Тэтгэвэр тэтгэмж болон хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт орууллаа. Ингэснээр нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэв. Бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянга, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна. Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг ирэх сарын 1-нээс дагаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас хүн амын амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан 2018-2023 онд нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлсээр ирсэн. Ингэснээр дундаж тэтгэврийн хэмжээ 685.6 мянган төгрөгт хүрч, 2016 онтой харьцуулахад 2.2 дахин нэмэгдээд байна. Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2023 оны арваннэгдүгээр сарын мэдээгээр нийгмийн даатгалын сангаас нийт 493 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 59 орчим хувь буюу 288.4 мянган тэтгэвэр авагч бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа аж. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сард 375 мянга, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 302500 төгрөг болголоо.
Монгол Улсын Засгийн газар 2023 оны долдугаар сарын 1-нээс нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 12.8 хувиар нэмэгдүүлж 325.000 төгрөгт хүргэсэн байдаг. Түүнчлэн 2020 оноос хойш нэмэгдээгүй байсан асаргааны тэтгэмж болох 84.500 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлж 275.000 төгрөг болгосон юм. Мөн байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэний тэтгэмж 123.100 төгрөгийг мөн адил 275.000 төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэжээгчээ алдсан хагас болон бүтэн өнчин хүүхдүүд зэрэг нийгмийн зүгээс анхаарал халамж зайлшгүй шаардлагатай 65.6 мянган иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр авч байгаа аж. Мөн 2014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 16 хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж олгохоор болсон. Энэ тусламжид нийт 12.8 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. Асаргааны тэтгэмжид байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/-ийг асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 65.9 мянган иргэн байна.
Тэтгэврийн энэхүү нэмэгдэлд нийтдээ 449.3 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд дундаж тэтгэврийн хэмжээ өнөөдөр 685.6 мянга байгаа бол 100 мянган төгрөгөөр нэмэгдсэнээр 785.6 мянган төгрөг болж байна. Харин хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөг байгаа бол энэхүү нэмэгдлээр мөн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж, 540 мянган төгрөгт хүрлээ.
Хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулав
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Ингэснээр төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа 14 хүртэлх насны хүүхэд бүрд асрамжийн газар нь данс нээлгэж, хүүхдийн мөнгийг банканд бүрэн хадгалуулахаар болж байна. Харин 14 ба түүнээс дээш насны хүүхэд бүрд хүүхдийн мөнгөний 80 хувийг банканд хадгалуулж, 20 хувийг хүүхэд өөрөө захиран зарцуулах зориулалт бүхий харилцах дансыг нээлгэх бөгөөд энэ данс нь цахим карттай байх аж. Хүүхдийн мөнгөний журамд ийнхүү өөрчлөлт оруулснаар асрамжийн газарт байгаа хүүхдүүд хүүхдийн мөнгөний 20 хувийг картаар авч хичээлийн хэрэгсэл авах, секц, дугуйланд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээнд зарцуулах боломж бүрдэж байгаа юм. Үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр хэрэгжинэ. 2024 оны нэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 20 байгууллагын халамж, асрамжийн 29 төвд 0-18 насны нийт 924 хүүхэд, залуус өсөж хүмүүжиж байгаа ажээ. 2021 оны Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын өөрчлөлтөөр хүүхдийн эрхийн байцаагчийн дүгнэлтээр дансанд нь хуримтлуулдаг болсон юм. Түүнчлэн Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар Хүүхдийн мөнгөний журамд өөрчлөлт оруулахдаа бас нэгэн шинэ тутам шинэчлэл хийсэн. Энэ тухайд ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Хүүхдүүд маань бэлэн мөнгөтэй харьцаж сурахгүй байсаар насанд хүрэх гээд байдаг учраас хөгжлийн үйлчилгээнд нь зарцуулах нь зөв юм гэж үзсэн. Асрамжийн төвд нэг айлын дөрвөн хүүхэд нэг жил байхад хүүхдийн мөнгөнийх нь хуримтлал нийлээд таван сая орчим төгрөг болдог. Гэтэл зарим эцэг, эх хүүхдийн мөнгөний хуримтлал үүсэхээр хүүхдээ асрах төвөөс аваад, бүх мөнгийг нь зарцуулчихаад хүчирхийлэл үйлдэхээр эргээд хүүхэд асрах төвд ирэх, эсвэл мөнгө нь дуусахаар хүүхдээ асрамжийн газар аваачиж өгдөг. Тийм учраас хүүхдээ асран хамгаалдаггүй, хүүхэд нь асрамжийн төвд байгаа хүүхдүүдийн 100 мянган төгрөгийг захиран зарцуулах эцэг, эхийнх нь эрхийг хаасан. 18 нас хүртэл мөнгөн тэтгэмж нь хуримтлал байдлаар төвлөрөөд захиран зарцуулах эрх нь нээгдэхээр хүүхэд өөртөө авахаар журамд өөрчлөлт орууллаа” хэмээн тайлбарласан. Ийнхүү холбогдох хууль, журамд оруулсан дээрх өөрчлөлтийг ирэх сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх бөгөөд ахмад настан болон цэргийн тэтгэвэр авагчид нэмэгдсэн дүнгээр тэтгэврээ авахаар боллоо.
М.Өнөржаргал
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд:
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна