Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна


Саяхныг хүртэл эрчим хүчний доголдол хэвийн мэт зүйл байсныг хэн хүнгүй л мэднэ. Хэчнээн айлын бууз түүхийрч, цахилгаан хэрэгсэл нь жагсаалаас гарсныг бүү мэд. Цахилгаан гэнэт тасардаг байлаа гэвэл одооны багачууд бараг ойлгохгүй гайхах биз. Ямартаа ч эрчим хүчний салбарынхан, цахилгаан станцууд хэвийн жигд горимоор ажиллаж эрчим хүч, дулаанаа түгээсээр л байх болж. Хаа нэг засвар, үйлчилгээ хийхээр болбол хэвлэл, мэдээллийн хэрэгслээр анхааруулж байж хязгаарлалт хийдэг болсон. Гэхдээ л аливаа техник, технологид боломжит хүчин чадал гэж нэг зүйл байх. Улаанбаатар хотыг дулаан, цахилгаанаар хангаж байдаг цахилгаан, дулааны станцууд нормативт хүчин чадлынхаа дээд хязгаарт хүрч ажиллаад хэдэн жилийн нүүр үзэж байгаа юм байна. Жил бүр 6-8 хувь нэмэгддэг цахилгааны хэрэглээг хангаж дийлэхгүй болж магадгүйн тухай дээр, дооргүй л ярих болсон. Өвлийн ид хүйтэнд нийслэл хотыг маань дулаан, цахилгаанаар хангаж байдаг станцууд доголдвол яана гэж төсөөлөхөд ч бэрх. 

Эрчим хүч үйлдвэрлэгчид, хэрэглэгчдээ соёлтой, зөв хэрэглээнд дадуулах нөлөөллийн аян эхлүүлжээ. Нөлөөллийн аяныг 2023 оны арван нэгдүгээр сарын 28-нд албан ёсоор нээж хэвлэл мэдээлэл, мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг урьж оролцуулсан хурал “Дулааны цахилгаан станц 3” ТӨХК-д болсон юм.  Нөлөөллийн аяны нээлтийн хуралд “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил”-ын талаар Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай  үг хэллээ. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн хөгжлийн асуудал хариуцсан дэд дарга Стив Уинкейтс эрчим хүчний салбарын тулгамдаж буй асуудлууд болон нөлөөллийн аяны талаар үг хэлэв. Уг нөлөөллийн аяныг санаачлагчдын нэг Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч П.Товуудорж “Эрчим хүчийг зөв зохистой хэрэглэх сурталчилгаа хийх замаар эрчим хүчний хэрэглээг бууруулах арга хэмжээг “Тогоо тохируулъя 17-22” аяны хүрээнд багцлан нийтийг соёх, хэрэглээний дадал зуршлыг бий болгохыг зорьж байгаа тухайгаа ярилаа. Ийнхүү уг хурал мэргэжлийн байгууллагын төлөөлөгчид хэвлэл мэдээллийнхний сонирхсон асуултад хариулж зарим тодруулга өгснөөр өндөрлөв. 

“Дулааны цахилгаан станц 3” ТӨХК өдөр тутмын ажил, үүргээ сэтгүүлчдэд үзүүлж танилцуулахаар багахан хэмжээний аялал зохион байгуулсан юм. Станцын ХАБ-ын ажилтнууд багахан хэмжээний зааварчилга өгсний дараа хөдөлмөр хамгааллын хувцас өмсгөж үйлдвэрлэлийн байр руу нэвтрүүлэв. Эх орныг  хүн юм гэвэл халуун бүлээн цусыг нь сэлбэн шахагч мотор нь энэ станц мөнөөсөө мөн. Биднийг станцыг чих дөжрөм дуу чимээгээр угтав. Эх орны зүрхний цохилт ийн сонсогддог ажээ.


Түүх ийн эхлэв

 “Дулааны цахилгаан станц 3”-ын суурийг 1966 оны арванхоёрдугаар сарын гурванд тавьж, 1968 оны арванхоёрдугаар сарын 10-нд анхны зуух ашиглалтад орсноор нийслэл хотын үйлдвэр, албан байгууллага, ард иргэдэд дулааны эрчим хүчийг түгээж эхэлжээ. Цахилгаан станц өндөр ба дунд даралтын гэсэн хоёр станцаас бүрддэг бөгөөд дунд даралтын станц 48 МВт, өндөр даралтын станц 100 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай. Дунд даралтын хэсэг нь1966-1975 онуудад бариг­даж цагт 40 атмосферийн даралттай 75 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-75-39 фБ загварын зургаан уурын генератор, цагт 12МВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-12-35/10М загварын дөрвөн турбогенератор болон тэдгээрт холбогдох төрөл бүрийн туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсран тавигджээ. Өндөр даралтын хэсэг нь 1976-1980 онд баригдаж цагт 100 атмосферийн даралттай 220 тонн уур боловсруулах чадалтай БКЗ-220-100 4С загварын долоон уурын генератор, цагт 25МВт цахилгаан боловсруулах чадал бүхий ПТ-25-90-10М загварын дөрвөн турбогенераторыг тус тусын туслах тоноглол, тоног төхөөрөмжүүдийн хамтаар угсран ашиглаж эхэлжээ. Тус цахилгаан станц нь зургаан кВт-ын хүчдэлийн түвшинтэй 50Гц давтамжтай хувьсах цахилгаан эрчим хүчийг боловсруулж, зургаан кВт хүчдэлийг 35/110 кВт түвшинд өсгөж агаарын шугамаар эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдон Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 16 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 31 хувийг уур усаар түгээж, үйлдвэрлэлийн уурын хэрэглээний 47 хувийг дангаараа хангадаг онцгой чухал объект бөгөөд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах, дулаанаар зохицуулалттай хангах гэсэн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг. Бүтэц зохион байгуулалтын хувьд тус компани нь хоёр алба, дөрвөн хэлтэс, гурван хэсэг, есөн цехээс бүрдэх бөгөөд станцын нийт ажиллагсдын 65 гаруй хувь нь 35 хүртэлх насны залуучууд ба нийт ажиллагсдын 45 хувь нь дээд, тусгай дунд боловсролтой. Дулаан, эрчим хүч үйлдвэрлэлийн фронтын галын шугамд хуваарилагдсан есөн цех байдаг ажээ. Есөн цехэд ажиллах инженер техникийн ажилтнуудын 24 цаг тасралтгүй, найдвартай үйл ажиллагаагаар Монгол Улсын тэр дундаа нийслэл хотын цохилох зүрх гэж нэрлэж болох станцуудын нэгнийх нь цахилаан дулааны үйлдвэрлэл хэвийн явж байна. 

 

Фронтын галын шугам

 

Дулаан, эрчим хүч үйлдвэрлэлийн анхан шат “Түлш дамжуулах цех”/COAL HANDLING SHOP/-ээс эхэлнэ. Уурхайгаас хүлээн авсан нүүрсний чанар, тоо хэмжээнд хяналт тавьж, нүүрсний нөөцлөлтийг механикжсан аргаар алдагдал багатайгаар гүйцэтгэж, цаг тухайд нь зохих боловсруулалт хийж бэлтгэн зуухыг нүүрсээр тасралтгүй хангах үүрэг хүлээн ажиллах ажээ. Түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг Дунд даралтын зуухан цех /MEDIUM PRESSURE BOILER SHOP/ хүлээн авч технологийн боловсруулалтыг хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 39 ата даралттай, 440 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар уурын турбиныг тасралтгүй хангах үүрэгтэй.  Үүний дараа Дунд даралтын турбин цех /MEDIUM PRESSURE TURBINE SHOP/ Уурын зууханд боловсруулагдсан хэт халсан уураар турбиныг ажиллуулж, цахилгаан эрчим хүчийг боловсруулан, дулааны эрчим хүч болон технологийн хэрэглээний уур болгон хэрэглэгчдийг хангана.  Харин Өндөр даралтын зуухан цех /HIGH PRESSURE BOILER SHOP/  нь дунд даралтын цехтэйгээ ижил түлш дамжуулах цехээс ирсэн нүүрсийг хүлээн авч технологийн боловсруулалтыг хийж, зуухны галын хотолд шатаан нүүрсний шаталтын дулааны энергийг ашиглан 100 ата даралттай, 540 градусын халуунтай уурыг боловсруулж хэт халсан уураар, уурын турбиныг тасралтгүй хангах үүрэг хүлээнэ. Өндөр даралтын турбин цех /HIGH PRESSURE TURBINE SHOP/ Станцыг техникийн усаар тасралтгүй хангах, цахилгаан эрчим хүчийг боловсруулж, дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах үүрэгтэй. Үйлдвэрлэгдсэн цахилгаан, эрчим хүчийг Цахилгаан цех /ELICTRICAL SHOP/ хуваарилан түгээх үүрэгтэй. Өндөр даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 100МВт, Дунд даралтын хэсгийн генераторын суурилагдсан хүчин чадал 50МВт. Станц нь Эрчим хүчний системтэй 35 кВт-ын шугамаар холбогдож 6/35/110 кВт-ын шугамуудаар хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Үйлдвэрлэлийн олон шат дамжлага, нарийн төвөгтэй схем дээр хяналтын систем орж ирнэ.  Дулааны хянах хэмжүүр автоматикийн цех /HEAT CONTROL AND AUTOMATION SHOP/ цахилгаан станцад суурилагдсан халуун, түвшин, зарцуулалт, даралт, сийрэгжилтийг хэмжих хэрэгслүүд болон тоноглолын компьютерийн хяналт-удирдлагын систем, хаалт арматуруудын автомат удирдлага, хамгаалалтын системүүдийн засвар үйлчилгээ, баталгаажилт болон бэлэн байдлыг хангах үүрэгтэй.

Техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан давсгүйжүүлсэн, химийн цэвэр болон зөөлөрсөн усаар станцыг тасралтгүй хангаж уур-ус, түлш, тосны чанарын нормыг ХИМИ ЦЕХ /WATER TREATMENT SHOP/хангуулан хяналт тавьж ажиллах аж. Мөн металл хийц боловсруулах, хүчил төрөгч, ацетлин үйлдвэрлэх, станцын сантехник, өргөх зөөх механизм болон гал унтраах суурилагдсан тоноглолын засвар үйлчилгээ, бэлэн байдлыг МЕХАНИК ЦЕХ /MECHANICAL SHOP/хариуцна. Ийнхүү үйлдвэрлэлийг нарийн хуваарилсан үүргээр мэргэжлийн инженерүүдийн удирдлага дор хийж гүйцэтгэх ажээ. Бид станцын үйл ажиллагаатай танилцаж дуусаад  Өндөр даралтын турбин цех /HIGH PRESSURE TURBINE SHOP/-ийн турбины машинчидтай  хэдэн хором хөөрөлдсөн юм. 

 

Бүрэн хүчин чадлаараа ажиллавал 198 мВт эрчим хүч үйлдвэрлэнэ

 

Турбин цехийн машинч Г.Баяраа: “Яг одоо манай цехийн таван турбин тавуулаа ажиллаж 131 МВт эрчим хүч үйлдвэрлэж байна. Хуучин 100 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байсан бол 2016 онд техникийн шинэчлэл хийгээд одоо 150 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Одоо миний ажиллуулж байгаа энэ машин 21,3 МВт, нөгөөх нь 21,2МВт-ыг үйлдвэрлэж байна” гэнэ.  Ерөнхийдөө хоёр цех нийлээд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол 198 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай юм байна. Бидний очсон үе нийслэлийн эрчим хүчний ачаалал эхлээгүй үд дунд буюу 12 цаг болж байсныг энд дурдах нь зүй. Турбин цехийн машинч Д.Пүрэвжамба “Хоёр цех нийлээд 198 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг, одоогий байдлаар дундажлаад 170 МВт дээр барьчихаад байна. Эрчим хүчний оргил ачаалал орой 17 цагаас л эхэлдэг. Тэр үед хоёр цех нийлээд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ” гэв. Хэзээнээс ингэж бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлдэг болоо вэ гэж асуувал тэрбээр “Хоёр мянга арван хэдэн оноос л бүрэн хүчин чадлаараа ажилладаг болоод байгаа. Орой ачааллын үе ирэхэд даахгүй байх вий гэж эмээх үе байна. Техникийн хувьд хуучирч муудсан. Миний энэ машин гэхэд л 45 жил болсон, хуучин ЗХУ-ын үеийн л эд байна” гэж өгүүлээд нийслэлчүүддээ хандан “Тог, цахилгааны илүү хэрэглээгээ хэмнэж сурцгаая” гэж уриалж байв. 

 

Монгол инженерүүд шинэчлэлд бэлэн

 

Ийнхүү бид гарах хаалга сураглан хөдөллөө. Тэр их дуу чимээнд өдөржин сууна гэдэг ёстой мэргэжилдээ хайртай хүний дасал, сурц л шаардах нөхцөл юм даа. Гарах хаалган дээр бидний ярилцахыг хүссэн техникийн бодлогын хэлтсийн инженер Б.Амартүвшин, ХАБ-ын инженер М.Батсайхан нар хүлээж байв. Инженерүүд станцын технологийн шинэчлэлийн талаар “Нүүрсийг нунтаглаж шатаагаад 1200 хэм хүртэл халаахад азотын давхар исэл ялгарч байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө ихэсдэг. Технологийн шинэчлэл хийгээд 900 хэм хүртэл халдаг технологи нэвтрүүлбэл эрчим хүч, дулааны норматив өөрчлөгдөхгүй бөгөөд азотын давхар исэл бага ялгарах сайн талтай. Дэлхийд нүүрс түлдэг станцууд энэ технологийг аль хэдийнэ нэвтрүүлсэн. Манайх анх 2002 онд хоёр зууханд ийм өөрчлөлт хийгээд одоо хэр нь ажиллаж байгаа. Манай технологийг авч сайжруулаад Дарханы ДЦС, Ухаа худаг, Амгалан, Хоёрдугаар ДЦС-ууд ажиллаж байна” гэнэ. Монгол инженерүүд жишээ нь та нар хийчихнэ биз гэж сонирхвол “Зуухныхаа үндсэн жаазыг өөрчлөхгүйгээр бага сага өөрчлөлт, нэмэлт хийгээд л болчих юм. Хамгийн гол нь хөрөнгө мөнгөний л асуудал байна даа” гэж байв. Ерөнхийдөө л инженер техникийн ажилчдын хэлж, ярьж байгаа нь станцын хүчин чадал дээд цэгтээ туллаа, идэр ес эхлээд өвлийн жинхэнэ ачаалал эхэлбэл яах билээ гэж санаа зовсон өнгө аястай байв. Тэд хэрэглэгчдэд хандан “Гадаадаас өндөр үнэтэй тог нэмэлтээр авахгүйгээр онц шаардлагагүй хэрэглээгээ танаж, гэр ахуйн цахилгааны шимэгчээ олж унтраан эрчим хүчний зөв зохистой хэрэглээг гэр бүлийн хүмүүжил болгож, үр хүүхдээ мөн өөрсдөө ийн дадаж хэвшвэл бид олон өвлийг санаа зоволтгүй туулах боломжтой” хэмээн сануулан уриалж байв.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 13 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 16 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 18 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 18 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 18 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 19 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 19 цагийн өмнө