-Гэр хорооллын айлын цахилгаан халаагуур баялгийн үйлдвэрлэл биш-
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягтай ярилцлаа.
“Дулааны цахилгаан станц-4” ТӨХК өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэр хангасан бэ. Засвар үйлчилгээ хугацаандаа дууссан болов уу?
-Манай цахилгаан станц нь төвийн эрчим хүчний системийн чадлын болон энергийн эх үүсвэрийн 50 гаруй хувийг, дотоодын чадлын эх үүсвэрийн 60 орчим хувийг дангаараа хангаж ажилладаг юм. Өвлийн их ачааллын хэрэглээг хангахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг ганц станц нь. Тийм учраас манай салбарын хувьд ч, ард иргэдийн хувьд ч, улс орны хувьд ч “Дулааны цахилгаан станц-4” өвөлд бэлэн үү? гэдэг асуулт байдаг. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ байгаа хүчин чадлаасаа давсан энэ цаг үед хүн бүр сонирхох нь зүй ёсны асуудал.
Манай станцын өвөлжилтийн бэлтгэл ажил энэ жил харьцангуй сайн байгаа. Бид өвлийн гурван сар ямар нэгэн нөөц тоног, төхөөрөмжгүй ажиллана. Өөрөөр хэлбэл, найман зуух, долоон трубиныг бүрэн хүчин чадлаар нь өвлийн гурван сар тасралтгүй ажиллуулахаар төлөвлөж байна. Харин техникийн боломж хязгаарлагдмал байдаг. Тухайлбал, зуухнууд маш олон тоноглолоос бүрддэг цогц агрегат. Зуухнуудын халах гадаргууг шинэчлэн солих хугацаа нь болсон. Гэвч бид хөрөнгийн дутагдлаас хамаарч их засварын хүрээнд нийт халах гадаргуугийн 30 орчим хувийг сольж байна. Энэ нь зуух бүр ямар нэг хэмжээгээр доголдолгүй ажиллаж чадахгүй гэсэн үг. Гэхдээ бид өвлийг давах эрсдэлээ тооцсон. Нэг зууханд бага зэргийн гэмтэл гарахад 2-3 хоног засвар хийнэ. Түүнээс бус нэг дор 2-3 зуух зэрэг гэмтэх эрсдэл гарахгүй, магадлал бага гэж тооцож байна. Энэ том зураглалаас харахад бид өвлийг эрсдэл багатай давах нөхцөл бололцоо байгаа гэж харж байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад эрсдэл өснө гэж харахгүй байна. Гэхдээ манай станцын тоног, төхөөрөмжийн эрсдэл насжилттай холбоотой жил бүр л нэмэгдэж байна. Зөвхөн зуухны халах гадаргуугаар тогтохгүй, шаардлагатай бусад тоноглолыг худалдан авахад эрчим хүчний үнэ тарифын асуудлаас болоод байнга хөрөнгө дутагдаж байдаг.
-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн болов уу. Өвлийн ид оргил үе биш ч гэсэн ачаалал аль хэр нэмэгдэж байна вэ?
-Манай станц өнгөрсөн өдрүүдэд 750 МВт ачаалалтай ажиллаж байна. Ноднин өвөл авч байсан эрчим хүчний ачааллаа чөлөөтэй авч байгаа. Нэг зууханд бага хэмжээний гэмтэл гарч засвар хийсэн. Одоо хэвийн ачаалалдаа орсон байна. Иймэрхүү засварын ажил мэр сэр гарна. Өнөөдрийн байдлаар нүүрсний нөөц ч харьцангуй сайн байна. Гэхдээ Багануурын уурхай сүүлийн 10-аад хоног төлөвлөгөөт нүүрсээ өгч чадахгүй байна. Энэ байдал цаашдаа үргэлжилбэл “Дулааны цахилгаан станц-4”-өөс өөрөөс нь үл хамаарсан хүндрэл гарахыг үгүйсгэхгүй.
-Яагаад Багануурын уурхай танайд төлөвлөгөөт нүүрсээ нийлүүлэхгүй байна вэ?
-Улс орон даяар дизель түлшний хомстолтой байна. Багануурын уурхай ч мөн адил дизель түлшний хомстлоос шалтгаалж, манайд нүүрсээ цаг тухайд нь өгч чадахгүй байгаа юм.
-Станц хэд хоногийн нүүрсний нөөцтэй байх ёстой вэ?
-Өвлийн ачааллын үед 20 хоногоос багагүй хугацааны нүүрсний нөөцтэй байх ёстой. Өнөөдөр гэхэд манайх 18 хоногийн нөөцтэй байна. Энэ нөөц цаашдаа нэмэгдэхгүй, багасах хандлага бий.
-Одоо өвлийн ид оргил үе биш. Эрчим хүчний ачааллыг энэ хэмжээгээр үргэлжлүүлбэл чадлын дутагдалд орох уу. Үүнийг яаж зохицуулах вэ?
-Тийм ээ, 750 МВт ачаалалтайгаар хоногт 12500 тонн нүүрс түлж, дулааны сүлжээний усыг 110-120 градустай халаагаад явахад ч төвийн эрчим хүчний чадлын дутагдалд орно. Станцууд нүүрсний нөөцгүй болбол Монгол Улсад эрчим хүчний чадлын дутагдал нүүрлэнэ. Тиймээс нэгдүгээр сард хамгийн оргил ачааллын үед тодорхой хэмжээгээр хэрэглэгчдийн цахилгаан, эрчим хүчний хэрэглээг ээлжилж хязгаарлах зохицуулалт хийж болно. Энэ нь айл өрхийн хэрэглээнд хамаарахгүй. Улаанбаатар хотын хэмжээнд өчигдрийн байдлаар 950 орчим МВт эрчим хүчний хэрэглээний ачаалал авч байна. Үүний бараг 40 хувь нь гэр хорооллын айл өрхийн эрчим хүчний хэрэглээ, тэр дотроо цахилгаан халаагуур эзэлж байна. Тиймээс агаарын бохирдлыг бууруулах үүднээс цахилгаан халаагуурыг нэмэх чиглэл барьж байгаад би эсрэг байр суурьтай байдаг хүн. Цахилгаан халаагуурын тоог нэмбэл цаашид цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүй.
-Гэр хороололд шалны халаалт, цахилгаан халаагуур тавьж байгаа айл өрхүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хашаандаа шинэ байшин барьж байгаа айл өрхүүд цахилгаан халаагуурыг хамт шийдэж байгаа. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах зөв шийдэл гэдэгт олон нийт санал нийлдэг. Харин цахилгаан станцууд хүчин чадлаа нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй бус уу?
-Цахилгаан халаагуурын тоог нэмээд байвал цахилгаан станцууд ачааллаа үнэхээр дийлэхгүй. Дөрвөн кВт эрчим хүч нэг гэрт бол хүрнэ. Харин байшин ам метрээр хэмжигдэнэ. 7х8-ын харьцаатай хоёр давхар байшинд 12 кВт-аас багагүй эрчим хүч хэрэглэнэ. Дунджаар найман кВт-аар хязгаарлаад 30 мянган айлыг тооцоход 240 МВт болно. Энэ бол маш их эрчим хүчний ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.
-Гэр хорооллынхон шөнийн хөнгөлөлттэй тарифтай үед эрчим хүчний хэрэглээгээ зохицуулдаг шүү дээ?
-Бодит байдал дээр эрчим хүчний хэрэглээг шөнө зохицуулдаг нарийн ойлголт байхгүй. Яагаад гэвэл оргил ачааллын 17:00-22:00 цагийн үед цахилгаан халаагуураа салгадаг айл өрх хэд байна вэ. Цахилгаан халаагуураа салгавал гэр нь хүйтэн болно. Харин өвлийн гурван сард цахилгаан эрчим хүч хэрэглэсний оргил ачааллын үеийн үнэ тарифыг тусад нь гаргах хэрэгтэй гэж би үзэж байна. Ингээд оргил ачааллын үед хэрэглэсэн эрчим хүчний хэрэглээг гурав дахин өндөр үнэтэй болгож, эдийн засгийн хөшүүргээр зохицуулах бололцоотой гэж харж байна.
-Тэгвэл эрчим хүчийг хэмнэх гарцыг хэрхэн харж байна вэ?
- Гэр хорооллын дулааны алдагдлыг бууруулах хамгийн зөв шийдэл нь дулаалга. Дулааны алдагдал гэдэг нь “Цоорхой шанага руу хэчнээн ус хийгээд нэмэргүй”-тэй адил. Тиймээс маш сайн дулаалж, маш бага эрчим хүч хэрэглэх нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой. Гэхдээ Улаанбаатар шиг хүйтэн нийслэлд эрчим хүчээр дулааныг шийдэхэд техникийн ямар ч боломж байхгүй. Тийм учраас нэг бол хийгээр халаана. Эсвэл сайжруулсан шахмал түлш хэрэглэх чиглэл рүүгээ явах хэрэгтэй.
-Танай станцад хамгийн түрүүн шийдвэрлэвэл зохих тулгамдаад байгаа ямар асуудал байна вэ?
-Тулгамдсан асуудал гэвэл маш их байна. Зуухуудын халах гадаргууг яаралтай шинэчлэх хэрэгтэй байна. Үүний дараа маш найдвартай зуухны тухай ярина. Тухайлбал, зуны улиралд 3-4 зуухыг их засварт гаргавал дулааны улиралд эрчим хүчээр хангаж чадахгүй болно. Мөн ОХУ-аас авч байгаа эрчим хүч оргил ачаалал өвөлтэй адил болж өндөр зардал гарна. Оросоос авч байгаа импорт нэмэгдвэл айл өрх, албан байгууллагын тогны мөнгийг нэмэх болно.
ТЭХС ОХУ-аас 320 төгрөгөөр цахилгаан эрчим хүч худалдаж авч байна. Манайх 77 төгрөгөөр төвийн эрчим хүчний системд цахилгаанаа худалддаг. Тиймээс манайхыг өвөл, зунгүй ажиллуулж байж цахилгааны үнийг хямд барьж байна. Засвар үйлчилгээг нь хийж, сайжруулах нөхцөл боломж нь байхгүй учир “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байгаа юм.
-Танай станцад энэ жил ямар төсөл хэрэгжиж байна вэ?
-Энэ жилийн хувьд ямар нэг төсөл, арга хэмжээ хэрэгжээгүй. Тоноглолын төлөвлөгөөт их засваруудаа бүгдийг нь амжилттай хийж дуусгасан. Хоёр зууханд их засвар, хоёр турбинд дунд засвар хийсэн.
-“Дулааны цахилгаан станц-4”-ийнхөн ирэх жилүүдэд тоног, төхөөрөмжөө сайжруулах чиглэлээр ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Ирэх 2024 оны бизнес төлөвлөгөө ТУЗ-ийн хурлаар батлагдаагүй байна. Бид тоног төхөөрөмжийн эрсдэлээ бууруулахад голлон анхаарч байна. Тиймээс бид 45 тэрбум төгрөгийн алдагдалтай бизнес төлөвлөгөө оруулж байгаа. Энэ бизнес төлөвлөгөөг батлуулж чадахгүй бол “Дулааны цахилгаан станц-4” дээр маш том эрсдэл бий болно. Бид алдагдлаа багасгах, эрсдэлээ бууруулахаар улсын төсвөөс 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Үүнийг улсын төсөвт тусгаж батлаагүй хасагдсан учраас бизнес төлөвлөгөөндөө нэмж тусгасан. Үлдсэн төсөв нь ОХУ-аас зээл авч, ТА№1-4 турбиныг шинэчлэн засварласны өртөг. Үүнийг төлөхгүй бол Хөгжлийн банканд манай станцын төлбөр хэвээр үлдэхээр байна.
Станцын найдвартай ажиллагааг хангахаар зуухны өргөтгөл хийх ТЭЗҮ боловсруулж, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 75 сая ам.долларын нэг зуух шинээр суурилуулахаар тусгасан. Гэтэл Хөгжлийн банк өмнөх зээлээ төл гэсэн шаардлагыг тавьдаг. Гэвч бид эрчим хүчний үнэ тарифаа нэмүүлж чадаагүй байна. Хэрвээ манай компанийн эрчим хүчний үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо нэмбэл улсын хэмжээнд эрчим хүчний үнэ нэмэгдэх эрсдэл бас байгаа учир бид хүлээцтэй хандаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч хайж байна.
-Та тоног, төхөөрөмжийн нөөцгүй энэ өвлийг угтаж байна гэсэн. Цаашдаа нөөц тоног төхөөрөмжийг яаж шийдэх вэ?
-Дулааны цахилгаан станц тоног, төхөөрөмжийн 30 хувийн нөөцтэй байх ёстой. Гэтэл бидэнд 10 хувийн ч нөөц алга. Тиймээс нэг зуухыг хамгийн бага хугацаанд шинээр суурилуулж, тодорхой хэмжээний нөөцийг бий болгохоор ажиллаж байна.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний сэргэлтийг төрийн бодлогод тусгасан. “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-д ямар төслүүд хэрэгжих вэ?
-Өнөөдөр бидэнд хамгийн түрүүнд эрчим хүчний эх үүсвэр дутагдаж байна. Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд манай станц бэлтгэл зуухтай болно. Хавар, намрын улиралд ажиллах зуухны тоо нэмэгдэх учраас цахилгаан станцын үйлдвэрлэл нэмэгдэнэ. Бидний тооцож байгаагаар 800-900 сая кВт/цаг эрчим хүч шинээр үйлдвэрлэх боломж нэмэгдэнэ. Энэ нь Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцын хүчин чадалтай тэнцэх хэмжээний эрчим хүч.
-Эрчим хүчний салбараас “Тогоо тохируулъя” аяныг өрнүүлж байна. Салбарын хүний хувьд хэрэглэгчдэдээ ямар уриалга хүргүүлэх вэ?
-“Эрчим хүчээ хэмнэе” гэсэн мөртлөө цахилгаан халаагуур нэмж тавиад байна. Эрчим хүчийг өндөр үнэтэй болгох хэрэгтэй. Цагийн ялгавартай хэмжүүртэй болгоод их ачааллыг тохируулж болно . Оройн оргил ачааллын менежментийг хийхийн тулд гэр хорооллын цахилгааны хэрэглээг зохицуулах шаардлагатай байна.
Хэрэв гэр хорооллын 30 мянган айлын эрчим хүчний 240 МВт-ын хэрэглээг цахилгаан халаагуур тавьж шийдвэл бид хэрэглээгээ дийлэхгүй. Гэр хорооллын айлын цахилгаан халаагуур баялгийн үйлдвэрлэл биш. Харин эрчим хүчээр үйлдвэрлэл явуулж баялаг бүтээх нь Монгол Улсын хөгжилтэй холбоотой асуудал. Гэр хорооллын халаалт, дулааныг цахилгаан халаагуураар шийдэх нь хамгийн буруу шийдвэр гэж эрчим хүчний инженер хүний хувьд үздэг.
Яагаад гэвэл Дулааны цахилгаан станцын ашигт үйлийн коэффицент 40 хувь байдаг. Бид 60 хувиа яндангаар гарч байгаа утааны хий, хөргөгч цамхгаар гарч байгаа усны ууршилт хоёртоо алддаг. Үлдсэн 40 хувийг нь дамжуулах болон түгээх сүлжээнд өгч хэрэглэгчид хүрдэг. Эрчим хүчийг дамжуулах, түгээхэд ч мөн алдагдал үүсдэг. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх гэж хэчнээн их хөрөнгө зарж байна вэ. Хэчнээн мянган хүний хөдөлмөр орж байна вэ. Гэтэл цахилгаан халаагуур нь нүүрс шатаадаг анхны дулаанд нь цахилгаан эрчим хүчнийг дулааны энерги болгон ашиглаж байна. Ингэж удаан явбал Монгол Улсын эрчим хүчний салбарын тогтвортой, найдвартай ажиллагаа алдагдана шүү.
Н.Энхбат
Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна