Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ


“COVID-19” тахлын дэгдэлттэй зэрэгцэн газрын тос, хий, цахилгаан эрчим хүчний зах зээл хомстолд орж, үнэ нэмэгдсэн нь дэлхийн улс орнуудад “Эрчим хүчний хямрал” нүүрлэхэд хүргэсэн юм. Орос, Украины асуудлаар улам даамжирсан хямралыг Ойрхи Дорнодод бий болсон геопо­литикийн нөхцөл байдал улам хурцалж байна. Эрчим хүчний үнийн өсөлт үйлдвэрүүдийг хаалгаа барихад хүргэж, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг удаашруулж байгаа бол ажлын байргүй болсон хүмүүсийн ард олон мянган гэр бүлийг ядуурал руу түлхэж буй юм. 

Өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг нөхөх, эрчим хүчний аюулгүй байдал гэсэн агуулга өнөө­дөр дэлхийн улс орнуудын Засгийн газрын анхаарлаа хандуулах гол сэдэв болжээ. Үүнтэй зэрэгцэн улс орнууд эрчим хүчээ хэмнэх “Хэмнэ бас дахин хэмнэ” гэсэн том бод­логыг авч хэрэгжүүлэхийн хамт цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг түргэтгэхийг зорих болов. Эдгээр бодлогыг аль болох тэнцвэр­тэй, хүртээмжтэй, хурдан шийдэхийг Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхий нийтэд уриалж байгаа юм. Засгийн газар, компаниуд, хөрөнгө оруулагчид эрчим хүчний хэмнэлт болоод цэвэр эрчим хүчний шилжил­тэд саад учруулахын оронд хамтдаа ший­дэл хайж, хамтдаа ард нь гарах хэрэг­тэйг ч тус агентлаг уриалж байна. 

Энэ эрчим хүчний хямрал Монгол Улсыг ч бас тойрсонгүй дайрч байна. Валютын ханшийн өсөлт, тос тослох материал, шатахуун, сэлбэг материал, ачаа тээврийн үнэ өсөхөд нөлөөлж нүүрс ухахаас эхлээд шатааж эрчим хүч үйлдвэрлэх, үйлдвэрлэсэн эрчим хүчээ түгээж дамжуулах бүхий л шат дамжлага дээр зардал өсөв. Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 6-10 орчим хувиар өсөн нэмэгдэж байдаг. Сүүлийн 30 жил ганц ч том эх үүсвэр ашиглалтад ороогүй энэ салбар өнөөдөр үнийн өсөлт, хэрэглээний өсөлт хоёртоо цаламдуулж, хөдөлж чадахгүй гацаанд орчихоод байна. 

Цар тахлын үед эрчим хүчний үнийг төр даасан. Цар тахлын дараа эрчим хүчний үнийг тогтвортой барих бодлого баримталж, айл өрхийн цахилгаан эрчим хүчний үнэ тарифт ямар нэг өөрчлөлт ороогүй дөрвөн жил болж байна. Өөрөөр хэлбэл, Монголын эрчим хүчний салбар эрсдэлээ өөрөө дааж, хэрэглэгчээ бөөцийлөх бодлого баримталсаар өнөөдөртэй золгов. 

2023 оны байдлаар эрчим хүчээ 243 төгрөгөөр үйлдвэрлэж, айл өрхөд 140 төгрөгөөр худалдаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөс нь хямд зардаг ганц салбар бол эрчим хүчний салбар. Нэг хайрцаг шүдэнзний үнэ хүрэхгүй үнээр эрчим хүч худалдаж аваад сурсан монголчууд бидэнд харамсалтай нь эрчим хүчийг гамнах, хэмнэх ойлголт тун бага. Үнэ хямд байна гэдэг үнэгүйдүүл гэсэн үг биш. 

Монгол Улсын эрчим хүчний гол эх үүсвэр болсон “ДЦС4” ТӨХК ямар ч нөөцгүйгээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хэрвээ тус станцад доголдол гарвал улс даяараа харанхуйд лаа барин тэмтчих аюул бий. Тиймээс хэмнэх гамнах цаг болжээ. Хэмнэж байна, гамнаж байна гээд харанхуйд суугаад бай гэсэн үг ч бас биш. Оргил ачаалал буюу 17-22 цагийн хооронд эрчим хүчнийхээ хэрэглээгээ зохицуулж, өндөр хэрэглээтэй цахилгаан хэрэгслээ ашиглахгүй байхыг, шаардлагагүй цахилгаан хэрэгслээ залгуураар нь салгахыг бүх нийтэд уриалж байна. Эх оронч сэтгэлгээ эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 45 минутын өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 5 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 6 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 8 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 20 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 20 цагийн өмнө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр