Д.Түвшинжаргал: Нүүрсний үнийг чөлөөлөхгүй бол цаашид үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө


“Багануур” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Д.ТҮВШИНЖАРГАЛТАЙ ярилцлаа.

-Нийслэлийн гол цахилгаан станцуудыг нүүрсээр хангадаг уурхайн хувьд маш хариуцлагатай улирал эхэлж байна. Өвлийн ид ачааллын бэлтгэлээ хэр базаав. Уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа эсэх тухайд ярилцлагаа эхэлье?
-Монгол Улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК 45 дахь жилийнхээ өвлийн оргил ачааллаа аваад ажиллаж байна. Манай компанийн хувьд өвлийн бэлтгэлээ хавраас эхэлдэг онцлогтой. Энэ жил бид бүр эрт буюу гуравдугаар сарын 17-нд төлөвлөгөөгөө батлаад, өвлийн бэлтгэлдээ орсон. Өнөөдрийн байдлаар бэлтгэл ажил 96 хувьтай байна. Үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа хэвийн. Хөрс хуулалт, нүүрс олборлолт, борлуулалтын төлөвлөгөө 100-гаас дээш хувийн биелэлттэйгээр ажиллаж байна.
-Улаанбаатарчууд жилийн дөрвөн улиралд тог, цахилгаатай байх эсэх нь танай уурхайгаас шууд хамаардаг гэж хэлж болно. Энэ жил цахилгаан станцуудаас нийт хэчнээн тонн нүүрсний захилга ирүүлэв. Хэрхэн биелүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?
-“Багануур” ХК үндсэндээ Чойбалсангийн дулааны цахилгаан станцаас бусад төвийн бүсийн бүх дулааны цахилгаан станцад тодорхой хэмжээгээр нүүрсээ нийлүүлдэг. Өвлийн оргил ачааллаар станцуудын гаднах нүүрсний нөөц хэвийн байна.

Өмнөх жилүүдийнхээс илүү хэмжээний нөөц бүрдүүлсэн байдалтайгаар ажил үргэлжилж байна. Бид бүхэн энэ жил 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй хэдий ч өнөөдрийн байдлаар 3.7 сая тонн нүүрс станцуудад нийлүүлж нормоо давуулан биелүүлээд байна. Хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2023 оны төгсгөл гэхэд 4.630 гаруй мянган тонн нүүрсийг олборлон борлуулах төлөвтэй байна. Энэ нь эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй шууд холбоотой.
-Нормоо давуулан биелүүлжээ. Байгууллагын хүний нөөцийн талаар мэдээлэл сонсъё. Ажиллах хүчний хувьд хүрэлцээтэй байж чадаж байна уу?
-Хүний нөөцийн хувьд хамгийн тулгамдсан, хүндрэлтэй асуудал болоод байна. Тодруулбал, “Багануур” ХК 1123 хүний орон тоотой. Гэтэл энэ нь жилд 3.7 сая тонн нүүрс олборлон гаргаж байх үеийн тоо. Дээр дурдсанчлан бид өнөөдөр жилдээ 4.7 сая тонн буюу даруй сая орчим мянган тонноор илүү хэмжээний нүүрс олборлон борлуулж байна. Гэсэн атлаа энэ ажлыг нугалж буй ажиллах хүчний тоо хэвээрээ байгаа нь асуудал болж хувираад байгаа юм. Нөгөө талаас манай уурхайн хувьд бүхэл бүтэн үе солигдож байна. Анх уурхай байгуулагдахад илгээлтээр ирж байсан 1980, 90-ээд
оны эхэн үед ажилд орж байсан уурхайчид маань үндсэндээ бүгд гавьяаны амралтдаа гарчихлаа. Ингэснээр үе солигдох процесс ид өрнөж байна. Өнөөдөр манай нийт ажилтнуудын 68 хувь нь 45 хүртэлх насны залуучууд болчихлоо. Дээр нь 30 нас хүрээгүй 300 гаруй ажилтан байна. 0-10
жил ажилласан хүний тоо нийт ажилтнуудын 50 хувийг эзэлдэг. Тэгэхээр бид ажилтнуудаа дадлагажуулах, сургах, ур чадварыг нь нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тулгарч байна. Тийм ч учраас бид уурхайн хүнд нөхцөлд энэ хүмүүсийг хэрхэн, яаж аюул эрсдэлгүй ажиллуулах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.
-Хэдийгээр уурхайд үе солигдож, залуучууд ирж байгаа ч ажлаас гарах хүний тоо олширсон гэсэн. Цаашлаад Багануурын уурхай ашиггүй ажиллаж байна гэх шүүмжлэл тасардаггүй нь ямар учиртай юм бэ. Үүний цаана ямар асуудал байна вэ?
-“Багануур” ХК-ийн хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал бол нүүрсний үнэ. Өнөөдрийн байдлаар манай компанийн хуримтлагдсан өр төлбөрийн хэмжээ 200 гаруй тэрбумд хүрсэн. Бид өнөөдөр нэг тонн нүүрсийг 49 мянган төгрөгөөр олборлоод 43 мянгаар борлуулж байна. Үндсэндээ тонн тутамд 5500-6000
төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа биз. Ингээд хоногт 40 гаруй сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ хэрээр компанийн эдийн засгийн асуудал хөндөгдөж, санхүү хүндэрч байдаг. Энэ тухайд ганцхан жишээ татахад, зөвхөн энэ 2023 онд нийт 43 хүн өөрийн хүсэлтээр ажлаас гарлаа. Шалтгааныг нь судлаад үзэхээр нэгдүгээрт, цалингийн асуудал байдаг. Хоёрдугаарт, хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. Гуравдугаарт, ажлаас гарсан ажилчид хаашаа явж байгааг харахаар ижил төстэй цалин өндөртэй “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт”-ийн уурхай руу шилжсэн байх жишээний. Нөгөөтэйгүүр гадагшаа Европ, Австрали, Солонгос руу явж байна.
-Алдагдлын шалтгааныг та хувьдаа хэрхэн харж байна вэ. Эрчим хүчний үнийг төрөөс олон жил барьж ирсэн нь алдагдлын шалтгаан болдог гэдэг. Тэгвэл үнэ чөлөөлөх боломж байгаа юм уу?
-Эрчим хүчний нүүрсний үнийг Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоодог. Хорооны зүгээс нүүрсний үнийг олон жилийн өмнөөс өртгөөс нь доогуур хэмжээнд барилаа шүү дээ. Ингэснээр зөвхөн “Багануур” ХК гэлтгүй манайхтай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Шивээ-Овоо,
Шарын голын нүүрсний уурхайнуудад асар хүнд цохилт болж байна. Эргээд эрчим хүчний салбартаа ч хүндрэл болж байна. Гэтэл түлш, эрчим хүчний салбар бол улс орны үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой. Тэгэхээр өнөөдрийнх шиг байдал удаан хугацаанд үргэлжилбэл үндэсний аюулгүй байдал талдаа хүндрэлээ архагшуулсаар байна л гэсэн үг. Түлш, эрчим хүчний салбар олон жил алдагдалтай ажилласнаар найдвартай ажиллагаа л байхгүй болоод байна. Монгол Улс цаг агаарын хувьд хахир хатуу, хүйтний улирал удаан хугацаанд үргэлжилдэг онцлогтой. Айл өрхийг аваад үзэхэд жил бүрийн есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15 хүртэл дулаан авч байна. Орон сууцны айлууд дөрөвхөн сар л дулаан шаардахгүйгээр амьдардаг. Тиймээс бид байгаль цаг уурын онцлогтоо тохирсон нөөцтэй баймаар байгаа юм. Гэтэл ямар ч нөөц төлөвлөгөөгүй, санхүүгийн хувьд боломжгүй явж байна шүү дээ. Өнөөдрийн байдлаар бид ажилтнуудынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлж чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Энэ тухайд бид 11 сарын хоцрогдолтой явж байна. Манай уурхайчид, тэдний гэр бүлийнхэн төрийн аливаа үйлчилгээнд хамрагдах, гадагшаа явах зэргээр нийгмийн халамжид хамрагдах боломжгүй болчихсон. Тэтгэвэрт гарах болоход бүрэн тэтгэвэрт хамрагдаж чадахгүй байна. Энэ нь эргээд байгууллагын хүний нөөцөд шууд нөлөөлөх нь тодорхой.
-Олон жил явснаас асуудал ужгирсан гэж ойлголоо. Цаашид энэ байдлаас хэрхэн гарах ёстой юм бэ. Гарц, шийдлийг та хувьдаа хэрхэн харж байна вэ?
-Нэгдүгээрт, түлш эрчим хүчний үнийг чөлөөлөх шаардлагатай. Хоёрдугаарт, чөлөөлж чадахгүй юм бол өртөгт нь хүргэх. Ийм боломжгүй гэж үзвэл төрөөс тодорхой хэмжээний татаас, хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлага бидэнд тулгарчихаад байна. Тухайлбал, ажилтнуудын нийгмийн даатгалын хуримтлагдсан өрөөс гарахад татварын хөнгөлөлт үзүүлэх. Цаашлаад хөрөнгө оруулалт, техник шинэчлэлийн асуудал байна. Энэ мэтээр тодорхой хэмжээний бодлогын зохицуулалт хийчихвэл компанид төдийгүй энэ салбарт томоохон хэмжээний дэмжлэг болох юм.
-Бодит байдалд төрөөс дэмжлэг үзүүлэх нь бүү хэл дулаан, цахилгаандаа маш өндөр өртөг төлдөг гэсэн. Энэ ямар учиртай юм бэ?
-Багануур хот өөрөө уурхайн аман дээр байрладаг. Хэрлэн голынхоо эрэг дээр байна. Гэтэл Багануур хотын иргэд, “Багануур” ХК-ийнхан дулаандаа хамгийн өндөр өртгийг төлдөг. Улаанбаатар хотын иргэдээс 38 хувиар илүү төлбөр төлж байна. Усны төлбөр нийслэлийнхнээс 22 хувиар их байх жишээний. Энэ нь эргээд эрчим хүчний асуудал руугаа ордог. Өөрөөр хэлбэл, манай Багануурын дулааны цахилгаан станц алдагдалтай ажилладаг. Тиймээс энэ алдагдлыг нөхөх үүднээс иргэд, аж ахуйн нэгжүүдэд ачааллыг үүрүүлдэг. Тэр тусмаа “Багануур” ХК ус, дулаандаа улсдаа байхдгүй өндөр төлбөр төлж байна.
-Цаашид үүссэн энэ бүх асуудлыг шийдвэрлэхгүй, төрөөс менежментийн ямар нэгэн зохицуулалт хийхгүй бол та бүхнийг, биднийг ямар нөхцөл байдал хүлээж байна вэ. Ямар эрсдэлтэй нүүр тулах вэ?
-Шууд үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. “Багануур” ХК дулааны II, III цахилгаан станцыг 100 хувь, IV цахилгаан станцыг 60 хувь, Дарханы дулааны цахилгаан станцыг 30, Эрдэнэтийг 10 хувь, Амгалангийн цахилгаан станцыг 25 хувьтайгаар, орон нутгийн дулааны цахилгаан станцуудыг 50-100
хувь нүүрсээр хангадаг. Ийм нөхцөлд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн зуун эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төр захиргааны болон соёл урлагийн байгууллага эрсдэлд орно. Ерөөсөө Улаанбаатар хот дахь олон мянган орон сууцны үйл ажиллагаа зогсоно. Үндсэндээ бүгд цахилгаан, дулаангүй болох нь байна шүү дээ. Эдгээр барилга, байгууламжид сэргээгдэх эрчим хүчээр шийдсэн ганц ч газар байхгүй шүү дээ. Энэ утгаараа үндэсний аюулгүй байдалтай холбогддог. “Багануур” ХК жилдээ 69230 ширхэг вагон нүүрс ачиж, дулааны цахилгаан станцуудад нүүрсээ нийлүүлдэг. Вагон нүүрс тутамд 224.8 мянган төгрөгийн алдагдал хүлээж байна. Хоногт 42.6 сая төгрөг гэсэн үг. Хэдий алдагдал хүлээдэг ч бидний үйл ажиллагаа нэг цаг зогсож үзээгүй. 45 жилийн түүхэнд нэг ч удаа төрөөс татаас авч байгаагүй, ямар нэгэн буцалтгүй тусламж авч байсангүй. Арилжааны банкнаас болон толгой компаниар дамжуулан зээл авах байдлаар санхүүгийн асуудлаа шийдэж явсаар өдийг хүрч байна.
-Нүүрсний үнийг нэмэхгүйгээр асуудлаасаа гарахад хэцүү юм байна. Гэтэл үнэ нэмэхээр дагаад олон эрсдэл үүснэ гэдэг тайлбар гарч ирдэг шүү дээ?
