“Авьяаслаг монголчууд-2016” шоуны ялагч, “Нуугдсан эрдэнэ” хэмээх тодотголтой О.Энх-Эрдэнэ "America’s Got Talent: Fantasy League" шоунд оролцон шуугиулж эхэллээ. Тэрбээр "Авьяаслаг америкчууд" шоуны шүүгчдийг гайхшируулж, шүүгч Хэйди Клумын багт багтсан байна. Шоуны шүүгчид О.Энх-Эрдэнийг “Ам барьж дуулж байгаа юм уу” гэж гайхан ярилцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаад байгаа юм.
Монголын телевизийн урлаг олон ангит Солонгос кино, хошин шогийн тоглолтоос өөр үзэх гавьтай контентгүй байсан үе бий. Харин дэлхийн хэмжээний контентуудыг албан ёсны зөвшөөрөлтэй оруулж ирснээр амралтын өдрүүдээр үзэгчдийг жинхэнэ утгаараа телевизорын өмнө уяж эхэллээ. Английн нэрт продюссер Саймон Коуэлын дэлхий даяар тарсан бүтээлийн нэг хэсэг “Авьяаслаг монголчууд” шоу ийм контентуудын нэг яах аргагүй мөн. “Авьяаслаг монголчууд” шоуны оролцогч бүр шинэ сонин содон, гайхалтай үзүүлбэрүүдээр үзэгчдийг баясгаж анх “Халтар царайт” хэмээх Венесуэлийн телевизийн олон ангит кино гарч байх үеийнх шиг гудамж хоосорч, хүн бүр өөрийн сонгосон оролцогчдыг дэмжин телевизорынхоо өмнө суун өндөлзөж байв. Тус шоуны оролцогчоос үзэгчдийн таашаалыг хамгийн их татсан оролцогчоор 2016 оны ялагч “Нуугдсан эрдэнэ” тодотголтой Эрдэнэт хотын залуу О.Энх-Эрдэнэ тодорсон гэдэгтэй маргах хүн одоо байхгүй биз. Шоуны хоёр дугаар улирлын ялагч О.Энх-Эрдэнийн дуулалт эхнээсээ л үзэгчдийг алмайруулж, тайзан дээр гарсан анхны тоглолтоороо үеийнхээ охидын зүрхийг байлдан дагуулж эхлэв. Тухайн үед залуу дуучны тоглолтыг үзэх гэж долоо хоногийн амралтын өдрүүдийг тэсэж ядан хүлээх шүтэн бишрэгч охидын тоо дугаараас дугаарын хооронд гэрлийн хурдаар өсөж байсан гэхэд хилсдэхгүй. Түүний дуулалтыг сонссон классик хөгжим сонирхогчид “Монголд төрсөн Элвис Пресли” хэмээн шагшран дуу алдаж байв. Би лав тэдгээр классик хөгжим сонирхогчидтой санал зөрөлдөөгүй юм даг. Түүний даруухан төрхөнд зохицсон аргил хоолой яг л Америкийн кантри хөгжмийн хэмнэлд зориулагдсан мэт. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны төгсгөлийн шатанд Майкл Бублегийн “Feеling good”-ийг дуулсан нь шүтэн бишрэгчдийнхээ цусыг хөөргөж, цөсийг нь буцалгаж орхив. Үл мэдэг инээмсэглэн дохих гарын донжтой хөдөлгөөн, америк үхэрчин залуусын хэв маягийн хувцаслалт нь үзэгчдийн дунд “даруухан монгол ковбой” дүр төрхийг бүрдүүлсэн. Ийнхүү сүр дуулиантай шоуны хоёрдугаар улирлын ялагч болсноосоо хойш хэсэг хугацаанд таг чиг байсан залуу цар тахлын хөл хорионы үеэр Цагаан сарын нэвтрүүлэгт оролцон шүтэн бишрэгчдэдээ гэнэтийн бэлэг барин баярлуулав.
“Монгол ковбой” О.Энх-Эрдэнэ 2019 онд АНУ-ын “CBS” телевизийн шоу нэвтрүүлэг болох “The World’s Best” тэмцээний шилдэг 13-т багтсан байдаг. Тэмцээний эхний шатанд “Amarillo By Morning”дууг классик кантри хоолойгоор дуулж эхлэхэд амаа ангайн гайхширах Дрью Бэрримор, Фэйт Хилл, итгэмээргүй дуу хоолойд автсан Өмнөд Африкийн дуучин Лира гайхширан гараа илж буй дүрс бичлэг монгол залуугаар бахархах омогшлыг төрүүлж билээ. Дэлхийн нийт 38 орноос цугларсан туслах 50 гаруй шүүгчийг “Mongolia’s Got Talent” шоуны оролцогч алмайруулж орхисон. Энэ шоу нь дэлхийд алдартай UFC тулаанч, дуучин, жүжигчин, загвар өмсөгч гэх мэт олон улсын урлаг, спортын салбарын дэлхийд нэрд гарсан төлөөллүүд шүүгчдийнх нь бүрэлдэхүүнд багтдагаараа онцлогтой. Гэвч шигшээ тоглолтод О.Энх-Эрдэнэ, Энэтхэг улсаас оролцож буй төгөлдөр хуурч Лидиан Дазлстай өрсөлдөж, ялагдан шоугаа өндөрлүүлж байв.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна