“Хүнс групп”-ийн гүйцэтгэх захирал Т.Баттүвшинтэй ярилцлаа.
-Монгол Улс хүнс импортлогч улс байхаа больж экспортлогч улс болох тухай ярьж байна. Танай компани хүнсний нэлээд том үйлдвэрлэгч, энэ талаар ямар бодлого барьж байгаа вэ?
-“Хүнс групп” БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүн албан ёсоор экспортлох эрхтэй анхны аж ахуйн нэгж болсон. Энэ нь бид компанидаа төдийгүй салбартаа хөрөнгө оруулж чадсаны үр дүн болов уу. Анх 2017 онд БНХАУ-д экспортлох шалгаруулалтад орж эрх авсан. Тэр үед үйлдвэртээ иж бүрэн засвар хийн БНХАУ-ын Мал эмнэлэг хорио цээрийн газрын шаардлагын дагуу бичиг баримтаа боловсруулан тэнцэж байсан. 2017-2023 он хүртэл хиаман бүтээгдэхүүн экспортлоогүй юм. Учир нь, тэр үед хятад иргэд монгол малын махыг сонирхож байсан ч хиаман бүтээгдэхүүнийг сонирхохгүй байв. 2017 оноос хойш махны олон үйлдвэр хонь, үхрийн махыг чанаж хөлдөөсөн байдлаар танилцуулсан. Энэ үеэс монгол малын махны амтыг мэдэрсэн байх. Уг нь бид махаа чанаж биш шинээр нь гаргах хэрэгтэй. Гэтэл өвчтэй байх эрсдэлтэй гэж үзэн БНХАУ-ын Мал эмнэлгийн хорио цээр гаалийн газраас хонь, үхрийн махыг чанаж, хөлдөөж худалдан авах шаардлага гаргасан. Энэ шаардлагын дагуу манай үйлдвэрүүд хонь, үхрийн мах экспортолж байна. Хятад иргэд сүүлийн үед Монголын хиамыг махны орц ихтэй хэмээн ихэд сонирхож байна. Ингэснээр бид Өвөрмонголын “Замч” ХХК-тай гэрээ байгуулж монгол малын махаар хийсэн дөрвөн төрлийн утлагат хиамыг экспортолж байна. Мөн БНХАУ-д экспортлох эрхээ 2028 он хүртэл сунгасан.
-Бусад улс оронд нийлүүлэлт хийж байгаа юу, чанар стандартын хувьд өөр байдаг уу?
-Манай компани БНХАУ руу дулааны аргаар боловсруулсан хиаман бүтээгдэхүүн, Өмнөд Солонгос улс руу гэрийн тэжээмэл амьтан нохой, муурны хоолны тэжээл бүтээгдэхүүнүүд, мөн савласан хуурай болон нойтон хоолнууд, Япон руу адууны мах, Узбекистан руу үхрийн мах болон махан бүтээгдэхүүн, Казахстан руу хиаман бүтээгдэхүүн, ОХУ-д хиаман бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй. Түүнээс тогтмол хийж байгаа экспорт бол Хятад, Солонгос. Харин Узбекистан руу бүтээгдэхүүн гаргах ажил эхний шатанд байна.
Экспортод тавих шаардлага олон янз байдаг. Улс үндэстний өөрсдийнх нь соёлын ялгаанд суурилсан онцлогууд болон эрэлт байна. Хүнсний бүтээгдэхүүн, хүнс бэлтгэл, түүхий эдэнд тавьж байгаа шаардлага өөр, савлагаан дээр тавигдаж байгаа стандарт нь ч өөр байх жишээтэй. Тэр бүгдэд нийцүүлж ажиллана гэдэг хариуцлагатай ажил. Нөгөө талаар биднийг илүү туршлагажуулж, сорилттой тулгарч, цаашаа хөгжих боломжийг олгож шинэ ноу-хоу олж авахад дөхөм болдог.
-Экспортын эрх авах тийм ч амар биш, ариун цэвэр, стандарт дээр нь Монгол малын эрүүл мэнд ч яригдах байх. Хүндрэл бэрхшээл хэр байв?
-Монгол Улсад мах махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн салбар өндөр түвшинд хөгжсөн гэж хэлэхэд хэцүү. Эхлээд Монголд малын мах эрүүл үү гэдгийг харгалзах ёстой. Дараа нь экспорт яригдана. Цаашдаа энэ салбарыг бодитойгоор хөгжүүлье гэвэл хагас эрчимжсэн аж ахуйг анхаарах ёстой. Таван хошуу малаа үржүүлэх, цаашлаад мах бэлтгэлийн зориулалтаар ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах тухай яригдана. Олон сая малаа эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монголын эдийн засагт томоохон хувь нэмэр болж чадна. Тиймээс юуны өмнө бид малын махыг эрүүл байлгахад анхаарах хэрэгтэй. Дараа нь салбар дотроо боловсруулах үйлдвэрүүдэд технологийн болон стандартын шинэчлэлүүдийг хийх нь чухал. Ингэснээр дэлхийн стандарт руу ойртож очно. Дэлхийд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах чиг баримжаатай болно.
-Экспортод гаргах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх техник технологийн шинэчлэл хийсэн үү?
-Экспортод бараа бүтээгдэхүүн гаргах нь хариуцлагатай ажил. Тэр утгаараа улсын нэр хүнд дагалдаж явдаг. Бид ХБНГУ-ын хамгийн шилдэг “Мультивак” компанитай хамтран бүрэн савлагааны автоматажсан шугамыг нэвтрүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ бол олон улсад хэрэглэж байгаа хамгийн өндөр стандартын шаардлага хангасан эрүүл, найдвартай технологи. БНХАУ ч энэ технологийг хүнсний салбартаа хэрэглэдэг. Ингээд харахаар манай салбар хөгжих боломжтой. Зөвхөн “Хүнс групп”, “Хүнс комплекс” компанийн асуудал биш, Монголын хөдөө аж ахуйн салбар, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбар, боловсруулах үйлдвэрлэлийн салбар хөгжиж, дэлхийн жишиг рүү ойртож байна. Тийм ч учраас бид дотоодын зах зээлд, иргэдийн хүнсний хэрэгцээг чанарын шаардлага хангасан, бүтээгдэхүүн нийлүүлж байна гэсэн үг.
-Эрүүл аюулгүй хүнс, гарал үүсэл нь тодорхой малын мах хэрэглэхэд худалдан авагчид онцгой анхаарах болж. Энэ талаар компанийн зүгээс ямар ажил хийж байгаа вэ?
-Өнгөрсөн онд “Хүнс групп” үүсгэн байгуулагдсаны 31 жил ой тохиосон. Ойн жилээ бид Чехийн буцалтгүй тусламжаар Европын стандартын чанарын шаардлага хангасан мах бэлтгэлийн “Чингис рөүд” үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Үйлдвэр ашиглалтад орсноор “Хүнс комплекс” компанийн түүхий эд бэлтгэн нийлүүлэх, тасралтгүй экспортод чиглэсэн болон дотоодын зах зээлд үйлдвэрлэж байгаа махан болон хиаман бүтээгдэхүүн эрүүл, чанарын шаардлага хангасан, түүхий эд материал хэрэглэх боломж нь бүрдсэн.
Эрүүл махны асуудал таны хэлдгээр хөндөх сэдэв мөн. Бидний өнөөдрийн ахуйн хэрэглээний мах эрүүл үү, үгүй юү гэдэг эргэлзээ, таамаглал нийгэмд яригддаг. Монгол хүний эрүүл мэндтэй холбоотой учраас ярих нь ч зөв. Мах бэлтгэлийн үйлдвэр малыг анхан шатнаас нь эрүүл эсэхийг ангилдаг. Эрүүл мал байвал дараагийн шатанд малаа төхөөрөх мах бэлтгэлийн процесс руу ордог. Мөн эрүүл бус малаа эрүүлжүүлэх бүстэй. Тиймээс эрүүл биш малаа эрүүлжүүлэх процесс үргэлжилдэг. Харин эрүүл малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг.
Салбарын хувьд махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдийн техникийн зохицуулалт батлагдаж 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд мөрдөж эхэлсэн. Энэ нь та бидний хүнсэнд хэрэглэж байгаа махыг зориулалтын стандарт шаардлага хангасан, мал төхөөрөх үйлдвэрт төхөөрсөн байхыг шаардсан эрх зүйн орчинтой болсон гэсэн үг. Энэ шинэ зохицуулалт хэрэгжиж эхэлснээр салбарт том өөрчлөлт орж, боловсруулах үйлдвэрүүд заавал төхөөрөх үйлдвэртэй байна, эсвэл төхөөрөх үйлдвэрээс махаа авсан байхыг шаардах болсон. Нөгөө талд хэрэглэгч эрүүл бүтээгдэхүүн хэрэглэх боломжтой болж, үнийн хөөрөгдөлгүй мах хэрэглэж эхэлж байна. Ченжийн тогтолцоо нэг талдаа халагдаж байна. Мэдээж шинэ зохицуулалт жигдэртлээ хөл толгой нь олдохгүй байх. Гэхдээ цаашдаа бид стандартаа бариад явбал, хувийн хэвшил манлайлж оролцвол хүнсний эрүүл ахуйд маш том өөрчлөлт гарна.
-Дотоодын зах зээлд хэдэн төрлийн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа вэ. “Хүнс комплекс” ХХК-ийг групп болон өргөжүүлж байна. Бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд сайжруулсан, хөгжүүлэлт хийсэн зүйлс байгаа байх?
-“Хүнс комплекс” ХХК 32 дахь жилийн ойн дээрээ “Хүнс групп” болон өргөжлөө. Манай “Хүнс комплекс”, “Кайлас”, “Хүнс боловсрол”, “Чингис рөүд”, “Амундра”, “Хүнс ферм” зэрэг үйлдвэрүүд нийлээд каластр цогцолбор буюу “Хүнс групп” ХХК болох суурийг тавьсан. Зах зээлд 80 гаруй төрлийн мах махан бүтээгдэхүүн, хиаман бүтээгдэхүүнийг 300 гаруй ажилчин, ажилтан үйлдвэрлэн нийлүүлж байна. Хэрэглэгчдийн судалгаанаас харахад мэдээж нийслэл Улаанбаатар хотод хамгийн ихээр танигдсан, хэрэглэгч олонтой брэндийн нэг. Манай компани 1992 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн мах махан бүтээгдэхүүний салбарт гол үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Ингээд харахаар өнгөрсөн 30 жилийн түүх бол манай салбарын түүх. Тиймээс салбартаа оруулах хувь нэмрийг шинэ түвшинд гаргахын тулд өөрсдөө шинэчлэгдэх шаардлагатай юм байна гэж бид үзсэн. Түүний дагуу корпорэйт ребрэндинг нэвтрүүлэн бүтээгдэхүүний сав баглаа болон технологид суурилсан шинэчлэлүүдийг хийж байна.
Хүний биед шингэц сайтай, нэмэлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ манайх голчилж ажилладаг учраас энэ тал дээр илүү хөгжүүлэлт хийж байгаа юм. Нөгөө талдаа сав баглаа боодлын технологийг шинэчилж байна. Учир нь эдийн засаг болон хүн амын хүнсний хэрэглээ, хэрэглэгчийн зан төлөв, цар тахлын өмнөх, дараах үе гэж ангилагдаж эхэллээ. Жишээлбэл, ковидоос өмнө задгай бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол одоо сав баглаа боодолтойг түлхүү сонгож байна. Агаарт байгаа микро бичил биет бүтээгдэхүүний чанарт нөлөөлөх боломжтой учраас анхан болон хоёрдугаар шатны савлагаа, ариутгал зэрэг технологийн нэмэлт процессуудыг нэвтрүүлэх хэрэгтэй болсон. Энэ нь үйлдвэрлэгч бидэнд технологийн болон стандартын шаардлагаа илүү сайжруулах үндэслэл болж байна. Дээр нь импортоор авдаг бараа бүтээгдэхүүнээ төрөлжүүлж байна.
-Жор, түүхий эд, технологи зэргээ хаанаас авч сайжруулж байна вэ?
-Хуучин бид ОХУ-аас түүхий эдээ авдаг байсан бол одоо Герман, Польш, Чех, Франц, Өмнөд Солонгос зэрэг улсаас түүхий эд, жор, материал бүх зүйлсээ авч байна. Энэ нь олон улсаас хамааралтай, технологийн шаардлага хангасан, олон улсын технологи шингэсэн бараа бүтээгдэхүүн дотоодын зах зээл дээр нийлүүлэгдэж байгаагийн илрэл. Дотооддоо төдийгүй БНХАУ, ОХУ, БНСУ, ОХУ, Узбекистан, Япон улсад экспортлохоос гадна ХБНГУ, Польш, Унгар, Франц зэрэг улсаас технологи нэвтрүүлж, үндсэн түүхий эдээ импортолдог. Бид үйлдвэрлэлдээ ХБНГУ-ын мах махан бүтээгдэхүүний савлагааны шийдлээр дэлхийд тэргүүлэгч “Multivac”, “Handtmann” зэрэг брэндийн хэрчиж, зүсэх, савлах, хяналт шалгалт болон шошголох системийг бүрэн автоматаар интограцлан суурилуулснаараа онцлогтой. Энэ шугам нь дахин боловсруулах боломжтой моно материал ашигладгаараа байгальд ээлтэй юм.
Нөгөөтэйгүүр бид дотоодын зах зээл дээр өрсөлдөхөөсөө илүү салбараа хөгжүүлэх, чанаржуулахад онцгой анхаарч ажиллаж байна. Худалдааны борлуулалтын зарчим дээр захиалганд суурилсан бараа материалын хүргэлтийг хийж эхэлсэн. Өмнө нь үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлээд л болчихдог байсан бол одоо нэг агуулахаас эцсийн цэгт хэрэглэгчид хурдан хугацаанд хүрдэг болсон. Хүнсний бүтээгдэхүүн онцгой учраас богино хугацаанд эрсдэлгүйгээр тээвэрлэх ёстой. Энэ нь компани шинэчлэгдэх, засаглалын илүү цэгцтэй, менежментийн шинэчлэлийг хийх боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24583/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна