан юм. Бүх шүүгчийг эргүүлсэн ч  “Бидний өмнө  элит хөгжимчин зогсож байна” гэж уулга алдсан Гай Себастьяныг сонгожээ. Тулааны тойрогт Жонни Мануэльтэй хосолсон бөгөөд көүчийн найруулсан арга барил “Бөхөөг  арын хөгжимчин” болгосон гэж дэмжигчид нь таагүй хүлээж авсан. Шүүгч  Делта Гудрем, Келли Роуланд нар ч  тулаан шударга бус болсонд Гай Себастьяныг буруутгажээ. Шоугаа орхихдоо  даруухан инээмсэглэх Бөхчулууны  эелдэг зан австраличуудын хайрыг булаасан. “Дэйли мэйл” сонинд “Себастьян түүнийг бүтэлгүйтүүллээ” гэж бичиж байв. Бөхчулуун аль хэдийнэ хөгжмийн карьераа эхлүүлсэн уран бүтээлчийн зангаргаар “The Voice”-д түрүүлэх зорилгоор оролцоогүй. Харин алдартнуудын зөвлөгчидтэй уулзсандаа баяртай үлджээ. Энэ зуур Гай Себастьян ч алдаагаа  хүлээн зөвшөөрч уучлал гуйсан юм.  “The Voice”-ын дараа түүнд “Авьяаслаг австраличууд”  шоуны санал ирсэн ч  татгалзжээ. Угаас мэргэжлийн уран бүтээлчид телевизийн шоунаас хол байдаг хойно. Харин хөгжмийн өөр төрлийн уран бүтээлчидтэй хамтарч, шинэ төрөл жанрын бүтээл туурвихыг илүүд үзжээ. Энэ зорилгоо ч биелүүлсээр байна. Герман, итали, америк, энэтхэг продюсертой хамтран ажиллаж эхэлсэн байна. Дэлхийн топ дижинүүдийн нэг Дави Авила түүний  “Аав, ээж хоёр” дууг транс хэлбэрт  оруулжээ.  Хэд хэдэн төрлийн цахим тоглоомын хөгжим дээр ажилласнаас “Total War: Attila” цахим тоглоомын дуу хөгжим өндөр үнэлгээ авсан байна. Энэ сонголт хүртэл ардын урлагаараа дагнах уу, орчин үетэй хослуулж шинэчлэх үү гэсэн салаа замын уулзварт байлаа. Шинэ үеийн залууст хөгжмөө хүргэхийн тулд хослуулахаар шийдсэн нь оножээ.   Австралийн дуу, хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй “ARIA”  наадамд  “The Journey” цомгоороо 2021 онд нэр дэвшсэн нь хөгжмийн карьерт нь чухал үйл явдал байлаа. АНУ-ын “Grammy awards”-тай төстэй бүс нутгийн чухал наадмын цар хүрээ Австрали улсаар хязгаарлагддаггүй. АНУ тэргүүтэй орны поп дуучид ч нэр дэвшдэг аж. Гэртээ жижиг студи байгуулаад  “The Journey” цомгийн ажлаа  2019 онд эхлүүлжээ. Хөөмийг электроник хөгжмийн дуугаралтуудтай хослуулсан нь мэргэжилтнүүдийн сонорт хүрчээ.  Цомгийнхоо дижитал хувилбарыг  "Spotify", "iTunes", "Amazon" зэрэг платформоор сонсогчдод хүргэсэн байна. 


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө