Дэлхийд түрүүлсэн монгол зураач


АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотноо өнгөрсөн сарын 12-17-нд болсон Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн 32 дахь чуулганы үеэр зохиогдсон хурдан зурах тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 250 гаруй уран бүтээлч оролцсоноос Монгол Улсын иргэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул зураач, яруу найрагч Л.Мөнхтөр тэргүүлж “Дэлхийн хамгийн хурдан зураач” цол, аваргын цомыг нь хүртжээ. Ингээд түүнтэй ярилцсанаа сийрүүлэн хүргэе.

-Сайн байна уу. Юуны өмнө танд дэлхийн аварга болж, Монгол Улсынхаа нэрийг дуурсгасанд баяр хүргэе. Хэзээнээс шог зураг сонирхон зурж эхлэв?

-Анх харандаа барьсан маань 3-4 настай үе л болов уу. Түүнээс хойш өнөөг хүртэл тасралтгүй зурж байна. Яг шог зурагтай танилцсан гэвэл 1980 оны эхээр юм даа. Тэр үед Данийн алдарт шог зураач Херлуф Бидструпын “Уран шог” нэртэй, зотон бүрээстэй, том, саарал номыг аав минь авч өгснөөр түүнд шимтэн дурлаж, ах дүү, найз нөхөдтэйгөө, өглөө оройгүй, эргүүлж тойруулан, инээж хөхрөн үздэг, гараасаа салгадаггүй ганц дуртай ном минь болсон юм. Анх тэгж шог зургийн амтанд орсон. Одоо эргээд санахад надад шог зургийн сурах бичиг төдийгүй Өрнийн ертөнцийг харах цонх тэр байж. Тухайн үед “Хөдөлмөр”, “Үнэн” сонин, “Тоншуул”, “Дүрслэх урлаг” зэрэг сонин сэтгүүлээс М.Гүрсэд, Г.Нямдорж, Ц.Доржготов, Ц.Байды, С.Цогтбаяр нарын зурсан шог зургуудыг үзэж, сонины хайчилбар хийн, цуглуулдаг байлаа. Тэр цагаас л шог зурагтай эгнэгт холбогдож дээ.

-Тэгэхээр их багадаа зурж эхэлжээ. Зурдаг хүү гээд л хүмүүс зураг зуруулах гэж гуйна биз?

-Ер нь багаасаа зурсан. Манай аав, ээж маш уран хүмүүс байсан. Ах эгч нар маань ч бүгд гарын уртай, Л.Ганзоригт ах маань зэгсэн сайн зурдаг. Ах нарыг цэцэрлэг, сургууль, албан байгууллагын ханын сонин гаргахыг харж, дагаж зурж эхэлсэн. Бага, дунд ангидаа дэвтрийнхээ хавтсыг ар өвөргүй морины толгой, элдэв дүрсээр дүүргэдэг, ангийнхнаа тойруулж суулгаад, бүгдийнх нь зургийн даалгаврыг зурж өгөөд, Б.Ванчиг багшдаа зэмлүүлдэг сурагч явлаа. Хүүхдийн зургийн уралдаанд их ордог байсан. Нутгийнхан намайг андахгүй. -Лувсан  ах, Янжгаа эгчийн зурдаг хүү гээд, их өхөөрдөн урамшуулдаг, урьж зуруулдаг байлаа. Тэр үеийн айлууд орны аравч, хөшиг, тор, дэрний уутаа хатгамлаар чимэглэдэг, түүнд нь зориулж хээ хуар, цэцэг навч, ан амьтад, 12 жил, таван хошуу мал гээд юм юм зурж өгдөг байсан. Бас тэр үед Ардын хянан шалгах хороо гэж байлаа. Манай сумын АХШХ-ны дарга нь миний найз Даваагийн аав Доржбал. Тэр хүн надаар нийгмийн сэдэвтэй, шүүмжлэлт шог зураг зуруулаад суулгачихдаг байсан. Уйдсанаа санадаггүйг бодоход түүндээ их л дуртай байсан юм байлгүй. Түүнээс гадна миний бөл ах Жадамбаагийн Дамдин гэж, МУЭ-ийн, Завхан аймаг дахь салбарын том зураач байлаа. Ах маань хааяа аймгаас ирж, гадаа байрлуулдаг том том гөлмөн төмөр самбар, ухуулах хуудас, ханын сонин зэргийг шүршдэг будгаар зурдаг, би наана цаана нь гарч, хэмжээ тавихад нь тусалж, ойр зуур бийр багс, будаг шунхыг нь дөхүүлдэг, том талбайтай хэсгийг нь багсдан будаж өгдөг байлаа. Тэр мэтээс л зурах урлахад дөр суусан даа.


-Шог зургаар юуг илэрхийлж болдог вэ гэж асуухаас илүү юуг илэрхийлж болохгүй вэ гэж асуувал зөв болох мэт санагдана?

-Тийм шүү. Ер нь шог зургаар бүхнийг илэрхийлж болно. Инээд хөөр, итгэл найдвар, хайр дурлал, уйтгар гуниг, хүсэл тэмүүлэл, эмгэнэл харуусал, тоглоом шоглоом гээд хүний сэтгэлийн элдэв үелзэл, амьдралын гашуун үнэн, элдэв зөрчил, улс төрийн тэмцэл, байгаль орчин, нийгмийн хурц асуудлууд  гээд юуг ч илэрхийлж болно. Тэр ч бүү хэл шог зураг тэмцлийн зэвсэг болсоор ирсэн. Харин юуг илэрхийлж болохгүй вэ гэж бодож үзээгүй юм байна. Яаж ч шог зурлаа гэсэн би их хаад хатдаа элэглэн шоолохгүй байх аа.

-Урлагийн энэ хэлбэр хэзээ ч хоцрогдохгүй, аль ч нийгэмд анхаарлын төвд байх юм. Учир нь юундаа байна?

-Шог зургийн хэллэг товч, тодорхой, хурц илэрхийлэлтэйд байна. Түүгээрээ хэлэх гэсэн санаа, өгүүлэмж нь хүний нүдэнд шууд тусан, амархан уншигдаж, ой тойнд нь үлддэг, барагтайд мартагддаггүй. Ихэнх хүн шог зургийг алиа мааз, инээд наргиа, хөнгөн зугаа талаас нь харах гээд байдаг. Гэтэл шог зургийн шүүмжлэлт агуулга нь энэ урлагаа хөтөлж, нийгмийг эрүүлжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг анзаардаггүй. Ялангуяа хүний  ёс суртахуун, байгалийн доройтол, нийгмийн хурц асуудлуудыг шог зураг гайхалтай онож хатгадаг. Энэ талаараа хүмүүсийн ухамсарт чухал нөлөөтэй, нийгмийг эрүүлжүүлэх увдистай урлаг. Урт сургаалыг хэдэн цагаар улиглан суухын оронд уран санаатай ганц шог зураг татлаад тавихад үр дүн нь илүү тусна. Чадварлаг шог зураач шооч, егөө, ёргио хэллэгээрээ хүмүүст нулимстай инээд, баяр хөөр бэлэглэж, гэмшил ухаарал төрүүлж, бодолд автуулж, итгэл хайрлаж чадна. Өөр ямар ч байдлаар нөлөөлөхийг тааварлашгүй. Шог зураач хүн худлаа зурж болдоггүй.


-Та түрүүн шог зураг бол тэмцлийн хурц зэвсэг гээд хэлэх шиг болсон. Би буруу дуулаагүй байгаа?

-Өрнө, Дорнын аль ч улс үндэстэнд, аль ч цаг үед энгүүн шогоос эхлэн хөгжсөөр, нийгмийн олонх цөөнх, баян ядуу, анги давхаргын зөрчил, дарангуйлал дороос эрх чөлөө, шударга ёсыг хайсан хүмүүс хүсэл зориг, үзэл санаагаа хошин шүлэг, дуу, шог гараа, элэглэл, жүжгээс гадна шүүмжлэлт шог зураг, зурагт хуудсаар илэрхийлж, тэмцлийнхээ зэвсэг болгон ашигласаар ирсэн. Одоо ч тэр хэвээр. Тэгэхээр шог зураг бол шударга ёсны төлөөх дуу хоолой, тэмцлийн хүчтэй зэвсэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

-Таны ярианаас шог зураг дотроо бас олон төрөлтэй гэж ойлголоо. Та чухам аль аль төрлөөр нь зурж байв, хошин хөргөөр дагнаж байна уу?

-Тийм ээ. Олон улсын, улс төр, нийгэм, эдийн засаг, байгаль орчны, ёс суртахууны, соёлын гэх мэт өргөн сэдэвт шүүмжлэлт шог зургаас гадна, ахуйн хөнгөн хошигнол, хошин хөрөг буюу нөхөрсөг шог гэх мэт олон төрөл бий. Би улс төр, нийгмийн сэдэвтэйгээс гадна хошин хөрөг буюу нөхөрсөг шог зурдаг. Сүүлийн арав гаран жил хошин хөргөөр дагнаж, зураг, баримлаараа олон улсын уралдаан тэмцээнд оролцож ирлээ.


-Америкт зурж эхэлсэн түүх, уран бүтээлийн амжилтаасаа хуваалцана уу?

-Америкт бусдын жишгээр газар үзэж, нүд тайлж, хэл суръя л гэж ирсэн. Ирсээр хэлний сургуулиа, дараа нь Лос-Анжелес Пасифик коллежийг график дизайнераар төгслөө. Коллежоо дүүргээд, Холливүүдийн “Юниверсал” студид шог зураачаар орсон минь амьдралдаа хийсэн хамгийн том алхам байлаа. Тэнд л би Америкийн орчин үеийн авьяаслаг, чадварлаг зураачдын дунд, тухайн хүнийхээ онцлог шинжийг “олж уншин”, гол донжийг нь товойлгож, хурдан зурах, хамгийн гол нь өөрийн гэсэн арга барилаа хөгжүүлэх, төлбөргүй академид цалинтай сурсан гэхэд болно. Энэ хүртэл би маш олон ажил хийсэн. Тэгээд шог зураг зурах нь миний дуртай ажил, эзэмшсэн мэргэжил, амьдрах хэв маяг болсон. Хүмүүс өглөөд албан газар, үйлдвэр, театр, сургууль руугаа ажил хичээлдээ гардаг шиг зураач бид шог зураг зурахаар гардаг. Дэлхийн өнцөг булан бүрээс аялахаар ирсэн, олон үндэстний, зүсэн бүрийн хүмүүстэй танилцан ярьж хөөрөх зуураа, хэдхэн хоромд хошин хөргийг нь татлаад, инээж хөхөрсөн, сэтгэл хангалуун царайг нь харж, тэрхүү дурсгалт мөчийг гарт нь атгуулан үдэхдээ би туйлаас жаргалтай байдаг. Тэгэхээр миний зурсан хошин хөргүүд энэ дэлхийн таван тивийн бүх улсад байгаа. Нөхөрсөг шог зурах нь хүмүүст инээд хөөр, баяр баясал бэлэглэдэг буянтай ажил шүү. Шог зураг бол америкчуудын амьдралынх нь нэг хэсэг болсон. Тэд аливаа баяр ёслол, наадам цэнгээндээ наадаг шивээсч, нүүр зураач, хөгжимчин, дуучин урьдаг шигээ шог зураач залж, зочдоо хөгжөөдөг уламжлалтай. Амжилт гэвэл Олон улсын шог зураачдын нийгэмлэгт мэргэжлийн зураачаар элсэж, таван удаагийн чуулганд оролцжээ. 2014 онд Охайо мужийн Сандаски хотод болсон чуулганд баримлын төрлөөр оролцож, хоёрдугаар байр, энэ жил Лос Анжелест болсон чуулганд баримлын төрөлд гуравдугаар байр, хурдан зурах тэмцээнд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 250 гаруй зураачтай өрсөлдөн тэргүүн байр эзэлж “Дэлхийн хамгийн хурдан зурдаг, шог зураач” цол хүртлээ. Энэ ганц миний, зөвхөн энэ удаагийн амжилт биш юм.  Өмнө нь миний урилгаар шог зураач А.Бат-Эрдэнэ ирж оролцож байсан, МУЭ-ийн шагналт зураач С.Төрбурам хайчилбараар “хар, цагаан” зургийн төрөлд дөрөвдүгээр байр, МУЭ-ийн шагналт зураач Ч.Ганбаатар нийт гурван удаа оролцож, нийт есөн төрөлд шагналт байр эзэлж байсан зэрэг монголчуудын оролцоо, амжилтын буухиаг үргэлжлүүлсэн хэрэг юм.

-Уулын орой дээрээс хөндийн бүх зүйл ил харагддаг. Алсаас Монголынхоо нийгмийг харахад ямаршуухан харагдаж байх юм бэ?

-Энэ тун чухал бөгөөд эмзэг асуулт. Гадаадад гарсан монголчууд бид ард үлдсэн ах дүү, амраг садан, нутаг ус, эх орноо хамгаас илүү үгүйлэн санадаг нь мэдээж. Өнөөдөр гадаадад хэн нэг нь гараагүй ураг удам, айл өрх гэж байхгүй болжээ. Монголчуудыг газраас нь салгаж, хөдөөнөөс хот, хотоос гадаад руу “хөөж”, эзгүй нутаг, элбэг баялагт нь эзэн суух гэсэн гаднынхны хорон бодлогыг үг дуугүй гүйцэлдүүлж суудаг төр засгийг Монголын төр биш гэж боддог. Гадаад дахь монголчууд эх хэл, соёлоосоо улам холдож, уусах аюул буй гэтэл харин эсрэгээрээ Монголдоо байгаа хүмүүс нь эх хэлэндээ элэг буруу хандаж байна. Энэ мэтээс өгсүүлээд, элдэв шаналлаа багцлан, асуудал-шийдэл хэлбэрээр бичсэн, исээ, тэмдэглэл, өгүүллэгийн “Тэрс өнцөг”, яруу найраг, дууны “Дэлхий нэвт” хос номоо энэ оны нэгдүгээр сард гаргаж, олны хүртээл болгосон.

-Танд  Монголын төр засаг, түмэн олонд хандаж хэлэх үг байна уу?

-Би аль алинд нь хандсан үгээ хос номдоо илэрхийлчихсэн. Аваад уншихад болно. Харин Монгол Улсын Засгийн газар, Соёлын яаманд нэг хүсэлт байна. Ирэх жилээс эхлэн, Олон улсын шог зураачдын нийгэмлэгийн дараа дараагийн чуулганд Монгол Улсаа төлөөлүүлэн 3-5 зураачийг зардал мөнгөөр бодитой дэмжин, тогтмол оролцуулж байна уу. Тэгвэл энэ нь төр засгийн зүгээс Монголын  шог зургийн хөгжилд тмоохон дэмжлэг болно.

Монголын шог зургийн урлаг хөгжтүгэй! Баярлалаа! 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
1
care
0
haha
3
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
86.133.114.157
2023/12/14
0
0
Nomin mungu ugaah ajildaa hantsui shuuj orno.Ulsiin tuluu bol aav shigee mashinaar dairahgui bol ih um.Anglid baahan sur bayrluulj Miss hereggui dagaladach nar avch irsen mungu ugaalt gej oilgomoor!!
Хариулах
59.153.112.82
2023/12/11
0
0
Номин гуай өөрийхөө,хувийхаа тв- д нулимсаа шахдаг улсыхад ёстой но-шүү ккк дуурийн дуулаачийн тэмцээнд ирдэггүйм байнаа лээ.
Хариулах
59.153.114.227
2023/12/11
0
0
Мундаг залууд баяр хүргэе!
Хариулах
79.221.117.186
2023/12/10
0
0
Монгол хүн, Монгол улсын нэр хүндийг өндөрт өргөж. урлахуйн ухаан, хурдан оновчтой сэтгэх зэрэг өндөр ур чадваруудыг эзэмшсэн мундаг залуудаа баяр хүргье.!
Хариулах
Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 4 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 7 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 7 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 7 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 7 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 9 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 9 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 9 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 9 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 9 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 9 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 10 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 10 цагийн өмнө