74 дэх удаагийн Берлиний олон улсын кино наадам Ирландын зохиолч Клэр Киганы бестселлер түүхэн зохиолоос сэдэвлэсэн “Бяцхан зүйлс шиг” бүтээлээр нээлтээ хийлээ. Берлинале 1956 онд олон улсын кино наадам гэсэн албан ёсны статустай болсон. Уралдааны хөтөлбөрт 12 сарын өмнө бүтээсэн, бусад наадамд үзүүлээгүй уран сайхны болон богино хэмжээний кинонууд оролцдог журамтай. Дүрмийн дагуу 350 киног тусгайлан сонгосон 150 мянган үзэгчид үзүүлдэг. Мариетт Риссенбек, Карло Чатриан нар тус наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Тэд урьд жилүүдэд урлагийн бүтээлийн үнэ цэнийг чухалчилдаг байсан бол энэ удаад алдартай оддыг оролцуулахад анхаарчээ. Холливудын ажил хаялтын дараа дэлхийн одод улаан хивсний ёслолд оролцож буйгаараа онцлог. Жил бүр Берлин хотноо болдог уг кино наадмыг 1951 оноос зохион байгуулсан. Бусад кино наадмаас олон үзэгч хамруулдгаараа онцлог бөгөөд жил бүр 300 мянга гаруй тасалбар борлуулдаг. Энэ жилийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнийг Оскарын шагналт жүжигчин Лупита Нионго ахалжээ. Түүний бүрэлдэхүүнд АНУ-ын найруулагч Брэди Корбет, Хятадын кино найруулагч Анн Хуи, Берлиналегийн байнгын жүжигчин Кристиан Петцольд, Испанийн найруулагч Альберт Серра, Италийн жүжигчин Жасмин Тринка, Украины зохиолч Оксана Забужко нар багтсан.
Улстөрчдөө бойкотлов
Германд улс төрийн радикализм нэмэгдэж, эдийн засаг унаж байгаа үетэй Берлиний кино наадмын нээлт давхацлаа. Улстөрчид болон неонацист бүлгүүд цагаачдыг албадан гаргах “мастер төлөвлөгөө”-гөө хэлэлцсэн нууц уулзалт ил болсон. Иймд кино урлагийн 200 гаруй мэргэжилтний гарын үсэгтэй нээлттэй захидал нийтэлжээ. Мөн цагаачдыг олноор нь албадан гаргахыг шаарддаг хэт барууны үзэлтэй “Альтернатив фюр Дойчланд” намын гишүүд, зарим улстөрчийг улаан хивсний ёслолд оролцохыг хоригложээ. Берлиний кино наадмын гүйцэтгэх захирал Дитер Косслик “Цагаачдыг эсэргүүцсэн улстөрчид фашизмын аюулыг бодитоор харуулсан кино үзээрэй. Тэдний тасалбарын үнийг би төлнө” гэжээ. Мөн зохион байгуулагчид “Ойрхи Дорнод болон бусад газар дахь хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн иргэдэд эмгэнэл илэрхийлж байна. Бид хүн бүрийн зовлон зүдгүүрийг хүлээн зөвшөөрч, ээдрээтэй үйл явдлын талаар уран бүтээлчдийг үзэл бодлоо нээлттэй солилцохыг хүссэн. Түүнчлэн Герман төдийгүй дэлхий даяар антисемитизм, исламын шашинтнуудын эсрэг зэвүүцэл, үзэн ядалт дэлгэрч байгаад санаа зовж байна. Соёлын байгууллага учраас бид бүх төрлийн ялгаварлан гадуурхалтын эсрэг тууштай зогсож, иргэншил хоорондын харилцан ойлголцлыг тууштай баримтална” гэжээ. Хүмүүнлэгийн хямралын талаар нээлттэй яриа хэлэлцээр өрнүүлэхээр тусгай эвент зохион байгуулах гэнэ. Палестин-Израилын хамтын нийгэмлэгийн бүтээсэн "Өөр газар байхгүй" баримтат киноны найруулагч Газа дахь Израиль-ХАМАС-ын дайны үед Герман Израилыг дэмжиж байгааг эсэргүүцэж, наадмаас бүтээлээ албан ёсоор татжээ. Гана улсын найруулагч Аё Цалитхаба олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ Германы улстөрчдийг бойкотлох уриалгад нэгджээ.
Балбаас Иран хүртэл
Берлиний кино наадам нь яг энэ цаг үед дэлхийд ямар асуудал чухал байгаад илүү анхаарч, шийдвэрээ гаргадаг онцлогтой. Энэ жил 30 гаруй орны төлөөлөл оролцож байгаа. Гол өрсөлдөөнд буюу "Алтан баавгай"-н төлөө Мексикийн жүжигчин Гаэль Гарсиа Бернал, Норвегийн шинэ од Ренате Рейнве нарын дунд өрнөнө. Берлинд олон улсын нээлтээ хийж буй АНУ-ын найруулагч Аарон Шимбергийн "Өөр хүн" кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авчээ. Уралдаанд Францын хэд хэдэн бүтээл, тухайлбал нэрт зохиолч Оливье Ассаясын тахлын сэдэвтэй “Түр зогссон цаг” болон Бруно Дюмонтын “Эзэнт гүрэн” хэмээх шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд багтсан. Мөнгөн баавгай шагналыг гурвантаа хүртсэн Өмнөд Солонгосын найруулагч Хон Санг Сү шинэ бүтээлтэйгээ иржээ. Сонирхуулахад, Балба улс энэхүү наадамд анх удаа төлөөллөө оролцуулсан найруулагч Мин Бахадур Бхам юм. Тэрбээр "Шамбала" киногоор буддын шашны уламжлалыг харуулжээ. Энэ жилийн наадмын үеэр “Зөрчилдөөний үеийн кино урлаг” сэдэвт хэлэлцүүлэг болно. “Berlinale” сэтгүүлийн тусгай дугаарт Израилын найруулагч Амос Гитайгийн “Шикун” киног “Ойрхи Дорнодын толь” гэж тодорхойлсон байна. "Панорама" хэсэгт мөн Ойрхи Дорнодын дайны байдлыг харуулсан Мириам Эль Хажжийн “Ливанаас ирсэн өдрийн тэмдэглэл” кино багтжээ.
Шүүмжлэгчид юу хэлэв
Кино шүүмжлэгч, ажиглагч, үзэгчид, шүүгчдийн байр суурийг тоймлоё. Оросын сэтгүүлч Елена Смолина ("Энэ жилийн наадам маш их зөрчилдөөнтэй эхэллээ. Хүчтэй кинонууд өрсөлдөж байна. Үзэгчдийн санал гомдлыг үл харгалзан шилдэг бүтээлийн шагналыг шинэлэг, чухал нээлт хийсэн кинонд өгдөг бичигдээгүй дүрэм бий. Түүнчлэн Өмнөд Солонгосын таван кино шалгаруулалтад тэнцжээ. Энэ бол Кдрама хэдийнэ хүчээ авсны баталгаа” гэсэн бол “Холливуд репортер” сэтгүүлд “Наадам эхлэхээс бүр өмнө шүүгчдийн баг ямар нэг дэвшилтэт, нээлт болсон кино сонгохын оронд түгээмэл кинонд шагнал өгнө хэмээн таамаглаж байна. Тэр ч бүү хэл, улс төрийн бодлогоор хямралтай бүсийн найруулагчийн бүтээл шагнал хүртэнэ гэсэн цуурхал гарчээ” гэж товчхон дүгнэжээ. Харин урлагийн томоохон сэтгүүл “Variety”-д шүүгчдийн багийн ахлагч Лупита Нионгог "Оюунлаг, зарчимч, үзэсгэлэнтэй" гэж тодорхойлсон байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна