Улаанбаатар амьтны хүрээлэн Хүүхдийн паркт буурь сэлгэлээ


Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркт байрлах өнгө өнгийн дөрвөн бөмбөгөр байшин руу орж, гарах хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Учир юу гэвэл, хүүхэд багачуудын очих дуртай газруудын нэг болох “Улаанбаатар амьтны хүрээлэн” буюу “Ulaanbaatar ZOO and Aquarium” тус газарт нүүн ирж, үүд хаалгаа дахин нээсэн явдал юм. Дахин нээсэн хэмээн тодотгосон нь тус газар санхүүгийн хямралд өртөж, хаалгаа барих болж, зарим амьтнаа үрчлүүлж, ашиглаж байсан эд хэрэгслээ хандивлах, худалдан борлуулахаа цахим хуудсаараа дамжуулан өнгөрсөн арванхоёрдугаар сард мэдэгдэж байсан юм. Тэгвэл төд удалгүй Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн дээр дурдсан тус барилгад жилийн дөрвөн улирал үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн тухай таатай мэдээллийг дуулгав. Энэ тухай цахим хуудастаа “Бид дахин ирлээ. Нэг хаалга хаагдахад дахин нэг хаалга нээгддэг гэж юутай үнэн бэ. Үнэхээр баярлаад баршгүй. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад жилийн дөрвөн улирал ажиллахаар болсноо дуулгахад таатай байна” хэмээн бичжээ. 

Тиймээс манай сурвалжлах баг шинэ байршилд үйл ажиллагаагаа эхлүүлсэн амьтны хүрээлэнгийн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр тус газрыг зорьсон юм. Дээрх мэдэгдлээс хойш буюу энэ сарын 6-наас эхлэн тус хүрээлэн өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд ажиллаж байна. Биднийг очиход нэлээд хөл хөдөлгөөн ихтэй байв. Ерөнхий боловсролын болон их, дээд сургуулийн оюутан% сурагчид амарсан болохоор энгийн өдрүүдээсээ хэт олон хүнтэй байгааг тус газрын ажилтнууд хэлж байлаа. Тэнд найзуудаараа, гэр бүлээрээ, ах, эгчтэйгээ гээд найман сартай балчраас наян настай буурай хүртэл явж байгаа харагдав. Аав, ээж нь “Одоо явъя” гэхэд “Үгүй ээ болоогүй байна. Жоохон байя тэгэх үү” гэж хошуугаа унжуулах, “Тэрийг хараа, энийг хараа, ямар хөөрхөн юм бэ” хэмээн гүйлдэх хүүхдүүдийн дүр зураг давтамжтай өрнөж байлаа. Хүүхэд гэлтгүй томчууд хүртэл “пөөх” хэмээн уулга алдаж байх нь тэр. 

Тус хүрээлэн анх 2017 онд 100 гаруй төрлийн амьтантай нээлтээ хийж байсан бол өдгөө 200 гаруй болтлоо тоо толгой нь нэмэгджээ. Тухайлбал, жигүүртэн, мэрэгч амьтан, хоёр нутагтан болон хэвлээр явагч, далайн, цэнгэг усны буюу аквариумын зэрэг 60 гаруй нэр төрлийн амьтан, шувуу байгаа аж. Хамгийн сүүлд бөдөн шувууны сүргээр амьтдынхаа төрлийг нэмжээ. Ийн олон төрлийн, элдэв зан ааштай амьтад тэжээхэд асаргаа, арчилгаа сувилгаа хамгийн чухал болохыг тус амьтны хүрээлэнгийн ажилтан Б.Лодойсамбуу тодотголоо. Тэрбээр “Амьтдын амьдарч буй орчин нөхцөл, бас өөрийг нь цэвэрхэн байлгахаас гадна идэш тэжээл, хоол ундад нь сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол тэдний бие, гэдэс дотор амархан хямардаг. Дийлэнх амьтнаа өдөрт хоёр удаа хооллодог. Бие физиологийн онцлогоос нь шалтгаалж, зарим амьтныг долоо хоногт 1-2 удаа хооллох тохиолдол бий. Цэвэрхэн, дулаан, тав тухтай байлгах зорилгоор доор нь дэвсдэг модны үртсийг долоо хоног бүр сольдог” гэлээ. 

Тэд амьтдаа хооллох, байр савыг нь цэвэрлэх, усанд оруулахаас гадна хамт тоглох, эрхлүүлэхэд хүртэл цаг зарцуулдаг гэнэ. Хүүхдүүд усан гахай, сармагчин, туулай, матар, могой зэрэг амьтныг илүү сонир­хож, тэдний талаар лавлаж тодруулдаг байна. Тэдний нэг бол талбайн голд байрлах шилэн хоргон доторх хоёр матрыг харж, үе үе шилийг нь тогшин зогсох хүү М.Золбаяр. Тэр нийслэлийн ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн тавдугаар ангийн сурагч. Тэрбээр “Би амьтны хүрээлэнг хоёр дахь удаагаа үзэж байна. Гэхдээ үүнээс өмнө өөр амьтны хүрээлэн үзсэн. Одоо үзэж байгаа амьтны хүрээлэн илүү олон амьтантай юм байна. Ялангуяа жижиг амьтад нь хөөрхөн санагдсан. Том амьтдаас матар их сонирхолтой юм билээ. Яагаад гэвэл, энэ шилэн хоргон дотор байгаа хоёр матрын нэг нь намайг энд орж ирснээс хойш огт хөдлөөгүй. Яг хөшөө шиг нэг л байрлалд байна . Ах бид хоёр энд орж ирээд 30 орчим минут болж байна” хэмээн ярих зуур бидний хажуугаар өнгөрч байсан ажилтнаас “Ах аа, энэ матар яагаад хөдлөхгүй байгаа юм бол” хэмээн асуухад тэрбээр “Хүмүүс ийм байдалтай байгааг нь хараад чихмэл гэж андуурдаг. Матар хоол хүнсээ зажлахгүй бүтнээр нь залгиж иддэг тул түүнийгээ шингээж, боловсруулахын тулд уснаас гарч хуурай, дулаан газарт хөдөл­гөөнгүй удаан хэвтдэг юм. Ус руу орсон үед нь хоол тэжээлийг нь өгдөг. Тахианы ястай, ясгүй мах ээлжилж өгдөг. Заримдаа загасны мах өгнө. Долоо хоногт хоёр удаа хооллодог” хэмээн хариулав. 

Том хүн, хүүхдийн тасал­бар ялгаагүй 8000 төг­рөгийн үнэтэй. Хам­­гийн таатай нь амьт­ны хүрээ­лэн үзэхэд цагийн хязгаар байх­гүй. Хүссэн хугацаа­гаа­­раа үзэж, бас зураг татуу­лах боломжтой. Дөрвөн найз амьтан бүрийн тайл­бар мэдээллийг уншиж, нэгбүрчлэн үзэж сонирхон зураг хөрөг татуулахад хоёр цагийг зар­цуул­жээ. Тэдний нэг болох 47 дугаар сургуулийн наймдугаар ангийн сурагч М.Сондорын сэтгэгдлийг сонслоо. Тэр тэмээн хяруул, темон хоёрыг онцлон ярьж бай­лаа. Тэрбээр “Энд байгаа бүх амьтан сонирхолтой санагдаж байна. Ялан­гуяа “Араатны хаан арслан” гэдэг хүүхэлдэйн кинон дээр гардаг тимон үнэхээр сонирхолтой санагдлаа. Биднийг очиход нэг гэр бүл шиг бөөнөөрөө хэвтэж байсан. Нэг нь хойд хоёр хөл дээрээ зогсоод юм ажиглаад хараад байсан. Бас тэмээн хяруулыг бодитоороо ийм дүр төрхтэй харагддаг гэж төсөөлөөгүй” гэсэн бол аав, хоёр дүүтэйгээ явж буй “Орхон Хасү” сургуулийн гуравдугаар ангийн сурагч Г.Мишээл “Би амьтны хүрээлэн үзэх дуртай. Аав, ээж бидэнд олон удаа үзүүлж байгаа. Үзэх болгонд гоё санагддаг. Бас шинээр амьтан нэмэгдсэн байдаг. Би туулай, усан гахайнд хүрч үзсэн. Хөөрхөн бай­сан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Хүүхдүүдийн сонирхож буй тимоны сүрэг ойрол­цоо­гоор 25 орчим дуу авиагаар хороондоо ойл­­голц­­дог байна. Нэг нь сүргээ толгойлж удирд­­даг маш нарийн зо­хион байгуулалттай аж. 

Энэ мэт олон амьтан, загас, шувууг үзэн сонир­хож буй хүмүүс дундаас нэгэн буурай нүдэнд тод тусав. Хүүхэд шиг үсэрч харайх нь холгүй тойрч буй түүнийг М.Наранцэцэг гэдэг. Тэшүүрийн спортын мастер бөгөөд өдгөө 85 насыг зооглож байгаа аж. Тэрбээр “Эмээ нь ач, гучтайгаа хамт явж байна. Хүүхдүүд хөөрч, баярлаад сүйд. Тэрийг хараа, энийг хараа гээд л гүйлдээд байна. “Явъя” гэсэн “Эмээ болоогүй байна. Та гадаа хүлээж байх юм уу” гээд гарах шинжгүй шүү. Тэгэхээр нь эмээ нь хэд хэд тойрч үзээд нөгөө хэдийгээ хүлээгээд зогсож байна. Могой, матар, гүрвэл гэх мэт зэрлэг амьтныг шилэн хоргон дотор тэжээж, амьдруулж чадаж байгаа нь бахар­халтай. Олон төрлийн янз бүрийн ааш авиртай амьтдыг нэг дор тэжээхэд их хүч хөдөлмөр, арчилгаа шаардаж байгаа байх даа. Энд ирсэн чинь залуу насны сайхан дурсамж сэдэрч байна /инээв/. Эмээ нь тэшүүрчин байсан юм. Залуу байхдаа өвөл энэ цэцэрлэгт хүрээлэн дотор гулгадаг байлаа шүү дээ. Сул талбайд нь ч юм уу нэг хэсэгт нь мөс тавьж, тоглох, гулгах зориулалтаар ашиглаасай гээд л бодоод зогсож байна. Энэ амьтны хүрээлэн шиг хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, танин мэдэхүйн мэдлэг боловсрол олгох үзвэр үйлчилгээний газрууд олон болоосой” хэмээгээд хүн бүр, хүүхэд бүрийг амьтны хүрээлэн үзэхийг уриалав. 

Амьтны хүрээлэнд дөрвөн төрлийн могой байдаг аж. Могой байгаль дээр дунджаар 15 жил амьдардаг бол тэжээж буй нөхцөлд 20-25 жил насалдаг байна. Ер нь тэжээвэр амьтад байгаль дээрхээсээ удаан хугацаанд амьдардаг аж. Тус хүрээлэнг анх нээлтээ хийж байхад монош байсан хоёр сармагчин өсөн томорч, нас биед хүрчээ. Тэд хүнтэй адилхан идэш тэжээлтэй. Сармагчин монош байхдаа илүү их асаргаа арчилгаа шаарддаг гэнэ. Зуны улиралд долоо хоногт 1-2 удаа усанд оруулдаг бол одоо хүйтэн байгаа тул ханиад томуу тусаж, хатгалгаа авахаас болгоом­жилдог тухай хүрээлэнгийн ажилтан хэллээ. Тэрбээр “Иддэг жимсийг нь заавал угааж өгөх ёстой. Угаагүй өгсөн тохиолдолд гэдэс нь амархан хямардаг. Сармагчин их ухаантай амьтан. Сайн хандаж, эрхлүүлж байгаа хүнийг андахгүй. Чанга дуугаар загнасан хүнээс юм авдаггүй. Сэтгэл санаагаар унасан, өвд­сөн үедээ сармагчны хөдөлгөөн багасдаг” гэлээ. 

“Улаанбаатар амьтны хү­рээлэн” Үндэсний соёл ам­рал­­тын хүрээлэнд өмнө нь зөвхөн зуны цагт 20 орчим амьтан­тайгаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин энэ удаад хамтын ажил­лагаагаа өргөжүүлэн ийнхүү жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулахаар боломж олгосон Үндэсний соёл амрал­тын хүрээлэнгийн үйл ажил­лагааны газрын захирал Б.Ариун­жаргалтай цөөн хором ярилц­лаа. Тэрбээр “Бид хам­тарч ажиллахаар болсноор амьтны хүрээлэн дахин үүд хаалгаа нээгээд байна. Энд нүүж ирснээр байршлын давуу талтай болохоос гадна дөрвөн улирлын турш нээлттэй, үйл ажиллагаа явуулах боломжтой болсноороо онцлог. Манайх 20 гаруй тоглоомтой. Тэдгээрт энэхүү амьтны хүрээлэн багтдаг. Амьтны хүрээлэнгийн салбар дулааны улиралд бол тоглоом багцын тасалбарт багтдаг. Жишээлбэл, дөрвөн тоглоомон дээр тоглох эрхтэй 20 мянган төгрөгийн тасалбар гэж бий. Үүнийг авсан тохиол­долд дуртай гурван тоглоо­м дээрээ тоглоод, нэг тоглоом­ныхоо оронд амьтны хүрээлэн үзэх боломжтой. Одоо бол тоглоом ажиллахгүй байгаа учраас багцын тасалбар байхгүй. Зөвхөн амьтны хүрээлэнд зориу­лан гаргасан 8000 төгрөгийн тасалбарыг худалдан авч үйлч­лүүлнэ. Бид ирэх дөрөв­дүгээр сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ бүх тоглоомоо нэгэн зэрэг ажиллуул­даггүй. Тоглоомын хөдөлгүүр ямар нөхцөлд ажиллахаас шалтгаалж шат дараатай нээдэг. Одоогоор бэлтгэл ажлаа хангаж байна” хэмээн ярилаа. 

Ном, үлгэр, кинонд гардаг олон төрлийн амьтныг илүү ойроос бодитоор нь харахыг хүсвэл Үндэсний соёл амралтын хүрээлэнд үүд хаалгаа нээсэн “Улаабаатар амьтны хүрээлэн”-г зориорой. 


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 3 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 6 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 6 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 6 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 6 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 8 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 8 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 8 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 8 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 8 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 8 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 8 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 8 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 8 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 8 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 8 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 9 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 9 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 9 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 9 цагийн өмнө