Д.Амарбаясгалан: Малчдад эргэлтийн хөрөнгө бий болгох “Шинэ зууны малчин” хөтөлбөр хэрэгжүүлнэ



Дэвшилтэт бодлогын хүрээлэнгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Бодлогын зочин”-д ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан оролцож, “Хөгжилд хөтлөх тогтолцооны шинэчлэл” сэдвээр ярилцлаа. Түүний яриаг тоймлон хүргэе. 

-Та орон нутагт ажиллаад ирсэн учраас юуны түрүүнд зуд, малчдын хувьд нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллээс ярилцлагаа эхэлье? 
-Малчид сэтгэл зүй, эрүүл мэндийн хувьд доройтолд орсон байна. Одоогоор 4000 орчим өрх малгүй болжээ. Ерөнхийдөө 20 орчим сая мал хорогдож, 20 мянган айл өрх малгүй болох эрсдэлтэй нүүр туллаа. Тиймээс Засгийн газар орон нутагт шуурхай ажиллаж, шаардлагатай тусламж үзүүлж байна. Малчид маань малчны зээлээр амьдардаг. Малгүй болж буй айл өрхийн тухайд өр зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрч байгаа тул сэтгэл зүйн хувьд маш хүнд байдалтай байна. 


-Энэ хүнд нөхцөл байдлаас үүдэн гарах эрсдэлээс урьд­чилан сэргийлэхийн тулд малчдад төр, засгаас ямар дэмжлэг тусламж хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрээд байна вэ? 
-Хамгийн түрүүнд малгүй болсон иргэн, айл өрхийг төрөөс дэмжиж  малжуулна. Малаа таван төрлөөр өсгөж, 500 толгой хүргэж байж  таван сая төгрөгийн зээл авдаг, аварга малчин болохын тулд 1000 малтай байх ёстой гэсэн шаардлагыг хална. Зудын энэ гамшгийн үед ковидын үеэр хэрэгжүүлж байсан арван их наядын хөтөлбөр шиг малчдад эргэлтийн хөрөнгө бий болгох “Шинэ зууны малчин” хөтөлбөрийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн хот, хөдөөгүй хагас эрчимжсэн мал аж ахуй руу шилжих шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрч байна. 

Дараа жил дахиад зуд болохгүй гэх баталгаа байхгүй. Уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж, гамшиг дагуулах хэмжээнд хүрч байна. Увс аймагт гэхэд л арваннэгдүгээр сараас хойш 57 удаа цас орлоо. Энэ нь өмнөх зудтай жилтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт. 

Хэрэв ган, зудын нөхцөл байдал цаашид үргэлжилбэл дараа жил мал дахин хорогдох магадлал өндөр. Тиймээс "Шинэ зууны малчин" хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө боловсруулж, олон нийтэд танилцуулна. 


-Улс төрийн ууган хүчний хувьд, мөн дангаараа Засгийн эрх барьж буй энэ цаг үеэ мэдэрч Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог өөрчлөх эхлэлийг зоригтой тавьж чадсан гэж учир мэдэх хүмүүс дүгнэж байна. Хэрэв ийм өөрчлөлт хийгээгүй бол бид ямар эрсдэлтэй нүүр тулах байсан бэ? 

-Төрийн тогтолцооны өөрчлөлт геополитикийн хувьд ч чухал асуудал. Ер нь Монголын төр тогтвортой л байх ёстой. Парламентын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийг холимог системээр явуулах тухай 2010 оноос хойш ярьж байгаа хэдий ч улс төрийн намууд хоорондоо үзэл санааны хувьд нэгдэж чадаагүй. Харин одоо цаг үед бид намаа бус улс орноо бодож зоригтой шийдвэр гаргах ёстой болсон. 
Зарим хүн Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрлээ гэж шүүмжилдэг. Гэхдээ цаг хугацааны өөрчлөлтийг хийж, Үндсэн хуулийнхаа насжилтыг нэмэгдүүлэх нь хамгийн чухал. Олон улсын жишгийг харахад шаардлагатай бол Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулдаг. Тогтолцооны ийм өөрчлөлт хийж чадаагүй уналтад орсон улс орон бий. 


-Олон нийтийн шүүмжлэл дагуулж буй энэхүү өөрчлөлт тэдний төрийг бүрдүүлж, улмаар иргэдийн амьдралд эергээр нөлөөлж чадах уу? 
-Сонгуулийг холимог системээр зохион байгуулсны үр дүнгээр  парламентад олон намын төлөөлөл орж ирэх боломжтой. Жишээлбэл, 70 гаруй гишүүнтэй байсан Шинэ Зеланд улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, сонгуулиа холимог системээр явуулж, 120 гишүүнтэй байхаар болсон. Ингээд сонгуулийн үр дүнгээр парламентад нь арав гаруй намын төлөөлөл суудаг болсон. Бид энэ мэт сайн жишгийг дагаж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүнийг 20 жилийн дотор хэд дахин өсгөх боломж бүрдэнэ. Бидний хүсээд буй өөрчлөлт гарна. 


-Дараагийн нэг онцлох, хөгжилд хөтлөх тогтолцооны өөрчлөлтөөр жендэртэй холбоотой шийд­вэрүүдийг нэрлэх нь зүйтэй болов уу?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд жендэрийн эрх тэгш байдлын талаарх НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүд, Жендэрийн үндэсний хороо зэрэг байгууллагатай хамтарч шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах зорилго тавьж ажилласан. Сонгуулийн тухай хуулиар 2024 оны сонгуульд нэр дэвшигчдийн 30 хувь, 2028 оныхоор 40 хувь нь эмэгтэйчүүд байх юм. Мөн жагсаалтаар нэр дэвших хүмүүсийг 1:1  буюу  эрэгтэй, эмэгтэй гэж сөөлжүүлэн бичихээр болсон. 

Одоо парламентын гишүүдийн 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа бол энэхүү өөрчлөлтийн үр дүнгээр 25 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон. Энэ бол дэлхийн дундаж үзүүлэлт. Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намын шийдвэр гаргах түвшин дэх оролцоог 40 хувьд хүргэх ёстой. 

Цаашид парламентын тогтолцооны үр өгөөж Монгол Улсын хөгжил дэвшилд илүү бодитой, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангахад ихээхэн тус нэмэр болно гэж үзэж энэ мэт өөрчлөлтийг хийсэн юм. 


-Төрийн тогтолцоог өөрчлөх нөхцөлийг хууль эрх зүйн хувьд бүрдүүлж нэг алхам урагшиллаа. Гэхдээ үүний нөгөө талд олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг төрийн алба, төрийн үйлчилгээний асуудал бий. Төрийг цомхон, чадварлаг болгож өөрчилж шинэчлэх ямар шийдэл байна вэ?
-Төр хэтэрхий данхайчихжээ. Тиймээс нэгдүгээрт, төрийг цомхон болгох ёстой. Төрийн захиргаа, төрийн үйлчилгээний салбарт 225 мянга, төрийн өмчит үйлдвэрийн газарт 60 гаруй мянган хүн ажиллаж байна. Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо жилийн эцсээр нэг сая 290 мянга гэж гарсан. 

Үүнтэй харьцуулахад төрийн албан хаагчид ажиллах хүчний 20 хувийг эзэлж байгаа юм. Бусад улс орны жишгээр үүнийг 15 хувьд барьж чадвал зөв зохистой гэж үздэг юм билээ. Тиймээс цаашид төрийг хэрхэн цомхон болгох вэ гэдгээс ажлаа эхлэх хэрэгтэй. Ингэхдээ төрийн албаны шинэчлэл хийж, төрийн жинхэнэ алба, төрийн нийтийн алба гэж ангилах бодлого барьж байгаа юм. 

Ер нь жилдээ 1.5-2.0 хувиар багасгах бодлого баривал арван жилийн дараа бодит үр дүнд хүрнэ гэж тооцоолсон. Хоёрдугаарт, төр бизнес хийдгийг, хувийн хэвшлийн боломжийг булаадгийг болиулах, зогсоох ёстой. 2022 оны үзүүлэлтээр төр 12 орчим их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Мөнгөн дүнгээр харьцуулж үзвэл зах зээлийнхээ 30 хувийг хувийн хэвшилд даатгаад үлдсэн 70 хувийг нь төр өөрөө авч явж байна гэж дүгнэж болохоор байна. 


-Төрийн үйлчилгээний тухайд  олон шат дамжлагыг яаж багасгах вэ. Нэг үйлчилгээ авахын тулд олон газрын хаалга татах хэрэгтэй болдог?
-Үүний шийдэл бол процессын дахин инженерчлэл. Банкны салбарынхан процессын дахин инженерчлэл хийчихсэн, үйлчилгээнд нь иргэд, олон нийт ямар их сэтгэл хангалуун байгаа билээ. 

Бид төрийн үйлчилгээг ийм л түвшинд хүргэх ёстой. Тиймээс эхний ээлжид ХНХЯ-д процессын дахин инженерчлэлийг хийж, Засгийн газарт танилцуулаад тогтоолоор үүрэг өгсөн байгаа. Тухайн яаман дахь асуудал бол нэгдүгээрт, олон агентлаг, газар, хэлтэс байв. 

Тэгэхээр нэг шийдвэрийг хэрэгжүүлэхэд 4-5 шат дамжлага дамжих шаардлага гарч байгаа юм. Хоёрдугаарт, иргэнд учирч буй хүндрэл бэрхшээл. Жишээлбэл, группээ сунгуулах гэж буй нэгэн иргэн 14-21 хоног зарцуулж, хоёр сая гаруй төгрөгийн зардал гаргасан байгаа юм. Тэгэхээр процессын дахин инженерчлэлийн гол зорилго бол чиг үүрэг нь давхардсан төрийн үйлчилгээг нэгтгэх, цэглэх, шат дамжлагыг багасгах явдал юм. Одоо ажлын хэсгийнхэн маань Засгийн газрын тогтоолоор эрүүл мэнд, байгаль орчны яаман дээр ажиллаж байгаа.  


-Төрийн үйлчилгээний шат дамжлагыг багасгасан ч тухайн үйлчилгээг үзүүлж буй төрийн албан хаагчийн хандлага, хүнд суртлын асуудал бий?   
-Бид одоо орон нутгийн хөгжил, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа гэдэг зүйл рүү орох ёстой. Ер нь төрийн үйлчилгээнээс иргэд сэтгэл ханамж авч байна уу, үгүй юү гэдэг л асуудлыг байнга ярьдаг.  Харин иргэдэд үйлчилгээ үзүүлж буй төрийн албан хаагч өөрөө сэтгэл ханамжтай байгаа эсэх асуудал бас чухал. Сэтгэл ханамжгүй байгаа төрийн албан хаагч сэтгэл ханамжтай байх хэмжээний үйлчилгээг иргэнд үзүүлж чадах уу. 

Ажлын байр, цалин урамшуулал, амьдрах байр, орчин нөхцөлийн хувьд сэтгэл ханамжтай байснаар иргэдэд сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлдэг болно. Ингэж байж бүтээмж дээшилнэ гэж үзээд холбогдох хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бид Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хуулийн төслийг Засгийн газарт танилцуулж, улмаар УИХ-д өргөн барьж хаврын чуулганаар батлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Мөн хот, хөдөөгийн ялгааг арилгах, үүнийг цалин, урамшууллын нэмэгдлээр хийх хэрэгтэй. Ажлын байрны чанар стандартыг хот, хөдөө ялгаагүй ижил түвшинд хүргэж байж орон нутагт чадварлаг боловсон хүчин ажиллах боломж нөхцөл бүрдэнэ. Үүний үр дүнд төрийн албаны үйлчилгээ эрс сайжирна гэсэн үг. 


-Төрийг цомхон болгох тухай ярихаар ашигтай, ашиггүй төрийн өмчит үйлдвэрийн газруудын асуудал сөхөгддөг. Улс төрийн зориг гаргаж, нэгтгэх, хувьчлах шийдвэрийг гаргаж шийдэхгүй бол цэгцрэхгүй л болов уу?  
-Нэг салбарт чиг үүрэг нэгтэй хэрнээ хоорондоо өрсөлддөг,  ажилчид нь өөр өөр цалинтай гэх мэт асуудалтай олон газар бий. Тиймээс худалдан авалттай холбоотой зохицуулалтыг хийе гэдэг үүднээс бид тодорхой өөрчлөлтүүдийг хийж чадсан. Өөрчлөлтийн гол зарчим бол цөөлөх.

 Намайг ажил авч байхад нийт төрийн өмчит 130 үйлдвэрийн газар байсан үүнийг 94 болгож чадсан. Бидний дараагийн хийх алхмаар төрийн өмчит үйлдвэрийн газрын тоо 40 гаруй болно. Улаанбаатар хот гэхэд л орон нутгийн өмчит 108 үйлдвэрийн газартай байна. 

Ач холбогдол багатай мөртлөө маш их хэмжээний зардал гаргадаг. Жишээлбэл, улсын төсвөөс жилд 3.2 тэрбум төгрөг авдаг автобаазыг аж ауйн тооцоот үйлдвэрийн газар болгосон. Тэгсэн орлого нь жилийн дотор  15 тэрбум төгрөгт хүрсэн. Цаашид үүнийг хувийн хэвшил рүү шилжүүлэх бодлого баримтална. 


-“Эрдэнэс Монгол” ком­панийн ногдол ашгийн хувийг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлж, зарим шаардлагатай хөтөлбөрийг санхүүжүүлэх талаар яригдаж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
 -“Эрдэнэс Монгол”-ын ногдол ашгийн 34 хувийг Хуримтлалын нэгдсэн санд төвлөрүүлж, боловсрол, эрүүл мэнд, орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтэд бэлэн бус хэлбэрээр зарцуулах тогтолцоо руу орох хувилбар бүхий хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулаад УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. 

Ер нь “Эрдэнэс Монгол” нэгдлийнхээ хувьд их өөр болсон. “Эрдэнэс Монгол” 16 жил болоход өөрөө мөнгө олж үзээгүй. Тэгээд 2022 оны арванэгдүгээр сараас дүрэмд нь өөрчлөлт оруулснаар дэвшил гарсан. Загсийн газрын тогтоол шийдвэрээр бизнесийн зарчмаар явах нөхцөлийг бүрдүүлсэн. Үүний үр дүнд 39 охин болон авиа компани 27 болж буурсан. Дээрээс нь удирдах зөвлөлийн 266 гишүүнийг 60 гаруй болтол нь багасгасан. Ингэж бодлогоор төрийн өмч цаашаа явахгүй бол болохгүй гэдэг шийдэлд хүрсэн. 

Үр дүнгээр нь  компанийн 2023 оны ногдол ашиг 5.2 орчим наяд хүрсэн. “Эрдэнэс Монгол”  маань жилдээ 300-400 тэрбум төгрөгийн орлогын эх үүсвэртэй болж түүгээрээ шинэ төсөл хэрэгжүүлэх боломжоо нээсэн. 

-Засгийн газар яамдын тоог нэмэгдүүлсэн. Ер нь ингэж яам шинээр нэмж байгуулах нь хэр зөв шийдэл вэ?

-Яам, сайд болгон бодлого гаргадаг байж болохгүй. Тэр битгий хэл мэргэжилтнээс хамаарсан салбарын бодлого ч гэж огт байж болохгүй. Эдийн засаг, хөгжлийн яам хөгжлийн бодлогыг тодорхойлно. Харин бусад яам, агентлагийн хувьд тэрхүү бодлогыг хэрэгжүүлэх түвшинд ажиллана. Энэ хэлбэр хамгийн зөв. Хэрэгжүүлэгч олон агентлаг байхаас илүүтэй яамдын ажиллах чиглэл зөв байвал зохимжтой юм шиг байна. Олон улсын жишгийг харахад түлхүү хөгжүүлье гэсэн салбар нь дагнасан яамтай байдаг юм билээ. Тиймээс бид одоо Монгол Улсын Хүний нөөцийн яамтай болохоор зорьж байна. Хүний нөөцийн бодлого бүх зүйлийн суурь байна. 

-Эрүүл мэндийн салбарт өөрчлөлт шинэчлэлт гарч байгаа хэдий ч чанаргүй, үнэтэй эм иргэдийн халаасыг сэгсэрч буйд   яаж цэг тавих ёстой вэ. Уг нь манай улс Эмийн агентлагтай болсон шүү дээ?  
-Үүнийг шийдэх гарц нь Засгийн газар эмийн стандартыг тогтоож өгөх явдал юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байхдаа Эмийн агентлаг байгуулж, нэг алхам хийж чадсан. Энэхүү Эмийн агентлагийн зорилго дэлхийн зах зээлээс стандартад тэнцэх, чанартай Монгол Улсын хэрэгцээний эмийг нэгдсэн байдлаар захиалах боломжоор хангаж өгөх байсан. Харамсалтай нь, өнөөдөр нөгөө агентлаг эмийн тусгай зөвшөөрөл өгдөг газар болчихсон. 

Энэ агентлагийг татан буулгах ёстой. Эмийн стандартыг зах зээлийн зарчмаар шийдэх зорилгоор Сингапур, Өмнөд Солонгос, Японы стандартыг Монголд хэрэгжүүлэхээр зорьж байна. Өмнөд Солонгос яг манайх шиг асуудалтай тулгараад нэг шийдвэр гаргасан нь Америкийн стандартыг шууд авсан явдал. 
Бид ийм сонголт хийхгүйгээр цааш алхах ямар ч боломжгүй. 

 С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр