Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг 2015 оны арваннэгдүгээр сарын 26-нд УИХ-аар баталсан. Энэхүү хууль нь эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэхтэй холбогдон үүссэн харилцааг зохицуулах бөгөөд таван бүлэг, 17 зүйлтэй. Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс бий болж буй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахаар дэлхийн улс орнуудын нэгэн адил эрчим хүчний үр ашигтай хэрэглээнд суурилсан хэмнэлтийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Эрчим хүчний хэмнэлтийн чиглэлийн эрх үүргийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэхтэй холбоотой 24 удаагийн сургалтыг хийж эрчим хүчний 113 аудитор, 458 менежер бэлтгэлээ.
Эрчим хүчний аудитын 18 байгууллага, эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн гурван байгууллагыг тус тус магадлан итгэмжилж, эрчим хүчийг хэмнэх үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлж бүртгэн хуулийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
“Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний босго хэмжээг Засгийн газар гурван жил тутамд шинэчлэн тогтоодог. Энэ ажлын хүрээнд үүрэг хүлээсэн хэрэглэгчийн босго хэмжээг шинэчлэн батлав.
Үүрэг хүлээсэн хэрэглэгчийн тоо 130-аар нэмэгдэж нийт 279 хэрэглэгч болж, хуулийн үйлчлэх цар хүрээ тэлсээр байна.
Эрчим хүчний зохицуулах хорооноос эрх олгосон аудитор, магадлан итгэмжлэгдсэн аудитын байгууллагууд үүрэг хүлээсэн 173 хэрэглэгчдэд эрчим хүчний аудитын үйлчилгээг үзүүлж, эрчим хүч хэмнэх, үр ашгийг дээшлүүлэх зөвлөмжийг өгч тодорхой үр дүнд хүрлээ.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт, хүрсэн түвшинг үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн хувьд авч үзвэл эрчим хүчний салбарын дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний хэмжээ 2015 онд 13.8 хувь байсан бол 2023 оны хүлээж буй гүйцэтгэлээр 12.6 хувь болж 1.2 нэгжээр, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2015 онд 15.1 хувь байсан бол 2023 оны хүлээж буй гүйцэтгэлээр 12.5 хувь болж 2.6 нэгжээр тус тус буурч үр ашгийн түвшин сайжирч байна. Мөн бусад үүрэг хүлээсэн хэрэглэгчид 2018 онд 51.7 сая кВт.ц, 2019 онд 67.7 сая кВт.ц, 2020 онд 98.1 сая кВт.ц, 2021 онд 76.2 сая кВт.ц, 2022 онд 18.6 сая кВт.ц буюу сүүлийн дөрвөн жилийн нийлбэр дүнгээр 300 орчим сая кВт.ц цахилгаан эрчим хүч буюу 50 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг бий болгосон тооцоолол гарч байна.
Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж тодорхой үр дүн гарч байгаа хэдий ч урт хугацаанд Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д тусгасан улс орны эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжих, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн зорилго, зорилтыг хангах, богино, дунд хугацаанд эрчим хүчний салбарт үүсээд буй хүндрэлтэй нөхцөл, байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилт чухал нөлөө үзүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатай байгаа тул цаашид хүрсэн үр дүнг ахиулах, эрчим хүчний хэмнэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Эрчим хүч хэмнэлтийн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, хуулийг шинэчлэн боловсруулах талаар холбогдох судалгааг хийж байна.
ЭХЯ, ЭХЗХ-ноос 2022 онд зохион байгуулсан “Эрчим хүчний хүрэлцээ ба хомстол” сэдэвтэй хийгдсэн зөвлөгөөнөөр томоохон чадлын эх үүсвэр баригдаж ашиглалтад орох хүртэлх хугацаанд буюу ойрын 4-5 жилд эрчим хүчний хэмнэлтээр хангамжийн хомстолыг нөхөх, хэмнэлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах шаардлагатайг онцолсон. Энэ хүрээнд Эрчим хүчний сайдын тушаал гарч “Эрчим хүчний хэмнэлтээр хэрэглээг бууруулах” арга хэмжээний удирдамж, төлөвлөгөөг баталж, холбогдох ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
Эрчим хүчний хэмнэлт нь хамгийн бага хөрөнгө оруулалтаар эрчим хүчний шинэ эх үүсвэрийг богино хугацаанд барьсантай дүйцэх бодлогын арга хэмжээ гэж дэлхийн улс орнууд тодорхойлон нөөцийн буюу эрчим хүчний хангамжийн хомстолд орсон үед хэрэгцээг удирдах /Demand response/ хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж бодит үр дүнд хүрч байна.
Монгол Улсын хувьд нэгдсэн сүлжээний өвлийн оргил ачааллын 17:00-22:00 цагт цахилгаан эрчим хүчний ачааллыг бууруулах зохицуулалтыг хэрэгжүүлэх, хэрэглэгч, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг өргөн цар хүрээнд зохион байгуулах замаар эрчим хүчийг хэмнэх дадал хэвшил бий болгох, улмаар эцсийн хэрэглэгчийн хэрэглээг хязгаарлахгүйгээр хэрэглээний өсөлтийг хэмнэлтээр хангах боломжийг бүрдүүлж эх үүсвэрийн чадлын дутагдал, импортын эрчим хүчний хэмжээг багасгах зорилготой “Хэрэгцээг удирдах” арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж эхлээд байна.
Тухайлбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн 19.00 цагт оргил ачаалал 1,506 МВт хүрэх үед ОХУ-аас 300 орчим МВт чадлыг импортоор авсан. Харин хэрэглээг бууруулах ажлын хүрээнд тодорхойлсон зорилтот бүлгийн 283 ААНБ-тай хамтран ажиллаж 98 МВт чадлыг хөнгөлж, хязгаарлалтад орох хэрэглэгчийн тоо, чадлын хэмжээг бууруулж ажилласан нь эхний үр дүнгээ өгч байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна