Нэг төвөөс задарч, олон төвтэй болж буй Улаанбаатар


Монгол Улсын нийслэлийн хүн амын 46 хувь нь гэр хороо­лолд ахуйн хэрэгцээний анхан шатны дэд бүтэцгүй нөхцөлд амьдардаг. Энэ нь дэлхийн хамгийн урт халаалтын улирал­тай Улаанбаатар хотын нийт хүн амын 60 орчим хувь нь ду­лаан хангамжгүй байна гэсэн үг юм. Хот төлөвлөлтийн бод­лого алдагдаж, нийтийн хэрэг­цээнд зориулсан дэд бүтэц, барилга байгууламж барих орон зайн хомстол үүсэж, барьсан барилгууд хэтэрхий эмх замба­раагүй байгаа нь өнөөдөр Монгол Улсыг хот төлөвлөлтийн бодлого хийгээд хүн амын ая тухтай амьдрах орчныг эргэн харахаас өөр аргагүйд хүргэж буй. 

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Улаанбаатар хотыг тэнцвэртэй хөгжүүлэх бодлого тусгагдсан бөгөөд энэ хүрээнд нийслэлд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга, Толгойт, Дамба­даржаа, Шархад гэсэн зургаан дэд төвийг байгуулахаар тусгасан байдаг. Хөтөлбөрийн суурь судалгаа болон үндсэн бодлогыг 2009 оноос эхлэн боловсруулсан бөгөөд УИХ санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2013 оны арванхоёрдугаар сард баталж, инженерийн дэд бүтцийн ажлыг есөн жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэг­жүүлэхээр төлөвлөсөн юм. 

Тус төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга, Толгойт, Дамбадаржаа гэсэн зургаан дэд төв бий болгож, инженерийн суурь дэд бүтэц, нийгмийн барилга байгууламж барих ажлын суурь тавигдаад байна. Өчигдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төслийнхөн Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд барьсан дэд бүтцийн шугам сүлжээнд түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах, дэд төвүүдийн тогтвортой хөгжлийг тодорхойлох зорилгоор “Гэр хорооллын сэргэлт – СЭЛБЭ ДЭД ТӨВ” хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг, Азийн хөгжлийн банкны Нийгмийн салбарын ахлах мэргэжилтэн М.Раушан, Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, төслийн зөвлөх багийн хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон барилгын салбарын 200 гаруй төлөөлөл оролцож, томоохон хэлэлцүүлэг өрнүүлэв.

Мөн үеэр Сэлбэ дэд төв төслийн хүрээнд байгуулж, ашиглалтад оруулсан инженерийн дэд бүтцийн шугам сүлжээнд хийсэн бүтээн байгуулалтыг танилцуулж, шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл, энэхүү төслүүдэд гэр хорооллын залуусын оролцоог нэмэгдүүлэх асуудлуудыг  хөндлөө. Мөн Сэлбэ дэд төвийг орон сууцжуулахад төр, хувийн хэвшлийн түншлэл зарчмаар барилгын салбарын төлөөллүүдтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийн талаар танилцуулж, цаашид олон улсын санхүүжүүлэгч байгууллагуудаас барилгын салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар ярьсан юм. Өнөөдөр Улаанбаатар хотын гамшгийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын яндангийн утаа, сул шороо бүрдүүлж буй. Нийслэлийн хэмжээнд 100 мянга гаруй нүхэн жорлон байгаа нь хөрсний болон гүний усыг халдварт нянгаар бохирдуулах эрсдэлт нөхцөлийг бий болгохоос гадна гэр хороололд амьдардаг нэг хүнд хоногт 5-10 литр ундны ус ногдож байгаа нь орон сууцад амьдардаг нэг хүний хэрэглээнээс 25-50 дахин бага байгаа. Мөн гэр хорооллын иргэд төр, нийгмийн үйлчилгээ авах, ажлын байртай болох, бизнес эрхлэх зэрэг боломж хязгаарлагдмал байгаа нь Улаанбаатар хотын өмнө “Нэг төвөөс задарч, олон төвтэй хот болох” шаардлага тулгарч буй.

Хотын төвлөрлийг сааруулах зорилготой эхэлсэн тус төслийн эхний шатны ажил буюу  Сэлбэ, Баянхошуу төвийн бүтээн байгуулалт хийгдэж дууссан. Сэлбэ дэд төвд 12 мянган айлын орон сууц барих инженерийн дэд бүтэц бэлэн болжээ. Төвийг цааш өргөжүүлэн тэлэхийн тулд 158 га газар чөлөөлөхөөр төлөвлөсөн бөгөөд НЗДТГ-ынхан газар чөлөөлөлтөд 380.5 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох төлөвлөгөөтэй байгаа гэдгээ танилцуулж байна.

Мөн Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалт ч дууссан бөгөөд 162 га газрыг хамрах тус дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 24, 28, 40 дүгээр хорооны 3000 айлын газрыг чөлөөлж 40 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна.

Төслийн II болон III үе шатны хүрээнд Дамбадаржаа болон Дэнжийн мянга дэд төвийг хөгжүүлэх ажил 56 хувьтай өрнөж буй аж. Дамбадаржаа төв 70.7 га газрыг хамран хэрэгжиж буй дэд төвийг даган бие даасан дулааны эх үүсвэр, дулааны шугам, УДДТ, РП, ХТП, 1000м3 усан сан, насос станц, цэвэр усны шугам, бохир усны шугам, цахилгааны эх үүсвэр, цахилгааны шугам, авто зам, гүүрэн байгууламж, үерийн хамгаалалтын суваг, хөрсний ус зайлуулах шугамын бүтээн байгуулалт өрнөж байгаа бол Дэнжийн мянга дэд төв 131.5 га газрыг хамрах бөгөөд Чингэлтэй дүүргийн 10, 11, 12, 13 дугаар хороонд 4700 орон сууц барихаар төлөвлөгджээ.

Төслийн III үе шат болох Толгойлт  дэд төвийн хувьд 138 га газрыг чөлөөлж, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 3, 22, 34, 35 хороог хамран 5200 айлын орон сууц баригдахаар төлөвлөгдсөн бөгөөд бүтээн байгуулалтын ажил одоогоор 26 хувьтай өрнөж байна. Шархад дэд төвийн хувьд зураг төслийг нь хийсэн, санхүүжилт хүлээж байгаа аж. Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалты дэмжих хөтөлбөр, төслийнхөн 2021-2022 онд Улаанбаатар хотын гэр хороололд хүртээмжтэй, таатай орчин бий болгоход залуусын оролцоог дэмжих нь төслийг хэрэгжүүлжээ. Японы Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн суурин төлөөлөгч удирдан явуулсан төслийн багийнхан дэд бүтцийн хөгжилд гэр хороололд амьдардаг залуучуудыг хамруулж, тэдний дуу хоолойг сонсох судалгааны ажил явуулжээ. НҮБ болон олон улсын байгууллагууд залуучуудын сэтгэлгээ, санаа бодлыг хот төлөвлөлтийн бодлогод тусгахыг чухалдаг тул төслийн багийнхан залуучуудаас дизайн, засаглал, шинэлэг сэтгэлгээ, инновацлаг санаа гаргаж ирэх сургалт, сорилтыг зохион байгуулж, дэд төслийн хүрээнд багтаасан гэдгээ дуулгаж байлаа.


Сэлбэ, Баянхошуу төвийг орон сууцжуулах төсвийг НИТХ хэлэлцэж эхэлжээ

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг:

-Өнөөдөр бид Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, эхлүүлээд арван жил болсон одоо үргэлжилж, өнөөдрийн цаг үед ирсэн, нийгмийн тодорхой асуудлыг шийдээд явах ийм төслийн талаар хэлэлцэж, алдаа оноогоо дүгнэх уулзалтыг хийж байна. Нийслэл Улаанбаатар хотод 1.7 сая иргэн амьдарч байна. Үүний 54 хувь нь инженерийн байгууламжтай буюу орон сууцанд амьдардаг бол 46 хувь нь дэд бүтэцгүй орчинд, гэр хороололд амьдарч байна. Нийгмийн суурь дэд бүтэц буюу эрчим хүч, дулааны байгууламжийн хүртээмжгүй, үүнийг шийдэх боломж ч хязгаарлагдмал байгаа нь гол бэрхшээл болсон. Тавдугаар цахилгаан станцыг бид олон жил ярилаа.

Тиймээс боломж хүлээлгүйгээр тухайн орчинд тохирсон хороолол, тухайн нутаг дэвсгэрт тохирсон хэсэгчилсэн дэд бүтцийг байгуулах нь чухал болж байна. Үүнийг арван жилийн өмнө олж харж, УИХ-аар баталсан Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж, зургаан дэд төвийн ажил эрчимтэй явж байна. Үүний хоёр нь буюу Сэлбэ болон Баянхошуу дэд төвийн ажил бүрэн дуусаж, ашиглахад бэлэн болсон. Бусад төвүүдийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж, зарим ажлууд ахицтай урагшилж байна. Гэхдээ хоёр дэд төв ашиглалтад орсон хэдий ч бид бүрэн утгаар нь ашиглаж чадахгүй байгааг нуух хэрэггүй. Тухайлбал Сэлбэ дэд төв дээр 1200 айлын газрыг чөлөөлж, 13.3 км авто зам тавьж, 28 МвТ-ын дулааны станц барьсан боловч үүний 20 хүрэхгүй хувийг л бид ашиглаж байна.

Тэгэхээр бид Европын хөрөнгө оруулалтын банкнаас өгч байгаа зээлийг үр ашигтай ашиглахын тулд энэ дэд бүтцийг ашиглаж, тухайн газар нутгийг барилгажуулах, орон сууцжуулах асуудлыг яаралтай эхлүүлэх шаардлага тулгарч байна гэсэн үг. Тиймээс Улаанбаатар хотын 2024 оны төсөвт Сэлбэ болон Баянхошуу төвийг орон сууцжуулах асуудлыг тусган, Нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлж байна.


Улаанбаатар хотын асуудал, шалтгааныг арилгах бодлого хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвийн дарга Р.Дагва:

-Гэр хорооллын хөгжлийг дэмжих, тэнд амьдарч байгаа иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулах, тэнд одоогоор бизнес эрхэлж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч болон ААН, байгууллагуудын ажиллах орчин ямар байгаа вэ. Тэдэнд ямар тусламж, дэмжлэг хэрэгтэй вэ, захиргааны болон бодлогын ямар шийдвэрүүд хэрэгтэй байгаа вэ гэдэг асуудлыг өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр хөндлөө. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн конвенцын хүрээнд Улаанбаатар хот өөрийнхөө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ гэр хороолол дахь орчин нөхцөлийг хэрхэн сайжруулах вэ гэдэг асуудлыг бодлогын хувьд зангидаж байна. Энэ төслийн хүрээнд бид олон жилийн өмнөөс судалгаа тооцоо нэлээн сайн хийсэн. Судалгаа, тооцоог Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэхдээ хэрхэн ашиглах юм бэ гэсэн бодлогыг бидний хувьд хамгийн чухалд тооцож байна.

Өнгөрсөн 30 жилийг эргээд дүгнээд харахад шүүмжлэлтэй гэж хэлж болох бодлогын шийдлүүд байдаг. Өөрөөр хэлбэл, бид 30 жил түгжрэл, утаа гэсэн бодлогын алдаанаас бий болсон үр дагавартай зууралдсан бол одоо энэ бүхнийг үүсгэж байгаа шалтгаан нь хаана байна вэ. Ирэх 30 жилд Улаанбаатар хотын хүндрэлийг үүсгэж байгаа шалтгаан нь юу юм. Энэ шалтгааныг арилгах бодлогыг хэрэгжүүлж, судлаач, эрдэмтэн, мэргэжлийн хүмүүс, инженерүүдээ сонсож, тэдний судалгааны үр дүн, дүгнэлт тайланг үндэслэсэн захиргааны шийдвэр, магадгүй улс төрийн шийдвэр гаргаж байх ёстой болж байна.  


Сэлбэ төвийг дагаж 12 мянган айлын орон сууц барина

Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, төслийн зохицуулагч Д.Авирмэд:

-Манай төсөл 2013 онд УИХ-аар баталгаажуулсан Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд батлагдан хэрэгжиж эхэлсэн. Төслийн нэгж 2014 онд байгуулагдаж, барилга угсралтын ажил 2016 оноос хэрэгжиж, өнөөдөр арван жилийн ойтойгоо золгож байна. Нийслэлийн хүн амын 46 хувь нь гэр хороололд, инженерийн дэд бүтэцгүй орчинд амьдардаг. Тэдний амьдрах орчныг сайжруулах, нөгөө талдаа хот төлөвлөлтийн алдаатай бодлогыг засаж, Улаанбаатар хотод инженерийн зургаан дэд төвийг бий болгох нь төслийн гол зорилго юм.

Сэлбэ, Баянхошуу төвийн барилга, байгууламжийн ажил 2016 онд эхэлж, 2020 онд бүрэн дууссан. Сэлбэ төвийг дагаад 12 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Гэхдээ энэ хэмжээний орон сууцыг зөвхөн нийслэлийн төсвөөр барих боломжгүй тул нийслэлийн холбогдох байгууллагуудаас гадна хувийн хэвшил, ногоон бүтээн байгуулалтыг дэмждэг олон улсын байгууллагуудын оролцоо чухал байна. Иймд эдгээр байгууллагын оролцоог жигд хангах, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар орчин үеийн хот төлөвлөлтийг стандартын дагуу хийх зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

Нөгөө талаар төслийн II, III үе шатанд хийх Дэнжийн мянга болон Дамбадаржаа, Толгойт төвийн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байна. Ажлын явцад цар тахлын нөлөө, үнийн өсөлт, хил гаалийн саатал нөлөөлж, ажил 2020, 2021 онд зогсоод 2022 оноос үйл ажиллагаагаа дахин эхлүүлсэн. Дэд төвүүдийг байгуулах ажлын явцад газар чөлөөлөлт чухал нөлөө үзүүлдэг юм. Түгжрэлийн бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн нэг гол санаа бол газар чөлөөлөлт байдаг. Төслийг хэрэгжүүлэх явцад гарсан, биднийг хамгийн их сорьсон асуудал бол газар чөлөөлөлт. Монгол Улсад албадан газар чөлөөлөх хууль байдаггүй учраас газрын эзэн, төсөл хэрэгжүүлэгчдийн харилцаа ажлын явцад нөлөөлдөг юм. Бид иргэдтэй харилцан тохиролцож газар чөлөөлөх асуудлаа шийдэж ирлээ.

Д.Жаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Орчин үеийн хот төлөвлөгч 56 минутын өмнө
Д.Амарбаясгалан: Засгийн газар малчдынхаа амьжиргааг дээшлүүлж, үнийн … 1 цагийн өмнө
​ Улаанбаатар хотын тодорхой байршилд олон түвшинт гүүр байгуулахад “… 1 цагийн өмнө
1085 автобусыг утасгүй интернэтээр тоноглоно 1 цагийн өмнө
ОХУ, БНХАУ-ын иж бүрэн түншлэл шинэ шатанд хүрлээ 1 цагийн өмнө
Японд стрептококкийн тархалт нэмэгджээ 1 цагийн өмнө
Бүтээн байгуулалт өрнөөн Баянзүрх 1 цагийн өмнө
Э.Бат-Амгалан: Баянзүрх дүүргийн МАН-ын хороо “Хошой шилдэг”-ээр шалга… 1 цагийн өмнө
Э.Халиун: Бяр чадлын хувьд эн тэнцүүхэн тамирчидтай тивийн дэвжээн дээ… 1 цагийн өмнө
Ш.Батбаяр: Үхрийн баас цэвэрлэж байхдаа “Би юу хийчих вэ” гэж бодож ба… 1 цагийн өмнө
Горилогчдын гороо дуусаж, Ерөнхийлөгч модоо тоолов 1 цагийн өмнө
Ж.Тана: Шинэчлэл, өөрчлөлтөд залуучуудын идэвхтэй оролцоо чухал үүрэгт… 1 цагийн өмнө
Улаанбаатарт 17 хэм дулаан байна 3 цагийн өмнө
Р.Булгамаа: Үр хүүхдээ үл хайхарч байгаа эцэг, эхчүүдэд хариуцлага яри… 17 цагийн өмнө
Морин хуурын увдислаг шинжийг судлан докторын зэрэг хамгаалжээ 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн т… 21 цагийн өмнө
Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдлийн талаар мэдэ… Өчигдөр
“Азийн тэсвэртэй хотууд” төсөл Улаанбаатар хотод хэрэгжинэ Өчигдөр
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг баталлаа Өчигдөр
Улаанбаатарт 29 хэм дулаан байна Өчигдөр