-Уламжлалт сэтгэлгээ тийм. Нүүрсний үнэ нэмэгдвэл цахилгаан, дулааны өртөг нэмэгдэнэ. Үүнийг дагаад айл, өрх албан байгууллагад хүндрэл учирна гэдэг. Гэтэл бодит байдалд нэг айл бараг таваг хоолны мөнгийг сардаа цахилгаан, дулаандаа төлж байна шүү дээ. Үнэгүй юм гэдэг үнэгүй л байдаг. Өнөөдөр бидэнд ус, дулаанаа хэмнэх сэтгэлгээ ямар билээ. Иргэн бүр хариуцлагатай баймаар байна. Ядаж л хэрэгцээгүй үед гэрлээ асаахаа, шаардлагагүйгээр их ус хэрэглэхээ болимоор байна шүү дээ. Цаашлаад бид өнөөдөр сардаа хэчнээн төгрөгийг бензин шатахуунд зарцуулж байна гээд аваад үзэхээр харьцуулах аргагүй тоо баримт гардаг. Гэсэн атлаа хэчнээн дахин бага төлбөрийг цахилгаан, дулаандаа өгч байна. Дулаан, эрчим хүч хямд байгаа нь үнэ цэнгүй байна л гэсэн үг. Ядаж л ус, дулаанаа хэмнэдэг хандлагад шилжих хэрэгтэй. Ганцхан тоо баримт хэлэхэд, манай Багануурын нүүрстэй ижил чанарын эрчим хүчний нүүрс дэлхийн зах зээлд 200 мянган төгрөг байхад бид 43 мянган төгрөгөөр зарж байна шүү дээ.
-Багануурын уурхайн алдагдал, өр зээлийн асуудалд гарцаагүй төрийн дэмжлэг шаардлагатай болжээ гэж ойлголоо. Муу амлаж байж магадгүй, нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл уурхай зогсохгүй гэх баталгаа алга?
-Уул уурхайн салбарынхан зогсох эрхгүй гэдэг. Үүний сонгодог утга нь Багануурын уурхай. Нэг үгээр хэлбэл, Багануурын уурхайн нүүрсийг түлдэггүй дулааны цахилгаан станц Монгол Улсад ховор. Ялангуяа Улаанбаатар хотын бүх цахилгаан станц манай уурхайн нүүрсийг ямар нэгэн байдлаар түлдэг. Анхнаасаа тохируулгыг нь Багануурын уурхайн нүүрсэнд тааруулж хийсэн учраас тэр. Ерөөсөө Багануурын уурхайд түшиглэж энэ томоохон станцуудыг барьсан байдаг. Энэ утгаараа нийслэлчүүдийг дулаан, цахилгаантай байлгадаг гол эх үүсвэр нь энд, Багануурын уурхайд бий. Таны хэлсэнчлэн муу амлаад уурхай зогслоо гэхэд нийслэлчүүдэд шууд мэдрэгдэнэ. Манайх зогсоход шууд дулааны дутагдалд орно. Ганцхан жишээ татахад, Улаанбаатар хот хэдий утаатай, түгжрэлтэй ч халаалтгүй, тоггүйн зовлон алга. Хүн төрөх гээд очиход эмнэлэгт тог, цахилгаан алга. Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа харанхуй, халаалтгүй байна гэх гомдолгүй байгаа биз. Энэ бол Багануурын уурхайчид, түлш эрчим хүчний салбарынхны үүрэг, гавьяа гэж би хувьдаа ойлгодог. Багануурын уурхай Засгийн газарт мөнгө өгдөггүй ч Монгол Улсынхаа 3.6 сая хүнийг аятай тухтай байлгаж, амьдралынх нь хэвийн нөхцөлийг бүрдүүлж чадаж байна. Иргэн та гэрээсээ гараад явахад замын гэрлэн дохио ажиллагаатай, замын хөдөлгөөн хэвийн зохицуулалттай байх эсэх хүртэл биднээс хамааралтай буюу монголчуудын өдөр тутмын амьдралд, иргэн бүрд Багануурын уурхайн оруулж буй хувь нэмэр асар их. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй ”Алсын хараа 2050”, Шинэ сэргэлтийн бодлоготой Багануурын уурхай зайлшгүй холбогдох учиртай. Энэ том бодлогуудыг амь оруулахаас авахуулаад иргэн нэг бүрээ ажил, орлоготой байлгах хүртэлх бүх асуудал нэг зүйл дээр очоод тулдаг. Тэр нь эрчим хүчний найдвартай эх үүсвэр. Улаанбаатар хотод хэчнээн сайхан өндөр, олон байшин барилга бариад байдаг. Гэтэл үүний цаана дулаан, эрчим хүчний эх үүсвэр хамгийн чухал нь шүү дээ. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар дулаан, эрчим хүчний гол эх үүсвэр болсон нүүрсний уурхай, цахилгаан станцуудынхаа найдвартай ажиллагааг хангах шаардлагатай байна. Ашигтай ажиллавал мэдээж сайн. Гэхдээ одоогийн бодит байдлаар алдагдалгүй, өртгөө нөхөх, найдваржуулах нь хамгийн чухал байна.
-Цаг тутамд алдагдал хүлээдэг, төрөөс ямар нэгэн татаасгүй ч нийгмийн хариуцлагаа өндөр түвшинд ухамсарлан ажилладаг байгууллага шиг санагдлаа.
-Бид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо маш өндөр хэмжээнд дайчилж ажилладаг. Энэ уурхайд ажилладаг хүн бүр ажилдаа зүрх сэтгэлээ шингээдэг учраас аль болох хэмнэлт хийхийг хичээдэг. Техник хэрэгслээ яаж ариг гамтай, удаан хугацаанд ашиглах вэ гэдэгт хүртэл сэтгэлээ чилээдэг хүмүүс энд ажилладаг. Ерөөсөө тухайн ажилтны цалин бүтээмжтэй шууд хамааралтай байдаг учраас техник хэрэгслээ технологийн дагуу эвдрэл гэмтэлгүй ашиглахад анхаарч байдаг. “Багануур” ХК Монгол Улсын 3.6 сая иргэний өмнө нийгмийн хариуцлага хүлээж ажилладаг. Энэ утгаараа бидний нэг онцлог бол Монгол Улсынхаа баялгийг монгол залуучууд өөрсдөө олборлоод эрчим хүчний салбараараа дамжуулаад 100 хувь эцсийн бүтээгдэхүүн болгон эх орныхоо иргэн бүрд тэгш хүргэж байгаагаараа онцлогтой. Энэ бол бидний хамгийн том нийгмийн хариуцлага. Дараа нь “Багануур” ХК алдагдлдыг нуруун дээрээ үүрээд Монгол Улсынхаа иргэдийн хэрэглэж буй дулаан, цахилгааныг хямд өртгөөр хүргэж байгаа нь ч нийгмийн хариуцлага. Зөвхөн 2022 оны тооцооллоор манай компани жилд 683.3 тэрбум төгрөгийг нийгэмдээ шууд бусаар хөнгөлөлт байдлаар хүргэсэн байна.
-Хэдий тулгамдсан асуудал олонтой ч уурхай зогсох эрхгүй. Үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх, компани өсөн дэвжих ёстой. Та удирдлагын хувьд уурхайн ирээдүйг хэрхэн харж, төсөөлж байна вэ?
–Би хувьдаа Багануурын уурхайд өнөөдрийн байдлаар тулгамдсан бүх асуудлыг цаг зуурынх гэж итгэхийг хичээж явдаг. Багануур хот, уурхай маш сайхан ирээдүйтэй гэж хардаг. Юуг үндэслэж ингэж хэлэв гэхээр байршлын хувьд энэ хот, уурхай маш том давуу талтай. Бид нийслэлээс ердөө 100 гаруй км-ийн
зайд байна. Дээр нь бидэнд төмөр зам, авто зам, цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр байна. Нэмэх нь байгалийн асар их баялаг байна. Нүүрс, усны нөөцтэй. Хамгийн чухал нь юугаар ч сольж болохгүй хүний нөөц байна. Туршлагатай, чадварлаг боловсон хүчин бидэнд байна. Хэдийгээр дэлхий дахинд ногоон эрчим хүч, ногоон эдийн засаг гэж ярьж байгаа ч багагүй цаг хугацаа шаардлагатай. Дэлхий дахинд геополитикийн асуудлаас үүдэлтэй олон талын амаргүй нөхцөл үүсчихээд байгаа энэ үед Багануурын уурхайн үнэ цэнэ хэвээр оршиж байна гэж би хувьдаа харж байна. Монгол Улс мэдээж байгальд ээлтэй, найдвартай, эрчим хүчний эх үүсвэртэй болох тал руугаа хөгжих ёстой. Жишээлбэл, атомын цахилгаан станцыг Монголд барихыг би хувьдаа дэмждэг. Гагцхүү бодит байдалд ойрын 10-15 жилдээ Монгол Улсын эрчим хүч, дулаан цахилгаан нүүрстэй салшгүй холбоотой. Тийм учраас Багануурын уурхай улс орны өмнө хамгийн чухалд тооцогдсон хэвээр байх болно.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
18
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.218
2023/11/18
0
0
Нүүрсний үнийг чөлөөлөх эсвэл төрөөс алдангад төлөөс өгөх хэрэгтэй ш тээ. Олон жил ингэж ирлээ
Хариулах
Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 9 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 9 цагийн өмнө
Тохуурхал 9 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 9 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 9 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 9 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 9 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 10 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 12 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр