Зудын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалж олон зуун малчин өрх малгүй болж байгаатай холбогдуулан Засгийн газраас ойрын болон урт хугацааны хоёр төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ээлжид малгүй болсон малчдад хүүгүй, урт хугацааны зээл олгох нь зүйтэй гэж үзсэн бол урт хугацаандаа Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар болоод байна.
Энэ тухайд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “2024 оны цас зудын нөхцөл байдал улс орон даяар хүндрэл бэрхшээлийг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор малчдын амьжиргааг төрөөс дэмжих шаардлага зүй ёсоор гарч байгаа учраас малжуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал Засгийн газрын өмнө тулгамдаж байна” хэмээн тодотгосон.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд зургаан сая орчим мал хорогдсон дүн мэдээтэй байгаа бөгөөд ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын газраас хорогдох малын тоог урьдчилсан байдлаар 20 сая орчим байна гэдэг дүгнэлтийг гаргаад байгаа аж. Үүнийг дагаад олон тооны малчин өрх малгүй болох эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд 20 сая орчим мал хорогдоход үүнийг дагаад мөн л 20 мянга орчим айл өрх 70-аас дээш хувийн малын хорогдолтой, зарим нь бүр малгүй болох нөхцөл байдал үүссэн.
Тиймээс Засгийн газраас малжуулах хөтөлбөрийг бодлоготойгоор авч хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа ажээ. Энэ хүрээнд малжуулах хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр болж байна. Тухайлбал, нэгдүгээрт, ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бий. Үүнээс малгүй болсон малчин иргэдийг малжуулах бодлогоор урт хугацааны, хүүгүйгээр 5-8 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэлээ.
Энэ нь малчдад тулгамдсан, тэдний өмнө үүссэн асуудлыг эхний ээлжид шийдвэрлэх зорилготой ажил гэж ойлгож болох аж. Хоёрдугаарт, бид урт хугацаандаа хэрхэх вэ, цаашид нүүдлийн мал аж ахуйгаа хэрхэн эрсдэлгүй байлгах вэ гэдэгт төрийн бодлого зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Монголын мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуй жил бүр цас зудын нөхцөл байдлыг давж чадах уу, үгүй юү.
Дэлхий нийтэд цаг уурын нөхцөл байдал өөрчлөгдөх болсон энэ цаг үед манай улсад ч цаг агаар маш ихээр өөрчлөгдөж буй. Зуны цагт их халж, бороо ус их орох болсон бол өвлийн цагт цас их хэмжээгээр унах болсон. Хөрсөн дээр цочир хүйтэрч, -40 хэм хүрэх нь элбэг тохиолдол. Энэ тухайд ганцхан жишээ татахад, Увс аймагт л гэхэд өмнөх жилтэй харьцуулахад нийтдээ 57 удаа буюу өнгөрсөн жилээс гурав дахин их хэмжээний цас орсон дүн мэдээ гараад байна.
Үүнээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуйд тулгамдаж байгаа цаг агаарын өөрчлөлтийн нөлөөллийг сөрөн давах хөтөлбөрийг Засгийн газраас гаргах шаардлагатай гэж үзэж байна. Тийм ч учраас зудын эрсдэлт нөхцөл байдал Монгол Улсын хэмжээнд олон талын хүндрэл бэрхшээл дагуулж байгаатай холбогдуулан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар боллоо.
Энэ нь манай улсын хувьд анхдагч хууль бөгөөд ирэх долоо хоногт нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар шийдвэрлээд байна. Уг хуулийн төсөл нь нэг удаагийн шинжтэй байх бөгөөд уг төсөлд бодлогын долоон чиглэлийн асуудлыг тусгажээ.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан энэ шийдвэрийн хүрээнд Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй байгаль, цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон “Мал аж ахуйн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах арга хэмжээний төлөвлөгөө”-ний төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нарт даалгасан юм. Уг хууль болон цогц төлөвлөгөө батлан хэрэгжүүлснээр дараах ач холбогдолтой гэж үзэж байна. Тодруулбал,
Х.Өлзийжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна