Дэлхийн загварын тайзыг Монголд засна


Монгол Улс хөнгөн аж үйлдвэр­лэлийн салбарын суурийг 1930-аад оноос тавьж эхэлжээ. Улмаар орчин үеийн үйлдвэрлэлийн эрчимжилт 1960-аад оноос шуурхайлан 1990-ээд он хүртэл хөдөө аж ахуйд суурилсан, хөнгөн аж үйлдвэрийн томоохон сүлжээг Монголын ард түмэн найрамдалт орнуудын дэмжлэгтэйгээр цогцлоон босгож чадсан байв. Хөнгөн аж үйлдвэрлэлийн салбар дотроо ноос, ноолуур ялган ангилж, угааж цэвэрлэх үйлдвэрүүд, арьс шир боловсруулах, нэхмэл, оёмол сүлжмэл, арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах хүчин чадалтай үйлдвэрүүдийг олноор барьж байгуулан 1990 оны цагаан морин жилээс өмнө хөдөө аж ахуй голлосон нийгмээс хөдөлмөрчин анги нэгэнт шинээр бүрэлдэн тогтоод байлаа. Нийгмийн шилжилтийн үед хөнгөн аж үйлдвэрлэлийн энэ салбар уналтад орсон хэдий ч эргэн сэргэхдээ бүтэц зохион байгуулалт, борлуулалт маркетингийн хувьд тэс өөр хэлбэрт орж өндийсөн. Оёмол, нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн, арьс нэхий, ноос, ноолуурын салбар хувийн секторуудад шилжиж, жижиг дунд үйлдвэрлэгчид жил ирэх тутам шинээр төрөн гарч, хувцас үйлдвэрлэл материал загварын хувьд шинэчлэгдэн, дэлхийн жишигт хүрэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорин тэмүүлсээр байна. 

 

Хувцас урлаачдаар буухиалсан хөнгөн аж үйлдвэрийн гурав дахь сэргэлт

 

Нэг талаар хувцас үйлдвэрлэл сэргэж байгаа мэт харагдах ч Монголын бэлэн хувцасны зах зээлд импортын бараа бүтээгдэхүүн жин дарж, лангуун дээрх бараа бүтээгдэхүүний дийлэнх хувийг эзэлсэн хэвээрээ л байна. Хямд хүчээр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийн хязгааргүй далай болсон БНХАУ-тай хил залгаа оршдог газар зүйн онцлог маань үйлдвэрлэл хөгжихөд хүндрэлтэй тал болж харагдах талтай. Сул тал болж харагдах биш биднийг энэ салбараас нэг хэсэг хөндийрүүлж орхисон гэхэд хилсдэхгүй. Монголын үндэсний үйлдвэрлэгчид зах зээлийн өрсөлдөөнт нийгэмд өөрсдийн орон зайг тунхаглан зарлах арга зам сэдэхээ огтхон ч орхиогүйгээр үл барам өмнөх үйлдвэрлэгчдийн гишгэсэн мөрөөр замчлан урагшилсаар л байна. Ялангуяа хувцас урлал, загвар зохион бүтээгчийн салбар өрсөлдөөн ихтэй. Өнөөдрийн байдлаар Монголын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн ойролцоогоор зах зээлийн 20 хувийг эзлэхтэй үгүйтэй. Ийм бага орон зайд хөгжлийн талаар ярина гэдэг бүтэшгүй зүйл мэт. Гэхдээ үндэсний үйлдвэрлэгч өөрийн үндэсний онцлогоо шингээсэн бараа таваар, бэлэн бүтээгдэхүүний зах зээлийг сул орон зай гэж олж харсан шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, загвар зохион бүтээгчид бий. Тэдний нэг бол “Princess Mongolian fashion” брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Номинсондор. 

 

Үндэсний онцлог гэдэг монгол гутал, дээлээр зогсохгүй

 

Б.Номинсондор олон төрлийн бизнес эрхэлж байсан бүсгүй. Эмэгтэй хүний гоо сайхан, намба, үзэсгэлэнт төрхийг тодотгож байдаг болохоор тэрбээр загвар зохион бүтээгчийн ажилдаа сэтгэлээ өгсөн нэгэн. Тэрбээр загвараа урлаад зогсохгүй өөрөө зохиосон загвараа өмсөж, фото моделио ч хийнэ. Загварын чиг хандлагаа тодорхойлж, хувцас урлаач, эсгүүр, оёдолчдоо ч өөрөө сургаж авдаг. Тиймдээ ч “Princess Mongolian fashion” брэндийг үүсгэн байгуулж, бие даан хөгжүүлсээр найман жилийг ардаа үджээ. Үндэсний онцлог шингэсэн бараа бүтээгдэхүүн гэхээр дээл, монгол гутал, эсгий бүтээгдэхүүн гэдэг ойлголтоос салж монгол хүний биеийн онцлогт тохирсон хэмжээтэй европ загварын гоёлын даашинз, өдөр тутмын болон оффис загварын хувцсыг “Princess Mongolian fashion” брэнд урлан гаргадаг онцлогтой болсоор удаж байгаа юм. Хувцас үйлдвэрлэлийн салбарын салшгүй нэг хэсэг бол загвар зохион бүтээгчид болон тэдний хөдөлмөрийг хэрэглэгчдэд хүргэх, үзүүлэн сурталчлах, загварын чиг хандлагыг тодорхойлох гүүр болдог загварын үзүүлэх тоглолтууд юм. Б.Номинсондор  “Princess Mongolian fashion” брэндийг үүсгэн байгуулсан цагаасаа эхлээд үндэсний үйлдвэрлэгчид болон шинэ тутам төрөн гарч буй жижиг дунд үйлдвэрлэгчдийг нэгтгэн гурван удаа өндөр зэрэглэлийн загварын үзүүлэн тоглолт зохион байгуулжээ. Монголын хувцас үйлдвэрлэлийн зах зээлд өөрийн хувь нэмрээ оруулсан тоглогч болох мөрөөдөл нь Б.Номинсондорыг бусад загвар зохион бүтээгчдээ өрсөлдөгч гэж хардаггүй болгон төлөвшүүлжээ. Тиймдээ ч хамгийн олон хүнтэй арын алба, загвар өмсөгч, хамгийн олон үзэгчтэй, загвар зохион бүтээгчдийн уралдааныг зохион байгуулсан нь бүхэл агуулгаараа маш том үзүүлэн тоглолт болж чадсан байдаг. Ийм үзүүлэн тоглолтыг гурвантаа зохион байгуулж ирэх 2024 оны зургадугаар сард дөрөв дэх удаагаа зохион байгуулах гэж байгаа. Загварын үзүүлэх тоглолтууд хувцас урлалын мастеруудыг гэхээсээ илүү загвар өмсөгчдийн ур чадварыг илүүтэй харуулах хандлага давамгайлдаг. Тэгвэл “Princess Mongolian fashion” брэндийг үүсгэн байгуулагч Б.Номинсондорын зохион байгуулах энэ удаагийн загварын үзүүлэн тоглолт тэс өөр хандлага, жишгийг нийгэмд зарлан тунхаглана. 

 

Үндэсний үзэлтэй амбиц

 

Үндэсний үзэлтэй амбиц гэж байдаг эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ “Princess Mongolian fashion” брэндийг үүсгэн байгуулагч Б.Номинсондорын амбицыг тэгж л нэрлэмээр санагдаад байгаа юм. Тэрбээр импортын бараа таваарт өгөх мөнгөний урсгалыг хумьж Монголдоо үлдээх чин хүсэлтэй нь ярилцаж үзсэн хүнд илхнээ харагдана. Монголын зах зээлд өөрийн чадах хэмжээгээр хувь нэмэр оруулах чин хүсэл нь хямд, чанартай хувцсаар монголчуудаа гоёх хүслээс нь илэрнэ. Нэр хүнд, гавьяа шагналаар өөрийгөө тодруулах гэхээсээ илүү адил бизнес эрхлэгчдээ хөл дээр нь тогтоож брэндингтэй болгох талд хэрхэн тусалж дэмжиж болох вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг нэгэн. Үндэсний үйлдвэрлэгчид нийлж материалаа өөрсдөө үйлдвэрлэх боломжийг эрэлхийлж яагаад болохгүй гэж. Хэдийгээр багтаамж багатай зах зээл ч гэлээ үндэсний үйлдвэрлэгчид дор хаяж 50 хувийг нь эзлэх ёстой гэдэг санаа нь “Миний амбиц дэлхийд нэр хүндээ гаргахад биш үндэсний брэндүүдээ дэмжиж хөл дээр нь бат зогсооход цагаа зарцуулъя, хувь нэмрээ оруулъя” гэх түүний үгээр илэрхийлэгдэж байна гэж надад ойлгогдоод байгаа юм. Энэ нь түүний л санаа. Б.Номинсондорын өгүүлсэнчлэн болж бүтвэл хэчнээн сайхан билээ. Хэрэглэгч бид ч дотоодын үйлдвэрлэгчдийн хийсэн материалаар үндэсний урлаачдын ур дүйгээр бүтсэн чанартай, хямд хувцсаа өмсөхийг хүснэ. Хөнгөн аж үйлдвэрийн энэ салбарын гурав дахь сэргэлт эдгээр жижиг дунд үйлдвэрлэгчдийн хичээл зүтгэлээр хүч нэмэх нь гарцаагүй. Монгол Улсын эдийн засагт ч томоохон хувь нэмэр болох нь мэдээж. Ямар нэгэн ажилд сэтгэлээ өгөн зүтгэсэн бүхнийг амьдрал өөрөө шагнадаг нь бичигдээгүй хууль. Хэдийгээр Б.Номинсондор нэр алдрын төлөө бүхнийг хийгээгүй ч нийгэмд танигдаж олны талархлыг хүртсээр л яваа. Үүнийг нь түүний хүртсэн “Grand Awards 2022” наадмын шилдэг энтертайнмент фэйшн шоу, “2023 WEB AWARDS” тэргүүн наадмын үндэсний онцлох брэнд ЖДҮ-ийн тэргүүн, Олон улсын топ мастер дизайнер шагналууд нь гэрчлэх ажээ. 

 

“Топ мастер”-ууд тодрох үдэш

 

Одоо эргээд “Princess Mongolian fashion”брэндийг үүсгэн байгуулагч Б.Номинсондорын зохион байгуулах загварын үзүүлэн тоглолт руу оръё. Монголд анх удаа зохион байгуулах энэ тоглолт олон улсын хэмжээний гэдэг тодотголтой байгаа нь учиртай. Уг тоглолт 2024 оны зургадугаар сард Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Дэлхийн олон орноос хүрэлцэн ирэх хувцас урлаачид, үзүүлэн толилуулагч гоо бүсгүйчүүд оролцох энэ тоглолт агуулга, цар хүрээний хувьд нүсэр болох нь гарцаагүй. Олон улсын хэмжээний “Топ мастер” хэмээх нэр хүндтэй шагналыг олгох онцгой эрхийг тус тоглолт мөн л анх удаа Монголд авч ирлээ. Монгол урлаачид эх орондоо “Топ мастер” цолыг авах том боломжийг нээж өгч байгаа нь загварын бусад үзүүлэх тоглолтоос ялгарах ажээ. Урд өмнө хувцас урлаачид энэ нэр хүндтэй шагналыг эх орныхоо тайзан дээрээс гардаж авч байсан түүх үгүй. Дэлхийн загварын том тоглолтуудад гардуулдаг шагналыг эх орондоо гардуулах онцгой эрхтэй болсон нь тус тоглолтын нэр хүндийг өсгөхөөс гадна монгол урлаачдын чадал чансааг дэлхийн загварын тайзанд гаргах зам, үүдийг нээж байгаа юм. Б.Номинсондор уг тоглолтыг зохион байгуулах болсны утга учир ч мөн үүнд оршино. Монголын хувцас урлаачид энэ том тоглолтыг тэсэн ядан хүлээж байгаа гэдэгт би лав итгэлтэй байна. Яагаад гэвэл энэ тоглолт загвар өмсөгчдийг бус хувцас урлаачдыг онцолно.


Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №048/24579/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 7 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 7 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 7 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 8 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 8 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө