“Дэлхийн хүн” цувралынхаа энэ удаагийн дугаарт Америкийн шүтээн дуучин Тейлор Свифтийг онцоллоо. Хөгжмийн ертөнцөд гаргасан амжилтаараа Гиннесийн зургаан дээд амжилтыг эзэмшдэг түүнийг 2023 онд “Тайм” сэтгүүл хамгийн нөлөө бүхий алдартнаар нэрлэсэн билээ. Тэрбээр америкчуудыг байлдан дагуулсан аялан тоглолтоороо тэрбумтнуудын эгнээнд багтсан. “Эрас” аялан тоглолтын цэвэр ашиг 500 сая ам.доллароор хэмжигдэж байна. Тасалбар захиалгаас болж Ticketmaster сайт ачааллаа дийлэлгүй доголдож байв. Тейлор Свифт урлаг, спортоос хөндий хүмүүсийн анхаарлыг татсан дуучин. Конгрессын гишүүд тоглолтын орлогод эргэлзэхэд хүрсэн гэдэг. 2023 оны Тейлор Свифтийн жил байсан гэхэд буруудахгүй. Тэр дэлхийн гол дүр болсон. Дуучин бүсгүй хорин жилийн карьерынхаа оргилд хүрчээ. Хэрвээ шоу ертөнцийг бизнес гэвэл тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй эзэнт гүрэн байгуулжээ. Энэ бол шоу бизнесийн мөн чанарыг ойлгож, ашиглаж чадсаны үр дүн юм.
Газар доргиосон “Эрас”
Таван тивийг дамнан 151 тоглолт хийх нүсэр төлөвлөгөөгөө өнгөрсөн жил эхлүүлжээ. Энэ бол Тейлор Свифтийн урлагт хөл тавьснаас нь хойших зургаа дахь аялан тоглолт. “Эрас” тоглолтоороо хоёр жилийн хугацаанд дэлхийг тойрон аялахаа зарласан. Тоглолтын утга нэрнээсээ эхлээд л түүний хөгжимтэй холбогдсон бүхий л эрин үе гэсэн санааг илтгэнэ. Калифорни мужийн Глендейл хотоос эхэлсэн анхны тоглолтын ашиг 2023 оны “Супербоул”-ын орлогоос давсан. Тэр үдэш нэг үзэгч дунджаар 1300 ам.доллар зарцуулжээ. Тайзан дээр бүрдүүлж буй Тейлорын стил бүсгүйчүүдийн харцыг булаагаад зогсохгүй, “Vogue”, “Harper’s Bazaar” зэрэг загварын сэтгүүлийн онцлох сэдэв болсон. Шоуныхаа турш “Versace” загварын ордон, Роберто Кавалли, Оскар де ла Рента нарын тусгай загваруудаас өмсжээ. Бүрдүүлсэн дүр төрх бүр нь түүний карьер дахь тодорхой цаг үеүдийг илтгэснээрээ онцлог юм. Тухайлбал, 2011 оны “Fearless” аялан тоглолтынхоо үеэр өмссөн саглагар, алтан шаргал богино даашинзтай төстэй загварыг Роберто Кавалли зохион бүтээжээ. Энэ тухай дуучин бүсгүй “180 минутын хугацаанд 16 удаа хувцас сольж, тайзан дээр шумбаж, сэлж байгаа мэт харагдах оптик хуурмаг үзэгдэлтэй нүсэр төсөл. Гурван сарын турш гүйлтийн зам дээр гүйнгээ дуулж бэлтгэл хийсэн” гэжээ. Аргентин, Бразил, Мексикт болсон аялан тоглолтыг дурдах нь зүйтэй. Рио-де-Жанейрогийн хэт халуун цаг агаараас болж тоглолтын үеэр эмх замбараагүй байдал үүсэж, шүтэн бишрэгч бүсгүй нас барсан. Тейлор Свифт инстаграмдаа “Зүрх шархалж байна” гэж бичээд шоуны хуваариа өөрчилжээ. Аргентины хамгийн том “Монументаль” цэнгэлдэхийг Тейлор Свифт гурван өдрөөр түрээслэв. Улмаар Месси ахлагчтай Аргентины шигшээ баг Уругвайн шигшээтэй ДАШТ-ий урьдчилсан тоглолтоо “Ла Бомбонера” цэнгэлдэхэд хийсэн. Харин энэ жил “Уэмбли”, “Сан Сиро”, “Сантьяго Бернабеу”, “Энфилд” зэрэг хөлбөмбөгийн түүх бичилцсэн цэнгэлдэхэд тоглолтоо хийнэ. Спортын хорхойтнуудын өнцгөөс харвал Тейлор хөлбөмбөгтэй олон талаар холбогдсон уран бүтээлч. 2026 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авах АНУ-ын 11 цэнгэлдэх хүрээлэнгийн аравт нь тоглолтоо хийсэн. ФИФА “Эрас” аялан тоглолтын хөтөлбөр, зохион байгуулалтыг судалж дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр замын хөдөлгөөний түгжрэл, хүмүүсийн урсгал, аюулгүй байдлыг зохицуулахаар болжээ. Эл судалгаанд үндэслэн ДАШТ-ий финалын тоглолтыг аль цэнгэлдэхэд хүлээн авахаа шийдэх аж. Тэгэхээр “Эрас” тоглолт ашиг орлогоос илүүтэй дэлхийн хэмжээний тэмцээний зохион байгуулалтад нөлөөлж байна. Супербоулын хошой аварга, америк хөлбөмбөгийн од, “Канзас сити чифс” багийн Трэвис Келситэй үерхдэг ч “Супербоул”-ын шоуны урилгаас хоёр ч удаа татгалзжээ. Попын хаан Майкл Жексон, Мадонна нарын татгалзаж зүрхлээгүй саналыг хүлээж аваагүйнхээ төлөө спорт сонирхогчдын шүүмжлэлд өртсөн. “Шилдгүүдийн тайз” гэгддэг уг шоунд дуулсан уран бүтээлчийн цомог, атрибутикийн борлуулалт огцом нэмэгддэг. Тейлорын хайрын шинэ түүх хэвлэл мэдээллээр ил болсны дараа Трэвис Кэлсийн нэр “Google”-ийн хайлтад тэргүүлж, сошиал дагагчдын тоо нь хагас саяар нэмэгджээ. “Канзас сити чифс” багийг дэмжигч бүсгүйчүүдийн тоо 63 хувиар нэмэгдсэн гэсэн статистик бий. Тэр ч байтугай “Нью-Йорк таймс” сонинд “Трэвис Кэлси од байсан. Гэхдээ Тейлор Свифт түүнийг “Сансарт хүргэлээ” хэмээн бичсэн удаатай. Тейлор Свифтийн аялан тоглолт жижиг орнуудын эдийн засагтай дүйцэхүйц хэмжээний орлого олжээ. Энэ жил Европ, Азийн орнуудаар аялан тоглохдоо шоу бизнесийн түүхэнд шинэ амжилт тогтоох нь дамжиггүй. Түүнийг 1.4 тэрбум ам.доллар ашиг олно гэж тооцоолж байна. “Эрас”-аас сэдэвлэсэн баримтат кино нь өдгөө “Box Office”-д ноёрхож байна. Кинонд “33 нас миний карьерын эргэлтийн цэг байсан. Би анх удаа оюун санааны хувьд хүчирхэг байв” гэжээ.
Кантри, поп бас фолк
Есөн наснаасаа мюзикл сонирхож, Беркийн залуучуудын театрт тоглож эхэлжээ. Тэр үеэс л Тейлор амралтын өдрүүдээ урлагийн тоглолт, баяр цэнгүүнд дуулж өнгөрүүлнэ. Дуурийн дуучин эмээ нь түүнд олон талаар нөлөөлсөн. Эмээ Маржори нь гайхалтай сопрано хоолойтой байв. Тейлор эмээгийнхээ дуулахыг сонсох гэж ням гараг бүр сүмийн цуглаанд очдог байжээ. Хөгжмийн карьераа эхлүүлэхээр 11 настайдаа ээжтэйгээ Теннесси мужийн Нэшвиллийг зорьжээ. Дуу бичлэгийн студиэс татгалзсан хариу сонссон ээж нь "Тейлорын мөрөөдөл энэ хотын бүх хүний хүсэлтэй ижил байлаа. Тиймээс ялгарах арга замыг олох хэрэгтэй болсон” хэмээн хожим ярьжээ. Охиноо 12 настайд нь хөгжимчин Ронни Кремерээр гитар залгуулав. Тейлор хэдхэн сарын дараа "Lucky you" анхны дуугаа бичжээ. Ээж нь хөгжмийн зуучлагчидтай уулзаж, уйгагүй явсны эцэст Нью-Йоркийн Дэнн Дымтров менежертэй холбоо тогтоов. Дэнн 14 настай Тейлор Свифтийг кантри хөгжмийн ертөнцөд замчилсан юм. Свифт 2005 онд 16 насандаа “Big Machine Records” студитэй гэрээлж, жилийн дараа анхны “Tim McGraw” цомгоо гаргасан нь “Биллбоард-200” жагсаалтад багтаж, “Our Song” дуугаараа кантри сонсогчдод танигджээ. “Tim McGraw” бүх цаг үеийн хамгийн олон шагнал хүртсэн кантри цомог болсон. 2008 онд бичүүлсэн "You Belong With Me" , "Love Story" дуугаараа “Грэмми” авардсаас дөрвөн шагнал хүртжээ. Свифт 2014 оноос поп урсгалаар уран бүтээлээ туурвиснаа зарлаж тав дахь цомгоо худалдаанд гаргав. “1989” цомог нь түүний алдар нэрийг дэлхийд цуурайтуулсан. Дууны зохиолчийн тухайд түүнийг Боб Дилан, Пол Маккартни, Жони Митчелл нартай эн зэрэгцүүлдэг. Цар тахлын үеэр фолк урсгалд хүч сорьж, “Midnights” цомгоо 2022 онд худалдаанд гаргасан нь борлуулалтаараа тэргүүлжээ. Тэрбээр “Грэмми”-ийн 12 шагналтай, Гиннесийн 98 дээд амжилтыг эзэмшдэг. Tүүний карьерын зогсолтгүй өсөлтийг тууштай байдал, аялан тоглолтуудтай холбон тайлбарладаг. Мөн "Swifties" гэж нэрлүүлэх хэмжээнд хүртлээ үнэнч байсан фэнүүдийн хүч юм. Найруулагч Грета Гервиг “Тэр бол “Феминист барби”. Эмэгтэй хүн ямар ч дүрд хувирч болдгийг уран бүтээлээрээ харуулсан. Эмзэг, ялсан, хөгжилтэй, гунигтай бүх төрхийг "дуулдаг". Дотоод ертөнцийнхөө гүнээс хөгжмөө бичдэг учраас сонсогчдын сэтгэлд шууд тусдаг” гэжээ. Тейлор “Валентины өдөр”, “Муур”, “Амстердам” уран сайхны кинонд дүр бүтээж, зарим дууныхаа клипийг найруулсан байна.
Тейлорын нөлөө
Шоу бизнес бол зэвсэг, хар тамхины наймааг ардаа орхисон салбар. Салбартаа супер ашигтай ажилладаг оддын жагсаалтыг Тейлор Свифт зүй ёсоор тэргүүлдэг. “Эрас” аялан тоглолтын тасалбар худалдаанд гарсан эхний өдрөө хоёр сая хувь зарагдахад АНУ-ын Хууль зүйн яамнаас шалгаж, Сенатын сонсгол хийсэн байдаг. Тайланд, Унгар, Чилийн Засгийн газар дуучин бүсгүйг урьсныг “Тейлорын эффект” гэж нэрлэсэн. Зарим хотын захиргаа “Эрас” тоглолтоо хийсэн цэнгэлдэх, гудамжийг Тейлор Свифтийн нэрэмжит болгохоо мэдэгдээд байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан (Сангийн яам) Тейлор Свифтийг эдийн засгийн өсөлтийн шалтгаан гэж онож тодорхойлсон. Эдийн засгийг нуруундаа үүрнэ гэдэг нэг хүнд хэтийдсэн ачаа. Урлагийг бизнестэй хослуулсан дуучин бүсгүйн маркетингийн тухай Харвардад хичээл орох болсон. Тэр ч байтугай “USA Today” сонин “Дуучин Тейлор Свифтийн тухай бичдэг сэтгүүлч ажилд авна” гэсэн зар гаргажээ. Ажлын байрны шаардлага нь Свифтийн аялан тоглолт болон удахгүй гарах цомгийн талаар сэтгэл хөдөлгөм мэдээлэл, уран бүтээл, замналын талаар сайтар дүн шинжилгээ хийх байв. Яах аргагүй түүний зочилсон хотод эдийн засгийн мини өсөлт ажиглагддаг. Түүний аялан тоглолтын дараа АНУ-ын ДНБ-ий хэмжээ 4.3 тэрбум ам.доллароор нэмэгджээ. “Форбс”-ын тооцоолсноор дуучин бүсгүй 1.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Тэр бол урлагаас төрсөн дэлхийн гурав дахь тэрбумтан. Худалдаанд гаргасан найман цомгоосоо 125 сая, стриминг үйлчилгээнээс 175 сая ам.долларын ашиг олжээ. Түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 110 сая ам.доллароор хэмжигдэж байна. 97 сая ам.долларын хөрөнгө эзэмшдэг муур нь дэлхийн чинээлэг тэжээвэр амьтны жагсаалтын гурав-дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №002/24581/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна