Монгол Улс Францын талтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсон нь дэлхийн анхаарлыг татсан билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийхдээ ураны хамтарсан олборлолтын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний үр дүнд манай уул уурхайн бүтээгдэхүүн дээр нэмэгдээд уранаас өндөр ашиг олох эдийн засгийн боломж нээгдэж байна. Мөн стратеги, шинжлэх ухааны олон талын ач холбогдолтой юм. Энэ талаар физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа.
-Манай улсын ураны судалгаа хэдэн оноос эхлэлтэй вэ. Хэр хэмжээний нөөцтэй вэ?
-Цөмийн энергийн салбарыг Монгол Улсад үүсгэн байгуулж, цацраг идэвхт ашигт малтмалын чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш 60 гаруй жил өнгөрчээ. Манай улс одоогоор 200 мянган тонн ураны нөөц хүлээж авсан. Энэ нь дэлхийд тогтоосон ураны нөөцийн хоёр хувь юм. Ирээдүйд тогтоох прогноз нөөц нь 1.5 сая тонн гэж үздэг. Эрэл хайгуулын үр дүнгээс харахад манай улс дэлхийн батлагдсан нөөцийн таван хувийг эзэмших тооцоо бий. Ураны тогтоосон нөөцөөрөө ч, таамаг нөөцөөрөө ч Монгол дэлхийд тавд орох боломжтой. Сонирхуулахад, дэлхийд тархсан ураны нөөц мөнгөний нөөцөөс их гэдэг. Уран Дорноговь гэлтгүй Монгол орон даяар тархсан. Бидний амьсгалах агаар, уух усанд уран зохих хэмжээгээр байна. Ямарваа юмны тун хэмжээ, байх ёстой стандарт гэж бий. Сүхбаатар, Архангай, Увс, Ховд, Баян-Өлгий гээд аймаг бүрд тархсан. Хамгийн гол нь уурхай байгуулаад олборловол эдийн засагт ашигтай юу гэдэг үзүүлэлт чухал. Оросууд манайд уран олборлож байсан. Сүүлд “Хан Ресурс” эзэмшиж байсан. Хөрөнгө оруулалт шинэ хууль гаргаж хяхан боогдуулсан үндэслэлээр Монгол Улс ялагдаж, хохирлыг барагдуулсан сургамжийг санаж явууштай.
-Дэлхийн зах зээлд ураны ханш тогтвортой байдаг уу?
-Саяхны судалгааг харахад дэлхийн ураны хэрэглээ 2030 он гэхэд 110 мянган тонн болж өсөх хандлагатай байна. Дэлхийн ураны нэг жилийн олборлолт өнөөгийн байдлаар 70 мянган тонн гэж үзвэл тэр үед 40 мянган тоннын хомстол үүсэхээр харагдаж байна. Энэ хэрээр ураны ханш дэлхийн зах зээлд ойролцоогоор хоёр дахин өсөх төлөвтэй байна. Ураны фьючерсийн ханш 1970-аад онд оргилдоо хүрсэн. Дараа нь буурсан ч одоо эргээд өсөж байна. Аравдугаар сарын 27-нд нэг фунт нь 74.25 ам.долларын үнэтэй байсан. Энэ он гарснаас хойш ураны үнэ 55 хувиар өссөн.
Франц бол цөмийн бүрэн цикл хийдэг орон
-Бид тогтоосон нөөц баялгаа олборлох нь зүйн хэрэг. Харин Францын талтай хамтран ажилласнаар манай улсад ямар давуу талтай вэ?
-Одоогоор манай улсын тогтоосон нөөцийн тал хувийг буюу 100 мянган тонн ураныг Монгол, Францын хамтарсан “Бадрах энержи” компани эзэмшдэг. Дэлгэрүүлбэл, Францын тал 66, Монгол Улсын “Мон-Атом” компани 34 хувийг нь эзэмшиж байна. Төслийг Зөөвч-Овоо, Дулаан-Уул ордод хэрэгжүүлнэ. Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчлахдаа “Монгол Улс бол Францын онцгой түнш” гэж зарласан. Тэгвэл манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Парист анх удаа төрийн айлчлал хийхдээ гуравдагч хөрш гэж мэдэгдлээ. Өмнө нь манай төр, засгийн тэргүүнүүд албан айлчлал хийдэг байж. Франц улс Европын холбооны эдийн засаг, геополитикийн гол тоглогч. Эрчим хүчнийхээ хэрэгцээний 68 хувийг цөмийн 56 реактороос гарган авдаг. Европын томоохон тоглогч орж ирж байна гэж ойлгох хэрэгтэй.
-Францыг онцлон сонгосон нь тухайн улсын цөмийн энергийн салбарын хөгжилтэй холбоотой юу?
-Франц бол цөмийн бүрэн цикл хийдэг орон. Бүрэн цикл гэдэг нь ураныг эрэх, хайх, олборлох, боловсруулах, цөмийн болон бусад изотопыг гарган авах, атомын эрчим хүч гарган авч түлшний хог хаягдлыг дахин боловсруулалт хийхийг хэлнэ. ОХУ, Франц, Их Британи, АНУ, БНХАУ гэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван улс бүрэн цикл хийдэг. Нөгөөтэйгүүр Францын судлаачид ураныг эрж хайх, олборлох технологиор тэргүүлдэг, газар дор уусган баяжуулахдаа мэргэшсэн. Физикийн шинжлэх ухааны үүднээс дүгнэхэд ийм байна. Яагаад хамтран ажиллах ёстой вэ гэвэл, Франц манай ураны салбарт хамгийн их хөрөнгө оруулснаас гадна Монгол Улс тусгаар тогтнолоо зарлахад чухал нөлөө үзүүлсэн. Манай улсыг НҮБ-ын гишүүнээр элсэхэд анхлан дэмжиж, Элчин сайдын яамаа нээсэн Өрнөдийн их гүрнүүдийн нэг. Өөрөөр хэлбэл, манай хоёр улс маш өргөн, урт хугацааны дипломат харилцаатай. Ер нь социализмын үеэс л гуравдагч орны соёл, шинжлэх ухааны хамтын ажиллагаан дээр Франц улс хамтран ажилладаг байсан. Франц улсад Чингис хааны үзэсгэлэн гаргаж, Монголын соёлын өдрүүдийг хийж байна.
-Ураны төслөөс авах Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-ийг дэлхийн дунджаас өндөр тогтоосныг онцолж байсан. Олон улсад АМНАТ-ийг ямар жишгээр тогтоодог вэ?
-Манайд АМНАТ гэж ярьдаг, дэлхий нийтэд роялти гэдэг. Тухайн улсад байгаа ашигт малтмалыг ашигласны төлөө эзэн оронд нь төлдөг төлбөр. Эзний мөнгө гэж ойлгож болно. Дэлхийн дундаж роялти гурван хувь байдаг. Харин энэ төслийн урьдчилсан протоколд хамгийн багадаа таван хувь, дунджаар 11 хувь, өсөлтөөс хамаараад 19 хүртэлх хувиар АМНАТ төлөхөөр тохиролцсон юм билээ. Би хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсэгт ороогүй, нийтэд түгээсэн мэдээлэлд үндэслэн ярьж байна.
-Эхний ээлжийн хөрөнгө оруулалтын хэмжээ анхаарал татаж байгаа. Та энэ талаар сонирхож харсан уу?
-Уурхай байгуулах, ашиглах, боловсруулах, эрчим хүч, тээвэр логистикийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 1.3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Францын тал санал тавьсан байна билээ. 500 сая ам.доллароос дээш мөнгөн дүнтэй бол мега төсөл гэдэг. Мега төслүүд Монголыг хүчирхэг болгоно. Ийм хэмжээний төслийн мөнгө тухайн улсын банкуудаар дамжин орж ирэх ёстой. Бидний ярьж буй хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин Европын хөрөнгө оруулагчид, улс төрийн анхаарлыг Монгол Улс татаж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эхлэлийг тавина. Уул уурхайн бусад салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн хөрөнгө оруулагчид ч гарч ирлээ.
-Хэрвээ бид уранаа олборлоод эхэлбэл, салбартаа гол тоглогчдын нэг болж чадах уу?
-Манай улстай нэг гараанаас эхэлсэн Казахстан дэлхийн тэргүүлэх уран экспортлогч, эдийн засаг, стратегийн хувьд томоохон тоглогч болсон. Бидэнд нөөц байна. Казахстаныг давдаггүй юмаа гэхэд дэлхийд хоёрт орох нийлүүлэгч орон болох хэрэгтэй. Бид эрэл, хайгуулын шатаа давсан. Олборлоод эхэлбэл шар нунтаг нийлүүлэгч орон болно. Шар нунтаг гаргадаг орон болно гэдэг чинь урт хугацаандаа бид цөмийн реактортай болох боломжтой. Монгол Улс эрчим хүчнийхээ 30 хувийг ОХУ-аас, 70 хувийг БНХАУ-аас авч байна. ОХУ-аас бүрэн хараат гэж ойлгодог хүмүүс бий. Гэтэл үнэндээ БНХАУ-аас эрчим хүчнийхээ 70 хувийг авдаг. Хэрвээ Орос улс импортоо зогсоовол баруун болон төвийн аймгууд эрчим хүчгүй болно. Харин БНХАУ эрчим хүч нийлүүлэхээ боливол Монгол Улсын эдийн засгийн үндсэн хүч болсон Оюу толгой, Тавантолгой эрсдэлд орно. Эрчим хүчний хамаарлаас гарахгүй бол Монгол Улсад аж үйлдвэрийн сэргэлт, Шинэ сэргэлтийн тухай ойлголт байхгүй. Гангийн үйлдвэр, Аж үйлдвэрийн парк байгуулж, утаанаас салж чадахгүй. Өрсөлдөх чадварт муугаар нөлөөлсөөр байна. Тийм учраас энэ төслийг дээр доор, төр хувь гэхгүй дэмжээд явах нь зүйтэй.
-Цацраг идэвхт ашигт малтмалын салбарын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?
-Дэлхийд ураны экспортоор тэргүүлэх үндэстний амбиц чухал байна. Атомын цахилгаан станц аймшигт утааны аюулаас аварна.
31 оронд цөмийн 420 реактор ажиллаж байна
-Манай эдийн засагт ашигтай төсөл гэж улстөрчид, эдийн засагчид тодотгож байна. Та салбарын төлөөллийн хувьд арай өөр өнцгөөс дүгнэн цэгнэж байгаа болов уу?
-Эдийн засагч биш учраас зах зээлд үзүүлэх өгөөжийг нь тооцоолж мэдэхгүй юм. Гэхдээ эдийн засгаас илүү стратегийн ач холбогдолтойг тодотгох хэрэгтэй. Стратегийн ач холбогдлыг мөнгөөр үнэлэх аргагүй. Франц улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн улсуудтай өндөр түвшинд хамтран ажиллах нь ашигтай. Ялангуяа, цөмийн энерги, өндөр технологийн түвшинд эдгээр улсын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих шаардлагатай. Уран олборлох төслийг хэрэгжүүлснээр цөмийн энергийг хэрэглэх, атомын цахилгаан станцтай болоход нэг алхам урагшиллаа. Бид эрчим хүчний хараат бус орон болох нь цаг хугацааны л асуудал.
-Монгол Улсын шинжлэх ухаан, судалгааны салбарт эргэлт хийх далайцтай төсөл хэрэгжүүлэх нь ээ?
-Цөмийн технологийг дагаад сансар судлал, газрын ховор элемент, анагаахын шинжлэх ухааны олон салбар хөгждөг. Хүн төрөлхтөн цөмийн технологийг хөгжүүлснээр сансар огторгуйг судлах эхлэлийг тавьсан. Гэтэл бид “уран аюултай” гэж муйхарлаад дэлхийн хөгжлөөс хоцрох ёсгүй. Уран олборлох, атомын цахилгаан станц барих төрийн бодлого үргэлжлэх нь зүйтэй. Энэ мега төсөл бол зөвхөн эдийн засгаас гадна стратеги, аюулгүй байдлын, соёлын, бизнесийн, өндөр технологийн гээд маш олон талын ач холбогдолтой. Үүнийг дагаад Монгол Улс хиймэл дагуул хөөргөх чиглэлд ажиллаж байна.
-Дэлхий нийтээрээ цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж чулуужсан түлшнээс татгалзах болсон. Ийм цаг үед цөмийн энергийн салбар олон улсын хамтын ажиллагааны чухал хэсэг болох уу?
-Монгол Улс Киотогийн протоколд нэгдсэн. Тус протоколд нүүрс ашиглаж агаарын бохирдлыг үүсгэхгүй, цэвэр эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн байдаг. Иймд бид нүүрснээс гаргах эрчим хүчийг багасгаж, цөмийн эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа ус салхи, нарны, газрын гүний дулааны гээд эрчим хүчний олон эх үүсвэрийг ашиглах шаардлагатай тулгарч байна. Тиймээс цөмийн энергийн салбарт энэ хамтын ажиллагаа хамгаас чухал. Өнөөдрийн байдлаар дэлхийн 31 оронд цөмийн эрчим хүчний 420 реактор ажиллаж байна.
Мега төсөл хэрэгжүүлж байж Монгол салбартаа өрсөлдөх чадвартай улс болно
-Олборлолтын үйл явц аюултай юу?
-Уран бол цацрагийн тухайд эрсдэлтэй бөгөөд химийн хоруу чанартай элемент. Тиймээс үүнийг олборлохдоо цөмийн болон цацрагийн хяналттай ашиглах шаардлагатай. Цацраг идэвхт болохоос биш зэс олборлохтой зарчмын хувьд ижил. Газар дор уусган баяжуулах аргаар олборлоно. Ураны эрэл хайгуул, тандан судалгаа, олборлолт гээд бүх явцад цөмийн болон цацрагийн хяналтыг Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан дүрэм, стандартыг баримталдаг. Аливаа зүйл өндөр ашигтай байх тусам эрсдэлтэй. Цөмийн энергийн тухай хууль, төрийн бодлогод үүнийг тусгасан байдаг. Ураныг хаа нэг газраас аргал хоргол шиг хормойлж ирээд газарт булаагүй. Ухаж, олборлоогүй байхад ч тэр газар урантай. Тэр газарт ухсан ч эс ухсан ч урантай буюу техникийн ус байдаг. Мэдэхгүйдээ буруу зөрүү ярих хүмүүсийг ойлгож болно. Мэдсээр байж эсэргүүцээд, зориуд санаатай сөрөг суртал нэвтрүүлгээрээ бусдын толгой эргүүлж байгаа хүмүүст л хамаг учир байна. Гэхдээ өнөөдөр хортой, хоргүй гэж талцах нь буруу хандлага. Аливаа төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн санаа бодолд зөв бөгөөд шинжлэх ухаанч мэдээллийг тогтмол хүргэх ёстой.
-Гэхдээ эх орны баялаг гэдэг утгаараа иргэд үзэл бодлоороо талцаж байна. Атомын цахилгаан станц аюултай гэж үздэг хэсэг нь Чернобыль, Фүкүшимагийн ослыг сануулдаг. Та мэргэжлийн судлаачийн хувьд ямар тайлбар хэлэх вэ?
-Фүкүшима шиг осол болбол яах вэ гэж асуудаг. Мэдээлэлгүй хүмүүс тухайн ослоос болж олон мянган хүн үхсэн мэт ойлгодог. Үнэндээ 9.0 баллын газар хөдлөлтөөс болж үүссэн цунамид өртөн 20 мянга орчим хүн амиа алдсан. Атомын цахилгаан станцаас болж хүн үхээгүй. Фүкүшимагийн станцын реактор эвдрээгүй. Хүн төрөлхтөн тухайн үед 8.0 баллын газар хөдлөлтөд цөмийн станцыг доргиох туршилт хийгээгүй байв. Гэтэл байгаль эх туршаад өглөө. 8.0 баллаас дээш газар хөдлөлтөд цөмийн станц дэлбэрэхгүй, аюулгүй юм байна гэдгийг нотолсон.
-Мега төсөл учраас боловсон хүчний нөөцөө дотоодоосоо бүрдүүлэх байх. Тэгэхээр хоёрхон оюутан биш 20, 30-аараа МУИС-д элсэж, физикийн салбар дахин сэргэх нь ээ?
-Хүний нөөцийн 95 орчим хувь нь монголчууд байхаар тохиролцсон байна. Энэ мэт олон мега төсөл хэрэгжүүлж байж манай улс салбартаа өрсөлдөх чадвартай орон болно. Ерөнхийлөгчийн ивээл дор Азийн физикийн 23 дугаар олимпиад боллоо. Энэ бол шинжлэх ухаан, тэр тусмаа байгалийн шинжлэх ухаанд ач холбогдол өгч, хүүхэд залуусын сонирхлыг өдөөсөн үйл явдал. Азийн физикийн олимпиадыг зохион байгуулснаар манай физикийн эрдэмтдийн чанар чансааг харуулж буй нэг үзүүлэлт юм.
Бид урьд өмнө хаана ч тавигдаж байгаагүй бодлогуудыг зохиож бодуулснаар Ази, Номхон далайн орнуудад Монголын физикчид хүлээн зөвшөөрөгдлөө. Монголын хүүхэд залуус физик сонирхохоо больсон гэсэн буруу ойлголттой явдаг бололтой. Харин ч хүүхэд залуус физикт сонирхолтой, Монголын физикийн салбарын ирээдүй гэрэлтэй байна. Цөмийн энерги, уран, цацраг идэвх, агаарын бохирдол, газар хөдлөлт, галт уул гэх мэт байгалийн шинжлэх ухааны чиглэлээр “Шинжлэх ухааны хялбаршуулсан видео нийтлэл” цахим хичээлийн 38 дугаар бэлтгэж “Норовын Тэгшбаяр” Youtube хуудастаа байршуулсан.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна