Б.Мягмар: Зах зээлийн өрсөлдөөн бий болгоно


“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн гүйцэтгэх захирал Б.Мягмартай ярилцлаа.

-Сүүлийн 20 гаруй жил “Эмээлт”-д түүхий эдийн аж үйлд­вэ­рийн парк байгуулна гэж улс төрийн намууд амласан шүү дээ. Энэ ажил ямар шатандаа явна вэ?

-Соц нийгмийн үед Монгол Улс 1.5 сая арьс шир боловс­руулдаг гэх судалгаа бий. Мөн арьс ширээ дага­сан үйлдвэр, нэхийгээр куртка үйлдвэрлэж олон улсын зах зээл рүү гаргадаг баялаг түүх бий. Нийгмийн тогтолцоо өөрч­лөгдөж арьс боловс­руу­лах үйлдвэрүүд хаалгаа хааж, ХУД-ийн XX хороонд салбартаа үнэн­чээр үлдсэн цөөн тооны үйлд­вэрүүд дэд бүтцийн амаргүй нөхцөлд ажиллаж байна. Арьс ширний үйлд­вэрүүдийг нүүлгэнэ гэж олон жил ярьсан ч хэрэгжүүлээгүй. Энэ хэрээр одоо байгаа үйлд­вэрүүд хүчин чадлаа нэмэгдүүлж чадахгүй, арьс ширний зах зээл, боловс­руулалтыг хан­галттай хэм­­жээнд нэмэгдүүлж ча­дахгүй байна. Дээр нь түүхий эдийн чанар сайж­рахгүй нь арьс шир амьдын үеийн болон нядалгааны үеийн гэм­тэл­тэй ирдгээс энэ сал­барын сэргэл­тэд сөрөг нөлөө үзүүлж байна. 

Өөрөөр хэлбэл, малын гаралтай түүхий эд хог хаягдал болж хөрсний бохирдолд нөлөөлөх хэмжээнд хүрчээ. Улс төрийн намууд Арьс ширний үйлдвэр байгуулах, сэргээх амлалтыг сонгууль бүрээр амлаж ирсэн. Энэ амлалт малчид хийгээд үйлдвэрлэгч бүрийн хүсэлт байсан учраас улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт ийнхүү тусдаг байсан болов уу.

-Сонгууль бүрээр мөрийн хөтөлбөртөө “Эмээлт” аж үйлдвэрийн парк байгуулна, арьс ширний үйлдвэрүүдийг нүүлгэнэ гэж тусгадаг ч  яагаад ажил хэрэг болоогүй юм бол?

-Улс төрийн хүчнүүд сонгууль бүрээр ийм амлалт өгдөг нь малчдын санал хүсэлт, дээр нь арьс ширний үйлдвэрүүдээс гарч буй бохирдол Туул голын сав газарт нөлөөлж, байгаль орчны болон нийгэм эдийн засгийн хувьд зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын нэг байсаар байгаатай холбоотой. Тийм учраас энэхүү амлалтаа биелүүлэх улс төрийн үүргээ биелүүлэхээр МАН ажиллаж байна. Санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй өнөөг хүрсэн.

-Дархан хотод аж үйлдвэрийн парк байгуулна гээд байсан шүү дээ. Тэр юу болсон бэ?

-”Бүх зам Ром хүрнэ” гэдэг ч Улаанбаатар хотод буюу Эмээлтээс өөр сонголт байхгүй л дээ. Салаа утга бүхий эргэлзээнд цэг тавьж Монгол Улсын Засгийн газраас “Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны 193 тоот тогтоол гаргаж Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар хотын өрсөлдөх чадвар, нөхөн сэргээлтийг дэмжих төсөл”-ийн хүрээнд “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийн суурь, инженерийн дэд бүтцийн бү­тээн байгуулалтыг хийж, төр хувийн хэвшлийн түншлэл, га­даад дотоодын болон хөрөнгө оруулалтын бусад эх үүсвэрээс санхүүжүүлэн хэрэгжүүлэхийг холбогдох сайд нар болон хотын удирдлагуудад даалгаж, арьс ширний үйлдвэрүүдийг “Эмээлт”-рүү нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан бидний ажилд томоохон дэмжлэг болсон. Энэ талаар мөн УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны 2022 оны наймдугаар тогтоолоор “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай“ тогтоол гаргасан нь үр дүнгээ өгсөн.

-Хэр хүчин чадалтай үйлдвэр баригдах вэ?

-Ямартаа ч эхний ээлжид түүхий эдийн 50 орчим хувийг боловсруулах үйлдвэр барих тооцоо судалгаа бий. Эрэлтийн судалгаагаар бага, дунд, өөдрөг гэсэн гурван хувилбараас нийслэ­лийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хурлаар хэлэлцээд дундаж хувилбарыг сонгосон. Нэн түрүүнд Эмээлт дэх суурьшлын бүсийг дэд бүтцээр холбох ТЭЗҮ-г хийгээд байгаа юм. Энэ хүрээнд арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, түүнчлэн махны чиглэлийн Олон улсын стандарт хангасан үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулж, нэгдсэн тогтолцоонд оруулахаар төлөвлөж байна. Тухайлбал тус тусдаа дэд бүтэцгүй байгаа үйлдвэрүүдийг дэд бүтцээр хангаж, чана­рын шаардлага хангаж, экспор­тыг дэмжсэн бодлогыг хэрэгжүү­лэхээр ажиллаж байна.

-Тэдгээр компани тус тусын үйл ажиллагаа явуулна гэсэн үг үү?

-Монголын арьс ширний болон түүхий эдийн компаниуд зах зээлийн нийгэмд зүгээр суугаагүй. Тоног төхөөрөмжөө дэлхийн түвшинд хүртэл сайж­руул­сан, тансаг зэрэглэлийн арьс шир хийдэг компаниуд хүртэл бий. Мөн малын гаралтай маш ховор эмийн орц найрлагад ордог түүхий эд бэлтгэдэг нөхдүүд ч бий.

-Арьс ширний үйлдвэр муухай үнэртэй, хөрсний бохирдол үүсгэдэг шүү дээ. Өвлийн улиралд гэхэд Эмээлтийн бохир үнэртсээр байх юм билээ?

-Эмээлт ойр орчмын айлууд бохироо хөрсөн дээр шууд асгадаг, дотор эрхтэн дайвраас гарах бохирдлоо ил хаядгаас үүдэн хэрээ шувуу, ялаа батгана шавсан 100 хувь хөрсний бохирдолтой орчин бий болгосон. Тийм учраас Олон улсын стандартын шаардлага хангасан Цэвэрлэх байгууламж, Эмээлтийн паркийг хүлэмжийн хийг бууруулсан, байгаль орчинд ээлтэй байхаар дэд бүтцийн төлөвлөлтийг хийж байна. Тэгэхээр тэр муухай үнэр, хөрсний бохирдол арилгана гэсэн тооцоо судалгаа бий.

-Эхний ээлжид Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар олгоно гэсэн байна билээ. Энэ мөнгө хүрэх үү?

-Мэдээж хаанаа ч хүрэхгүй. Гэхдээ төслийн эхний ээлжид хүрэлцэхүйц гарааны эх үүсвэр шүү дээ. Мөн дотоод гадаадын хөрөнгө оруулагчид “Эмээлт” эко аж үйлдвэрийн паркад хөрөнгө оруулалт хийх сонирхол хүсэл их ирж байна. Тиймээс бид суурь дэд бүтцээ шийдэх нь эхний том алхам юм. Эрдэмтэд нийлж химийн үйлдвэр барих гээд дотоодод бүхий л зүйлээ үйлдвэрлэх зорилго бий. Одоогоор 28 компани арьс ширнээс гадна химийн болон эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг.

Эдгээрийн хэрэгцээг хангасан байр, дэд бүтцээр хангах нь чухал юм. Түүнээс биш төр арьс элдээд, гутал хийгээд суухгүй. Энд малын түүхий эдээр хийгдэх үйлдвэр, худалдаа, зах зээл нэмэгдэнэ. 70 сая малтай улс орон түүхий эдээ боловсруулах үйлдвэргүй байж болохгүй.

-Аж үйлдвэр барих мөнгө дутвал яах вэ?

-Мэдээж бүх ачаа үүргийг Эмээлт эко аж үйлдвэрийн парк үүрэхгүй. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхийг зорьж байна.  Эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх асуудал шинээр батлагдсан Үйлдвэрлэл технологийн паркийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар зохицуулагдаж байгаа юм. Тэдний өмнө тулгардаг дэд бүтцийг хангана гэсэн үг. “Аргалант-Эмээлт” дагуул хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу маш том үйлдвэрлэл бүхий суурьшлын бүс босно гэсэн төлөвлөлт бий.

-Нэг малчин ганц нэхийгээ ганзагалаад ирвэл?

-Мэдээж тэнд төвлөрөл, зах зээлийн өрсөлдөөн бий болох учраас булаалдаад авах болов уу. Хамгийн гол нь малыг үйлдвэрийн аргаар цэвэр орчинд нядалж, нядалгааны үеийн гэмтэлгүй арьс авах, дээр нь хачиг хувалз зэрэг малын эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч, арьс ширийг амьдын болон нядалгааны үеийн гэмтэлгүй авдаг тогтолцоог хэрэгжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал хог болоод байгаа түүхий эдийн өрсөлдөөнт зах зээл “Эмээлт” эко аж үйлдвэрийн парк орчимд бий болно.

 Н.Энх

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
1
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 12 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 15 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 16 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 16 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 16 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 17 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 17 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 17 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 17 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 17 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 17 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 17 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 18 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 18 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 18 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 18 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 18 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 18 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 18 цагийн өмнө