Загварын ертөнцийн баяр “Гоёл-2024”


Хувцас загвар бол түгээмэл дэлгэрсэн тэргүүлэгч урлагийн төрөл. Тийм ч учраас дэлхийн соёлын үнэмлэхүй үзүүлэлтийн нэг, улсынхаа  төрхийг тодорхойлдог хэмжүүр болжээ. Хотууд хөгжлийн хурд, соёлын уламжлалаа харуулсан загварын долоо хоногоороо өрсөлддөг. Энэ бол дизайнерууд  алсын хараа, бүтээлээ хүссэнээрээ танилцуулдаг цорын ганц талбар юм. Тэдний бүтээсэн хувцас үйлдвэрээс гарсан л бол стилистүүд, редакторуудын уран сэтгэмжид автан өөрчлөгддөг учраас тэр. Монголын загварын ертөнцийнхний хамгийн том баяр бол "Гоёл". Загвар зохион бүтээгчид, брэндүүд, хэвлэл мэдээлэл, блогчид, шүүмжлэгчид, их хотын дэгжин бүсгүйчүүд, стиль тодорхойлогч гээд олон салбарын төлөөллийг цуглуулдаг наадам. Их дэлгүүрүүд ирэх улирлын шинэ барааны захиалгаа өгч, стилистүүд урьдчилан таамагласан трэнд гаргаж, сэтгүүлчид, блогерууд шинэ өгүүлэл бичих санаагаа эндээс олдог  тул жил бүрийн өвлийн тэргүүн сарыг хүлээдэг. Угаас загварын ертөнц хавар, өвөл гэсэн хоёр улиралтай. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулсан “Гоёл” наадмын өдрүүдэд оны топ модель, шилдэг дизайнер, шилдэг модель, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг шалгаруулсан юм. Энэ жилийн наадамд загварын 23 товчоо оролцож, 30 дизайнер ур хийц, оюун билгээ шингээсэн бүтээлүүдээ олон нийтэд танилцууллаа.

Монголын сайхан бүсгүй топ модель болов

Дизайнеруудаас гадна загвар өмсөгчид гоо зүй, бүтээлч сэтгэлгээний нарийн мэдрэмжээ уралдуулдаг их тайз бол “Гоёл”. Загварын долоо хоногуудыг чимэх моделиудын алхаа хүртэл ондоо байдаг. Нью-Йорк хурдан, цовоо, Парис намуухан алхаагаараа ялгарна. Харин “Гоёл” наадмын моделиуд ихэмсэг, донжтой алхаагаараа үндэсний хэв маягаа харуулдаг. Загвар өмсөгчид жил бүрийн “Гоёл”-ыг  хүсэн хүлээж, хүндэтгэн оролцдог уг наадам 2017 онд топ модель шалгаруулаагүй. Шалтгааныг нь Дизайнеруудын холбооны нарийн бичгийн дарга Х.Байгалмаа “Шаардлага хангах модель байсангүй. Загвар өмсөгч бэлтгэгдээд топ моделийн хэмжээнд хүрсэн цагт тодруулдаг” гэж тайлбарласан.  Энэ бол “Гоёл”-ын түүхэнд топ модель шалгаруулалгүй өнжсөн цор ганц наадам болсон билээ. Топ модель   өргөмжлөлийг 2001 онд хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, Азийн топ Д.Болормаа нар шалгарч байв. Тэгвэл 36 дахь жилдээ зохион байгуулсан наадмын топ моделиор А.Сайхантамир шалгарлаа. Энэ бол Монголын хувцас загварын тэргүүн дээд наадмаас авсан түүний анхны шагнал  биш. 2016 онд “Гоёл” наадмын Шилдэг загвар өмсөгчөөр шалгарч байв.  “Гоёл” наадмын тайзнаа арав гаруй жил ажиллахдаа өмссөн хувцсаа амьдруулах, үзэгчдэд хүргэхдээ бусдаас илүү байж чаджээ.  Энэ жил 28 настай тэрбээр Хэнтий аймгийн Дадал сумын уугуул. Гурван ах, гурван эгч, нэг дүүтэй өнөр бүлд өсөж торнижээ. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженер мэргэжлээр төгссөн бөгөөд Иргэний агаарын тээврийн МИАТ компанид онгоцны үйлчлэгчээр ажилладаг аж. Загварын ертөнцөд 16 настайдаа хөл тавьж, “Шилмэл загварын ордон”-д Г.Нармандах, Э.Сэлэнгэ нарын шавь болон карьераа эхлүүлжээ. Отгон топ модель загвараас гадна “Авьяаслаг мисс”. Ёочин  тоглож ардын дууг тун ч сайхан дуулдгаараа 2017 онд “Монголын сайхан бүсгүй” тэмцээнд түрүүлжээ. Эх орондоо төдийгүй олон улсын миссийн тэмцээнд 2014 оноос оролцжээ.  “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авьяаслаг мисс"-ийн тэмцээний дэд байр, “Буриадын мисс”-ийн тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр шалгарчээ.

 

“Гоёл 2024” наадмын шилдгүүд:

 

36 дахь жилдээ зохион байгуулсан “Гоёл” наадмын шилдгүүдийг танилцуулж байна

Топ модель- А.Сайхантамир

Спонсорын нэрэмжит шагнал- Цэнд-Аюуш, “Алтжин” брэндийн дизайнер Уянга,

“Cesar's” брэндийн нэрэмжит шагнал- Адъяа, “Хүслэнт Ертөнц”

“Алтан гадас” компанийн нэрэмжит шагнал- Лиса,

Шилдэг Make up artist-  “Ari Make up studio”

Ирээдүйтэй залуу дизайнер- “Anna cashmere” Баатараа

Үндэсний хувцасны шилдэг дизайнер-“Эртний аялгуу” загвараар дизайнер Ачухай

Чөлөөт хувцасны шилдэг дизайнер-ИЗИС-ийн "ОД" загварын товчооны дизайнер Батчимэг, Сансар

Гран-при дизайнер-“Amulet” брэндийн дизайнер Бэлгүтэй "Warrior bird" загвараараа

Ирээдүйтэй модель- Б.Буянжаргал

Шилдэг фото модель- М.Болормаа

Шилдэг эмэгтэй модель- Н.Ану

Загварын долоо хоног ба эдийн засаг

Парис, Милан, Нью-Йорк, Лондон бол загварын долоо хоногоороо алдартай  “Их дөрвөл”. Тогтсон дүрэмгүй ч үндэснийхээ брэнд, дизайнеруудын бүтээлийг нэрийн хуудсаа болгодог уламжлалтай. Нью-Йоркоос гаралтай “Майкл Корс” шинэ загварынхаа салхийг төрөлх хотдоо хагалдаг бол “Chanel” эх нутаг Парист, “Prada”, “Giorgio Armani”  Миланд,  “Burberry” Лондонд жилийн  анхны цуглуулгаа толилуулдаг.  Өргөн зургаар харвал загвар бүтээлч салбар, маркетинг, борлуулалт, бизнес удирдлага, бүтээгдэхүүн нийлүүлэлт гэсэн олон хэсгээс бүрддэг цогц ертөнц. Монголчууд загварыг өнгөцхөн дүгнэдэг нь тоогүй. Гэтэл тайзны ард хэдэн саяар хэмжигдэх   загварын бизнес эрчээ авч байна.  Нью-Йоркийн загварын долоо хоног жил бүр улсынхаа эдийн засагт 887 сая ам.долларын хувь нэмэр оруулдаг. Манай дизай­неруудын толилуулсан үндэсний шинжтэй загварууд трэнд гэхээсээ илүү орчин үе, уламж­лалыг хослуулах дуртай хэрэглэгчдийг татдаг. Олон  тод өнгийг уусгаж, хослуулж чаддаг нь нүүдэлчдийн хувцасны соёл. Яг л тийм цуглуулгууд монгол дизай­неруудын нэрийн хуудас болсон. Дорнын утга агуулгыг шингээсэн хээ, хуар, хатгамал бүхий загварууд брэндүүдийн орлогыг хэд дахин нэмэгдүүлж эхэлсэн. Энэ чиг хандлага манай үндэсний брэндүүдийн цуглуулгаас тод харагддаг. Үндэсний хэв маягийг орчин үеийн, их хотын онцлогтой хослуулдаг монгол дизайнеруудын авьяасыг анзаарсан гаднын мэргэ­жилтнүүд  “Монголд хувцас загвар хөгжиж байна” гэж тодорхойлсон. Харин хэр хурдан байх нь бидний оролцоо, худалдан авал­таас шалт­гаална.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө