Залуу дуучин Ч.МИШЭЭЛТЭЙ ярилцлаа. Түүнийг “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайн шавь эсвэл “Никитон” хамтлагийн дуучдын нэгээр нь төсөөлж явснаас өөрөөр бодож байсангүй. Харин бие даасан, чөлөөт уран бүтээлчийн хувьд уулзан, ярилцаж буй нь анхны тохиолдол юм. Уран бүтээлчийн дүр төрх, урлагийнхны зан араншин түүнд аль хэдийнэ суужээ. Аргагүй ч үгүй биз, өнгөрсөн найман жил Ч.Мишээл дуулаачийн ур чадвартаа анхаарч, амьд хөгжмийн хамтлагтай багагүй хугацаанд ажилласан. Одоо тэр хувийн уран бүтээлдээ шамдан, цомгоо гаргахаар дуугаа бичүүлж явна.
-Их ажлын хажуугаар зав гарган ярилцсанд баярлалаа. Мишээлийн европ дүр төрх хүмүүсийн анхаарлыг их татдаг. Тиймээс ярилцлагын эхэнд таныг аль улсад төрж, өссөнийг асуумаар байна?
-Би Монголд төрж, өссөн. Манай аав чех хүн байдаг. Багадаа Чех улсад нэг жил амьдарсан ч нэг их удалгүй Монголд ирсэн. Ээж, эмээгээ санаад бас монгол ахуй, соёлтой ойр өссөн учраас тэнд удаагүй байх. “Монгол руугаа явмаар байна” гэсээр байгаад буцаж ирж байсан юм. Манай аав Монголд бараг 30-аад жил ажиллаж, амьдарсан. Монгол оронд их хайртай хүн байдаг.
-Таны өсвөр насандаа дуулж байсан уран бүтээлийг сонссон. Яг хэдий үеэс дуулж эхэлсэн юм бэ?
-Хүүхэд байхдаа олон улсын “Найрамдал” зуслангийн шинэ жилийн тоглолтод дуулж, “Хараацай” театрын тайзан дээр анх гарч байсан юм. Тэндээс л “Би дуулж чадах юм байна” гэсэн бодол төрсөн байх. Монголын хүүхдийн ордны дугуйланд элсэж, С.Алтан-Уяа багшийн шавь болсон. Дараа нь “My voice” тэмцээнд оролцсон нь урлагийн салбарын олон хүнтэй танилцах боломжийг бүрдүүлсэн. Энэ үед хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай эгчтэй танилцсан нь миний хувьд урлагийн салбарт орох эхлэлийг тавьсан. Дуучин болох боломж бүрдсэн учраас “Энэ замаар яваад үзье” гэж зориглосон юм.
-Хүүхэд байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгож зорилгодоо хүрэхээр тэмүүлсэн байх нь ээ?
-Үгүй ээ. Би сэтгэл зүйч мэргэжлээр суралцахыг хүсдэг байсан. Өнгөрсөн хугацаанд дуулахын зэрэгцээ сэтгэл зүйчээрээ ч сурсан. Цаашид мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа. Мэдээж хажуугаар нь уран бүтээлээ орхихгүй явна.
Амьд хөгжимтэй дуулах нь хүнийг ухаалгаар хөгжүүлдэг
-Цагаа зөв хуваарилж олон зүйлийг амжуулж чаддаг гэж ойлголоо. Таныг “My voice” тэмцээнд оролцсоноос хойш багагүй хугацаа өнгөрсөн. Энэ олон жилийн турш яагаад карьертаа анхаарч, хувь уран бүтээлчээр олон нийтэд танигдъя гэж бодоогүй юм бэ?
-Магадгүй чамласан байх. Тухайн үед өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэснээс өөр бодол санаанд ороогүй. Яг тэр үед продюсертой болж, намайг хоёр жил бэлдэхээр болсон юм. Гэхдээ бүх зүйл санаснаар болдоггүй юм билээ. Тэр хугацаанд бидэнд олон зүйл тохиолдсон. Миний продюсероор ажиллаж байсан Б.Чинбат ахын бие өвдсөн. Цаг хугацааны явцад хуурай ах, дүү шиг харилцаатай болж, зовлон жаргал тохиолдох бүрд би тэдний гэр бүлтэй хамт байсан. Тийм байдлаар цаг хугацаа өнгөрсөн ч би зүгээр суугаагүй. “Никитон” хамтлагийнхантай дуулж, чадах чинээгээрээ ур чадвараа хөгжүүлэхийг хичээсэн гэж боддог. “Никитон” клубт орой болгон дуулсан маань надад туршлага болсон. Амьд хөгжимтэй дуулах нь хүнийг ухаалгаар хөгжүүлдэг. Хүн хоолойнхоо булчинг өдөр бүр ажиллуулаад байвал яваандаа алдаа гаргах нь багасдаг гэж ойлгосон. “Никитон” хамтлагийнхантай хоёр жил ажиллаад их туршлага хуримтлуулснаар ур чадвартаа итгэж эхэлсэн. Ямар ч дууг амьд хөгжимтэй дуулж чадах юм байна. Хаана, ямар ч тайзан дээр гараад сонгосон дуугаа дуулж чадахаар бодол төрсөн.
Мөн өнгөрсөн хугацаанд би ямар уран бүтээл хийх вэ, ямар жанрын дуу дуулах ёстой вэ гэдэг эрэл хайгуул хийсэн. Урлагийн ах, эгч нар “Мишээл ээ, чи ийм дуу дуулаач” гэж зөвлөдөг. Би түүнд нь авах гээхийн ухаанаар ханддаг байлаа. Тэгж өөрт тохирох бүхнээ хайх явцдаа янз бүрийн дуу дуулсан. Тэгээд эцэст нь, аль нь миний хоолойн өнгөнд тохирч, намайг илтгэж чадаж байна.Түүнийгээ арай илүү хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон юм. Одоо бодоход бараг найман жил өнгөрсөн байна. “Их цаг хугацаа алдаж дээ. Энэ хугацаанд олон зүйлийн ард гарч болох байсан” гэж заримдаа харамсах сэтгэл төрдөг. Гэхдээ өөрийгөө олох, зөв хүмүүстэйгээ уулзаж учрахад цаг хугацаагаа зарцуулсан юм байна гэж цагаатгаж боддог болсон.
-Дуучин хүн хэн нэгний дууг өөриймшүүлэх нэг хэрэг. Өөрийнхөө зохиож бичсэн дуугаа дуулах тэс өөр мэдрэмж төрүүлдэг үү?
-Бид багаасаа уран бүтээлийг нь сонсохыг хүсдэг дуучныхаа дууг сонсоод дадал болдог. Тийм дууг хоолойнхоо өнгөнд тааруулж зохиомжлон дуулна гэдэг бас нэг талаараа суралцаж байгаагийн нэг хэлбэр шүү дээ. Жишээ нь, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа эгчийн дууг өөрийнхөөрөө яаж дуулах вэ гэдэг ч юм уу. Нэг дууг нь дуулах оролдлогоос өөрийн гэсэн нэг хэлбэрийг гаргаж ирэхийг хичээнэ. Тэр нь хүмүүст таалагдана, таалагдахгүй гээд өнгөрсөн хугацаанд маш олон зүйлд суралцжээ. Харин одооноос хувийн уран бүтээлдээ анхаарч, цомгоо гаргахаар ид ажиллаж байна.
Одоо хэн нэгний заавраар биш өөрийнхөөрөө дуулна
-Нэлээд хэдэн жилийн өмнө та “Love me” нэртэй дуу дуулж байсан юм билээ. Үгийг нь ч өөрөө бичсэн санагдаж байна?
-“Love me” дууг үеийнхээ залуустай хамтран хийж байсан. Би үгийг нь бичээд, манай хоёр найз хөгжмийг нь зохиосноор төрж байсан дуу юм. Тэр үеийн мэдрэмж их гоё. Дуучин болохоор зорьж байсан үеийнхээ анхны мэдрэмжийг тэр дууг сонсохоор дахин мэдэрдэг. Яагаад гэвэл, хүн хэтэрхий олон зүйлд ороод ирэхээр өөрийгөө хүртэл алдчихдаг юм билээ. Хэн нэгнийг дуурайгаад эсвэл бусдын зөвлөгөөг дагаж өөр зүйл рүү халтирах гээд байдаг. Хэн нэгнийг дуурайж дуулсаар байгаад өөрийгөө алдчих гээд байдаг эрсдэлтэй. Тийм үед анх дуулж байсан “Love me” дуугаа сонсоод өөрийгөө хоолойны ямар өнгөтэй байсныг санасан. Аялалтай зүйрлэвэл явсаар байгаад эцэст нь эхэлж байсан газраа хүрсэн юм шиг мэдрэмж төрсөн. Одоо бол хэн нэгний заавраар биш өөрийнхөөрөө дуулна. Дараа нь харамсахгүйн тулд одоо надад байгаа бүх боломжоороо хичээгээд үзнэ. Гэхдээ ингэж хэллээ гээд өнгөрснөө үгүйсгэж байгаа хэрэг биш. Туршлага, боломжийг хамтад нь үр бүтээлтэйгээр өнгөрөөе гэж л бодож байна.
-Энэ цагийн залуусын сонирхдог зүйл нь минимал, өөрсдөө ч энгийн зүйлийг хүсэх болж. Тэгэхээр таны уран бүтээл ч гэсэн тийм байна гэсэн үг үү?
-Яг тийм. Жишээ нь, чихэнд чийртэй биш. Хуучны нүсэр, чадвар шаардсан уран бүтээлүүд гоё. Гэтэл орчин цагийн хүүхэд залуусын сонирхол өөр болсон. Үг эсвэл ая, хөгжим зэргээр өөрсдийнх нь дотоод мэдрэмжийг гаргаж ирэх хөгжмийг л тэд сонсохыг хүсэж байна.
-“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнайг таны багш гэж ойлгож байгаа. Энэ тал дээр танд ямар зөвлөгөө өгч байгаа вэ?
-Би “My voice” тэмцээний дараа Ц.Сарнай эгчээс надад багшлахыг хүссэн. Тэр миний хүсэлтийг хүлээн авч, бид нэг хэсэг бэлтгэл хийж байгаад амьдралын янз бүрийн асуудал тулгараад бэлтгэлдээ сайн төвлөрч чадаагүй. Харин одоо багш гэвэл “Никитон” хамтлагийн Б.Батчулуун ахыг хэлнэ. Яагаад гэвэл, өнгөрсөн хугацаанд өдөр болгон хамт ажиллаж ирсэн тэр хүнээс би их зүйл сурчээ. Б.Батчулуун ах намайг дуулах тал дээр туршлагажуулсан хүн. Энэ хүн тайзан дээр гарахын тулд маш их бэлтгэдэг. Хүмүүс гаднаас нь хараад мэдэхгүй ч өдөр бүр гамм уншдаг. Дуугаралтаа сайжруулахын тулд шөнөжингөө ажилладаг гэх мэтчилэн туршлагын талд Б.Батчулуун ах миний багш. Надад “тэг, ингэ” гээд хэлэхгүй ч тэр хүнийг хажуугаас нь хараад сурах зүйл надад их байсан.
-Бие даасан тоглолт хийх талаар бодож эхэлсэн үү?
-Төлөвлөгөөгөө эхлүүлээд цомгийн ажилдаа орсон. Цомогт орох дуунуудаа нэг нэгээр нь бичүүлээд явж байна. Удахгүй шинэ жилийн дуугаа сонсогчдодоо хүргэнэ.
-Дууны үг бичих амаргүй. Энэ хэцүү ажлыг та төвөггүйхэн хийгээд байгаа харагддаг?
-Анх Б.Чинбат ахтай хамтран ажиллаж байхад надад үгээ өөрөө бичихийг санал болгосон. Үгээ өөрөө бичвэл дуулахдаа түүнийгээ бүрэн илэрхийлж чадна. Түүнээс хойш дууны үг бичихийг хичээх болсон. Үр дүнд нь Б.Чинбат ахтай хамтран “Санаж байна уу” дууныхаа үгийг бичсэнийг хүмүүс мэдэх байх. Би тийм сайн биш ч гэсэн дууныхаа үгийг өөрөө бичих ёстой гэж боддог. Тэгж байж өөрийнхөө бодлыг дуугаараа илэрхийлж, мэдэрч дуулж чадна гэж боддог. Түүнээс биш дууны үг бичих хэцүү.
-Урлагийн салбарт найман жил ажилласан хүн хэл амнаас эмээхээ больсон байх. Ялангуяа үг дааж сурсан биз?
-Зарим хүн доромжлох, зөвлөх хоёроо ялгаж чаддаггүй. Энэ хоёр тусдаа зүйл учраас ойлгомжтой байх ёстой гэж боддог. Хамгийн гол нь хүн өөрийгөө алдахгүй байх хэрэгтэй гэж боддог. Юу хийх ёстой, ёсгүйгээ мэддэг байх нь чухал.
Монголынхоо залуу уран бүтээлчийг дэмжээд Тэнгэр гуайтай хамт дуулуулъя гэхэд нь маш их баярласан
-Та “Тамгагүй төр” жүжгийн дууг ӨМӨЗО-ы дуучин Тэнгэртэй хамтран дууллаа. Их туршлага хуримтлуулсан байх гэж бодож байна?
-Хүнд далд хүсэл, мөрөөдөл байдаг. Миний хувьд хамт дуулж үзэхийг хүсдэг байсан хүмүүсийн нэг нь Тэнгэр гуай. Хүний хүсэл хязгааргүй. Боломжгүй ч хүслийн минь нэг нь байлаа. Тэгсэн нэг өдөр “Тамгагүй төр” жүжгийг тайзнаа амьдруулж байгаа хамт олон санал тавьснаар биеллээ олсон. Монголынхоо залуу уран бүтээлчийг дэмжээд Тэнгэр гуайтай хамт дуулуулъя гэхэд нь маш их баярласан. Тэдний саналыг сонсоод л “Би чадна” гэж хэлсэн. Энэ нь өсөж яваа дуучны хувьд маш том дэмжлэг болж их ч урам зориг авлаа.
-Одоо хэнтэй хамтарч уран бүтээл хийхийг хүсэж байна вэ?
-Олон хүн бий.
-Эхлэлээ, хүрэх замтайгаа тодорхойлохгүй бол хугацааны явцад замаасаа хазайх эрсдэлтэй байдаг. Тиймээс одооноос хийх ажлаа бодож, төлөвлөж байна уу?
-Би хэдэн сарын өмнө орон нутгаар аялан тоглолт хийсэн. Тэгж явахдаа миний уран бүтээлийг сонсдог хүүхэд залуус цөөнгүй байдгийг анзаарлаа. Тиймээс тэдэн рүү чиглэсэн, тэдний ертөнцөд тохирсон уран бүтээл хийх хэрэгтэйгээ мэдсэн. Өөрөөр хэлбэл, миний дууг сонсдог сонсогчидтойгоо хамт “өсөх” зорилго тавьчихаад явж байна. Түүнээс биш одоогийн нөхцөлд холын төлөвлөгөөний талаар ярих хэцүү. Тиймээс жил жилээр ажлаа төлөвлөдөг. Жишээ нь, ирэх жил гэхэд би цомгийн ажлынхаа ард гараад бичил концерт хийсэн байхаар зорьж байна.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна