НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгон нэмэгдүүлэхээс гадна НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах саналыг нийтийн өргөдөл гомдлын системээр дамжуулан тус бүр 100 гаруй мянган иргэн дэмжсэн. Үүний дагуу УИХ-аас Ажлын хэсэг гаргасан бөгөөд дээрх хоёр асуудлын хүрээнд холбогдох тооцоо, судалгааг хийж байгаа юм. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, дэд профессор Н.Ууганбаатартай ярилцлаа.
-НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтыг таван хувьд хүргэх эсэх асуудлыг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Нэг талдаа иргэдийн гарт ирэх буцаан олголтын хэмжээ нэмэгдэх сайн талтай ч нөгөө талдаа татварын системд таатай бус шийдэл гэж үзэх хэсэг байна. Энэ тухайд та судлаач хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?
-Ард түмний дунд НӨАТ бол бүртгэлийн систем гэдэг ташаа ойлголт байдаг. Бүртгэлийн системийг бүртгэлжүүлэхийн тулд буцаан олголт, сугалаагаар урамшуулал олгож байгаа буюу улсын, төрийн өмнөөс бүртгэл хийж өгсөн учраас иргэнд өгч буй цалин маягийн зүйл гэх тайлбар явдаг. Гэтэл нэгдүгээрт, НӨАТ бол татвар. Нэмүү өртгийн албан татвар бүртгэлжүүлэлт биш татвар гэсэн байгаа биз! Энэ бол хэрэглээнээс авдаг татвар. Татварын системд хамгийн сүүлд гарч ирсэн томоохон хэмжээний инновац бол НӨАТ-ын татвар байгаа юм. 1960-аад онд Францын татварын албанд ажиллаж байсан хүмүүс санаачлан гаргасан татварын систем л дээ. “Төр байгаа цагт татвар оршино” гэдэг ерөнхий санааг хүн бүр ойлгодог. Манай Үндсэн хуульд ч иргэний биелүүлэх ёстой 4-5 үүргийг тухайлан бичсэн байдгийн нэг нь “Төрөөс хууль эрхийн дагуу оноосон албан татварыг төлөх үүрэгтэй” гэж маш тодорхой бичсэн байгаа. НӨАТ-ын бааз нь солилцоо буюу арилжаа хийгдэх болгонд авч байх ёстой татвар. Манайд НӨАТ-ын 10 хувь, буцаан олголтыг иргэнд хоёр, аж ахуйн нэгж бол суутган төлөх механизмаар явж байна. Дараагийн ташаа ойлголт нь НӨАТ-ыг дандаа хэрэглэгч төлдөг гэж үзээд байдаг. НӨАТ-ыг 100 хувь хэрэглэгч төлдөг үү гэвэл үгүй. Тухайлбал, нэг савтай ус НӨАТ-гүй үедээ мянган төгрөг байлаа гэж бодоход эндээс нэмүү өртгийн 10 хувиа авах хоёр арга зам бий. Нэгдүгээрт, тухайн бүтээгдэхүүнийг борлуулагч үнийг нь нэмж 1100 төгрөг болгож болно. Гэхдээ 1100 юу эсвэл 1070 төгрөг болгох уу гэдгээ аж ахуйн нэгж өөрөө тооцох ёстой. Учир нь 1100 төгрөгөөр 10 хүнд зардаг байсан бол 1070 төгрөгөөр 15 хүнд зарах боломжтой байна шүү дээ. Тийм учраас НӨАТ-ыг 100 хувь хэрэглэгчидтэй хамаатуулан ойлгох боломжгүй. Товчхондоо, тодорхой хэмжээнд аль аль талдаа хувааж төлнө. Хэрхэн хувааж төлөх вэ? гэдэг тусдаа техникийн асуудал. Зайлшгүй хэрэглэгддэг бүтээгдэхүүн дээр хэрэглэгч илүү ачаа үүрч болно. Эсрэгээрээ эрэлт багатай, эсвэл илүү их сонголттой байдаг бараа бүтээгдэхүүнд үйлдвэрлэгч өөрөө тодорхой хувийг үүрэхээс өөр сонголт байхгүй. Ингээд үзэхээр НӨАТ-ыг 100 хувь хэрэглэгч төлдөггүй байх нь.
-Тэгэхээр та НӨАТ-ын хувь нэмэгдүүлэх эсэх нь тулгамдсан асуудал биш гэж үзэж байгаа хэрэг үү?
-НӨАТ-ын системийн хамгийн тулгамдсан асуудал нь биш. Илүү сонирхолтой, ач холбогдолтой нь НӨАТ-ын босго. Орлого нь 50 сая хүрээгүй аж ахуйн нэгж бол НӨАТ төлөгч биш гэдэг заалттай. Харин 50 саяд хүргэх эсэхийг татварын алба хянадаг байх. Гэхдээ л энэ тоонд хүргэх эсэхээ аж ахуйн нэгжээ өөрсдөө тогтооно шүү дээ. 50 саяд хүрээгүй гээд яваад байвал НӨАТ-ын баримт өгөхгүй байж болно. Үүнээс үүдээд хүмүүсийн, ялангуяа аж ахуйн нэгжүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг буюу 50 саяас доош орлоготой хүмүүсийн хийж буй арилжааны ачааг нь тэдэнтэй арилжаа хийсэн НӨАТ төлөгч аж ахуйн нэгж нь үүрээд байна. Зардал гаргасан ч НӨАТ-ын системд тооцогдохгүй учраас гэв гэнэт өндөр ашиг олчихсон юм шиг, өндөр нэмүү өртөг үүсгэчихсэн юм шиг нөхцөл байдал харагдаад байна гэдэг аргумент явж байна л даа. Энэ бол НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэхээс хамаагүй илүү үндэслэлтэй асуудал. Нэгэнд нь хөнгөлөлт үзүүлчихээр нөгөө хэсэгтээ дам нөлөө үзүүлээд дарамт болчихсон байна шүү дээ. Ер нь татвар, нийгмийн халамж зэрэг бодлогод буюу эдийн засгийн амьдралд төр оролцохоор иймэрхүү зовлон үүсчихээд байдаг. Нэг газраа засвар хийчихээр нөгөө газарт очоод саад болоод байх жишээний. Нэг хэсгийнх нь ачааг хөнгөлчихөөр нөгөө хэсгийн ачааг нэмчихдэг. Тэгэхээр энэ бол шударга ёсонд нийцэхээргүй зүйл. Суурь баазаа өргөтгөж чадаад үнэхээр орлого нь нэмэгдэж байвал “Бид орлогынхоо тодорхой түвшинд хүрчихлээ, НӨАТ-ынхаа зорилгод хүрчихлээ. Манайх үнэхээр мундаг НӨАТ-ын системтэй болчихлоо” гэсэн цагтаа хоёр хувиас таван хувьд хүргэх талаар ярьж болох юм. Гэтэл одоогоор манай НӨАТ-ын систем 100 хувь бэхэжчихээгүй байна. Нэг хэсэг чимээгүй явсан, төлөлт төдийлөн нэмэгдээгүй. Цахимжилт, бүртгэлжилт рүү нэлээн сайн шилжүүлж, сугалаа зэргийг нэмэлтээр оруулж байж харьцангуй идэвхжлээ шүү дээ. Ингээд янз янзаар үзээд байгаа нь энэ татварын систем өөрөө тогтворжоогүй байгааг л илтгээд байгаа юм. Энэ тохиолдолд НӨАТ-ын хувийг нэмэгдүүлэх нь нэгдүгээрт, тулгамдсан асуудал биш. Хоёрдугаарт, тогтворжоогүй системийг улам тогтворгүйтэлд оруулах эрсдэл байгаа юу гэвэл тийм.
-НӨАТ-ын нэг зорилго нь далд эдийн засгийг ил болгох гэдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэ зорилгоо хэр биелүүлж байна вэ?
-НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмлээ гээд далд эдийн засаг айхавтар ил болох үндэслэл хомс. Далд эдийн засгийн нэг зовлон нь тэртэй тэргүй далд учраас судлан шинжлэх боломжгүй байдаг. Засгаас гаргасан тооцоонуудыг харахаар зарим нь 10, зарим нь 20 хувьтай гэх зэргээр зөрүүтэй байна. Тэгэхээр үүнд нэгдсэн аргачлал, тоо баримт хэрэгтэй. Үндсэндээ өнөөдрийн байдлаар далд эдийн засаг хангалттай ил болчихоод байгаа зүйл алга. Хаана бүртгэлгүй мөнгө, хаана татвараас бултаж зугтаж байна вэ гэдэг л асуулт шүү дээ. Энэ тухайд бодит байдлыг харахаар захууд л санаанд орж таарна. Жишээлбэл, барилгын материалын захаас нэг хүн нэг удаад магадгүй хэдэн зуун мянга, сая төгрөгөөр худалдан авалт хийдэг буюу их мөнгө эргэлддэг зах зээл. Материалыг оруулж ирэхдээ импортын татвараа төлсөн байх. Гэтэл тэнд дахиад НӨАТ яригдах ёстой юу гэвэл тийм. Төлж байна уу гэвэл үгүй. Хэн ч баримт өгдөггүйг бүгд мэднэ. Энэ жишээнээс харахад буцаан олголтын хувийг нэмлээ гэхэд далд эдийн засгийг төдийлөн үр дүнтэйгээр хумьж чадахгүй л болов уу. Өдөр тутмын амьдралд худалдан авалтынхаа НӨАТ-ын баримтыг нэхэхээр худалдаачид “Тэгвэл 10 хувийг нэмлээ” гэдэг. Ингээд НӨАТ авахаа болих жишээний. 10 хувиар үнээ нэмүүлж НӨАТ аваад буцаагаад таван хувийг олж авснаас нэмүүлээгүй нь дээр болчихож байгаа биз. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд дээр сайн ажиллах ёстой. Тэд өөрсдөө татвараа төлөх талаар эрмэлздэг, худалдаачид маань татвараа төлдөг л байх ёстой. Ерөөсөө татвараа төлөх нь үүрэг шүү дээ. Төлсөн тохиолдолд буцаад бидэнд хэрэгтэй үйлчилгээ болж ирнэ гэдэг мэдрэмжийг олгох нь, харуулах нь чухал болов уу л гэж харж байна. Татварын системийн томоохон өөрчлөлтийн үр дүнд далд эдийн засаг хумигдана уу гэхээс мэс заслын аргаар хэцүү.
-Таны тайлбараас үзэхэд НӨАТ бол татварын тогтолцооны гол цөм нь биш юм байна. Тэгвэл өнөөдөр манай улсын татварын тогтолцоо ямар түвшинд байна вэ. Энэ тухайд тооцоо, судалгаа хийж байгаа юм билээ. Та ажлын хэсэгт ажиллаж байгаагийн хувьд энэ асуултад хариулт өгнө үү?
- Ер нь бид татварын системийг бүхлээр нь харж, ойлгох ёстой. Дүн шинжилгээ хийгээд үзвэл цоорхой, нүх сүв байгаа байх. Тасралтгүй засаж сайжруулах ёстой юу гэвэл тийм. Тодорхой хэмжээний тооцоо судалгааг байнга хийсээр ирсэн байдаг. Гэхдээ ихэнх судалгааг гаднын байгууллагын тусламжтайгаар хийсэн байдаг л даа. Үүний дотор Японы “Жайка”-тай хамтарсан олон төсөл хэрэгжсэн байдаг. Миний санаж байгаагаар Сангийн яаман дээр OECD-тэй холбоотой татварын төслүүд мөн хэрэгжсэн. Үргэлж алдаж онож явахгүйн тулд судалгаануудыг илүү сайн, чанартай хийх ёстой. Татварын системийг судалъя гэхээр бэрхшээл байна. Тухайлбал, хамгийн эхэнд 2022 онд баталсан Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль хаалт болж байна. Жишээлбэл, Өнөрөөгөөс зөвшөөрөл авалгүйгээр татварын тухай мэдээллийг нь судлаач Ууганбаатар авч үзэх эрхгүй. Гэтэл татвар өөрөө том агрегат дүнг нь харж байгаад ярьдаг сэдэв ерөөсөө биш. Энэ бол микро сэдэв учраас цаана нь юу болж байгааг детальчлан харах хэрэгтэй болдог. Ингээд харъя гэхээр судлаачдад эрх нь байдаггүй. Дата байхгүй учраас бодит баримтад тулгуурласан дүн шинжилгээ хийх боломж тун хомс. Гарч байгаа үр дүнгүүд тодорхойгүй байдлаар гарах маягтай байна. Ер нь татварын системийг хэрхэн судалдаг вэ гэдгийг харахаар 3-4 үндсэн чанарыг хангадаг байх системийг зохиож чадвал сайн шүү гэж орчин үеийн эдийн засгийн шинжлэх ухаанд үзээд байгаа юм. Нэгдүгээрт, татварын систем шударга байх ёстой буюу татварын ачааг шударга хуваах ёстой. Энэ нь орлогын түвшинтэй харьцуулбал илүү боломж бололцоотой хэсэг нь арай илүү ачаа үүрнэ л гэсэн санаа. Зарим татвар тийм биш байдаг ч зарим нь энэ нөхцөлийг хангадаг. Бүтнээрээ харахад манай татварын систем хэр шударга байна вэ гэдэг бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, татвараас үүдээд эдийн засгийн амьдралд үүсэж байгаа сүүдэр юу байна вэ, ийм саар зүйл байвал арилгах ёстой шүү гэдэг. Манайд НДШ гэж зүйл байна. Энэ бол 20 гаруй хувийн буюу харьцангуй өндөр хувийн ачаалалттай байгаа. Аж ахуйн нэгжүүдийг харахаар НДШ төлөхгүйн тулд ажил олгогч болон ажилтан хоёр гэрээ байгуулахдаа гар дээр өгч авдаг цалингаас бага дүнгээр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр гэрээгээ байгуулдаг байх жишээний. Тохироо хийж байна шүү дээ. Энэ бол НДШ-ийн систем маань хоёр хүн хоорондоо хөдөлмөрийн харилцаанд ороход тодорхой хэмжээнд саад болж буй индикатор мөн юм. Энэ бол муу мэдээ. Татвар бол эдийн засгийн амьдралд аль болох бага нөлөөлдөг байх ёстой буюу тийм системийг л сайнд тооцох учиртай байх нь. Дараагийнх нь татварын систем аль болох төвийг сахисан байх ёстой. Товчхондоо, татварт ялгавартай хандаад ирвэл нэгийг нь дэмжиж, нөгөөг нь хохироох орон зайг маш их үүсгэнэ. Улмаар татвараас бултах орон зайг их үүсгэдэг. Энэ утгаар нь харвал татвар төвийг сахих учиртай.
-Сангийн сайдын хэлээд байгаа татварын системээ татаж унагаах эрсдэлтэй гэдэг үндэслэлтэй байх нь?
-Татвар буурууллаа гэхэд гарах сөрөг үр дагаваруудыг сайтар тооцох учиртай. Сангийн сайдын санаа зовоод байгаа нь тодорхой хэмжээнд үндэслэлтэй. Улс орнууд татвараа бууруулсан тохиолдол бий. Тухайлбал, 1981 онд Р.Рейган гэх хүн Ерөнхийлөгч болоод “Төрийг жижигсгэнэ, төрийн дарамтыг бууруулна, татварыг багасгана. Ингэснээр эдийн засаг өөрөө сэргээд татварын орлого нөхөгдөнө” гэдэг аргумент гаргаж ирээд татвараа багасгасан ч орлого нь нэмэгдээгүй, Засгийн газрын зардлаа ч багасгаж чадаагүй. Орлогыг нь багасгачихаад зардлаа хэмнэж чадахгүй болохоор төсвийн алдагдал үүсэж таарна. Эцсийн дүндээ өртэй хоцорно. 1989 он гэхэд АНУ-ын холбооны Засгийн газар маш их хэмжээний өртэй үлдсэн. Р.Рейган улс төр үүргээ гүйцэтгэсэн байх. Нөгөө талдаа АНУ-ыг асар хүнд байдалд үлдээсэн байдаг. 1990-2000-аад онд Б.Клинтон, Алберьт Горын Засгийн газрын хийсэн ажил бол ерөөсөө л Р.Рейганы үлдээсэн өрийг цэгцэлсэн явдал. Төсөв, санхүү, татвар буюу эдийн засгаа сайжруулах бодлого барьсан байдаг. Эндээс үзэхэд үнэхээр хэмнэх гэж байгаа бол бид зардлаа л бууруулах ёстой. Төсөв жижигслээ, одоо цаашдын зохицуулалтуудаа хийгээд явж болно шүү дээ.
-НДШ, ХХОАТ-ын шимтгэлийг 50 хувиар бууруулах саналыг мөн иргэний зүгээс гаргаад, 100-гаас дээш мянган хүний санал авчихлаа. Энэ асуудлаар УИХ хэлэлцэх шаардлага мөн үүсчихээд байна. Ийм боломжтой юу, та яаж харж байна вэ?
-“D parliament”--ын механизмыг ойлгож байна. Цахим ертөнцийн боломж, бололцоог ашиглаад олон нийтийн санал сонсох гэсэн үзэл санааг үгүйсгэхгүй. Гэхдээ татвар, төсөв гэх мэтийн нэг талдаа орлого, нөгөө талд зарлагатай хоёр талтай асуудлаар санал асуулга явуулж байгаа бол хоёр талаас нь л бодолцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг талыг багасгасан бол нөгөө талаас юуг нь багасгах вэ гэдгийг давхар явуулахгүй болохоор асуухын тулд асуусан болчихоод байгаа юм. НДШ-ийг бууруулж болно. Тэгвэл нийгмийн даатгалын санд гарах зөрүү, зардлыг хаанаас, юунаас хэрхэн төлөх юм бэ. Нийгмийн даатгалын сан угаасаа алдагдалтай. Энэ алдагдлын хэмжээ улам л нэмэгдэнэ шүү дээ. Үүнийг яаж нөхөх вэ гэдэг асуудал гарч ирнэ биз дээ. “Өнөөгийн ажиллаж буй хүмүүсийн НДШ-ийг төдөн хувиар бууруулбал одоогийн тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийг төдөн хувиар бууруулах боломжтой. Та үүнийг дэмжих үү” гэдэг байдлаар санал асуугаад явбал болж байна. Яахав, манай НДШ-ийн систем хүнд байгаа нь үнэн. Үүнд томоохон реформ хийх ёстой гэдэг нь гарцаагүй бөгөөд цаг хугацааны л асуудал. Үүнийг зоригтой бөгөөд маш сайн тооцоо судалгаатайгаар хийх л хэрэгтэй. Манайд уул уурхайн дараа орох ашигтай бизнес бол санхүүгийн бизнес. Яагаад цэцэглээд байна гэхээр орлого багатай ч тогтмол орлоготой эдийн засагтай, хэрэглээ их байгаад байдаг. Энэ тохиолдолд зээл ав ч таарна. Тогтмол орлоготой учраас зээлээ төлж болоод байна шүү дээ. Ингээд төрөл бүрийн зээл үнэхээр цэцэглэж байна. Ийм нөхцөлд нийгмийн даатгалын сан ч гэсэн арвиждаг байх ёстой. Ийм орон зай байгаа бол үнэхээр ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүмүүс тэтгэвэрт гарахдаа үр шимийг нь хүртэх л ёстой шүү дээ. Манайх татвар багатай улсад тооцогддог. Гол асуудал хаана байна гэхээр НДШ, ХХОАТ хоёр нийлж орж ирдэгт байгаа юм. НДШ 10+ХХОАТ 10+ажил олгогчийн 10 гаруй хувь нийлээд 30 гаруй хувь болчихдог. НДШ нь татвар шиг орж ирдэг. Ингээд бүхэлдээ татварын ачааг их болгочихдог. Тэгэхээр миний харж байгаагаар Нийгмийн даатгалын санг тусад нь Хөрөнгө оруулалтын сан байдлаар зохицуулах шаардлагатай. Ингэснээр үүнийг татвар биш арвиждаг, хуримтлал байдалд шилжүүлчихвэл цаана нь ХХОАТ 10 хувь гэдэг бол дэлхийн дунджаас доогуур. Үүнийг хэмждэг үзүүлэлтүүд бий. Үүний дагуу үзэхээр манай улс бүр өндөр хөгжилтэй орнуудаас ч илүү эрх чөлөөтэй орны тоонд ордог. Зөвхөн манайх биш л дээ, шилжилтийн эдийн засагтай орнууд ерөнхийдөө иймэрхүү байдаг. Асуудал нь төрийн үйлчилгээний хүртээмж хаана байна вэ гэдэгт л байгаа юм. Татвар төлж буй иргэд сэтгэл ханамжгүй байна. Зуны үер, өвлийн утаа, замын түгжрэл зэрэг нийгмийн стресс тасардаггүй. Ерөөсөө татвар төлөөд байдаг, эргээд төрөөс авч буй үйлчилгээнүүд маань бидэнд чамлалттай байгаа учраас төлж байгаа татвар өндөр байна гэдэг логик харагдаад байгаа юм. Энэ нь ч үнэн. Гэхдээ төр засгийнхан ажиллаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мэдээж илүү сайн ажиллах ёстой.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна