Жигүүртэн шувуудаар дагнан гэрэл зураг авдаг уран бүтээлч Л.Жаргалсайхантай ярилцлаа.
-Таныг "Шувууны гэрэл зурагчин Жаргал" л гэж мэдэхээс цаашгүй юм байна. Ажил, амьдралын гараагаа хэзээ, хаанаас эхлэв?
-Миний намтар их товчхон доо. Одоо би 65 нас хүрч байна, гэтэл ердөө л гуравхан албан газар л бүртгэлтэй ажиллажээ. Анх 1981 онд тухайн үеийн ЗХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж, эх орондоо ирээд ГХЯ-ны нэгдүгээр буюу ЗХУ, БНХАУ-ыг хариуцдаг хэлтэст хуваарилагдан ЗХУ-ын чиглэлээр ажилласан. Англи хэлтэй байсан болохоор “Төмөр хөшиг”-ний цаадах Англи, Америкийн чиглэлээр ажиллах сонирхолтой байлаа, залуу ч байж. “Би уг нь АНУ, НҮБ-ын чиглэлээр ажиллах сонирхолтой” гэж хэлээд нэмэр болоогүйн дээрээс “Үгүй тэгж болохгүй, чиний сонирхол хамаагүй” гэдэг шийдвэр ирээд л нэгдүгээр хэлтэст хуваарилсан. Би чинь 23 дугаар сургууль төгссөн Орос хэлтэй ч байлаа шүү дээ. Дараа нь ЗХУ дахь Монголын Элчин сайдын яаманд найман жил ажиллаад 1990-ээд оны дундуур “Бороо гоулд” компанид ажилд орсон. Тэндээ 20-оод жил ажиллаад л тэтгэвэртээ гарсан. Ийм л товчхон намтартай хүн дээ.
-Алба, ажлын хувьд нээрэн л товчхон юм даа. 1990 оны нийгмийн шилжилтийн дараа албан газрууд цомхотголд орж дээр, дооргүй л наймаа панз руу шуурсан байдаг. Та наймаа панз руу ороогүй юм аа даа?
-Цомхотголд орсон л доо. Хоёр, гурван жил Эрдэнэтийн катодын зэсийн үйлдвэр зэрэг энд тэнд англи хэлний орчуулагч хийж яваад компанид ажилд орсон.
-Хэзээнээс зураг авч эхлэв. Анх зургийн аппараттай танилцсан түүх бас соньхон л байх болов уу?
-Миний аавыг Ламжав гэдэг. Аав маань 1950-аад оны сүүл 1960-аад оны эхэн үеэр ЗХУ руу намын сургуульд явж ирэхдээ нэг аппарат авчирч л дээ. Би 3-4 настай л байсан юм даг уу. Аав зураг дарах их хоббитой хүн байлаа. Бидний нэгээр 1000-ын ламп бариулчихаж байгаад л хүүхдүүдийнхээ зургийг л хэдэн янзаар дарж өгнө. Ингэж байгаад тэр аппарат ахад ирээд, ахаас надад шилжсэн юм даг. Тэр хооронд технологи сайжраад л байгаа хэрэг шүү дээ. Би өсөөд үсрээд л 6-7 настай байсан уу, өнөөх аппаратыг танк болгон түрж тоглохоос хэтрэх биш. Тэгээд арван жилийн 7, 8 дугаар ангид орох үеэс ангийнхаа хүүхдүүдийн зургийг авах гэх мэтээр нэг хэсэг идэвхтэй байлаа. Бүр пионерын чуулганы гэрэл зурагчин ч болчихсон тууж явсан. Оюутан болсноос хойш гэрэл зураг авах маань нэг хэсэг хаягдаж билээ. Зав ч гардаггүй байсан биз. Түүнээс гадна өөр сонирхох зүйл ч олон болсон байх. (Инээв)
-Ингээд гэрэл зураг гэдэг нэг төсөөлөл, мэдрэмжтэй болоод авч. Аппаратаа эргэж шүүрч авахад хэр цаг хугацаа улиран одсон байж вэ. Байгалийн гэрэл зурагчид аппарат барихаасаа өмнө анчин байсан тохиолдол олон гэж би юунаас ч билээ уншиж байсан санагдана?
-Анчин байсан хүмүүс гэрэл зурагчин болдог гэж үнэн шүү. Би 1990-ээд оны дунд үед нэг шинэ камер худалдаж авлаа. Тухайн үед бас л ан гөрөөнд явах, чоно хөөж, гахайн мөр харж л явлаа. Анчид ан гөрөөнд явж унагах гэхээсээ анд явна гэдэг чинь их сайхан. Хээрийн хуурай модны оч үсэрсэн түүдэг, шилмүүс амтагдсан өтгөн хар цайг уруулаа түлэн барин оочлох. Нуруунаас жиндэх ч нүүрнээс түлчих шахам төөнөх галын дэргэд бага зэргийн дэгсдүүхэн хууч хөөрөлдөн суухад л жаргал хийгээд утга учир нь оршиж буй юм. Тэр үедээ бас жаахан зураг дарж явсан. Удаа ч үгүй уурхайд орчихсон чинь ажил дийлдэхээ болиод аппаратаа бас хойш нь тавих хэрэгтэй боллоо. Гэхдээ анд хааяа явдаг хэвээрээ. Зураг авах чинь дарахаас эхлээд боловсруулах гээд ажил ихтэй. Шинэ мянган гараад 2008, 2009 оны л үед юм даг, ан гэдэг гөрөөнөөс бүр залхаж орхилоо. Чоно, гөрөөсөнд л голдуу явдаг байсан. Анд явахад ямар ч хүн уйгагүй хэдэн жил хөөцөлдөхөд бууныхаа учрыг олдог болчихдог. Тэгээд нэг хэсэг хоббигүй явлаа. Гэтэл уурхайд байгаль орчны үнэлгээний ажил хийх болоод орчны экологиор цомог гаргахаар болдог юм байна. Багаасаа гэрэл зураг сонирхож явсан юм болохоор аппарат, дуран хэрэгслийн талаар бага сага мэдлэгтэй болчихсон. Нөгөө багийнханд зөвлөх маягаар явж байгаад сонирхол сэргээд эхэлсэн. Уурхайн ажил ерөнхийдөө жаахан уйтгартай. Орой 21.00 цагт унтаад өглөө 06.00 цагт сэрээд л ажилдаа. Телевиз үзэх сонирхол төрөх ч үгүй юм, ан гөрөө хийхээ ч больчихлоо. Амралтаараа өөр нэг юм хиймээр байдаг. Тэгээд л эргээд аппаратаа шүүрч авсан. Тухайн үед ХААИС-ийн багш, шувуу судлаач Ч.Ууганбаяр гэдэг залуутай танилцаж хэд хэдэн удаа яваад л шувууны зураг авах хоббитой болсон.
-Анх байгалийн зураг авч эхлэхдээ л шувуу судлаачтай явчихсан болохоор тэр үү, яагаад заавал шувууны зураг авч эхлэх болсон юм бэ?
-Гэрэл зургийн хоббигоо хөгжүүлж эхлээд энэ талаар орос, англи хэлээр материал их уншсан. Гэрэл зургийн хоббигоо хөгжүүлж бүр мэргэжлийн түвшинд хүрье гэж байгаа бол нэг л төрлөөр дагнах хэрэгтэй. Дэлхийн гэрэл зурагчдын түүх ч тийм. Тэгээд л шувууны зургаар дагная гэж бодсон. Нөгөө талаасаа шувууны зураг авах бол техник хэрэгсэл яг л түүнд зохицсоныг л цуглуулна. Шувууны зураг авдаг дуран урт байдаг. Түүгээр хүний зураг авахгүй. Ямар 7-8 метрийн цаанаас авна гэх биш, урт дурангаар авлаа ч хүний нүүр хавтгай гараад байдаг. Тэр нь дурангийн онцлог. Эхний хоёр, гурван жил ганцаараа явдаг байлаа. Миний багш Ч.Ууганбаяр олдохгүй ажил ихтэй. Ганцаараа явж байгаад хэдэн шувуу судлаачтай танилцсан.
-Та шувууны зураг авсаар байгаад одоо бол бараг судлаачийн түвшинд очсон байлгүй ?
-Зөвхөн шувууны зураг авдаг сонирхогч болоод явж байснаа судлаач залуустай нийлээд суурьтай болж эхэлж байгаа юм. Монгол оронд хэдэн төрлийн шувуу байдаг юм, хэдэн нүүдлийн шувуу дайрч өнгөрдөг, хэдэн шувуу суурин байдаг, шувууны нүүдлийн зам хаагуур дайрч өнгөрдөг гэх мэтчилэн мэдлэгээ зузаатгаад л яваад байсан. Харин судлаачийн түвшинд гэж хэлж яагаад ч болохгүй. Тэгж хэлбэл судлаач, эрдэмтдийнхээ нөр их хөдөлмөрийг үгүйсгэсэн хэрэг болно. Зүй тогтлыг нь судлах гэж номыг нь үзэж ногоотой шөлийг нь уусан хүмүүс. Би болохоор номыг нь үзээгүй тул сонирхогч хэвээрээ л үлдэж байгаа юм.
-Яг судлаач биш ч энгийн мань мэтийг бодвол судлаачийн түвшинд дөхсөн байлгүй гэж л бодогдсон юм?
-Бас нэг талаараа их сонин л доо. Дээхнэ үеийн судлаачдыг бол натуралистууд гэдэг байсан. Жишээ нь, Чарльз Дарвин биологич биш натуралист л байхгүй юу. Цаашилбал, Аристотелоос эхлээд натуралистуудын нуруун дээр л байгаль шинжлэл, судлал явж ирсэн. Шинжлэх ухааны энэ салбар “Танин мэдэхүйн хувьсгал”-аас хойш их тэсрэлт болж олон янзаар салбарлаж ирсэн байдаг. Би өөрийгөө натуралистуудын нэг л гэж бодож явдаг. Өөрийнхөө түвшинд шувуу судалж болно шүү дээ.
-Таны гар бие оролцсон, өөрийн бүтээсэн олон ном, лавлахууд бий дээ?
-Түрүүн би шувуу судлаачидтай нийлж их явсан гэж ярьсан даа. Тэдэнтэйгээ уулзахаараа ийм, тийм юм хийе гэж ярилцаж мөрөөддөг байлаа. Ямар нэг уулзалтаас үр дүн гарна биз дээ. Бид ч олон уулздаг байлаа. Манай гэрт ч их олон уулзсан. Бидний яриа яваандаа ном лавлах руу орчихсон. Анх шувуу судлаач, зурагчин Ц.Пүрэвсүрэнтэй “Улаанбаатрын шувууд” нэртэй ном гаргая гэж ярьж байгаад болиод “Монгол орны шувууны лавлах” гэдэг номыг найман жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр бүтээж авсан. Ахиад нэг хоёр жилийн дараа хоёр дахь ботийг нь нэмж гаргасан.
-Зурагчныхаа хувиар судалгааны бүтээлүүдэд бас оролцсон байсан?
-“Монгол орны шувууны лавлах” гэдэг ном гарснаас хойш шавж судлаач, биологичид холбогддог юм байна. Шавж судлаачид “Шавжны зураг авч өгөөч” гэдэг хүсэлт тавьдаг юм байна. Миний 500, 800 мм-ийн урт дурангууд шавжны зураг авч болохгүй, би чадахгүй байх гэтэл “Өөр хүн олдохгүй байна” та л авч өг гэж байна. Тэгээд автомат хөдөлгөөнтэй суурь, нэмэлт гэрэл тоноглол аваад оролдож эхэлсэн. Шувууны хөдөлгөөн татрах үе буюу аравдугаар сараас тавдугаар сар хүртэл өдөрт гурван дээж дээр сууна. Өдөрт 12 цаг суухад 3-4 эрвээхэйн зураг л боловсруулж дуусдаг. Маш их цаг үрсэн ажилтай. Шавжны хамгийн наад захын цэгээс эхлэн 100-150 микроны алхамтай автомат сууринд бэхэлсэн зориулалтын дурантай аппаратаар 100 гаруй зүсэлттэй кадр авна. Энэ нь дор хаяж 3-4 цаг болно. Үүнийхээ дараа тэдгээр 100 кадраа компьютерт оруулж нэгтгэнэ. Ингэж байж бүхэлдээ фокус нь таарсан зураг бэлэн болж байгаа юм. Бүтэн гурван жил сууж байж эрвээхэйн хоёр лавлах гаргасан. Зураг дээр тайлбар хийх замаар яаж тэр амьтнаа тодорхойлох вэ гэх зэргээс эхлээд ач холбогдлын хувьд цэвэр судалгааны бүтээл болсон. Дээжийг тодорхойлоход зураг байгаль дээрх бодит төрхөөсөө зөрөх ёсгүй. Ширхэг тэмтрүүл үс, ширхэг зураас хүртэл шүү.
-Монголд шувууны гэрэл зургаар хэзээнээс дагнаж эхэлсэн байдаг юм бол. Танаас өмнө яг дагнасан сонирхогчид байсан уу?
-Байлгүй яахав. Өмнөговийн Түмэндэлгэрээс эхлээд шувуу судлаачдаас гадна хэд хэдэн хүн байсан. Шувууны зургийн анхдагчид гэвэл бүр дээр үеийн түүх ярих хэрэгтэй. Дурдах нь ч зүй. Шувуу судлаач Болд гэж академич байлаа, доктор Цэвээнмядаг, судлаач Болдбаатар нар бүр 1950-аад оноос Герман, Орос эрдэмтэн судлаачидтай шувууны зураг авч эхэлсэн байгаа юм. Хоёр, гурван сараар хөдөө явахдаа нэг камер, хэдэн аппарат, хальс аваад л явдаг байсан гэдэг. Хальс үнэтэй цөөхөн чанартай кадр дарахыг л хичээнэ шүү дээ. Шувуунд ойртох арга техник гэж байна. Ингэхээр тэдгээр судлаач, эрдэмтдээс шувууны гэрэл зургийн үүсэл хөгжил эхлэлтэй. Сонирхуулаад ярихад амьтны зургийг анх удаа шөнөөр бүр 1906 онд Америкт авч чадсан байдаг шүү.
-Таны очиж зураг авах дуртай газар гэж байдаг байх. Зургийг нь авах дуртай шувуу ч цөөнгүй байдаг болов уу?
-Манай улсыг дэлхийн нүүдлийн шувууны гурван зам дайран өнгөрдөг. Манайд бүртгэсэн шувуудын 80 хувь нь нүүдлийнх. Монголын Дорнод хязгаар Дарьганга, Халх гол, Нөмрөгийн сав газар Австрали, Зүүн Азийн шувуу нүүдэллэдэг зүүн аймгуудын нэг зам. Зусах, өндөглөдөг нь үлдээд бусад нь Сибирийн ой тайга руу явна. Мөн Байгаль нуурыг тойроод Оросын Торем нуур руу ниснэ. Өмнөд Ази, Энэтхэг, Пакистаны шувууд баруун хязгаарын Ховд аймгаар дамжин өнгөрдөг. Ер нь манай улс шувууны төрөл зүйлээр баялаг. Би сая Хонконг руу яваад ирлээ. Явдаг учир нь Номин шогшир буюу King fisher гэдэг шувууны зургийг авах гэж. Энэ миний зургийг нь авах дуртай шувуу. Өөр нэг нь Мандир уранхажин. Энэ шувуу энүүхэн доор Сонгинын буланд бий. Дээр өгүүлсэн хотын шувуудын гэрэл зургаар ном гаргах гэтэл Сонгинын булангаас эхлээд Багануурын Гүн галуутай хүртэл хотын бүсэд орчихдог тул яг хотын шувуу гээд бүртгэчихэж болдоггүй олон шувуу номд орох гээд байсан юм.
-Үзэгдэж харагдаагүй шувууны төрөл зүйл харах бас л гоё биз?
-Манай оронд үзэгдэж харагддаггүй шувууны зургийг авах гэж хаа байсан Ганга нуураас давхин ирж хотод жолоочоо солиод л Архангай руу хөдөлж байсан түүх бий шүү. Бидний Фламинго нэрээр нь мэддэг Ягаан нал нүүдлийн замаасаа хазайн орж ирсэн байсныг тухайн газрын байгаль хамгаалагч харж надад хэлсэн удаатай. Урд нь 69 жилийн тэртээ ядарч зүдсэн Ягаан нал мөн л тус газрын байгаль хамгаалагчийн гар дээр амь тавьсан гэдэг. Монгол оронд ирсэн Ягаан налыг гэрэл зургийн хальсанд мөнхөлж үлдээсэн.
-Өөр ямар төрөл зүйлээр ном, лавлах гаргах вэ?
-Монгол орны загасны төрөл зүйл дээр ажиллалаа. Монгол оронд 80 гаруй төрөл зүйлийн загас байдаг. Цохны төрөл зүйлүүдээр ном гаргахаар одоо ажиллаж байна. Цохны 30-аад овгийн хоёр мянга орчим зүйлийн цох бий.
-Энэ бүгдийг хийгээд байгаагийн утга учир юу вэ?
-Залуус өсвөр үеийнхэнд байгаль орчны талаар бага ч болов мэдлэг, мэдээлэл суулгах санаатай. Өнөөдөр боловсролын систем амьтан судлал, биологи, байгаль орчны хичээлүүдийг сонгон суралцах хичээлд оруулсан.
-Ирээдүй байгалиас улам л алсарч холдоод байна гэдэг харуусал танд байх шиг. Гарах үр дүн нь бидний хувьд гашуун байх нь ойлгомжтой, ямар байх бол?
-“Чи мэдэхгүй, танихгүй бол хайрлахгүй” гэдэг үг бий. Ер нь хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан л байдаг. Одоо сошиалд зориулсан хөндий хоосон хайр л байгальд ногдож байна. Байгалиа мэдэхгүй хүмүүсээс хайрлах, мэдрэх, таних ухаан хаанаас нь гарна гэж. Харьцуулаад бодоход бидний хүүхэд, залуу нас байгальд хэчнээн ойр байгаа вэ. Хот байгальтайгаа хиллэдэг байлаа. Зуны даалгаварт эрвээхэйн хатаамал төдийг хийж ир, төдөн зурамны арьс авчир. Энэ бүгд чинь биднийг байгальд ойрхон байлгах хэлбэр л байж. Тэр үед байгаль хамгаалах ТББ гэж байгаагүй. Гэтэл одоо байгаль хамгаалах ТББ 1500 ч бил үү байдаг юм билээ. Надад нэг л хөндий хоосон санагдаад байдаг. Байгалийн талаар өчүүхэн ч мэдлэггүй хүмүүс байгалиа хамгаална ч гэж юу байх вэ гэж бодогддог.
Ягаан нал
Мандир уранхажин
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №047/24578/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна