Ямар ч хот, түүний дундаа Улаанбаатар шиг сая давсан хүнтэй мега хот дулаан, эрчим хүчний төвлөрсөн системгүйгээр ёстой амбан явахгүй. Хөрсөн дээр шөнөдөө -40 хэм гарч хүйтэрдэг дэлхийн хамгийн хүйтэн нийслэл эрчим хүч, дулааны маш сайн системтэй байх ёстой. Улаанбаатар хотын хувьд энэ системийн зүрх нь цахилгаан станцууд байдаг. Газраар болон, агаараар урсах цахилгаан, дулааны үй түмэн хоолой, хэдэн мянган километр цахилгаан шугамын их урсгалыг тэжээн, тэтгэж доголдолгүй, хэм алдалгүй тэжээгч. Ингээд бодохоор их хот гэдэг амьсгалж, амьдарч байдаг нэг цогц бүтээл. Тэгвэл энэ амьд цогц бүтээлийн зүрхний хэмийг алдуулахгүй тэжээлээр тасралтгүй хангагч нэгэн байгууллага байдаг нь нүүрсний уурхайнууд.
Налайхын алс хөтлийг чиг барин дүн өвлийн уур амьсгал орж, цас нэвсийтэл дарсан их хотын дүнсгэр гудамжнаас нар тосон гарлаа. Хотын есөн дүүргийн нэг Багануурыг чиглэсэн цардмал замаар 130 километр давхиад л Багануурын уурхай орчихно. Байгуулагдаад 45 жилийн нүүрийг үзэж байгаа их уурхай цасны цав цагаан хүүрэг, Хэрлэнгийн тасхийсэн жавраар долоолгон угтлаа. Уурхайн захиралтай уулзахаар захиргааных нь байрны өмнө очвол хүрз, шүүр багаж сэлт болсон залуус өдөр бүр шахам хялмаалан хонох болсон цас арилгаж зогсоно. Машин зогсоол, уурхайн бэлгэдэл болсон хөшөө орчмоо цэмцийтэл цэвэрлэжээ. Захиргааны барилгын үүдэнд соронзон дэлгэц дээр ямар нэгэн тоо, дүн мэдээ урсан өнгөрөх бөгөөд энэ нь уурхайн өдөр тутмын нүүрс олборлолт, төлөвлөгөө биелсэн эсэх тухай мэдээ аж.
НАМРЫН ЗӨВЛӨГӨӨН
Компанийн удирдлагууд бүх ажилтнуудтайгаа жилд хоёр удаа уулзаж мэдээлэл солилцож, тэднийхээ санал хүсэлтийг сонсож, нээлттэй ярилцаж байх зорилгоор хавар, намрын улиралд бүх ажилтнуудын зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай аж. Бид “Багануур” ХК намрын бүх ажилтны зөвлөгөөнөө хурлын зааландаа хийж байх үед нь очиж таарав.
2023 оны намрын зөвлөгөөний эхэнд гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Түвшинжаргал үйлдвэрлэлийн болон санхүү, эдийн засгийн нөхцөл байдал цаашид хийж хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар танилцууллаа. Танилцуулгын дараа ажилтнуудынхаа асуулт, санал хүсэлтийг хүлээн авч хариулт өгч байна. Энэ нь уламжлал болсон зөвлөгөөн юм байна.
Ажилтнуудын санал хүсэлтийн дийлэнх хувийг цалин хөлсөө нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын өрийг барагдуулах, нүүрсний үнээс үүссэн алдагдал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр зэрэг компанийнхаа өмнө тулгамдаж буй асуудлуудыг холбогдох дээд шатны байгууллагуудаар шийдвэрлүүлэхийн төлөө хамтдаа хичээе, зүтгэе, шат шатны арга хэмжээг авъя гэсэн санал хүсэлт, эзэлж байв. Бид “Багануур” ХК-ийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн С.Одончимэгтэй уулзаж, уурхайд ажиллах талаар заавар зөвлөмж, ХАБ-ын товчхон сургалт аваад уурхайн зүг явлаа. “Багануур” ХК-ийн уурхай үндсэн есөн хэсэгтэй. Есөн хэсэг бүгд үйл ажиллагааны дэс дарааллаар ажлаа хуваарилан хийж байгааг захирлын өрөөнөөс камераар хянана. Энд нүүрсний хулгай, мөргөцөг алга болох тухай бодол ч төрөх боломжгүй аж. Уурхайгаас гарах нүүрсний килограмм бүрийг хоёр давхар шалгах ба процессыг мөн л камераар хянаж байна.
ЖИЛД ТАВАН САЯ ШОО МЕТР КУБ УС ЗАЙЛУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ
Үйлдвэр, заводоор бол дамжлага юм уу гэж төсөөлж болмоор. Уурхайн ажлын хамгийн анхны технологийн ажлыг хийдэг газар бол “Ус шүүрүүлэх хэсэг” Энд нүүрс олборлолтын бэлтгэл ажил хангагдах ба цаашид мөн зогсолтгүй энэхүү технологио мөрдөн ажилладаг аж. Жилийн 365 хоног, хоногийн 24 цагийн ажлын горим эндээс мөрдөгдөж эхэлнэ. Уурхайн нүүрс олборлолтын үе давхаргад байх газрын өнгөний усыг шавхан авч дүүргийнхээ халуун ус, дулааны хэрэглээнд зориулан Дулааны цахилгаан станц руу шахдаг гэнэ. “Ус шүүрүүлэх хэсэг”-ийнхээ технологийн ажлыг тус хэсгийн механик П.Санчирхүү дэлгэрүүлэн “Манай хэсэг уурхайн олборлолтын ажлын хамгийн анхны процесс болох технологийн ажлыг хийдэг. Уурхайн олборлолт явуулж буй мөргөцгүүдэд буй усны судлыг олж илрүүлэн усыг нь шавхан авч зайлуулах үүрэгтэй. Уурхайн олборлолт явуулж буй нийт талбайн хэмжээнд 93 худаг ухсан байдаг бөгөөд түүгээр хоногт 300 метр куб, жилд таван сая шоо метр куб ус зайлуулах хүчин чадалтай хэсэг. Энэ усаа “Бага гүний нуур”, “Хужиртын гол” руу нийлүүлэх бид эндээ 1000 шүү метр куб ус хадгалах танканд хуримтлуулдаг энэ усаар дүүргийнхээ иргэдийн хэрэглээний усыг хангаж, дулааны цахилгаан станцын үнс зайлуулах, зуух угаалтын усыг бас нийлүүлдэг” гэж тайлбарлав. Энэ хэсэг насосчид, гагнуурчин, цахилгаанчин нийт 16 ажилчин, мэргэжилтэн хоногийн 24 цагаар ээлжлэн үүргээ гүйцэтгэдэг ажээ. Өвлийн ид ачааллын үе буюу арваннэгдүгээр сарын 15-наас ирэх оны гуравдугаар сарын 15 хүртэл нэмэлт хүч аван ажилладаг ажээ. Бид уурхайн анхны процесс явагддаг газраас хөдлөв. Уртаашаа 15 орчим километр, өргөөшөө зарим газраа зургаан километр хүрдэг гэх энэ аварга уурхайн олборлолтын талбай дотор ороод явж байхад үнэхээр сүрдэм мэдрэмж төрөх аж. Өнгөн хөрсний овоолгууд Алтайн өндөр уулсын орой дээрээс өнгийх мэт мэдрэмж төрүүлэх. “Багануур” ХК уурхайн нөхөн сэргээлт гэдгийг үнэхээр сэтгэл гарган хийдэг газар байна. Байгалийн мэт намхан шаргал толгодын дунд зээр, гөрөөс, бүр аргаль хүртэл бэлчиж явдаг гэнэ. Үнэхээр л говийн нэг хээгүйхэн бор толгод мэт харагдах нөхөн сэргээсэн талбайн хэсгүүд өнгөн хөрсний том, том овоолгын дунд харагдах нь нүд баясгана. Олборлолт хийсэн талбайгаа ингэж нөхөн сэргээдэг бол уул, уурхайн компаниудаа ард иргэд нь дайсан мэт харахгүй байсан даа. Хариуцлагатай уул уурхайн жишиг болгон үзүүлж баймаар юм.
110-130 МЕТРИЙН ГҮНЭЭС ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ
Биднийг уурхайн “Уулын хоёрдугаар хэсэг” дээр ирэхэд үд болж байв. Үдийн наранд газрын чийг ууршин манан болон дэгдэх агаад уурхайн ажлын явцад гарах үл мэдэг тоос, хүнд машин механизмуудаас ялгарах утаатай холилдон цэнхэр манан суунагласан орчин үүсгэх авай. Уулын нэг, хоёрдугаар хэсэг гэж байх ба хоёрдугаар хэсэг нь газрын түвшнээс доош 110-130 метрийн доороос олборлолт хийж байгаа гэнэ. Хүнхийсэн гүнзгий нүхний шатлан ухсан тавцан дээр 70 метрийн урт урт суманд 10 метр куб шороо хутгах багтаамж бүхий шанага зүүсэн, таван давхар байшинтай эн дүйхүйц аварга том эксковатор ажиллаж байна. “Дотоод овоолго”-ын ажил хийж байгаа нь энэ. Уурхайд “Дотоод болон гадаад овоолго” гэж овоолгын хоёр төрөл байдаг юм байна. Уурхайн талаар “А” ч мэдлэггүй миний хувьд гайхахаас өөр үггүй л зогсов. Уг нь би тэр аварга техникийг холоос хараад нүүрс хутгаж зогсоо л гэж бодсон. Биднийг дагуулж явсан хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан С.Одончимэг “Бидний зогсож байгаа энэ хэсэг уулын хоёрдугаар хэсэг. Ашиглалтын үндсэн хоёр том хэсэгтэй. Хоёрдугаар хэсгийн хувьд уурхай гүнзгийрчихээд байгаа хэдий ч нэгдүгээр хэсэг яг ТЭЗҮ-гээрээ ажиллаж харьцангуй өнгөн хөрснөөс олборлолт хийж байгаа” гэснээр бид хөдлөв.
30 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ТЕХНОЛОГИЙН ДАМЖЛАГА
Уулын нэгдүгээр хэсэгт очихоос өмнө бид “Нүүрс бутлан ачих хэсэг”-т очив. 1984 оноос эхлэлтэй тус дамжлага 30 жилийнхээ ойтой он гараад золгоно. Тухайн үеийн ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар технологийн дамжлага нэртэйгээр байгуулагдаад 2000 онд дараагийн шинэ үеийн технологи орж ирснээр “Технологи дамжлага 1”, “Технологи дамжлага2” гэж байгуулагджээ. Бидэнтэй тус хэсгийн инженер Ж.Даваахүү уулзаж хэсгийнхээ ажлын төлөвлөгөө, амжилт, ажиллах зарчмыг тайлбарлаж ярилаа. “Хоёр хэсэг жилдээ 2-2.5 сая тонн нүүрс бутлан борлуулах хүчин чадалтай. Энэ жилийн хувьд “Технологи дамжлага2” хэсэг сая 750 мянган тонн нүүрс буталж ачих төлөвлөгөөтэй байгаа. “Технологи дамжлага 1”-ийн хувьд хоёр сая 350 мянган тонн нүүрс буталж ачуулах бөгөөд уурхайгаас олборлох нийт нүүрсний дөрвөн сая 100 мянган тонныг технологийн дамжлагаар худалдан борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар төлөвлөгөөт ажлын явц жилийн эцэс гэхэд 100 хувь биелэх боломжтой” хэмээн яриад ажиллах зарчмаа “Ерөнхийдөө ажиллах зарчмын хувьд уурхайн амнаас ирсэн нүүрсийг бутлах хэсгийн бункертээ хүлээж аваад бутална. Бутлахдаа 0-150 миллиметр диаметрийн хэмжээтэй бутална. Буталсан нүүрсээ нөөцлөх буюу нөөцийн бункерээсээ вагонд ачаалан вагон зөрлөг рүү хүргүүлнэ. “Технологи дамжлага 1”дээр орон нутгийн дулааны цахилгаан станцыг хангах зорилгоор нунтаг нүүрс ялгах шигшүүр өөрсдийн хүчээр хийж тавьсан байдаг” гэж тайлбарлав. Өглөө захирлын өрөөнд сонссон нүүрсийг маш нарийн ширхэгтэй болгож цахилгаан станцуудад нийлүүлдэг тухай яриа энд санаанд оров. Айл, өрхийн пийшинд том том нүүрс хэрэгтэй, гэтэл цахилгаан станцуудад бүр тоосон ширхэгт нүүрс хэрэг болдог аж.
ТЭРБУМЫН ХЭМНЭЛТТЭЙ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАСВАРЫН ХЭСЭГ
Үнэхээр асар их ажил өрнөж байдаг нүсэр том уурхай санж. 1200 гаруй уурхайчин, инженер, ажилтан, албан хаагчид 14.5 километрийн урт 5-6 километрийн өргөнтэй хөдөлмөрийн их талбар дээр ажиллаж байхад бид ганцхан өдөрт явж ажил, үйлстэй нь танилцаж амжихгүй юм байна. Хийсэн бүтээсэн ихтэй энэ том хамт олны ажлын өчүүхэн хэсгээс л өгүүлж чадах аж. Бид хамгийн сүүлд “Багануур” ХК-ийн засварын цехээр оров. Энэ хэсгээр орохыг л тэсэлгүй ихээр хүлээж байлаа. Тэдний хийж эхэлсэн гайхалтай технологийн шийдлүүдийг нүдээр үзмээр байсан хэрэг.
2017 оноос эхлэн компанийн инженер, техникийн ажилтнууд эксковаторын шанага засварлаж эхлээд, засаж, сайжруулдаг байж. Ингээд ковидын хөл хорионы үеэр шанага үйлдвэрлэх материал орж ирэхээ больж, материалын дутагдалд орж эхэлснээр ачааны машины актлагдсан тэвшээр өөрсдийн хүчээр нэг бүр нь 300-350 мянган ам.долларын үнэтэй ЭШ-10/70 загварын эксковаторын шанага үйлдвэрлэж эхэлжээ. ОХУ-аас авдаг шанаганы бүтэц, хийцийг өөрчлөн АНУ-аас авдаг шанагны хэлбэр хийцээс санаа аван хийж эхлээд байгаа энэ шанага нь шороо наалдаж үлдэхгүй, хутгасан шороо нь дотроо хуйлран эргэлдэж байнгын хөдөлгөөнд байх зохион байгуулалттай юм байна. Сүүлийн жилүүдэд гаднаас шанага худалдаж авалгүй нийт зургаан шанага үйлдвэрлэсэн бөгөөд “Багануур” ХК-д тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж ажиллажээ. Хийх бүтээх эрмэлзлээр дүүрэн энэ уурхайчдын хамт олны санаачилж хийсэн бас нэг ажлыг дурдвал ачааны машины яндангаас гарах утаагаар тэвшээ халаах шийдлийг бодож олцгоожээ. Монгол орон шиг хүйтэн цаг агаартай газар том оврын машины ачсан шороо тэвшиндээ наалдаж хоцрох, ингэснээр ажлын бүтээмжийг болон эдийн засгийн үр өгөөжийг хойш татах эрсдэлийг ийм технологийн шийдлээр арилгаж чадсан нь гайхалтай.
Өвлийн тэсгим хүйтэн хаалга цонх балбаад ирэхийн цагт л дээр дооргүй уурхай, уурхайчдаа санадаг гэхэд хилсдэхгүй. Станцуудын гадаах нүүрсний нөөц, уурхайн авахад бэлэн нүүрсний нөөц ямар байна гээд салбарын яамдуудын анхаарлаа хандуулдаг цаг өдийд л байдаг. Улс даяараа өвлийг өнтэй давах эсэх нь уурхай, уурхайчдаас шалтгаалдаг болохоор арга ч үгүй бизээ. Харин уурхайчид өвлийн тэсгим хүйтэн, зуны шатам халууны алинд ч 24 цаг тасралтгүй ажилласаар л байдаг. Өвлийн бэлтгэлээ зун, намрын цагт базааж зогсолт сааталгүй ажиллахыг эрмэлздэг ажээ. Багануурын уурхайчид 2023-2024 оны өвлийн бэлтгэл ажлынхаа төлөвлөгөөг амжилттай биелүүлж одоогийн байдлаар 96 хувьд хүргээд байна.
Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж мэдэхээр янзтай. Өвлийн сар эхлэхтэй зэрэгцэн цас, зудны мэдээ радиогоор хангинаж мал, малчдаа гэж сэтгэл зовних хэдий ч дулаан байр, гэрэл цахилгаантай байгаа минь зол гэх аминчхан бодол ч зурсхийн өнгөрөх. Уурхайчид маань сэтгэлийн илч, итгэлийн хүчээрээ Монгол Улсын эрчим хүчний салбарын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхийн төлөө хичээн ажилласаар л байна. Залбирахаас яах вэ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна