Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнайтай ярилцлаа.
-Эрчим хүчний хэрэглээ өвлийн улиралд нэмэгдэж, ДЦС-ууд ачааллаа даахгүйд хүрдэг. Тиймээс танай яамны зүгээс “Тогоо тохируулъя” аяныг эхлүүлж байна. Энэ аяны хүрээнд ямар ажил төлөвлөж байна вэ?
-Эрчим хүчний өвлийн оргил ачааллын үе ирж байна. Ялангуяа жил бүрийн арванхоёрдугаар сар, нэгдүгээр сард 17:00-22:00 цаг хүртэл оргил ачаалалтай байдаг. Энэ цагуудад ард иргэд эрчим хүч нэмж, хэрэглээгүй цахилгаан хэрэгслээ залгуураас нь салгаж зурших хэрэгтэй. Нэгэн зэрэг тоос соргогч, индүүгээ ажиллуулахгүй байх зэргээр хэрэглээгээ зүй зохистой зохицуулж, ухаалаг хэрэглээг нэвтрүүлэхийг ард иргэддээ уриалж байна. Ингэснээр 50-100 МВт/цаг эрчим хүчийг хэмнэх боломжтой. Хамгийн цэвэр, ногоон эрчим хүч гэж хэрэглээгүй эрчим хүчийг хэлдэг. Энэ нь хэмнэх, үйлдвэрлэх гэдгийг ижил түвшинд авч үзэх хэрэгтэйг харуулж байна. Олон улсад нэг кВт/цагийг хэмнэнэ гэдэг нь нэг кВт/цагийг үйлдвэрлэхтэй тэнцдэг гэж чухалчилдаг. Тиймээс ард иргэдийн хэмнэж байгаа эрчим хүч бүхэн үйлдвэрлэж байгаатай адил гэдгийг ойлгож, эрчим хүчний зохистой хэрэглээнд хэвшээрэй. Ингэвэл бид хамтдаа өвлийн оргил ачааллыг хүндрэлгүй даван туулахад их тус дэм болно.
-Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадал ямар байна вэ?
-Манай төвийн бүсийн эрчим хүчний системийн нийт суурилагдсан хүчин чадал 1474 МВт. ОХУ-аас оргил ачааллын үед хамгийн ихдээ 310 сая хүртэл кВт цахилгаан импортолдог. Салхины эрчим хүч 150 кВт чадалтай ч өвлийн оргил ачааллын үед хүрэлцээ багатай.
-Өмнөх жилтэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээ хэр нэмэгдсэн бол?
-Эрчим хүчний ачаалал огцом өсөж байна. Хэдхэн хоногийн өмнө эрчим хүчний хэрэглээний ачаалал 1500 МВт хүрсэн. Энэ нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 200 МВт-аар өссөн. Хэрвээ энэ хэрээр өсвөл өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний хэрэглээ 1660 МВт хүрэхээр байна. Дээр хэлсэнчлэн манай төвийн бүсийн эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1474 МВт. Үйлдвэрлэж гаргах эрчим хүч нь 113 МВт. Үүн дээр 310 сая хүртэл кВт эрчим хүч ОХУ-аас авч, салхины эрчим хүчээ нэмлээ гэхэд цаана нь 100 гаруй МВт эрчим хүч шаардлагатай. Энэ 100 гаруй МВт эрчим хүчийг бид хэмнэж, хязгаарлаж зохицуулах шаардлагатай тулж байна. Эрчим хүчээ хэмнэхэд хот, орон нутаг хамаарахгүй. Иргэн бүр эрчим хүчний хэрэглээгээ хэмнэх хэрэгтэй.
-Эрчим хүчээ хэмнэхээс гадна оргил ачааллын үед ямар арга хэмжээ авах вэ?
-Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Эрчим хүчний сэргэлтийг хэрэгжүүлж байна. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд богино, дунд, урт хугацааны олон талт бодлогыг дэвшүүлж байгаа. Эрчим хүчний сэргэлтийн 24 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжид эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд энэ сарын сүүлээр 200 МВт-ын багтаамжтай, 80 МВт-ын том чадлын батерей хураагуур ашиглалтад орно. Ер нь жилдээ эрчим хүчний хэрэглээ 6-8 хувиар өсөн нэмэгдэж байна. Том чадлын батерей хураагуур эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангана гэж тооцож байна. Энэ бол эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд дэм болно.
-Айл өрхүүдэд 20 мянган цахилгаан халаагуур өгнө гэсэн. Энэ нь эрчим хүчний салбарт хэр ачаалал нэмэх вэ?
-Бид одоо байгаа эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаараа өвлийн оргил ачаалал руу орж байна. Нэг дор 20 мянган цахилгаан халаагуурыг гэр хороололд байршуулна гэвэл асуудал үүснэ.
-Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл ажил 95 хувьтай байна. Шаардлагатай засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
-Жил бүр 40 хүртэлх хувийг шинэчлэх шаардлагатай гэдэг. Манайх тоног төхөөрөмжөө хэзээ шинэчилж дуусгах вэ?
-Бид цаг хугацаатай тоног, төхөөрөмжийг 2-4 жилийн хугацаанд засварлаж байна. Үүний зэрэгцээ насжилт өндөр болсон тоноглолуудыг шинэчлэх ажлыг хийдэг. Хамгийн сүүлд Дархан, Эрдэнэтийн Дулааны станцын өртгөтгөлийг хийсэн. Одоо Дорнодын Дулааны станцын өртгөтгөлийг хийж байна. Мөн “Дулааны цахилгаан станц-4”-ийн өртгөтгөлийг амжилттай хийж дуусгасан.Энэ мэтчилэн цаг хугацаанд нь тоног, төхөөрөмжийн засварыг хийж байна. Үүний хажуугаар шинэ эх үүсвэр барих асуудлыг байнга ярьж байна. Энэ хүрээнд Багануурын Дулааны цахилгаан станцыг барих төсөл явж байна. Мөн “Дулааны цахилгаан станц-3”-ын өргөлтийн асуудал яригдаж байна.
-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байна уу? Өртөг өндөртэй байна гэсэн шүүмжлэл байдаг?
-Сэргээгдэх эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 18 хувьтай байна. Сэргээгдэх эрчим хүчний оролцоо 10 орчим хувьтай байна. Энэ нь эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь хангалалттай бус байгааг харуулж байна. Нөгөө талдаа сэргээгдэх эрчим хүчний тариф өндөр гэдэг. Энэ нь тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу гаднын хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээний хүрээнд явж байна. Цаашид Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогод 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нийт суурилагдсан хүчин чадлын 30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьсан.
-Манай улсын эрчим хүчний салбар хараат байдлаас хэзээ гарах вэ?
-“Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо хангадаг, эрчим хүч экспортлогч орон болно” гэж “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан. Энэ бодлогын хүрээнд төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна. 2024 оны аравдугаар сард Бөөрөлзгөний цахилгаан станц ашиглалтад орно. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС хоёр жилийн дараа ашиглалтад орсноор ОХУ-аас эрчим хүч импортлохоо больж, дотоодын хэрэглээгээ хангана. Мөн говийн бүсэд сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц байна. Энэ төслүүдээ хэрэгжүүлж чадвал Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох бүрэн бололцтоотой гэж харж байна.
Н.Энхлэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна