Дайчин шувуу


Энгийн нэгнээс эгэлгүй суутан болж дэлхийд танигдсан алдартан цөөнгүй бий. Тэд нэг гараанаас эхэлдэг ч суралцсан, өөрийгөө хөгжүүлсэн байдлаараа харилцан адилгүй түүхийг бүтээж өнөөдрийн оргилд хүрчээ. Юунд ч баригдалгүй өөрийн хурдаар тасралтгүй урагшилдаг нэгэн байхад цаг хугацаатай уралдсаар бусдаас түрүүлж зорьсондоо хүрсэн хүн ч бий.   Загварын салбар бол үл зогсох оршихуй. Шинэ хуучин гэж хязгаарлагдахгүйгээр нэгнээ нөхөж сэргээн шинэчлэгддэг нь энэ салбарын онцлог. Өөрөөр хэлбэл, загварын салбарт шив шинэ гэсэн тодотгол зохихгүй. Харин аль нэг диталиас салбарлан шинэчлэгдсэн төгсгөлгүй үргэлжлэл гэвэл оновчтой. Ийм онцлогтой салбарт нэлээд хэдэн жилийн өмнөөс дахин шинэчлэл эхэлсэн. Шаардлагагүй, хэт олноор үйлдвэрлэдэг идэвхгүй байдлаас татгалзаж тогтсон зах зээлд хэрэгцээнд үндэслэсэн тоо ширхгээр загвараа гаргадаг хариуцлагатай бүтээгчдийг бий болгоод эхэлжээ. Байгаль, экологийн тэнцвэрийг алдагдуулдаг тэргүүлэх салбаруудын нэг гэдгээ олонх нь ухамсарлаж үслэг бараа материал, хор хөнөөлт эд хэрэглэлээс татгалзаад эхнээсээ үр дүнгээ өгч байна. Ийм нэгэн шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэгч нь дизайнерууд юм. Тэдний сонгосон материал хувцас болон биежиж, тэдний зурсан загвар хэн нэгнийг илэрхийлэх бүтээл болдог билээ.  Хувцас загварын салбарт хил хязгаар гэж үгүй. Өнгөрснөө үгүйсгэдэггүй хэн бүхний нээлттэй талбар болон хөгжиж байна. Энэ шинэчлэлд Монголын дизайнерууд багтан, хүлээн зөвшөөрөгдөж үндэстний онцлогтой бүтээлээр урлангаа баяжуулан дэлхийн зах зээл рүү тэмүүлж эхэллээ. Зоригтой хийж, зогсолтгүй урагшилж байгаа тэдгээр эрхмийн нэгийг саяхны нэг өдөр “Гоёл” наадмын тайзнаас харлаа. Монголын хувцас загварын шилдгийг тодруулдаг наадамд амжилттай оролцож шилдэг дизайнер, гранприйн эзэн болсон энэ хүн бол дизайнер Б.Билгүтэй. Тэр хэдэн жилийн өмнө “Amulet”-ийг үүсгэн байгуулахдаа брэндийн онцлогоо “Орчин үеийн, минимал” хэмээн тодорхойлж байв. Тухайн үед “Хувцас загвар дэлхийг бохирдуулж байгаа салбаруудын нэг нь. Хэтэрхий хурдтай хувьсах үзэгдэлд бүтээгчид буюу дизайнерууд олноороо  гарч ирсэн. Тэдгээрээс зарж борлуулах сэтгэлгээтэй хүмүүс олширсноор хувцас загварыг ашиг олох боломжтой салбар гэж үзсэн байдаг. Миний хувьд “Amulet” брэндийн суурийг Италид байхдаа тавьсан. Энэ үедээ материал сонгохдоо хүртэл эко байхад чиглэсэн. Байгаль, хүнд ээлтэй хувцас хийе гэж бодсон” хэмээн хэлж байсан юм. Удалгүй “Amulet” брэндийнхэн  “хувирдаг” хувцсаа зах зээлд цөөн тоогоор танилцуулсан бөгөөд эко материал сонгосноо онцолсон нь санаанд тод үлджээ.  Б.Билгүтэй Дүрслэх урлагийн дээд сургуулийг 2010 онд хувцасны дизайн, зураач мэргэжлээр төгссөн. Мэргэшихийн тулд дэлхийн загварын ертөнцийг дэргэдээс нь мэдрэхээр Италийн  Ром хотыг 2014 онд зорьж Дүрслэх урлагийн дээд сургуульд нь хувцас дизайн, тогтолцоо мэргэжлээр дахин суралцаж магистрын зэргээ хамгаалжээ. Энэ хугацаандаа Японы хувцас загварын тэмцээнүүдэд амжилттай оролцон шагналт байруудыг эзэлсэн. 2014 онд Италийн “Riccione Moda Italia” тэмцээнд коллекцоо танилцуулан ур чадвараа хөгжүүлж ирсэн дизайнер юм. Ийнхүү тэрбээр өнгөрсөн хугацаанд ур чадвараа хөгжүүлэн алхам алхмаар урагшилсаар байсан бөгөөд 2018 онд “Free bird” анхны коллекцоо танилцуулж байжээ. Түүнээс хойш  “Butterfly effect”, “A winter symphony”, “Oversized paper” цамцны капсул коллекцоо танилцуулсан байв. Б.Билгүтэй “Би загварын санаагаа олон зүйлээс эрэлхийлдэг. Тэр дундаа ном унших, кино үзэхээс гадна сонирхолтой хүмүүстэй уулзаж баялаг түүхээс нь шинэ санаа сэдэл олдог юм. Энэ бүх эрэлхийллээс л завгүй байдаг охид бүсгүйчүүддээ зориулсан загваруудаа гаргасан” талаараа ярьсан.  Харин энэ удаа тэрбээр “Warrior bird” буюу “Дайны шувуу” коллекцоо “Гоёл”-ын тайзнаа танилцууллаа. 15 загвараас бүрдсэн уг коллекцоо тэрбээр дэлхийн загварын ертөнцийн хамгийн нэр хүндтэй Францын 38 дахь “Hyeres fashion festival”-д зориулан хийжээ. Б.Билгүтэй загваруудаа монгол үндэстний дээлний эсгүүрээс санаа авч урласан байна. Дээлний эсгүүрийн суурь их өргөн сул байдаг тул хөдлөхөд саадгүй. Гүйх харайх, үсрэхэд төвөг уддаггүй байх талаас нь бодолцож “Дайны шувуу”-гаа хийжээ. Уг коллекцын материал нь атлас. Гэхдээ атласны ар тал хадны эффект шиг бага зэргийн арзгар бөгөөд дотор талдаа гялгар тул биенд хүрэхэд таатай, гулссан мэдрэмж төрүүлдэг болохыг Б.Билгүтэй онцоллоо. Тэрбээр “Хувцас гаднах байдлаараа гоё харагдахаас гадна дотор талдаа ч гэсэн гоёмсог байх хэрэгтэй. Хамгийн гол нь биед маш эвтэйхэн, арьсанд хүрэлцэхэд таатай мэдрэмж түрүүлэхүйц байх нь чухал. Бид хувцсыг бүтээхдээ зөвхөн гаднаас нь харагдах тал дээр төвлөрөх биш дотрыг нь хүртэл бодож чадвал үнэ цэнтэй хувцас болж чадна” хэмээн боддогоо хэлж байлаа.  “Дайны шувуу” коллекц оригами цаасан нугалбарыг хооронд уяж, олон янзаар загварчилж болохуйцаар хийснээрээ онцлогтой. Өөдөс материалыг зүүмэл маягаар хийсэн тул хаягдал гараагүй. Гурвалжин, дөрвөлжин гэх мэт геометрийн дүрсийг нэгбүрчлэн гараар оёжээ.Уяагаа хооронд нь холбон богиносгож, уртасгаж, салгаж болохуйц байдлаар хийсэн учраас өмсөж буй хүн биедээ тохируулан загварчилж болдог байхаар бодолцон загваруудаа урласан байна.  Монголын загварын салбарт ийм нэгэн “Дайчин шувуу” жигүүрээ дэлгэн өндрөө авчээ...  


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө