Т.Отгонбаяр:янз бүрийн “изм”-ээр зурж туршилт, тоглолт хийх дуртай


Монгол маркийн зураачаар ажиллаж байсан эдүгээ Лондон хотод уран бүтээлээ туурвин амьдарч буй Тодын Отгонбаярыг “Дугаарын зочин” буландаа урилаа. Дунд сургуулиа төгсөөд Монголын Урчуудын эвлэл, Батлан Хамгаалах яам, Монгол кино үйлдвэрт зураачаар ажиллаж, Польшийн Урлагийн академид суралцжээ. БНМАУ-ын Холбооны яамны Маркийн товчоонд 1983-1987 онд Монгол маркийн ерөнхий зураачаар,  1997-2003 онд “Монгол Шуудан” компанид маркийн ерөнхий зураачаар ажиллажээ. Ингэхдээ  монгол маркийг хөгжүүлэн, баяжуулж,  бодлогын түвшинд үнэтэй хувь нэмэр оруулсан.  Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг тэрбээр МоАХ-ны тугийг зохиосон бөгөөд Польшид суралцах үедээ үзсэн үзэсгэлэнгээс сэдэл авч улс төрийн зурагт хуудасны үзэсгэлэн гаргасан байдаг. “Морин жилийн төвөргөөн” хэмээх үзэсгэлэнгээ 1991 онд  дэлгэсэн нь урлагийн хүрээнийхэн төдийгүй сонирхогчдын дунд шинэ санаа байв. Реализмаас уйдаж эхэлсэн уран бүтээлчдийн нэгэн адил Польшид үзэж, харсан урлагийн олон төрлөөр зурж үзэхсэн гэх далд мөрөөдөл нь”Морин жилийн төвөргөөн”-өөр тэсэрчээ. Энэхүү төвөргөөн  Монголын зураачид дэлхийн урлагийн их далайд гарч, өрсөлдөөнд оролцох боломжийг нээсэн.

Европын урлагийн нийслэлүүдийн нэг Лондон түүний  оюутан цагаасаа  сонирхсон модернизм, сюрреализм, дадаизм, абстракт урлаг, экспрессионизм, нео-дада, поп-арт, примитивизм ба тахизм зэрэг дэд төрлөөр бүтээлээ туурвих үүдийг нээжээ. Түүний сюрреалист  уран бүтээлүүд гүнзгий агуулгатай. Удаан эргэцүүлж, бодож, бас урлагийн төдийгүй дэлхийн түүхийг уншиж байж сэтгэлгээнийх нь гайхам өнцгийг  ойлгоно. Ийм нэгэн өвөрмөц, даруухан зураач бидэнтэй нэгэн цаг үед уран бүтээлээ туурвиж буй нь юутай завшаан. Давтан, тодотгож хэлэхэд түүний бүтээлүүд энгийн нэгэн зураг биш далд санаа, гүн бодол эргэцүүлэл, бясалгал, хачирхам этгээд  ёгт утга, аймшиг, хошин өгүүлэмж, дүрслэл хосолсон нүсэр ажил аж.

Модернист 30 орчим уран зураг, буддын шашны бурхдыг экспрессионизм ба нео-дадаист хэв маягаар зурж, уламжлалт дүрслэлийг эвдсэн. Хатуу дүрэмтэй буддын урлагийн хил хязгаарыг давахаар шийдсэн нь эр зориг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг эрэлхийлснийг илтгэнэ. Бодит амьдрал дээр харах боломжгүй хачирхалтай, зүүдэндээ харсан болов уу гэлтэй дүрсүүд зураач Т.Отгонбаярын ертөнцийг мэргэжлийн өнцгөөс харах алсын хараа. Энэ мэт хийсвэрлэн бүтээсэн уран зураг түүний урланд олон бий.  Гэхдээ түүнд гэрэвшин, дотроо удаан бодож зурсан зураг бий. Энэ бол аавынхаа хөргийг зурсан явдал. Аавынхаа хөргийг зурж ээжийнхээ хүслийг олон жилийн дараа биелүүлжээ. Халгаад л, барьж тавьсаар дуусгасан байна. Мөн гадаадын иргэдэд Монголын шинэ үеийн урлаг, соёлыг таниулахыг хичээнэ. Америкийн “Microsoft Network”-ээс хэвлүүлсэн “Монголын танилцуулга” сэтгүүлд орчин үеийн урлагийн төлөөлөл болгон Тодын Отгонбаярыг онцолжээ. Тэрбээр бэрхшээлээс айдаггүй, урлагийн дүрмийг дагаж мөрддөг зураач. Үргэлж шинэ санааг эрэлхийлж, хөгжүүлж, үзэл бодлоо  гүнзгий тусгаж, уран бүтээлээ өвөрмөц болгож чаддагаараа бусдаас тод ялгарна.

Маркийг эх барьж авдаг хүмүүс бол зураачид. Чухам тэдний уран гар, увдист бийрийн торгон үзүүрээс олон сайхан марк энэ хорвоод “мэндэлдэг” билээ. Монгол маркийг бүтээх үйлсэд манай үе үеийн шилдэг зураач, урчууд гар бие оролцон зүтгэсэн байдаг. Хэрвээ үечлэн ангилбал, 1970-1980 оны үеийн маркийн түүхийг Т.Отгонбаяр зураачаас салгаж боломгүй. Шинэ зуун, шинэ мянганы эхлэл дээр Монгол маркийн түүхэнд тэмдэглэхүйц сонин содон нэгэн марк “төрсөн” билээ. “XXI зууны Монголын анхны марк” нэртэй алтан фольго уг блокийг Франц улсад 21 мянган ширхэг хэвлүүлжээ. Маркийн дөрвөн өнцөгт нь тэнгэр, усаар дэвсгэр хийж улиран одогч зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы эхний жил могой жил ба бумбын ордод тохиож буйг монгол зургийн аргаар дүрсэлжээ. Харин уг блокийн төв хэсэгт шинэ мянган-шинэ зуундаа эв нэгдэлтэй амьдрахын бэлгэдэл болгон “Эвтэй дөрвөн амьтан”-ыг зурж доор нь “Энэхүү марк нь XXI зууны монголын анхны марк болой” гэж монгол бичгээр бичсэн байна. Монгол маркийн түүхэнд анх удаа давхар шивээстэй хэвлэсэн уг маркийн эх зургийг зураач Ц.Цэнгэл, А.Амарзаяа, Т.Отгонбаяр нар хамтран бүтээж, Э.Болд компьютерийн дизайнераар ажиллажээ. Шуудангийн марк нь тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, түүхэн хөгжлийн баримт, сурталчилгааны хэрэгсэл болдгийн хувьд Монгол Улсын ХХ зууны түүхийг нэгтгэн базаж нэгэн хавтгай дээр буулгасан нь энэ байлаа.

Маркийн зураач ч нэг төрлөөр дагнан уран бүтээлээ хязгаарласан нь үгүй.  Шуудангийн дугтуй, ил захидал, мэндчилгээний зургийг зурна. Холбооны яамнаас эрхлэн Маркийн товчооныхон гардан жил бүр  4.8 сая  ширхэг дугтуй хэвлүүлэн гаргаж гүйлгээнд оруулдаг байж. Улирлын төгсгөл гэхэд дуусдаг гэхээр захидал  холбоо харилцааны чухал хэрэгсэл байв, тухайн цагтаа. Сэдвийн тухайд бол нам, засгийн бодлогын дагуу ажиллана. Энэ тухай эрхэм зураач “Намайг ажиллаж байхад 50, 60, 70 жилийн түүхт ойнууд болж таарсан. Монголбанкны 60 жил, Монголын Радиогийн 50 жил, Октябрийн хувьсгалын 70 жил гээд тэгш ой таарсан. Мартын 8-наар эмэгтэйчүүдээ хүндлээд заавал нэг шинэ дугтуй гаргана. Холбооны яамны сайд дуудаад, яг үүнийг зур гээд зөвлөлтийн дугтуйны загвар тулгах жишээтэй. Зохиогчийн эрх энэ тэр гэвэл “За тэр яахав, ах нар бидэнтэй тийм зарга хийтэл хаа ч юм, чи зүгээр л зурчих” гээд үүрэгдэнэ.  Би 1983-1987 онд 30-аад төрлийн дугтуй зурсан. Нийтдээ бараг 10 гаруй сая дугтуй, мөн зуу зуун мянгаар тоологдох “БНМАУ-ын Холбооны яам. Улсын Хэвлэлийн комбинатад хэвлэв. Зураач Т.Отгонбаяр” гэсэн бичээстэй ил захидал, мэндчилгээ Монгол даяар тархаж ард олны сэтгэл зүрх, амьдрал ахуйнх нь холбоос болсон. Гол хэрэглэгчид нь хөдөө орон нутгаас нийслэл, төв суурин газруудад суралцахаар ирсэн оюутан сурагчид,цэргийн алба хаагчид байв. Бас гадаадад сурдаг оюутнууд ч багтана. Хэчнээн олон залуус хайр дурлалын захидал бичилцэж, гэр бүл үүсгэн, үр хүүхдүүдтэй өнөр айл өрх болсон бол гэж сайн талыг нь бодохоор баярламаар. Одоо ийм коммунист загварын, зүс царай тааруутай, цаас цавуу, хэвлэлийн чанар муутай дугтуй дахин хэзээ ч хэвлэгдэхгүй. Чухам тийм учир түүхийн үнэ цэнтэй баримт болж байгаа юм. Цуглуулагчдад цөөхөн үлдсэн байх. Зурсан зохиогчийн хувьд миний гарын үсгээ зурж, хувийн тамгаа дарсан эдгээр дугтуй ердөө ганц ганцхан ширхэг үлдсэн. Өөр хэнд ч, хаана ч байхгүй” гэж дурслаа.

Цагтаа “Маркийн Отгоо” хэмээн шуугиулж явсны ул мөр, уран нарийн, нягт нямбай урлал түүний бүтээлүүдээс тод.

Ингээд түүнтэй  цахимаар ярилцсанаа хүргэж байна.


Гадаад улсуудад явахдаа өөрийнхөө зурсан марктай таарахад омогших сэтгэл төрдөг

-Шүдэнзний хайрцаг шиг жижигхэн талбайд улс, үндэстний бахархлыг харуулсан зураг зурах амаргүй биз. Цаанаас батлан, захиалсан сэдвийн өнгө будгийг өөрчилж, уран сэтгэмжээ гаргаж болдоггүй гэхээр “эрх чөлөөгүй” мэт санагддаг. Та үүнд хэдийнэ дасал болсон уу?

-Эх зургийг маркаасаа хэд дахин томруулж, боломжийн хэмжээгээр зурдаг. Ингэхдээ тухайн элементүүдийг жижгэрүүлбэл хэрхэн харагдахыг тооцоолж зурна.  Хэт нарийн зураас сарниж марк болж хэвлэгдэхдээ фокусгүй зураг шиг харагддаг.  Мэдээж өгөгдсөн сэдвийн дагуу зурна. Уран сэтгэмжийн тухайд  ерөнхийдөө хязгаарлагдмал. Жишээ нь, амьтны марк зурахад тэр амьтнаа реалист хэлбэрээр зурна. Модерн уран зураг шиг хэтрүүлэх боломж хомс гэдэг утгаар нь “эрх чөлөөгүй” гэж хэлж болно.  

-Маркийн товчоонд ажиллаж байхдаа зурахаас татгалзсан тохиолол бий юү. Цэцэг, амьтан, спорт, хөрөг зэрэг олон чиглэлийн маркнаас аль төрлөөр нь зурах дуртай байв?

-Би 1983-1987, 1997-2003 онд маркийн зураачаар ажилласан. Завсрын хугацаанд нь захиалгаар марк зурж байлаа. Маркийн жилийн төлөвлөгөөг батлаад зураачдад хуваарилдаг. Зураачийн мэргэжлийн онцлог болон сонирхлыг нь харгалзан үзнэ. Жишээлбэл, монгол ардын үлгэрийн сэдэвт маркийг монгол зургаар дагнасан зураачид өгвөл илүү оновчтой. Харин орон тооны зураачид сонголтгүй, шаардлага гарвал аль ч сэдвээр зурах үүрэгтэй байсан. Маркаас гадна  дугтуй, ил захидал, мэндчилгээ зурж, зуруулсан.  Шинэ он, Мартын 8, Майн 1-н, Хүүхдийн баярын гээд  олон төрлийн ил захидал, мэндчилгээний зураг зуржээ. Тэр байтугай захидлын цаас, шуудангийн элдэв тамга дардас ч зурна. Маркаас доогуур зиндаатай гээд зурахгүй байх санаатай. Гэлээ гээд яахав дээ,алба юм хойно гэж дурамжхан зурдаг байв.

-Саналаараа марк бүтээх боломж байдаг уу?

-Маркийн жилийн төлөвлөгөөг боловсруулах үед саналаа өгдөг. Яг одоо би Монголын эмэгтэйчүүдийн холбоог үүсэн байгуулсны түүхт 100 жилийн ойд зориулж “Монгол хатан” зургаараа марк гаргах боломжтой эсэхийг сонирхож “Монгол шуудан” компанийн удирдлагад хүсэлтээ илгээсэн. Орон тооны бус зураач учраас  “Ийм марк гаргавал ямар вэ, боломж байна уу”  гэж санал гаргасан хэрэг.  Ер нь бол маркийн сэдэв болон эх зургийг санал болгох эрх иргэдэд бий. Харин тэр саналыг хүлээж авах эсэх нь тус компанийн бүрэн эрхийн асуудал юм.

-Та нийт хэчнээн маркийн зураг зурав?

-Дагнаж зурсан 200 гаруй, хамтран бүтээсэн 100 орчим нийт 300 гаруй марк бий. Ахлах зураачийн хувиар хариуцаж хийлгэсэн марк бол 1000 дөхөх байх шүү. Яг ширхэгчлэн тоолж үзээгүй.

-Дэлхий даяар түгдэг, үнэт цаас болсон марк дээрээс нэрээ хараад омогшдог уу?

-Анхны маркууд гарахад догдолж, баярлаж байсан. Сүүлдээ тоохоо больдог юм билээ. Харин гадаад улсуудад явахдаа өөрийнхөө зурсан марктай таарахад нэг тийм омогших сэтгэл төрж байна лээ шүү (инээв)

-Та “XXI зууны Монголын анхны марк”-ийг гаргасан. Энэхүү бүтээлийг туурвихад юу таныг хөтлөв?

-Тэр үед хоёр он, хоёр зуун, хоёр мянган төдийгүй хоёр сансрын эрин солигдох гээд дэлхий даяараа хөл хөөр болж байв. Улс орон бүр хамгийн сонирхолтой марк гаргах гэж уралдаж байсан цаг.  Маркийг зураач Ц.Цэнгэл, А.Амарзаяа нар зурж, би сэдвийн зохиогч, ахлах зураачийн хувьд уран сайхны талаас нь удирдаж ажилласан.  Санхүүдээ тааруулан энгийн хийцтэй, цаасан дээр хэвлүүлэх хөндлөнгийн санал гарав. Хэвлэлийн өртөг өндөр байлаа. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд ховор тохиолдолд зориулсан маркаа гоёмсог, хүн бүрийн харааг булаахаар хийхийг хичээсэн. Энгийн цаасан марк борлуулалт муу байх нь гарцаагүй. Дэлхийд марк хэвлэдэг бүхэн үнэ цэн нь өсөх, гоёмсог бүтээлийн төлөө ажиллаж байсан. Иймд өндөр өртөгтэй ч чанартай марк хэвлүүлээд үнэтэй борлуулна гэж зүтгэсээр байж гаргасан марк юм. Дараа нь алтадмал, гоёмсог марк гарлаа гээд хүмүүс ам сайтай байлаа. ХХI зууныг бэлгэдэж тусгай дугаартай, 21 мянган ширхгийг Франц улсад хэвлүүлсэн. Одоо ховрын эд болсон.Тухайн үедээ ширхгийг нь  50 центээр хэвлүүлж байсан санагдана. Цахим худалдаанд өнөөдрийн байдлаар 12.44 ам.долларын үнэтэй байна. Цаашид ч үнэ нь өснө.   

 

Ганц би ч биш тухайн үеийн залуу зураачид реализмаас  уйдаж байсан

-“Би их сониуч хүн. Янз бүрийн “изм”-ээр зурж, туршилт, тоглолт хийх дуртай” гэж цахим хуудастаа бичсэнийг тань уншсан. Академик онолоор бол зураач гаршсан төрлөөрөө олонд танигдаж бас дагнадаг. Тэгэхээр энэ номлол танд их уйтгартай санагддаг байх нь ээ?

-Манайх 1990 оноос өмнө урлагийн олон “изм”-үүдэд хаалттай орон байв. Ганц би ч биш тухайн үеийн залуу зураачид олон жил реализмаар зурсаар  уйдсан. Тэгээд “дэлбэрцгээсэн” хэрэг. Европт зуу гаруй жилийн өмнө академизм, реализмын эсрэг урлагийнхан уриа лоозон бариад жагсаж байсан юм. Тэнд “дэлбэрч” урлаг чөлөөтөй болсон. Яг үүн шиг үзэгдэл Монголд давтагдсан. Энэ үеэс л би олон жилийн өмнө оюутан ахуйдаа Польшид үзэж харсан урлагийн олон “изм”-үүдээр зурж үзэхээр оролдож эхэлсэн. Тэр ч байтугай монгол маркт  “дадаизм” гэдэг урлагийг нэвтрүүлсэн шүү дээ. Коллаж буюу зургийн эвлүүлгээр “Хүн төрөлхтний түүх” зэрэг хоёр гурван марк гаргасан. Сюрреалист зургаар марк гаргахаар төлөвлөсөн. Цаг нь ч болоогүй байж. Харин одоо нийгэм хүлээж авах байх шүү. Хэрэв “Монгол шуудан” компани энэ чиглэлээр сонирхвол хамтарч ажиллахад бэлэн. Дэлхийн маркийн зах зээлд гүйлгээтэй сэдэв шүү.

-Сюрреалист зураачид этгээд, тэрслүү гэмээр бүтээлээрээ ялгардаг. Та хэр тэрслүү хүн бэ?

-Ер нь модернистууд бүгд тэрслүү үзэлтнүүд шүү дээ. Ямагт шинийг эрэлхийлж, хуучинтайгаа зөрчилдөж явдаг тавилантай. Тэдгээрийн дотор сюрреалистууд илүү онцлогтой. Гол төлөөлөгчид болох Дали, Пикассо нарыг чинь цагтаа галзуу солиотойгоор нь дуудаг байж. Гэвч аажимдаа дассаар хүн төрөлхтний ертөнцийг үзэх үзлийг өөрчилж, хүчтэй нөлөөлсөн учраас энэ урлагийг, сюрреалист зураачдыг соёлт ертөнц гүнээ хүндэтгэх болсон юм.    

-Та Польшийн Урлагийн академид суралцсан юм билээ. Энэ улс таны оюун санаанд нөлөөлсөн үү?

-Миний ертөнцийг үзэх үзэлд Польш улс маш хүчтэй нөлөөлсөн. Тухайн үед Польш болон Зүүн Европын социалист орнууд хөгжлөөрөө манайхаас хол тасархай байсан. Ялангуяа урлагийн талаар, тэр тусмаа польшууд. Зүүн Европ гэлтгүй тэр үед ЗХУ-д  сурч байсан оюутнууд ч улс орныхоо  хоцрогдолд их бухимдан, нийгмийн том өөрчлөлт хэрэгтэйг түрүүлж олж харсан. Тэгээд  л анхны бүрээн дуунаар 1989 онд эхэлсэн Ардчилсан хувьсгалд бараг бүгд оролцсон байдаг шүү.  Тухайн үед би МоАХ-ны хөх тугны санааг дэвшүүлж, эх загварыг нь гаргасан юм.      

-Марк урлагийн төрлөөс гадна хобби. Цуглуулагчид танаас зөвлөгөө их авдаг уу?

-Марк бүтээгч, цуглуулагч гэдэг  ялгаатай ойлголт. Би утгаар нь марк цуглуулдаггүй. Анзаараад байхад,  дотор нь марк сонирхогч (stamps lover), марк цуглуулагч (stamps collector), мэргэшсэн цуглуулагч (сollector specialities) гэж ангилаад байх шиг. Би эхний ангилалд хамаарах болов уу. Марк зурдаг байсан болохоор өөрт таалагдсанаа худалдаж авна. Чин үнэнийг хэлэхэд, би тэднээс зөвлөлгөө авдаг. Тэд бол маркийг  “анатоми”-ийн нарийн задаргаа хийж судалдаг хүмүүс. Зарим судлаач-экспертийн хэмжээнд хүртлээ мэргэшсэн.

“Битлз”  миний ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, сэтгэлгээнээс уламжлан уран бүтээлд минь гарцаагүй нөлөөлсөн

-Чөлөөт уран бүтээлчийн хувиар Лондонд амьдарч байна. Будант Английг хэдэн онд зорив?

-Лондонд 2003 оноос амьдарч байна. 

-Хатан хаан II Элизабетагийн хөргийг зурсан тухайгаа хуваалцана уу. Арвин түүхтэй зураг байх даа?

-Манайхны Англи гэж нэрлэдэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн хаант Улс нь дөрвөн улсаас бүрдсэн холбооны улс юм. Англи (England), Шотланд (Scotland), Уэлс (Wales), Умард Ирланд (Northern Irland). Манай хоёр орон бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн их газар нутаг эзлэн оршиж тухайн цагтаа дэлхийн эзэн байсан бахархам түүхээрээ төстөй. Би энэ хөргийг 2016 онд хатан хааны 90 насны ойд зориулан зурж, Оксфордын Олон улсын уран зургийн үзэсгэлэнд толилуулж байв. Ээжтэй минь чацуу энэ хүнийг ихэд хүндэтгэдэг учраас зурсан. Хатан хаан II Элизабетаг эхнэр бид хоёр одоо ч  хүндэтгэдэг юм. Лондон, Оксфорд, Племут зэрэг хотод болсон Олон улсын болон дотоодын хэд хэдэн үзэсгэлэнд тавьсан зураг.    

-Та “Битлмэнүүд”-ийн нэг. Домогт хамтлагийн дуу таны уран бүтээлд нөлөөлдөг үү?

-Манай улсын гадаад харилцаа 1960-аад оны сүүлч 1970-аад оны эхээр үсрэнгүй хөгжиж, Зөвлөлтөөс  цааш Зүүн Европын орнуудад оюутан суралцуулж эхэлсэн. Үүнийг дагаад барууны соёл орж ирсэн хэрэг. Одоогийнхоор бол зөөлөн хүчний нөлөөг анхлан хүлээн авагчид нь нийслэл, ялангуяа хотын төвийн хүүхдүүд байсан болов уу. “Тэр үеийн залуучууд бол нүүдэлчин монголчуудаас суурин соёл иргэншлийн анхдагч үе” гэж Баабар бичсэн байдаг. “Битлмэн” гэхээр дуулж, хөгжимддөг хүмүүсийг түлхүү хэлнэ.  Би “Битлзэс фэн” гэдэг нь болов уу. “Битлз” бол миний ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, сэтгэлгээнээс уламжлан уран бүтээлд минь гарцаагүй нөлөөлсөн.

-Цаг зав гарган ярилцлага өгсөн танд их баярлалаа.

-Монголын сонины тэргүүн магнай “Үнэн” сонинд ярилцлага өгнө гэдэг завшаантай сайхан тохиол байлаа. Олон жилийн өмнө сэтгүүлч Л.Эрдэнэмаатай ярилцаж байсан. Бас  маркийн тухай жижиг мэдээг хэвлүүлдэг байлаа. Танай редакцын хамт олон болон уншигчдад ирж буй шинэ ондоо эрүүл энх байж, санасан бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн ерөөл дэвшүүлье. Баярлалаа.


Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.144
2023/12/23
0
0
Таниараа маш их бахархдаг. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хариулах
90.208.245.113
2023/12/25
0
0
Thank you! Back contact to Facebook, please.
Хариулах
Шинэ мэдээ
Эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 40 хувьд хүргэнэ 1 цагийн өмнө
Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт хийх… 1 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогт… 1 цагийн өмнө
Я.Цэлмэн: Оюун санаа, хүний эрхийн хувьд нийгэм одоо л солигдож байна 1 цагийн өмнө
Оросын оюун санааны дууч 1 цагийн өмнө
Нүд “ичиж”, чих дөжрөх нь 2 цагийн өмнө
М.Даваасүрэн: Монгол хүний оюуны өмчийн бүтээлүүдийг эдийн засгийн эрг… 22 цагийн өмнө
Монгол тэмүүлэл монгол ухаанаар оршихуй 23 цагийн өмнө
Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэн алхахдаа б… 23 цагийн өмнө
Үндэсний Статистикийн Хорооны 100 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлж буй он… 23 цагийн өмнө
Б.Батдаваа: Статистикийн салбар хөгжлийн шинэ эрин үетэй хөл нийлүүлэ… Өчигдөр
Төсөв тойрсон хэрүүл, уран дагасан улстөржилттэй долоо хоног Өчигдөр
Хоноцын сэтгэл ба үгүйлэгдсэн хайр 2024/11/08
Т.Баасансүрэн: “Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны толгой, өнөө зууны… 2024/11/08
ТУМБААШЛАГ ТӨР 2024/11/08
Эрдмийн эрдэнэ эгэл ардад байдаг 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Мэндчилгээ 2024/11/08
Шинэ зууны түүчээ-залуустаа илгээх захидал 2024/11/08
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Санд… 2024/11/07