Эрх чөлөөний зураач



Хееско нэрээр алдаршсан зураач Хүрэлбаатарын Хоснаранг “Бүтээлч урлан” буландаа онцоллоо. Бидний нийтлэг ойлголтоос ялгаатай нь түүний урлан үргэлж олонд нээлттэй, ил тод байдаг. Нэгэн цагт байгалийн үзэмжийг гутааж байсан цементэн ханануудыг урлагийн бүтээл болгодог шидтэн. Х.Хоснаран бол шинэ тив Австралийг зорьсон анхны монголчуудын нэг. Тодруулбал 1999 онд энэ орныг зорьжээ. Харин өдгөө  гудамжны дүрслэх урлагийн тод төлөөлөгч, Австралийн хамгийн алдартай ханын зураач болжээ. Австралийн гудамжны урлагийн наадамд  оролцож,  "Шилдгийн шилдэг бүтээл", "Мега ханын шилдэг зураг"-аар шалгарчээ. Тэрбээр мэргэжлийн уран бүтээлчийн хувиар “Marvel”, “Youtube”, “Puma”, “Nike”, “Nikon”, “NEP Australia”, “Ground Central Coffee Co”, “Superchief Gallery”  зэрэг байгууллагатай хамтран ажилладаг. Хеескогийн ханын зургуудын тухай  “National Geographic”, “Geo Saison” (Герман), “StuArt” (Франц) сэтгүүлд хэвлэж байснаас гадна улс төрийн агуулгатай бүтээлийг нь “Griffith Review” сэтгүүлийн нүүрэнд, “Bad President” (2020) киноны постерт нийтэлсэн байна. Тэрбээр хүүхдийн хүчирхийлэл, хүний наймааг таслан зогсоох зорилготой ашгийн бус үйл ажиллагааг дэмждэг. Олон нийтийн хөгжлийн хөтөлбөр, дунд сургууль, их дээд сургуулиудтай хамтран ажиллаж, зөвлөгч, семинарын зохицуулагчаар ажилладаг аж. Найруулагч Кевин Флорес Х.Хоснарангийн тухай  “Heesco - Homeland, Mongolia” баримтат кино бүтээжээ.


Бүгдэд нээлттэй урлаг

Сиднейн урлагийн коллежийг 2005 онд контемпорари урлагийн чиглэлээр төгсжээ. Хар багаасаа л зурах дуртай, авьяастай учир дүрслэх урлагийг сонгосон нь энэ. Урлагийн сургуульд элсэхдээ ханын зураач болно гэж төсөөлөөгүй.   Олон цагаар сууж зурсаар шууны булчин нь хатуурч үендээ ачаалал өгч, хөндүүрлэж зовооно. Тиймээс  зургийн арга барилаа өөрчилж, бийр, багсаар том хэмжээний бүтээл зурахаар шийджээ. Ингээд цааш үргэлжлүүлж шүршдэг будгаар зурах аргыг сонгосон байна.  Мэргэжлийн граффит зураачид зурахдаа бүжиглэж байгаа мэт харагддаг. Ханаа дагаад сууж босож, үелзэж бүхий л биеэрээ зурж байгаа нь Х.Хоснаранд таалагджээ.  Хамгийн гол нь эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байх. Бас түүний сонирхолд ойрхон төрөл учраас граффит зургаар дагнажээ. Шүршдэг будгийн гол онцлог нь хурд байдаг. Оюун санаандаа төсөөлсөн бүтээлийнхээ санаа, мэдрэмжээ мартахаасаа өмнө аль болох хурдан гаргахыг  хичээдэг нь түүнд тохирсон төрөл.  Хатахыг хүлээх  шаардлагагүй.  Гэхдээ эрүүл мэндэд хортой. Амны хаалт, бээлий бол аюулгүй ажиллагааны хамгаалалт. Хамар битүүрэх, гарын арьс хуурайших, улайх нь элбэг. Нөгөө талаас энэхүү зургийн төрөл нь биеийн хүч хөдөлмөр зарцуулдаг юм. Байнга шатаар гарч, гар, мөр нуруу сунаж, нэг хөдөлгөөнөө давтан хийж ажилладаг учир дасгал хийж, бэлтгэлтэй байж хананд зураг зурахгүй бол ачаалалтай ажил. Граффит бол бүгдэд нээлттэй урлаг.  Музей,  галерей орж үзэх шаардлагагүй. Зураач хэрхэн ажиллаж байгаа нь хүртэл олны нүдэнд ил тод учраас Хееско гудамжны уран зургийн төрөл рүү оржээ. Ер нь граффит урлаг нь гарал үүслийн хувьд хууль бус, зөвшөөрөлгүй байдлаар, ёс, журмаас гажиж ирсэн. Хэн хамгийн өндөр газарт эрсдэл үүрч зурсан нь түүгээрээ гайхагдаж, хүндлэгддэг салбар.  Энэ нь эргээд гудамжны урлагт хүнийг эрэлхэг, дайчин зоригтойгоор бүтээлээ хийхэд тусалдаг нэгэн төрөл гэж ойлгож болно.  


Авсралийн хөдөөг өнгөлсөн “Хееско хотхон”

Хеескогийн зурсан зургууд Австралийн хөдөө нутагт шинэ амьдрал бэлэглэж,  аялал жуулчлалын гол цэгүүдийг тодорхойлж байна. Дэлхий нийтийг хамарсан хөл хорионы үед буюу 2020 онд Хееско хязгаар нутгийн жижиг суурингуудад хаягдсан барилга, гудамжны ханыг давтагдашгүй бүтээлээрээ чимэж эхлэв. Тэр жил Виктория мужийн амбан захирагч түүнийг гамшигт ойн түймэр болон цар  тахлын фронтод ажиллаж буй хүмүүст талархал илэрхийлсэн ханын зураг урлахыг даалгажээ. Анхны  даалгавраа Яррам хотын оршин суугчдад зориулан зурсан нь үндэсний болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ. Яррам  ойн түймэрт нэрвэгдээгүй ч  дам нөлөөгөөр аялагчдын хөл татарч оршин суугчдын бизнес, сэтгэл санаа тогтворгүй болсон цаг. Гэхдээ ханын зурган чимэглэл хотын өнгө төрхийг төдийгүй эдийн засгийг өөрчилсөн билээ. Эдгээр бүтээлийг туурвихад хоёр жилийн хугацаа зарцуулжээ. Хотын бизнесмэн Эрик Гринавэйгийн санаачилсан төслийг “Go Fund Me” олон нийтийн хандиваар санхүүжүүлжээ.  Тэрбээр “Bull Bar & Gallery”-ийн хананаас Хеескогийн зургийг хараад хотоо өөрчлөх сэдэл төрсөн аж.    Жуулчид хотыг "Хееско хотхон" гэж нэрлэх нь ч бий.  Яррам хот Хеескогийн 22 бүтээлийг хадгалсан олон нийтэд бас байгальд нээлттэй ханын зургийн галерей болж, жуулчдыг татсаар байна.  Энэ тухайгаа тэрбээр “Хэдий урт хугацаа зарцуулсан ч бид  хийж чадсан,  үнэхээр гайхалтай. Бүхэл бүтэн хотыг ганцхан өдрийн дотор зурах боломжгүй. Ковидын хэцүү цагт энэ төсөл хүмүүст эерэг хандлага, хотын ирээдүйн итгэл найдвар болсон.  Алсаас харагдах Яррамын усны цамхаг хамгийн түрүүнд нүдэнд тусаж байв.  Хотын хаанаас ч харагдах, нүүр царай болсон эл цамхаг өнгөлөг байх ёстой гэж бодож зургийн сэдвээ сонгосон” гэсэн юм. Зургийн баялаг дүрслэл, түүхэн агуулга усны цамхгийг бэлгэдлээр дүүрэн өнгөлөг, утга учиртай бас урлагийн бүтээл болгожээ. Хотын хамгийн том ханын зурагт нутгийн иргэн Ральф Вейлийг үхэр сүрэгтэй нь зуржээ.  Зургаа эхлүүлэхэд нутгийн  хүмүүс ирж, түүний тухай олон түүх ярьж өгсөн. Яррам даяараа түүнийг хайрладаг нь тодорхой байв.  Мөн “Муррей Гулберн” компанид ачааны машины олон жил  жолоодсон Билл Маккензийг зурахдаа  ач зээ нарынх нь дуртгалд тулгуурлажээ. Хотын хананд заларсан дараагийн баатар бол Виктория дахь үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн анхны эмэгтэй байгаль хамгаалагч Кара Хили  байлаа. Ханын зураг бүр QR кодтой бөгөөд heescotown.com вэб сайтад холбогдож, урлагийн бүтээлийн далд түүхийг унших орон нутгийн том сурталчилгаа болжээ.


Мельбурны монгол артист

Олон нийтэд зориулж ханан дээр зурж байгаа гэдэг утгаараа дүрслэх  урлагийн бусад хэлбэрээс ондоо. Ханыг ямар нэгэн шалтгаанаар нурааж болно, өөр хэн нэгэн давхарлаж зурах эрхтэй. Мөн нар, салхинд гандсаар ховхроод унах нь ч бий. Мөнхийн бүтээл биш гэдэг утгаараа Хеескод эрх чөлөө олгожээ. Бас 100 хувь төгс байх шаардлагагүй. Угаас урлагт төгс зүйл үгүй. Заримдаа Хеескод төгс зүйл байх ёсгүй ч юм шиг санагддаг. Харин үргэлж төгс гэдэг ойлголт руу зорьж, тэмүүлэх нь уран бүтээлчийн жам ёсны үйл. Ингэж байж илүү чанартай уран бүтээл гаргана.  Өөрийгөө сайжруулж, чадваржуулахгүй бол зураач хүн бусдаас хоцорно.  Тэр ч утгаараа уран бүтээлээ төгс дуусгалаа гэж дүгнэдэггүй гэнэ. Харж байгаа хүний мэдрэмж, сэтгэл зүйгээс л шалтгаална. Түүний бүтээлүүдээс монголчуудад илүү их хүрсэн бүтээл бол  Виктория их сургуулийн ханан дээр зурсан улаан дээлтэй монгол хатны зураг гэж хэлж болно. Тэр зурагны гол онцлог нь яг өөрийнхөө оригиналь дизайнаа боловсруулаад тийм том ханан дээр зурах боломж олдож байсан анхны тохиолдол. Тэр утгаараа дурсгалтай, бас олон хүнд хүрсэн бүтээл болжээ. Мөн Вееталлийн гурилын үйлдвэрийн хуучин тээрмийн чимэглэл зургийг 2018 онд Австралийн шуудангийн маркнаа буулгажээ. Энэ бол Хеескогийн онцлох бүтээлүүдийн нэг.  Ферм дээр ажиллаж буй хүмүүсийн өнгөт дүрслэл тээрмийн ач холбогдлын тусгал болсон. Хееско 2010 оноос Мельбурн хотод амьдарч байна. Австралиас гадна, Монгол, АНУ, ОХУ, Мексик, Швед Сингапур, Вьетнамд граффит бүтээлээ туурвижээ. Түүний тухай “Австралид амьдардаг монгол уран бүтээлч Хеескогийн олон янзын хурц тод, чимэглэлийн өнгөтэй уран зураг, граффит, мурал урлагийн бүтээлүүдийг өнгөц бус нарийн ажваас хувьсгалч санаа, монгол нүүдэлчин хүний тэмцэгч, догшин, баатарлаг зүйлс ч мэдрэгдэж болно. Австрали улсад өөрийн нэрээр нэрлэсэн 20 гаруй гудамжтай тэрбээр багаасаа л өөрийнхөө хувь заяаны дуудлагыг олж, бид бүгдийн дотор сайн сайхныг бүтээгч араатан байдгийг уран бүтээлээрээ сануулж буй юм” гэсэн урлаг судлаач М.Аминаагийн тодотголоор нийтлэлээ жаргаая.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №042/24573/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө