Бичил дамжуулагчийн хатан хаан


Цахиурын хөндийн түүхэнд өөрчлөлт хийсэн сэтгэгч, захирал хуруу дарам цөөн. Тэдний дунд эмэгтэй CEO өдрийн од шиг ховор байдаг. Эрчүүдийн бизнес гэгддэг технологийн салбарт тодорсон  эмэгтэй бол AMD-ийн тэргүүн Лиза Су. Дампуурсан компанийг хүлээж аваад хувьцааг нь 30 дахин нэмэгдүүлж, хиймэл оюун ухааны тавцанд шилдэг өрсөлдөгч болгожээ. Тэр бол АНУ-ын компаниудын түүхэнд хамгийн өндөр цалинтай гүйцэтгэх захирал эмэгтэй. Жилийнх нь цалин 58 сая ам.доллар. Түүний нийт хөрөнгө 740 сая ам.доллар гэж “Форбс” сэтгүүл тооцоолжээ. Лиза Сугийн замнал технологийн салбарынхан, бизнесийн сургуулиудад үлгэр жишээ болсон. Мөн корпорацын өөрчлөлтийн бодит түүхийг бичсэн дэлхийн шилдэг CEO гэж тодорхойлдог.

IBM-ээс эхэлсэн карьер

Лиза Су Тайваньд 1969 онд мэндэлжээ. Охиноо гурван настайд Сугийн гэр бүл  Нью-Йорк руу цагаачлав. Төрсөн нутагтаа аав нь статистикч, ээж нь нягтлан богдогчоор ажиллаж байсан бол АНУ-д хөл тавиад хувийн бизнесээ эхлүүлжээ. Лиза 10 настайдаа  алсын удирдлагатай машинуудыг задалж, засварлаж сурсан гэдэг. Ахлах сургуульдаа компьютертэй (Apple II) болж, энэ чиглэлээр суралцахаар шийджээ. Нью-Йорк хотын Бронкс шинжлэх ухааны ахлах сургуулийг  1986 онд төгсөөд Массачусетсийн технологийн их сургуулийг цахилгааны инженерийн ангид элсэв. Нэгдүгээр дамжааны оюутан байхдаа хагас дамжуулагчийн ирээдүйг харж,  туршилтын цахиур хавтан зохион бүтээжээ. Судлаачийн хувьд 40 гаруй  илтгэл хэвлүүлсэн билээ. Хожим 2017 онд сургуулийнхаа  хүндэт доктор болоод "Манай сургуулийн бакалаврын зэрэг нь Харвардын магистртай дүйцэхүйц гэдгийг би харлаа” гэжээ.  “Texas Instruments”-т богино хугацаанд ажилласны дараа 1995 онд IBM-д судлаачаар бүтэн цагийн ажилд оров. Ердийн хөнгөн цагааны оронд зэс хэлхээ бүхий хагас дамжуулагчийн судалгаа хийсэн нь амжилттай болж  илүү хүчтэй микропроцессорын хөгжүүлэлтэд нөлөөлжээ. Зэсийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй технологийн процесс эхэлснээс нэг жилийн дараа буюу 1999 онд IBM-ийн гүйцэтгэх захирал Лу Герстнер түүнийг техникийн хэлтсийн орлогчоор томилов. Герстнер 20 жилийн дараа “Форбс” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Лизаг энэ албан тушаалд  залуудна гэж бодсон. Бүтцийн шинэчлэл хийж, удирдах боловсон хүчнээ залуужуулснаар үйл ажиллагааны цар хүрээ, хэрэглэгчдэд анхаарал хандуулах соёл нэмэгдсэн.  Тэр бусдын боловсруулсан төлөвлөгөө, жимээр явдаггүй. Карьерынхаа туршид  шинэ зам бий болгосоор ирсэн” гэж тодорхойлжээ.  IBM-ийн төлөө хүчин зүтгэхдээ зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх чухал гэрээг хариуцдаг байв. Карьерынхаа эхэн үеийг “25 хүн тойрч суусан хэлэлцээрийн ширээнд цорын ганц эмэгтэй нь байсан” гэж дурсжээ. Залуухан бүсгүй  бизнесийн “хүнд жингийнхэн”-тэй нэг ширээнд суухдаа эхэндээ эмээсэн ч  технологийн мэдлэг чадвараа давуу талаа болгов. “Sony” болон “Toshiba”-тай амжилттай гэрээ байгуулсны ачаар “PlayStation” тоглоомыг хөгжүүлсэн юм. Түүний хамтран зүтгэгч Скотти Жин 2002 онд “MIT Technology Review” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Лиза таван жилийн дотор тушаал дэвшин IBM-ийн гүйцэтгэх захирал болсон. Би өмнө нь ийм амжилттай боловсон хүчин харж байгаагүй” гэжээ.  Хэрэв та үүсгэн байгуулагч биш бол өөрийнхөө найдвартай байдлыг баталж, алсын хараагаа тулгахаас илүү компани, үйлчлүүлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх ёстой. Энэ бол түүний бизнесийн зарчим. Лиза Су хагас дамжуулагч эд анги үйлдвэрлэгч “Freescale Semiconductor” компанид 2007 онд технологийн  захирлаар ажиллаж, карьертаа шинэ хуудас нээжээ. Сүлжээ, мультимедиа салбарыг толгойлохдоо “Freescale”-ийн  зах зээлийн үнэлгээг мэдэгдэхүйц өсгөв. Гэтэл удирдах зөвлөл бүтээгдэхүүний бүлгүүдийг дахин нэгтгэсэнтэй эвлэрээгүй Лиза компанийг орхисон юм.  Ингээд  гялалзсан карьераа  их хэмжээний өртэй компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалаар сольж олныг гайхшируулав. Амжилттай компаниудын урилгаас татгалзсан нь түүний бусдын гаргасан жимээр явах дургүй бүтээлч зангийн илрэл биз.

Дэлхийн шилдэг CEO

Калифорни мужийн Санта Клара хотын 101 дүгээр хурдны замын хажууд байрлах AMD (Advanced Micro Devices) компанийг 2014 оноос хойш удирдаж байна. Цахиурын хөндий нэршил гарахаас өмнө  эл албан тушаалд хүрчээ. Төв салбарын хамгийн дээд давхарт байрлах өрөөнийхөө цонхоор Лиза өөрчлөгдөж буй өнөө цагийг тольдоно. Гол өрсөлдөгч “Intel” корпорацын офис цонхоор нь харагдана. Энэ өрөөнд 2014 онд анх орж ирэхэд компани ажиллах хүчнийхээ дөрөвний нэгийг цомхтгож, хувьцааны ханш нь хоёр ам.долларт хэлбэлзсэн ээдрээт үе байв. Харин өнөөдөр AMD-ийн капитал 153.5 тэрбум ам.долларт хүрчээ. Технологийн салбарыг тодорхойлдог АНУ-ын зах зээлд ийм сэргэлтэд хүрэх зам дардан байдаггүй. AMD цагийн цагт  хөрөнгө оруулагчдын толгойн өвчин байсангүй. 1990-ээд онд  AMD гүйцэтгэлээрээ “Intel”-ийн загвараас түрүүлж, дамжуулагч үйлдвэрлэлээрээ дээд амжилт тогтоосон бахархам үе бий. Өрсөлдөгчид нь хүчээ авч байхад  “Apple” хагас дамжуулагчийн нийлүүлэлтээ зогсоох зэргээр компани уруудсаар л байлаа. Лиза шинэ төлөвлөгөө боловсруулж, өрсөлдөгчийнхөө алдааг өөрт ашигтайгаар эргүүлэхгүй л бол дампуурлаа зарлаж, хэсэгчлэн худалдахаас аргагүйд хүрнэ.  Ашигтай компаниудад ажлын хүсэлт илгээх мэргэжилтнүүдийнхээ сэтгэл санааг эргүүлэхийн тулд урам зориг өгсөн урианаас өөр бэнчин AMD-д үлдээгүй. Техас дахь байраа худалдаж, ажилтнуудаа цалинжуулна. Гүйцэтгэх захирлаар сонгогдсон хоёр дахь өдрөө Су итгэл алдуурсан ажилтнууддаа "Бид хамгийн сайныг бүтээнэ. Тодруулбал, хүний үйл ажиллагааг хөнгөвчилдөг технологийн салбарыг бид хөнгөвчилнө” гэжээ.  Ингээд “Lenovo”, “Sony”, “Google”, “Amazon” гэсэн зөөврийн компьютер үйлдвэрлэгч компанийн захирлуудтай уулзаж, тэдний саналд тулгуурласан гэрээ байгуулж эхлэв. Тухайн жилдээ зургаан тэрбум ам.долларын гэрээ байгуулсан нь  63 тэрбум ам.долларын орлоготой “Intel”-ийн  хажууд амь зуух төдий орлого. Товчхондоо AMD арай ядан оршин тогтнож ахуй цаг.  “Intel” ухаалаг гар утасны компаниудыг, NVIDIA  “Qualcomm”, “Samsung” зэрэг зөөврийн компьютерын зах зээлийг бараг бүхэлд нь хянаж байв. Технологийн салбарт хоцорсноо мэдэж байсан ч Лиза Су зах зээлийн ширүүн тулаанд хөршөө бутцохих төлөвлөгөө боловсруулжээ. “Apple”-ийн iPhone, iPod-ын хөгжүүлэлтийг удирдсан Марк Папермастерыг AMD-д элсүүлсэн нь компанид үнэлж баршгүй капитал болсон. Марк бол Стив Жобсын “бэлтгэсэн” мэргэжилтэн байлаа.

Хиймэл оюун ухааны хөгжлийг түргэтгэгч

Лиза хагас дамжуулагч зохион бүтээдэг “Xilinx” старт-аппыг компанийнхаа хөрөнгийг дэнчин тавин худалдан авав. Хэлэлцээрийн дагуу “Xilinx”-ийг санаачлагч Виктор Пэн AMD-ийн хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн хэлтсийн дарга болов. Хиймэл оюун ухаан улам бүр түгээмэл болж, микропроцессорын эрэлт хэрэгцээ өсөхийн хэрээр Цахиурын хөндийн захирлууд сорилттой тулгардаг.  AMD процессорын үйлдвэрлэлд  монополь байсан NVIDIA-ийн байр суурийг ганхуулах хүчирхэг чип бүтээж чадах эсэхэд технологийнхон эргэлзэж байлаа. Таван жилийн өмнө AMD хиймэл оюун ухааны хөгжлийн хөдөлгөгч хүч болно гэхэд хэн ч  итгэхгүй нь ойлгомжтой. Үнэлгээгээрээ сүүл мушгиж байсан компани хэдхэн жилийн дотор хиймэл оюун ухааны технологийн давлагааг эрчимжүүлжээ. Лиза  инженерүүдийнхээ чиглэлийг өөрчилж, микропроцессоруудыг судлах даалгавар өгчээ. Судлаачид лабораторид ажиллаж байх зуур AMD-ийн серверийн зах зээлд эзлэх хувь улам буурч, 0.5 болжээ. Энэ зурвас үеийнхээ тухай “Тэр үед компани орлогогүй ч манай  хөгжүүлэгчид технологийн хамгийн сонирхолтой төслийг боловсруулсан. Инженерүүд эцсийн бүтээгдэхүүнд л найдаж байв” гэж “Форбс” сэтгүүлд ярьжээ. Төслийн эхний бүтээгдэхүүн “Zen” эрэмбэлэх чипийг 2017 онд танилцуулав.  Бусад загвартай харьцуулахад “Zen”  тооцооллыг 50 хувиас илүү хурдан хийдгээрээ онцлог бүтээгдэхүүн болсон.  AMD-ийн түүхэнд шинэ хуудас нээснийг Цахиурын хөндий даяар хүлээн зөвшөөрөв. “Zen”-ийн гурав дахь үеийн чипийг 2020 онд худалдаанд гаргасан нь инновацын хурдаараа зах зээлд тэргүүлжээ. Одоо AMD-ийн  процессорууд “Zen”-д суурилж байна. Лиза шинэ үеийн микрочип буюу хагас дамжуулагчаа дата төв ажиллуулдаг ухаалаг үйлчлүүлэгчдэд нийлүүлэхээр шийджээ. Түүний стратеги мэдээллийн технологийн гигантуудтай шинэ гэрээ байгуулж, хурдацтай хөгжиж буй үүлэн бизнесээ эрчимжүүлэх байлаа. Үүний тулд  их хэмжээний төвлөрсөн боловсруулалтын нэгж шаардлагатай. Тэр үед үүлэн технологиор тэргүүлэгч “Google Cloud”компани “NVIDIA”, “Intel”, AMD-тэй хамтран ажилладаг байв. AMD нийлүүлэлтийн өчүүхэн хэсгийг  бүрдүүлж байсан бол одоо үндсэн  түнш болсон нь Лизагийн хүчин чармайлтын үр дүн юм.  Цаг хугацаатай уралдан өрсөлдөгчид алхам тутам гарч ирсээр. “Amazon” корпорац 2018 онд “Amazon Web Services” охин компаниа байгуулан серверийн чип үйлдвэрлэж эхлэв.”Google” хиймэл оюун ухаанаар ажилладаг чипүүдийг зохион бүтээдэг байлаа. Марк Цукербергийн “Мета” хүртэл хиймэл оюун ухаанд зориулсан техник хангамжийн платформыг бий болгохоор төлөвлөж байна. Энэ мэтчилэн үйлчлүүлэгчид нь хэзээ нэгэн цагт өрсөлдөгч болохыг тооцоолсон Лиза “Компаниуд үйлдвэрлэлээ оновчтой болгохын тулд бүрэлдэхүүнээ үйлдвэрлэж эхлэх нь жамын үзэгдэл. Гэхдээ манай хөгжүүлсэн техникийн туршлагагүйгээр тэд амжилтад хүрэхгүй байсан” гэжээ. Лиза хиймэл оюун ухааны чипийн зах зээлийг хөгжүүлэх сууриа бат тавьсан. AMD-ийн шинэ үе эхэлж байна. Компанийн  зах зээлийн үнэлгээ 2023 онд  “Intel”-ийг давжээ. AMD-ийн амжилтаас илүү Лиза Су залуу инженерүүдэд урам зориг, хөрөнгө оруулагчдын хувьд баатар болсон юм.  “Barron's” сэтгүүл Лиза Суг шилдэг 50 гүйцэтгэх захирлын жагсаалтад, “Fortune” бизнесийн хамгийн хүчирхэг эмэгтэйчүүдийн нэгээр, “Bloomberg” оны шилдэг 50 хүний нэгээр нэрлэжээ. Тэр бол технологийн томоохон компаниудыг тэргүүлдэг цөөхөн эмэгтэйчүүдийн нэг. Хагас дамжуулагч технологийн хөгжилд карьераа зориулсан тэрбээр салбарынхаа инновац, менежментийн хөгжлийг түргэтгэгч гэдгээрээ алдартай.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №043/24574/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө