“Багануур” ХК 2023 онд тохиож буй 45 жилийнхээ ойг тохиолдуулан сар бүр нийгэмд чиглэсэн томоохон арга хэмжээг зохион байгууллаа


“Багануур” ХК-ийнхан 45 дахь жилээ ажил хэрэгч, бүтээлч байдлаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Тухайлбал, хүний нөөцийн бодлоготойгоо уялдуулан олон талт ажил арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Ингэхдээ чадварлаг хүний нөөцийг татах, шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилгоор 2023-2024 оны хичээлийн жилд сургалтын тэтгэлэг зарлаж уул уурхайн болон цахилгаан хангамжийн инженерийн чиглэлээр бакалавр, магистрын хөтөлбөрт суралцаж байгаа “Багануур” ХК-ийн дөрвөн ажилтан, Багануур дүүргийн харьяалалтай нэг оюутанд сургалтын тэтгэлэг олголоо. “Багануур” ХК-ийн зүгээс 45 жилийн ойн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлаас танилцуулж байна.

“MIND MINING BAGANUUR 2023” ШИЛДЭГ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН БОЛЛОО

Компанийнхаа инженер техникийн ажилтнуудын дунд “MIND MINING BAGANUUR 2023” шилдэг төсөл шалгаруулах уралдаан зохион байгуулсан. Байгууллагадаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, шинэ санал санаачилга гаргах, инженер техникийн ажилтнуудын мэдлэг чадвар, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор энэхүү төслийн уралдааныг 2023 оны зургадугаар сараас аравдугаар сар хүртэл 4 сарын хугацаанд амжилттай зохион байгуулсан. “Багануур” ХК-ийн 165 инженер техникийн ажилтан санамсаргүй түүврийн аргаар 11 багт хуваагдан
- Компанийн стратеги, тогтвортой хөгжлийн менежмент
- Уулын тоног төхөөрөмжүүдийн бүтээлийг нэмэгдүүлэх боломж
- Нүүрсний чанар, борлуулалтыг нэмэгдүүлэх боломж зэрэг 11 сэдвээр төсөл бичиж хамгаалснаас шилдэг төслүүдийг шалгаруулж цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

“УР ЧАДВАР БАГАНУУР 2023” УЛСЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Багануур” ХК-ийн хувьд төдийгүй эрчим хүчний салбарын хувьд хүндрэлтэй асуудлуудын нэг болоод байгаа хүний нөөцийн дутагдал нь нүүрсний үнэ, цаашлаад цалин мөнгө нийгмийн асуудалтай холбоотой. Хэдийгээр салбарын хэмжээнд яригдах тулгамдаж буй асуудал хэдий ч “Багануур” ХК ирээдүйн мэргэжилтэй ажилтан бэлтгэхэд анхаарал хандуулж мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд, политехник коллежуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, 2023 оны аравдугаар сарын 12-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр Налайх дүүрэг дэх политехникийн коллеж, “Трансвест Монголиа” ХХК-тай хамтран Мэргэжлийн сургууль болон Политехник коллежийн суралцагчдын дунд “УР ЧАДВАР БАГАНУУР 2023” улсын уралдааныг зохион байгуулсан юм. Энэхүү ур чадварын улсын уралдаан тогооч, Хүнд машин механизмын оператор, металл боловсруулах суурь машины оператор гэсэн 3 мэргэжлийн ангиллаар болсон. Уралдаанд Дорнод, Хэнтий, Өмнөговь, Дархан-Уул, Орхон, Төв зэрэг аймгуудаас гадна Улаанбаатар, Налайх дүүрэг дэх мэргэжлийн сургууль, коллежуудын 40 гаруй оюутан сурагч оролцсон үр дүнтэй ажил болсон.

“THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ, БИЗНЕС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

“Багануур” ХК-ийн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “THE FUTURE OF COAL BAGANUUR 2023” олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнес хамтын ажиллагааны өдөрлөг хоёр өдөр амжилттай болсон. Наймдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд болсон уг арга хэмжээ нь “Багануур” ХК өнгөрсөн одоо, ирээдүйн гурван цаг дээр тулгуурлан цаашдын хөгжлийнхөө чиглэлийг тодорхойлох зорилго агуулсан юм. Эхний өдрийн сэдэв “Нүүрсний ирээдүй”. Энэ сэдвийн хүрээнд нүүрсийг зөвхөн илч гаргахад ашиглах бус боловсруулж, нэмүү өртөг шингээснээр уурхай цаашид орлогын хувьд хос морьтой болох боломж шийдлүүдийн талаар эрдэмтэд судлаачид шийдэл хайж зөвлөлдөж илтгэл хэлэлцүүлэг өрнүүлсэн. Харин хоёр дахь өдрийн эрдэм шинжилгээний хурал Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвээр үргэлжилсэн. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, “Эрдэнэс тавантолгой” ХК, “Тавантолгой түлш” ХХК зэрэг 10-аад байгууллагын ХАБЭА-н мэргэжилтнүүд оролцож өөрсдийн байгууллагынхаа сайн туршлагыг хуваалцаж илтгэл танилцуулсан. Компанийн хувьд бусад төрийн өмчит үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн адил баяр наадам, баярын хурал, шагнал урамшуулал гардуулах байдлаар 45 жилийн ойгоо тэмдэглэлгүй, ирээдүйнхээ хөгжлийг тодорхойлсон үр дүнтэй эрдэм шинжилгээний хурал, хамтын ажиллагааны өдөрлөг зохион байгуулсан нь онцлог болсон юм. Хоёр өдрийн арга хэмжээнд 27 аж ахуйн нэгжийн 300 гаруй оролцогч оролцсон.


НӨХӨН СЭРГЭЭЛТ-НЭГ САЯ МОД

Уул уурхайн компаниудын хувьд олборлолт хийсэн талбайдаа нөхөн сэргээлт хийж байгалийн унаган төрхөнд нь ойртуулж, өвс ургамал өөрөө дахин ургадаг болгоно гэдэг нийгмийн хариуцлагын хамгийн чухал үзүүлэлт. Багануур ХК-ийн хувьд 1999 оноос эхлэн нөхөн сэргээлт хийж эхэлсэн бөгөөд өдгөө нийт 222,6 га талбайд техникийн, 190,5 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийж 100 га талбайг цаашид өөрөө нөхөн сэргэх боломжтой гэж үзэн орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгсөн нөхөн сэргээлтийн тэргүүн туршлагатай компани. Жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж экологийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинг хамгаалах, дүйцүүлэн хамгаалалт хийх зэрэг ажлуудыг хийсээр ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд Багануур ХК 2030 хүртэл хугацаанд “Нэг сая мод” тарьж ургуулахаа батламжилж, 2022 онд мод үржүүлгийн талбай байгуулан жилд нэг зуун мянган модны үрсэлгээ хийж, үрсэлгээг 3 нас хүргээд байгальд тарихаар төлөвлөсөн. 2022-2024 онд буюу эхний 3 жилд арван мянган мод тариад цаашид жилд зуун мянгаас дээш тоогоор мод тарьж, бойжуулж ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхлээд байна.

“БАГАНУУР” ХК ОЙРЫН ЖИЛҮҮДЭД ХИЙГДЭЭГҮЙ ТОМООХОН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ 2023 ОНД ХИЙЛЭЭ

Монгол улсын эрчим хүчний тулгуур уурхай “Багануур” ХК 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дагуу дараах техник, тоног төхөөрөмжүүдийг өөрийн хөрөнгөөр худалдан авч техникийн шинэчлэл хийлээ. Үүнд:
- Хөрс тээврийн 90 тонны даацтай Коматцу HD785 маркийн автосамосваль 2 ширхэг,
- Нүүрс тээврийн 60 тонны даацтай Коматцу HD465 автосамосваль 2 ширхэг,
- PC1250-11R маркийн экскаватор нэг ширхэг,
- Уул уурхайд зориулсан туулах чадвар сайтай Landcruiser-
78 маркийн суудлын автомашин 2 ширхэг,
- Landcruiser-79 маркийн суудлын автомашин 2 ширхэг,
- 3,5-5 тн-ын даацтай Sinotruck маркийн крантай машин 2 ширхэг,
- ZOOMLION маркийн 50 тонны даацтай автокран нэг ширхэг,
- 20 тонны багтаамжтай DONG FENG маркийн түлш цэнэглэгч машин нэг ширхэг.
Улсын нийслэл Улаанбаатар хот төдийгүй төвийн бүсийн аймгуудыг илч гэрлээр тэтгэх хариуцлагатай үүргийг хүлээн ажилладаг “Багануур” ХК жил бүр өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээтэй уялдуулан үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах, хүчин чадлаа нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүсдэг.
2023 онд Багануурын уурхайчин хамт олон 4.5 сая тонн нүүрс олборлон борлуулах төлөвлөгөөтэй байсан хэдий ч дулааны цахилгаан станцуудын захиалга нэмэгдэж 4.7 сая тонн нүүрс олборлох болсон. Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн дагуу худалдан авсан эдгээр шинэ машин техник, тоног төхөөрөмжүүд цахилгаан станцуудын нэмэлт захиалгат нүүрсийг хангахад ихээхэн хувь нэмэрээ өгч байна.

45 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УУРХАЙЧДЫН УРЛАГИЙН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛОВ

“Багануур” ХК-ийн уурхайчин хамт олны “Авьяаслаг уурхайчид” урлагийн наадам тавдугаар сард боллоо. 13 дахь удаагийн урлагийн наадам

- Язгуур урлаг
- Хоршил дуу
- Гоцлол бүжиг
- Ардын дуу
- Яг түүн шиг
- Эстрад хамтлаг
- Яруу найраг
- Орчин үеийн болон зохиолын дуу
- Хамтлаг бүжиг гэсэн есөн төрлөөр явагдаж, 10 хэсгийн 300 орчим уурхайчин оролцож авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
Багануурын уурхайчин хамт олон үйлдвэрлэлийн үндсэн ажлынхаа хажуугаар урлагийн наадамдаа ач холбогдол өгч бэлтгэн, сайхан зохион байгуулалттай оролцсон байна. Багануур дүүргийн “Өргөө” соёлын ордонд зогсох зайгүй дүүрсэн үзэгчид, шүүсэн шүүгчдийн сэтгэл хөдлөлийг дээд цэгт нь хүргэж чадсан чадварлаг, авьяаслаг уурхайчдаар Багануурчууд бахархаж байв.
Урлагийн наадмыг найруулагч, продюсер М.Уянга, Үндэсний урлагийн их театрын ерөнхий найруулагч, бүжиг дэглээч, МУГЖ А.Даваахүү, “Авьяаслаг Монголчууд” үндэсний шоуны шүүгч, хийлч СТА Ч.Дэлгэрцэцэг /хийлч Дээгий/, В продакшны дуучин Б.Эмүүжин нар шүүн явуулсан юм. Эдгээр шүүгчид хэлэхдээ, Багануурын уурхайчид бол үнэхээр дундаршгүй авьяастай хамт олон байдаг юм байна. Биднийг үнэхээр бишрүүлж, гайхшируулж, уурхайчид биш урлагийн хүмүүс билүү гэж бодохоор байлгаж чадлаа. Та бүхэн бол зөвхөн нүүрсний уурхайчид биш авъяас билгийн уурхайчид юм байна хэмээн дахин дахин онцолж, бахархаж байлаа.

“БАГАНУУР” ХК 45 ЖИЛИЙНХЭЭ ОЙН ХҮРЭЭНД СПОРТЫН ТОМООХОН УРАЛДААН ТЭМЦЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

U15 насны клубуудын аварга шалгаруулах “BAGANUUR CUP-2023” тэмцээн, “Багануур” ХК-ийн 45 жилийн ойд зориулан “Уурхайчин” волейболын клубээс зохион байгуулсан U15 насны клубуудын аварга шалгаруулах “BAGANUUR CUP-2023” тэмцээн 2023 арваннэгдүгээр сарын 6-9-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Сурагчдын 1-р улирлын амралтыг тааруулан зохион байгуулсан тус тэмцээнд Баянхонгор, Өвөрхайнгай, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатар зэрэг аймгуудаас гадна Улаанбаатар хотын сургуулиуд, волейболын клубуудын өсвөрийн эрэгтэй 21, эмэгтэй 20 багийн 500 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдсөн байна. Тус тэмцээнд эрэгтэй тамирчдаас Б.Рэнцэнхорол дасгалжуулагчтай Б.Түвшин-Эрдэнэ ахлагчтай “Уурхайчин-21” баг тэргүүлсэн бол эмэгтэй тамирчдаас Р.Тамираа ахлах дасгалжуулагчтай, О.Баярчимэг туслах дасгалжуулагчтай, Г.Энх-Учрал ахлагчтай “Ноён” клубын Ноён баг тэргүүлж цомын эзэд болжээ.


U14 НАСНЫ ЦОМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАЙБТАЙ ХОККЕЙН ТЭМЦЭЭН

U14 насны цомын аварга шалгаруулах шайбтай хоккейн тэмцээнийг Багануур хоккейн клубээс арваннэгдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн мөсөн талбайд зохион байгуулсан байна. Тэмцээнд Улаанбаатар хотын болон таван аймгаас ирсэн 10 багийн тэсвэр хатуужил, багаар ажиллах чадварт суралцсан, эрүүл чийрэг бие бялдартай өсвөрийн хоккейн 170 гаруй тамирчин оролцож хурд хүч сорин өрсөлдсөнөөс шайбтай хоккейн ОУХМ И.Алтангэрэл, СМ Ц.Одсайхан дасгалжуулагчтай Багануурын TRIPPERS баг шалгарч алтан медаль, цомын эзэд болжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хүлээлтээс давсан кинонууд 8 цагийн өмнө
Тэнцвэрийн хаан 8 цагийн өмнө
Тохуурхал 8 цагийн өмнө
Нийслэлийн төсвийн онцлог нь иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэхэд чиг… 8 цагийн өмнө
Тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгааллын талаар ахмадуудын саналыг сонсо… 8 цагийн өмнө
МАН “Иргэдээ сонсъё” уулзалтаа эхлүүллээ 8 цагийн өмнө
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар БНХАУ-ын Коммунист нам… 8 цагийн өмнө
Л.Дашням: Нэгдмэл нэг дүрэмтэй болсноор эх хэлний мэдлэг, боловсролд … 9 цагийн өмнө
Хүн-өнгөрсөн ба ирээдүйн холбоос 9 цагийн өмнө
Хүний эрхийн тухай энгийн асуулт 9 цагийн өмнө
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан болло… 9 цагийн өмнө
Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна 11 цагийн өмнө
Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн зөрчлийг ари… Өчигдөр
Завхан аймгийн онцлох 10 ажил Өчигдөр
Агаарын хөлгийн анхны эмэгтэй капитан Өчигдөр
Юн Сок Ёолын бүрэн эрхийн хугацаа бүрхэг боллоо Өчигдөр
Европт төрөлт буурчээ Өчигдөр
Тамирчдаас хэн нь 23 дахь “Бөртэ чоно” цомын эзэн болох вэ Өчигдөр
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар жүдо, Гавьяат дасгалжуулагч Б.Баттул… Өчигдөр
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн байна Өчигдөр