Сюрреалист уран барилгач


Ромын зарчмыг зөрчсөн хот төлөвлөлтийн өвөрмөц шийдэл, уран барилгын этгээд төслөөрөө шилдэг архитекторуудын жаг­саалтад зүй ёсоор багтдаг Рем Коолкаасыг “Дэлхийн хүн”-ээрээ танилцуулж байна. Тэр бол хүн бүрийг гайхшируулах дуртай архитектор. Уран барилгад олон зуун жил ноёлсон барилгын гадна болон дотоод орон зайг эвдэж, “гаж” гэмээр  эзлэхүүнийг бий болгожээ. Рем Коолхаас шинэлэг, зоримог санаануудаараа гайхалтай амжилтад хүрсэн. Геометрийн хэв маягтай, энгийн байдлаараа түүний төслүүд ялгардаг. Гэхдээ фасадууд нь ер бусын. Куб барилгууд нь ихэвчлэн спираль хэлбэртэй. Орон зайн хэв гажилт нь Коолхаасын архитекторын дуртай алхам юм. Олон талаараа ойлгомжгүй, соёлын ландшафтад оруулсан Рем Коолхаасын хувь нэмэр бол хотын онол юм. Өдөөн хатгасан эсээ бичиж, гайхалтай орон зайг бий болгодог тэрбээр “Хотын сүр жавхлан хэт туйлширсан шинж чанарт оршдог” гэжээ. “Тайм” сэтгүүл 2008 онд дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтдаа Рем Коолхаасыг багтаажээ.


Шинэ үеийн онолч

Реммент Лукас Коолхаасын хүүхэд нас дэлхийн хоёрдугаар дайны дараах сүйрлийн бас бүтээн байгуулалтын оргил үеийг туулсан. Ухаан суугаагүй ч бөмбөгдөлтөд өртсөн Европын хотууд модернист төслийн дагуу хэрхэн төрхөө өөрчлөхийг харж, шинэ цагийн гэрч болжээ. 

Тэр цагт нийтээрээ дайны холбогдолтой дурсгалуудыг жигшин зэвүүцэж байхад Рем фашизмын үеийн барилгын туурь дээр тоглож, тэгш хэмтэй, хатуу, программгүй орон зайг нь гайхаж, биширч байв. Голландын Роттердам хотын урлаг, соёлын нөлөө бүхий гэр бүлд өссөн нь ертөнцийг үзэх үзэл, төлөвшилд хүчтэй нөлөөлжээ. Аав Антон Коолхаас зохиолч, театр шүүмжлэгч, их сургуулийн ректор, сонины эрхлэгч байсан бол өвөө нь архитектор байлаа. Антон Коолхаасын бичсэн зохиолуудаар Берт Ханстрагийн найруулсан кинонууд “Оскар”-т нэр дэвшсэн байдаг. Коолхаасын гэр бүл Индонезыг Голландаас өрх тусгаарлахад идэвхтэй кампанит ажил өрнүүлсэн. Тусгаар тогтнолын тэмцэл ялахад Антон Коолхаасыг Жакартагийн соёлын хөтөлбөрийн тэргүүнээр урьжээ.  Рем хэдий хүүхэд байсан ч Жакартагийн баян, хоосон амьдралын ялгааг анзаарав. Өөрөөр хэлбэл, метрополисын ёс суртахууны  зөрчилдөөнтэй анх удаа нүүр тулсан юм. 15 нас хүрсэн жил гэр бүлийнхэн нь Голланд руу буцжээ.

 Эх орондоо ирээд аавынхаа хамт Амстердамын утга зохиолын дугуйланд зочилж, сюрреалист зохиолчид болон найруулагч Рене Даалдертай танилцав. Мөн залуу найруулагчдын “1,2,3 групп” бүлгэмд элссэн байна. Дэлгэцийн бүтээлд татагдаж, Ян де Бонтын 1965 онд найруулсан “1,2,3 Rhapsody” богино хэмжээний кинонд дүр бүтээв. Гааг дахь “Хаагсе Пост” либерал сонинд сэтгүүлчээр ажиллах хугацаандаа Рене Даалдерын “Цагаан боол” киноны зохиолыг бичжээ. Кино урлагаас хуримтлуулсан туршлага нь архитектурын практикт харааны үүднээс бус харин бүтэц, концепцын тухайд нөлөөлсөн. Кино урлагийг уран барилгатай зүйрлэхдээ “Бидний  харж буй эд ангиуд сонирхолтой, нууцлаг байхаар хүүрнэл бүтээх хэрэгтэй” гэсэн байдаг. Рем Коолхаасын урласан барилгууд руу ороход монтаж хийсэн кинонд байгаа юм шиг санагддаг нь учиртай. 

Оросын авангард үзлийг шүтэн бишрэгч Герритийн хамт 1967 онд Москваг зорьж, Родченкогийн бүтээлүүдтэй танилцав. Эрч хүчтэй санааг илэрхийлж, нийгмийн агуулгыг тодорхойлсон авангард архитектурын цуврал зургуудад уруу татагдсан байна. Улмаар томоохон хотуудын эерэг үүргийг үгүйсгэдэг урбанизмын онолыг ойлгосон Рем Коолхаас архитектор болохоор шийджээ.  “Би Орост ирээд хэлбэр чухал бишийг ойлгосон. Архитектур зөвхөн барилга барьдаггүй. Харин нийгмийн агуулгыг тодорхойлдог” хэмээсэн тэрбээр  28 насандаа Лондоны Архитектурын нийгэмлэгийн сургуульд элслээ. Лондон хотыг Берлин шиг хана хэрмээр хуваах уран зөгнөл мэт “Exodus” төслөөрөө багш нарын анхаарлыг татаж “хоосонгүй” оюутан гэдгээ харуулсан юм.

 Энэ төсөлдөө зориулж зурсан зургууд нь модернист утопийн тод жишээ байв. АНУ-д судалгааны ажил хийхээр 1972 онд “Harkness Fellowship”-т хамрагдаж, Корнелийн их сургуульд Освальд Унгерс, Питер Эйзенман нарын удирдлага дор боловсрол дээшлүүлжээ. Нью-Йорк дахь Архитектур, хот судлалын хүрээлэнд зочин судлаачаар ажиллахдаа хэт төвлөрсөн ирээдүйн архитектурын стратегийг тодорхойлсон “Delirious New York” номоо бичив. Орчин үеийн архитектур, нийгмийн сонгодог зохиол болсон эл номыг хотын тунхаг гэж архитекторууд дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Номд санаанд оромгүй харилцан үйлчлэл нь инновац, бүтээлч байдалд хүргэдэг мега хотуудын хэт нягт соёлыг тусгажээ. Уг номоос гадна архитектур, хот байгуулалтын талаар хэд хэдэн онолын бүтээл бичжээ. 


Хязгаараас давсан төслүүд

Нью-Йоркт тэнгэр баганадсан барилгуудыг судалж, суралц­саныхаа дараа Лондонд эргэн ирээд 1975 онд ОМА буюу “Метрополитан архитектурын оффис” товчоогоо байгуулав. Орчин үеийн нийгмийн хэрэгцээг хангах, шинэ цагийн архитектурыг бий болгох зорилгодоо хөтлөгдөн онцгой төслүүдээ хэрэгжүүлж эхлэв. Гааг дахь парламентын барилгыг өргөтгөх тендерт 1976 онд ялснаар ОМА-гийн төв байраа  Роттердам руу нүүлгэжээ. 

Дараа нь Голландын бүжгийн театрын төсөлд шалгарч, Нью-Йоркийн олон санааны биелэл болсон барилгаа 1987 онд хүлээлгэн өгчээ. “Art & Antiques” сэтгүүлээс Голландын бүжгийн театрыг “XX зууны шилдэг есөн барилга"-ын нэгээр нэрлэсэн байдаг. ОМА 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр эрсдэлтэй ч ирээдүйтэй тендерт оролцсон ч шалгараагүй юм. Тухайн үед хэрэгжүүлсэн гол төсөл нь  Францын Лилль хотын захад худалдааны төв, хурал, үзэсгэлэнгийн төв, оффисын цамхгуудыг тойруулан өндөр хурдны галт тэрэг, автозамын сүлжээг шинэчлэх байлаа. 

 Рем оршин тогтнохын тулд архитектурын загвар, зургаа худалдаж, семинар зохион байгуулах нөхцөлтэйгөөр Харвардад багшлав. Рем Коолхаас Миучча Прадатай олон жил найзалсан. “Прада” сангийн  Венец, Милан дахь барилгыг ОМА товчоо барьж гүйцэтгэжээ. 1996 онд ОМА товчоо АНУ дахь анхны төсөл болох "Universal Pictures"-ийн шинэ оффисын сонгон шалгаруулалтад яллаа. Цаг агаарын нөхцөл байдалд тохируулан фасад нь бүрэн нээгдэх хэд хэдэн цамхаг байгуулахыг санал болгожээ. Уг төсөлтэй зэрэгцэн Коолхаас Голландын Засгийн газарт нисэх онгоцны буудал, үзвэр үйлчилгээ, бизнес, орон сууцны асар том цогцолбор бүхий  хиймэл арлыг Атлантын далайд  байгуулах санал тавьсан ч бүтэлгүйтжээ. Энэ мэт цаасан дээр үлдсэн, хэрэгжээгүй төслүүдийнхээ төлөвлөгөө, эсээнээс бүрдсэн загварын асар том цуглуулга болох “S,M,L,XL” номоо хэвлүүлж, шинийг эрэлхийлэгчдэд санаануудаа “бэлэг” болгон өгчээ. 

Түүнийг од болгосон төслүүд 2000 оноос хэрэгжиж, салбарын шилдгүүд нь  хүлээн зөвшөөрсөн билээ. Сиэтл хотын номын сан, Порто дахь Хөгжмийн ордон, Бээжинд CCTV-ийн төв байр гээд Зөвлөлтийн барилгаас санаа авсан Коолхаасын деконструктивист загварууд томоохон хотуудад сүндэрлэв. Коолхаас 2012 онд хамгийн амбицтай төсөл Хятадын төв телевизийн Бээжин дэх барилгын ажлаа дуусгав. Энэхүү барилга стандарт бус архитектур болон функцийн төгс хослол юм. Бээжингийн төвийн бизнес дүүрэгт байрлах, газраас дээш 51,  доош гурван давхар бөгөөд 234 метр өндөр тэнгэр баганадсан барилга. Инженерийн тооцоог 2003 онд гаргаж, дараа жил нь суурийн ажлаа эхлэв. 2005 онд суурь, 2006 онд металл дам хийцүүдээ угсарч, 2008 онд үндсэн хоёр блокийг холбож, 2008 онд шилэн фасадны ажил дууссан байна. Ингээд дотор интерьерийн ажил эхэлсэн ч зэргэлдээх барилга  шатсаны улмаас саатаж 2013 онд албан ёсоор нээлтээ хийсэн юм.

 Рем уг бүтээлээ “Орчин үеийн өндөр барилгуудын нийтлэг хэв маягийг эвдэх зайлшгүй шаардлагатай. Барилгад илүү динамик хэлбэр оруулж нүсэр консол хэлбэрийн бүтцийг архитектур болон инженерийн ухаанаар нэгтгэсэн юм. Азиуд төсөөлж үзээгүй, европууд байгуулж байгаагүй төсөл. Мөн  Европ, Ази тивийн барилгачдын хамтарсан бүтээл бөгөөд хоёр өөр соёлын нэгдэл юм” гэж тодорхойлжээ. 600 тэрбум еврогийн өртгөөр сүндэрлэсэн   CCTV-гийн төв байр бол Хятадад хамгийн их ган төмөр зарцуулсан барилга билээ. Хэдий этгээд загвартай ч газар хөдлөлтийн 8.49 магнитудэд тэсвэртэйг туршилтаар баталсан нь инженерийн гайхамшиг болжээ. 

Москвад 2014 онд лекц уншихдаа Оросын уран зохиол, Зөвлөлтийн архитектор Константин Мельников, Мосе Гинзбург, Иван Леонидов нарын бүтээлүүдэд хэрхэн автдагаа ярьжээ. Горькийн цэцэрлэгт хүрээлэн дэх орчин үеийн урлагийн “Гараж” музейн төслөө 2015 онд дуусгасан XXI зууны Москвагийн уран барилгын шилдэг бүтээл болсон. Уг төслийг Роман Абрамович санхүүжүүлжээ. Хожим нь Оросын “Резерв” фирмтэй хамтран Шинэ Третьяковын галерейг сэргээн засварлах төлөвлөгөөг танилцуулсан. Үзэсгэлэнгийн танхим, боловсрол, хурал, урлагийн төв бүхий соёлын байгууллагыг Москвад барихаар төлөвлөж байна.


Заха Хадидын багш

Уран барилгын түүхэнд Рем Коолхаасын нэр хүсэл тэмүүлэлтэй дурддаг.  Бусад хүн бодит, физик ертөнцөд төвлөрч байсан бол Коолхаас ирээдүй цагт амьдарч виртуал зураг төсөл гаргадаг байв. Иймдээ ч 1999 онд  архитектурын судалгааны төв, судалгааны бүлгийг үүсгэн байгуулснаар уран барилгын тухай ойлголтыг өргөжүүлсэн. Өнөөдөр ОМА Роттердам дахь төв оффисоос гадна Бээжин, Хонконг, Нью-Йорк, Доха, Дубай, Сидней хотод салбартай, олон улсад төсөл хэрэгжүүлж байна. Тэд өдгөө хот төлөвлөлтөөс гадна харилцаа холбоо, амьдралын хувьсах чадварыг сонирхох болжээ.  

Рем товчоогоо архитектурын сургууль шиг зохион байгуулжээ.  Багийн гишүүд эхлээд тодорхой төсөл, хөтөлбөр, нөхцөл байдлын талаар мэдээлэл цуглуулж, дараа нь олон төрлийн дизайны шийдлүүдийг боловсруулдаг. Тэрбээр авьяаслаг олон архитекторыг бэлтгэсэн. Заха Хадид, Бжарке Ингелс, Оле Шерен, Фаршид Муссави, Жанна Ганг, Вини Маас нар түүний удирдлага дор өсөн дэвжжээ. 80 нас хүрсэн ч зоримог сэтгэлгээтэй, амбицтай хэвээр.  Роттердам дахь төв байрандаа модон ширээ, дүүрэн номтой өрөөндөө бичиж, төлөвлөж ажилладаг. Тэрбээр өөрийгөө “Би архитекторчтой төстэй зохиолч” гэж тодорхойлсон. Зохиол бичих нь түүнд зурахаас илүү эрх чөлөө мэдрүүлдэг аж. Тийм ч учраас 2005 онд уран барилга, дизайны “Volume” сэтгүүлээ санаачилжээ.

 2014 он Коолхаасын карьерын хамгийн чухал жилүүдийн нэг байсан. 70 насныхаа босгон дээр Венецийн биеннальд  куратороор ажиллаж, Алтан арслан шагналын эзэн болов. Түүний удирдсан биенналь энгийн үзэсгэлэн биш, тааз, цонх, коридор, шал, тагт, задгай зуух, фасад, дээвэр, хаалга, хана, налуу зам, шат гэх мэт  архитектурын хамгийн үндсэн, нийтлэг 15 бүрэлдэхүүн хэсэг болон түүх, практик, гүн ухааны судалгаанд зориулагдсан байв. Биенналийн удирдах зөвлөлийн үзэж байгаагаар Рем Коолхаас архитектурын боломжуудыг өргөжүүлж,  хяз­гаараас хол давсан юм.


 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, эдийн засгийн зөв тооцоололтой мал… 19 цагийн өмнө
“Жангар” туулийг 600 метр урт цаасан дээр хулсан үзгээр бичжээ 19 цагийн өмнө
Ордосын Үүшин хошуунд нарийн ноост хонь үржүүлж байна 19 цагийн өмнө
“New Star” студийн 20 жилийн ойн тоглолт болно Өчигдөр
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийн найман давхар барилгын ажил эх… Өчигдөр
Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборууд… Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна Өчигдөр
Улаанбаатарт 7 хэм дулаан байна Өчигдөр
Улаанбаатар-Чингис хот чиглэлийн авто замаас Жаргалтхаан-Өмнөдэлгэр су… 2024/10/08
Боливи Улсад үүссэн ой, хээрийн түймэр түүхэн дээд түвшинд хүрч, онц б… 2024/10/08
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн асуудлаар ярилцлаа 2024/10/08
​ Монголбанк 2023.6 кг үнэт металл худалдан авав 2024/10/08
Улаанбуудайн хураалт 56, төмснийх 64 хувьтай байна 2024/10/08
"Хүрээ" амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбу… 2024/10/07
Багануурын 50 МВТ-ын батарей хуримтлуурын станц энэ өвлийн оргил ачаал… 2024/10/07
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Бөөрөлжүүтийн 600 МВт-ын цахилгаан ста… 2024/10/07
А.Номин-Эрдэнэ: Аав ээжийнхээ авьяасын нийлбэр нь би 2024/10/07
Б.Мишээлт: Английн тамирчныг шахаж ажилласан бол Хятадын боксчинтой за… 2024/10/07
Ж.Оюунбилэг: Улаанбуудайг биржээр арилжаалснаар зэрэглэл, урамшуулалта… 2024/10/07
Агуу долоогоос салбарласан морин циркийнхэн “Морьтны гайхамшиг-50 жил” 2024/10/07