Сонирхогчийн гараанаас домог болсон гэрэл зурагчны тухай “Дэлхийн хүн” цувралдаа онцоллоо. Эллиот Эрвитт гэх нэрийг хүмүүс тэр бүр сонсоогүй ч XX зууны гэрч болсон алдарт хар, цагаан гэрэл зургаас нь ядаж нэгийг харсан байдаг. Бүтээлүүд нь сонгодогт тооцогддог хамгийн алдартай баримтат гэрэл зурагчны дуранд ЗХУ-ын удирдагчид, АНУ, Францын Ерөнхийлөгч нар, Юрий Гагарин, Кубын удирдагч Фидель Кастро, Латин Америкийн хувьсгалын бэлгэ тэмдэг Че Гевара, зураач Сальвадор Дали, жүжигчин Мэрилэн Монро, Грейс Кэйли, Марлин Дитрих нарын ховор хөрөг буусан байдаг. Тэр дундаас Ричард Никсон, Никита Хрущев нарын зургаар салбарынхнаа байлдан дагуулж, Америкийн Ерөнхийлөгчийн сурталчилгааны кампанит ажлын нэг хэсэг болж байв. Зөв цагт, зөв газартаа байж чухал, ховорхон тохиох үйл явдлыг хальсандаа буулгаснаараа тэрбээр бусдаас азтай нэгэн. Тэр өдөр тутмын амьдралаас онцгой зүйл олж харж амьдралын өнгийг хар цагаанаар харуулж чаджээ. Түүний хамгийн дуртай сэдэв бол музейд, наран шарлагын газарт байгаа хүмүүс. Амьдралынхаа сүүлийн жилүүдэд нохойн зургаар дагнан ном гаргасан байдаг. Эрвиттийн бүтээлийг гэрэл зургийн ертөнцөд өнгөцхөн гэж шивнэлдэх нь бий. Тэрбээр “Гэрэл зураг бол урлаг биш хөдөлмөр” хэмээж, өөрийгөө зүгээр л сонирхогч гэх зэргээр гал дээр тос нэмдэг байлаа.
Сэтгэл хөдөлгөм мөчүүд
Парист төвхнөсөн Оросын цагаач Борис, Евгения Эрвитт нарын гэр бүлд 1928 оны долдугаар сарын 26-нд нэгэн хүү мэндлэхэд Роман гэж нэрлэв. Тэр бол хожмын агуу гэрэл зурагчин Эллиот юм. Ээж нь Москвагийн чинээлэг худалдаачны охин, аав нь архитектур байжээ. Евгения 1917 оны хувьсгалын дараа социализмд гүн итгэсэн нөхрөө Европ руу дүрвэхийг ятгаснаар эх орноо үүрд орхисон аж. Тэд цорын ганц хүүгээ төрүүлээд Миланд амьдрахаар суурьшив. Борис хүүгийнхээ нэрийг Италид хамгийн түгээмэл Эллио нэрээр сольжээ. Гэвч Италийн фашист удирдагч Бенито Муссолинийн дэглэмээс зугтан 1939 онд АНУ-ыг зорив. Эллиот “Бенито Муссолинийн ачаар би америк хүн болсон” хэмээдэг. Америкт хөл тавихаасаа өмнө Эллио англи хэл огт мэддэггүй итали, оросоор чөлөөтэй ярьдаг байв. Эцэг эх нь 1941 онд гэр бүлээ цуцлуулахад хүү аавтайгаа үлджээ. Энэ үеэс л гэрэл зураг сонирхож, Лос-Анжелесын оршин суугчдын өдөр тутмын амьдралыг хальсанд буулгаж эхлэв. Ингээд өрөө түрээслүүлж олсон ашгаараа анхны аппарат “Argus” камераа худалдан авчээ. Аав нь 1950 онд дахин гэр бүл зохиоход Эллио Кино урлагийн сургуульд суралцахаар Нью-Йорк руу нүүв. Америкийн урлагийн нийслэлд ирсэн даруйдаа нэрээ Эллиот болгон өөрчилжээ. Солонгосын дайн эхлэхэд цэргийн зарлан ирж, зенитийн ангид алба хаав. “Агаарын довтолгооноос хамгаалах их бууны ангид алба хаасан цэргүүдийн тал нь гэртээ эргэж очоогүй” гэж дурсжээ. Эллиот хуаран дахь цэргүүдийн өдөр тутмын амьдрал, сэтгэл санааны байдлыг буулгасан бүтээлээрээ “Лайф” сэтгүүлийн уралдаанд хоёрдугаар байр эзэлжээ. 1000 ам.долларын мөнгөн шагнал хүртэхийн сацуу Эдвард Стайхен, Роберт Капа, Рой Страйкер нарын алдартай гэрэл зурагчидтай уулзсан байдаг. Роберт Капа түүнийг салбарын нөлөө бүхий хүмүүстэй танилцуулж, карьерыг нь ахиулахаа амлажээ. Тэрбээр залуу Эрвиттэд хүчтэй нөлөөлсөн. Роберт "шийдвэрлэх мөч" буюу эгзэгтэй үеийг хэрхэн хальсанд буулгадаг аргуудаа харамгүй хуваалцжээ. Эллиот 1953 онд фронтоос ирээд олон улсын гэрэл зургийн “Магниум” агентлагийн албан ёсны сурвалжлагч болжээ. Роберт Капа, Анри Картье-Брессон, Жорж Роджер, Дэвид Сеймур нарын Европын хамгийн алдартай дөрвөн гэрэл зурагчны 1947 онд үүсгэн байгуулсан “Магниум” бол дэлхийн анхны гэрэл зургийн агентлаг. Тус агентлаг нь фото сэтгүүлзүй гэсэн нэр томьёог олон нийтэд түгээсэн билээ. “Магниум”-ын ачаар Эллиот ЗХУ, Куба, Японд томилолтоор ажиллаж, Грейс Келли, Фидель Кастро, Че Гевара, Мерилин Монро нарын гэрэл зургийг авах аз тохиожээ. Жилийн дараа “Холидэй” сэтгүүлтэй анхны гэрээгээ байгуулав. Дөнгөж төрсөн хүүгээ хөхүүлж буй эхнэрийнхээ зургийг 1956 онд авчээ. Уг зураг гэрэл зурагчин Эдвард Стайхенд таалагдаж, Нью-Йоркт гаргасан “Хүн, гэр бүл” үзэсгэлэнд оролцуулав. Угаас Эллиот өдөр тутмын амьдралд тохиолдох хүний сэтгэл хөдөлгөм мөчүүдийг маш чадварлаг авдаг гэрэл зурагчин. Үүний бас нэг баталгаа бол Ерөнхийлөгч Жонн Кеннедийн оршуулах ёслол дээрх Жаклин Кеннедийн төрх. Арлингтоны оршуулгын газарт хайртай нөхөр, хүүхдүүдийнхээ аавтай салах ёс гүйцэтгэж буй Жаклины гивлүүрийн цаадах нулимс цийлэгнэсэн төрх тэр агшинд авсан гэрэл зурагчдын бүтээлээс онцгой байв.
Удирдагчдын зурагчин
Эллиот 1957 онд Москвад томилолтоор ажиллажээ. Тэрбээр Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн жагсаалыг сурвалжилсан барууны цөөхөн гэрэл зурагчдын нэг юм. Тэрхүү цэргийн сүрт жагсаалын үеэр ЗХУ тив алгасагч пуужингаа анх удаа танилцууллаа. Чухал үйл явдлаас хоцрохгүйн тулд Зөвлөлтийн сэргийлэгчдийн хяналтаас зугтан тэр даруй зочид буудлын дээвэр дээр гарч, амь сорьсон гэрэл зургуудаа авав. Эдгээр бүтээлүүд нь баруунд жинхэнэ дуулиан болсон. “Тайм” сэтгүүлийн нүүрэнд гарч, алдартай хэвлэлүүд үнэ хаялцан авчээ. Тэрбээр Аж үйлдвэрийн үзэсгэлэнг сурвалжлахаар 1959 онд Москвад дахин ирсэн нь Америкийн дэд Ерөнхийлөгчийн төрийн айлчлалтай давхцав. Тэр үед дэд Ерөнхийлөгч байсан Ричард Никсон ЗХУ-ын удирдагч Никита Хрущевтай Сокольникид уулзжээ. АНУ-ын дэд Ерөнхийлөгч ЗХУ-ын удирдагчийн цээжин дээр хуруугаараа дарж буй агшныг буулгасан кадр гэрэл зургийн түүхэнд алдартай баримтат бүтээлд зүй ёсоор тооцогддог. Эрвитт ганцхан хоромд ЗХУ, АНУ-ын хурцадмал байдлыг баримтлуулж, дэлхий даяар түгээсэн. Барууны үзэгчдэд энэ нь Зөвлөлтийн түрэмгийллийн эсрэг зогсож буй АНУ-ыг төлөөлсөн юм. ЗХУ-ын иргэдэд Америкийн айлган сүрдүүлгийн бэлгэдэл болов. Үнэндээ удирдагчид огт маргаагүй харин ч байцаатай шөлний тухай яриа өрнүүлж, инээлдэж байжээ. Энэхүү зурагтаа хоёр их гүрний удирдагчийн хувийн зан чанар, хүйтэн дайны үеийн хурцадмал байдлыг гайхалтай харуулсан. Мөн гэрэл зураг үзэгчийг хэрхэн удирдаж болдгийн төгс жишээ юм. "Гал тогооны маргаан" гэгддэг уг зураг Никсоныг 1969 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Латин Америкийн улс төрийн түүхэн дэх хоёр гол хүн болох хувьсгалын удирдагч Че Гевара, Кубын Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Фидель Кастро нарыг зорьж 1964 онд Кубын нийслэл Гаванад ирэв. Үндэстний бэлгэ тэмдэг болсон Эрнесто Че Гевара, Фидель Кастро нарын гайхалтай зан чанарыг гэрэл зургийн хальснаа буулгажээ. Түүнийг хувьсгалын баатруудын хүн чанарыг харуулсан гэж үнэлдэг. Үзэл санааныхаа төлөө үхэхэд бэлэн, улс төрийн өнгө төрхийг бүрэн өөрчилсөн дайчин эрчүүд Эллиотын дуранд жирийн иргэд шиг буужээ. Францын Ерөнхийлөгч Шарль Де Голль 1966 онд Москвад нөхөрсөг айлчлал хийв. Эллиот Францын Ерөнхийлөгчийн зурагчнаар иржээ. Бас л хамгаалалтын албаныхны нүдийг хариулж байгаад хэлэлцээрийн өрөөнд нэвтрэв. Шарль де Голль, Леонид Брежнев, Алексей Косыгин нарын албан бус орчинд тайван ярилцахыг хараад хамгаалагч нарт хөөгдөхөөсөө өрсөн нэг кадр дарж амжив. Азаар түүний аппаратыг хурааж авсангүй. Уг дээд түвшний уулзалтын зураг "Paris Match" сэтгүүлийн нүүрэнд гарчээ. Түүнээс өмнө дээд хэмжээний уулзалтын зургийг хэвлэлд нийтлээгүй байлаа. Үймээн самуунтай цаг үеийн үйл явдлуудыг баримтжуулсан бүтээлээрээ карьер ахиж, 1968 онд “Магниум” агентлагийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.
15 ном, гурван кино
Эллиот Эрвитт гэрэл зургийн салбарт асар их нөлөө үзүүлсэн. Түүний уран бүтээл сонгодог болсон бөгөөд гэрэл зургийн хэв маяг, арга барил нь дэлхийн олон гэрэл зурагчинд урам зориг өгсөөр байна. Кино одод, улстөрчдийн гэрэл зургийг авахдаа гэнэтийн сэтгэл хөдлөлийг буулгаж, тухайн үеийн онцгой утга учрыг харуулахыг зорьжээ. Эллиот Эрвитт 2023 оны арваннэгдүгээр сарын 30-нд 95 насандаа таалал төгссөн. 2000-аад оны эхээр тэрбээр гэрэл зургийн урлагт орчин үеийн хэт их ачааллыг тохуурхсан хэв маягтай бүтээлээр дүр төрхөө бүрдүүлсэн. Тэрбээр насан эцэслэтлээ аппараттай нөхөрлөн гэрэл зургийн нэгэн сэдэвт 15 ном хэвлүүлжээ. Түүний бүтээлүүд өнгөрсөн зууны гэрэл зургийн дүрслэлийн хэллэг, илүү өргөн соёлын нэг хэсгийг төлөөлдөг. Нөгөөтэйгүүр Эллиот фото сэтгүүл зүйг арилжааны салбарт нэвтрүүлж, амжилтад хүргэснээрээ үеийнхээ гэрэл зурагчдаас ялгардаг. Мөн дэлхийн хоёрдугаар дайны дараах хотын соёл гэж юу болохыг тодорхойлсон уран бүтээлч. “Зураг авах энгийн ажил. Агуу нууц гэж байхгүй. Гэрэл зургийн чиглэлээр сурна гэдэг цагийн гарз. Дадлага, мэдлэгээ практикт ашиглах хэрэгтэй” гэж сургадаг Эллиот мэргэжлийнхээ үр шимийг үзэхээр “Гоо үзэсгэлэн өвдөлт мэдэрдэггүй” (1971 он), “Улаан, цагаан, цэнхэр өвс” (1973 он), “Гератын шил үлээгч” (1977 он) гэсэн гурван кино найруулжээ. Энэ хугацаанд түүний хувийн амьдрал “шуургатай” байв. 1960 онд дөрвөн хүүхдийнхээ ээж Люсьеннээс салжээ. Хэдэн жилийн дараа Дайан Даннтай танилцаж, 1968 онд түүнтэй гэрлэж, 1975 онд өрх тусгаарлав. Техас мужаас гаралтай залуу бүсгүй Сюзан Ринготой 1977 онд гэрлэжээ. Тэдний гэрлэлт 1984 онд тун ээдрээтэй дууссан. Хожим Эрвитт “Миний бүх гэрлэлт долоон жил үргэлжилсэн” гэж ярьжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24585/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна