О.Номинчимэг: Нийслэлд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатарыг олон төвт хот болгохоор ажиллаж байна


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгийг “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа. Тэрбээр МУИС, Токиогийн их сургууль, Колумбийн Хуулийн сургуульд эрх зүйч, хууль зүйн мэргэжлээр сурч, магистр хамгаалжээ. МУИС-ийн Хууль зүйн сургууль болон СЭЗИС-д багш, “Мицубиши” корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, өмгөөллийн “Номин энд Адвокатс” ХХН-ийн захирал, УИХ-ын Тамгын газрын тэргүүн дэд дарга, УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ.

 

Дунд, урт хугацааны шийдэл боловсруулж, дараагийн үе рүүгээ орох цаг болжээ

 

-Та нийгэм, боловсрол, эрүүл мэнд, агаарын бохирдол, хүүхэд хамгаалал гээд олон салбарыг хариуцаж байна. Үүрэгт албанд томилогдоод хамгийн түрүүнд эхлүүлсэн ажил тань аль салбарт төвлөрч байв?

-Ажлаа өнгөрсөн аравдугаар сарын 18-нд авсан. Утаа, гал­лагааны улирал эхлэхийн зэрэгцээ төсөв, хэрэгжүүлэх төлөвлөгөө батлагдсан үетэй давхацсан. Өмнөх ажлуудын хэрэгжилттэй танилцаж, 2024 оны төлөвлөгөөгөө шуурхайлан гаргасан юм. Утаа, агаарын бохирдлыг бууруулах гэж бид олон жил ярилаа. Үр дагавартай нь тэмцэх буюу богино хугацааны бодлого дорвитой шийдэл болдоггүй. 

2019 онд дорвитой алхам хийж утааг бууруулсан. Түүхий нүүрс түлдэг байхад Сүхбаатарын талбайгаас Блью скай, Централ таурын барилга харагддаггүй байсан. Одоо бид шүүлтүүр, яндан, зуухтай тэмцэж төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулмааргүй байна. Үр дүн нь ганцхан өвлийн дотор гарахгүй ч дунд, урт хугацааны шийдэл боловсруулж дараагийн үе рүүгээ орох цаг болжээ. Энэ бол дэд төвүүдэд түшиглэн иргэдийг орон сууцаар хангах. Нийслэлийн суурьшлын 58.2 хувийг гэр хорооллын бүс эзэлдэг. Улаанбаатар хотын 1.7 сая орчим хүн амын 841 мянга нь орон сууц, 797 мянга нь гэр хороололд амьдарч байна. 

Замын хөдөлгөөний түгжрэл, төвлөрөл, агаар, орчны бохирдол зэрэг нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохоор ажиллаж буй.

 Энэ хүрээнд Улаанбаатар хотод зургаан дэд төв байгуулж байгаа бөгөөд Сэлбэ, Баянхошуу дэд төвийн дэд бүтцийн ажил бүрэн дууссан. Орон сууцад орсон иргэд тухтай амьдарч, яндан, модон жорлонгоосоо сална. 


-Дэд төвүүдэд түшиглэсэн орон сууцжуулалтыг агаар, орчны бо­хирд­лыг бууруулах үндсэн шийдэл гэж ойлгож болох уу?

-Дэд төвүүдийг орон сууцжуу­лахдаа 40 хувь нь ногоон байгууламж, 60 хувь нь барилгажих талбай байх бодлогыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ нам давхрын орон сууц барина. Мөн сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төвүүд, төрийн байгууллагуудыг цогцоор нь төлөвлөж, нэгдсэн тогтолцоонд оруулан, жишиг дэд төв болгох юм. Дэд төвийг бүтээн байгуулахдаа хувийн хэвшил, иргэн хоёрыг холбож орхилгүйгээр төр оролцоотой байхаар ажиллаж байна. Утааг гэр хороололтой шууд холбож болохгүй. Улаанбаатарын агаарын бохирдол дөрвөн эх үүсвэртэй. Дулааны цахилгаан станцаас ялгарах тоосонцор агаарын бохирдлын ихэнх хувийг бүрдүүлдэг. Дараа нь гэр хороолол, тээврийн хэрэгсэл, уурын зуухны яндангийн утаа эзэлнэ.

 Автомашиныг замын түгжрэлтэй холбон ярьдаг атлаа яндангаас нь ялгарах азотын давхар исэлд анхаарал хандуулдаггүй. Түгжрэлд зогсох үед авто машины утаа хаялт нэмэгддэг. Шүүлтүүргүй буюу үйлдвэрийн бус яндантай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцсоноор хортой утаа ялгаруулна. 

Жил бүрийн датаг харахад тээврийн хэрэгслийн ялгаруулах азотын давхар исэл гэр хорооллын утаанаас давсан. Иймд техникийн бүрэн бүтэн байдал хангаагүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, өдөрт зорчих тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах, стандарт мөрдүүлэх зэрэг арга хэмжээ авч байна. Эцсийн зорилго нь алхаж буй иргэд, хүүхдийн эрүүл мэндийг хорт утаанаас сэргийлэхэд чиглэсэн.

 Улаанбаатарт дулааны дэд бүтэцгүй тархмал байршилд 160 гаруй уурын зуух одоо ч шигшсэн нүүрс түлдэг. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн орчим дахь уурын зуухыг эрчим хүчний бусад эх үүсвэрээр орлуулах бодлого хэрэгжүүлнэ. 

Агаарын бохирдол нь том зургаараа эрчим хүч, дулааны асуудал тул эрчим хүчний үнэ тариф, салбарын либералчлал гэх мэт олон төвөгтэй асуудалтай холбогддог. Агаарын бохирдлыг бууруулахын тулд дулаан алдагдлыг шийдэх хэрэгтэй. 

-Тэгэхээр нийслэлд хэрэг­жүүл­сэн зөв шийдэл Монгол Улсын хотуудад сайн жишиг болох нь ээ? 

-Хүн амын тал хувь нь Улаанбаатарт төвлөрсөн, шигүү суурьшлаараа онцлог. Утаа зөвхөн нийслэлийнхний толгойны өвчин биш. Цаашлаад 21 аймгийн төвүүд түүхий нүүрсний хэрэглээнээс үүдэн утаатай болсон. Хуулиар бол Засгийн газар агаар, орчны бохирдлыг бууруулахад оролцдог. Өнөөдөр бид дахин төлөвлөлтийн алдаагаа засаж, давтахгүйг хичээж байна. Улаанбаатарын шинэ өнгө, төрхийг илэрхийлэх бүтээн байгуулалт хийнэ. 

 

Хүүхэд хамгааллаас хүүхэд хөгжил рүү чиглэсэн бодлогыг бид дэмжих ёстой

 

-Таны хэрэгжүүлсэн ажлуудыг ажиглаад байхад хүүхэд хам­гаалалд түлхүү анхаарчээ?

-Хүүхэд хамгаалал, нийгмийн бодлого манай салбарын чухал асуудал. Энэ том сэдвийг тойроод сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эрүүл мэнд, гэр бүл, хамгааллын асуудал яригддаг. Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ-д оруулахаас өмнө би биечлэн ажиллаж байсан. Тэр утгаараа хүүхэд хамгааллын чиглэлээр бодит зүйл хийхийг хүссэн юм. 

Нэн тэргүүнд эрүүл мэнд, аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд орон нутагт хэрэгжүүлэх ажлаа төлөвлөсөн. Сургууль, цэцэрлэгтээ хүрэхдээ аюулгүй замаар явдаг эсэхэд хар цэгийн судалгаа хийлээ. Ингээд бүх дүүрэгт төсөв хуваарилж сургууль орчим лед гэрлэн гарц байршуулсан. 

Цаашид гарцуудаа нэмнэ. Боловсрол, эрүүл мэндийн байгууллага, эцэг эхтэй санал солилцоход сургууль орчимд электрон тамхины хэрэглээ хэтийдсэн, сурагчдын сэтгэцийн эрүүл мэндийн асуудал түлхүү хөндөгдсөн. Биднийг үүрэгт ажилдаа ороод удаагүй байтал Улаанбаатар хотын 384 жилийн ой тохиосон. Энэ өдрөөр хүүхэд залуусын оролцоог хангасан, бүх дүүргийн ахлах ангийн сурагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

-Электрон тамхийг бохь шиг худалдаалснаас сурагчид хэрэглэж байгаа болов уу. Нийслэлийн захиргаанаас үүнд хэрхэн анхаарсан бэ?

-18 нас хүрээгүй хүүхдэд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулахыг хориглох Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр гарсан. Энэ хүрээнд есөн дүүрэгт захирамжийг хүргүүлж, дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтсүүд электрон тамхи худалдан борлуулж буй цэгүүдэд насанд хүрээгүй хүүхдэд худалдаалахгүй байх анхааруулгыг байршууллаа.

 Мөн хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг НИТХ-аар хэлэлцүүлж, өөрчлөлт оруулсан. Ингэснээр бичиг баримт шалгалгүйгээр электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдан борлуулсан зөрчил гурваас дээш удаа гаргавал тухайн үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлийг хасах хүртэл арга хэмжээ авах юм. 

Тус журам ХЗДХЯ-нд захиргааны хэм хэмжээний акт болж бүртгэгдсэн. Одоо нийслэлийн есөн дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэс, УБЗАА, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран үзлэг шалгалт хийхээр төлөвлөж байгаа. Тамхины хяналтын хуульд сургууль орчмын 500 метр бүсэд тамхи зарахгүй гэсэн заалт бий. Гэвч энэ заалт хэрэгжихгүй, сургуультай ойрхон дэлгүүрүүд нууцаар зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Ямар арга хэмжээ хэрэгжүүлж болох талаар судалж байна. Судалгаанаас гарсан үр дүнг санал болгон ЭМЯ-нд хүргүүлнэ. 

Би хууль тогтоогч, салбарын яамны бодлого гаргагч биш. Гэхдээ Хүүхэд хамгааллын хуулиараа орон нутагт хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй. 18 нас хүрээгүй хүүхэд электрон тамхи татсанаар никотины хамааралтай болохоос гадна эрүүл мэндийн сөрөг үр дагавартай. 

-Ахлах ангийнхны дунд зохион байгуулсан хэлэлцүүлгээр сураг­чид ямар шинэ санал, санаачилга дэвшүүлж байв?

-Хүүхдүүд санал асуулга, хэлэл­цүүлэгт маш идэвхтэй оролцсон. Дугуйн замыг сайжруулах, спорт заалыг хүртээмжтэй болгох гэх мэт дэд бүтэцтэй холбоотой санал нэлээд ирүүлсэн. 

Мөн хүүхдийн сэтгэл зүйн асуудлаа хуваалцаж, даван туулахтай холбоотой санал эхний арван асуудлын гуравт нь дурдагдсан байна. Сурагчдын олонх нь сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, чанарыг сайжруулахыг хүссэн. Тодруулбал, сургууль бүр ажлаа мэддэг, хүүхэдтэй харилцах ур чадвартай, мэргэжлийн сэтгэлзүйчтэй болох саналыг хүүхдүүд тавьсан. Хоёрдугаарт, сургуулиуд сурагчдын сэтгэл зүйн клубтэй болох хэрэгтэйн талаар олон санал ирсэн. Магадгүй үе тэнгийн дээрэлхэлтэд өртдөг, сэтгэл зүйн асуудалд орчихоод яахаа, хэнтэй хуваалцахаа мэдэхгүй хүүхдүүд хоорондоо ярилцдаг талбар хэрэгтэй байгааг эндээс харж болно.

-Цаашид хүүхэд хамгааллын салбарыг сайжруулахад хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Хүүхэд хамгааллын чиглэлээр хүний нөөцийн чадавхжуулалтаас эхлээд сэтгэл зүйн эрүүл мэнд, хүүхдийн хоолны шим тэжээл гээд хийх зүйл олон бий. Бас нэг бодит жишээ бол тоглоомын талбайн стандарт. Стандартаа мөрддөгүйн дээр барьж орхиод эзэнгүйдүүлдэг. Өмчийн эзэн гэж ярьдаг. Гэтэл өмч эзгүйдэхээр эрх чөлөөний үндэс суурь гэдэг агуулгаа алддаг.

 Нийслэлд хүүхдийн тоглоомын 1200 гаруй талбай байна. Ихэнх нь ашиглалт, засвар хэн хийх нь тодорхойгүй, эзэнгүйдсэнээс аюулгүй байдлын стандарт алдагдсан. Хот байгуулалт, стандартын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газартай хамтран дүүргүүдийн тоглоомын талбайнуудад үзлэг хийсэн. Арчлалт, хамгаалалтыг нь СӨХ хариуцдаг уу, дүүрэг, хороо юу, барьсан компани хариуцах эсэхийг ялгаж, үүрэг чиглэл өглөө. Хамгийн гол нь хүүхэд хамгааллаас хүүхэд хөгжил рүү чиглэсэн бодлогыг бид дэмжих ёстой. Олон улсын судалгаагаар бага насны хүүхдэд хамгийн их нөлөөлөл, хүмүүжил олгодог хичээл нь урлаг, уран зохиол байдаг. 

Бие бялдрын хувьд биеийн тамир, спортын хичээлүүд. Спортоор хичээллэснээр багаар ажиллаж сурна. Уран зохиолоор хүний сэтгэлийг мэдэрнэ, урлагаар гоо зүйг мэдэрч сурна. Тэгэхээр хүүхдийг хөгжүүлж, нийгэмшүүлж, бие хүн болж төлөвшүүлэх нь чухал. Үүнд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх байгууллагууд анхаарч ажиллаж байна. 

 


“20 минутын Улаанбаатар” концепц хүртээмжийг нэмэгдүүлнэ

 

-“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум боллоо. Ер нь нийс­лэл хотоо бүсчилснээр улаан­баатарчуудад ямар эерэг өөрчлөлт авчрах вэ?

-Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Улаанбаатар хот бол бүсчилсэн хөгжлийн дагуу нэг бүс болно. Цаашид бусад бүстэй эдийн засгийн таталцлаа хэрхэн зөв хуваарилах нь чухал. Бүсчилсэн хөгжлөөр бид дэд бүтэц, дулаан, эрчим хүч, гэр хорооллыг орон сууцжуулах, нийгмийн үйлчилгээ, дагуул хот, засаглал гэсэн үндсэн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үндсэн концепцыг нь дүгнэвэл, улаанбаатарчууд төрийн үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, халамж зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүртээмжтэй болгох. 

Нийслэлчүүд Бага тойруу, Их тойруудаа шавааралдан амьдарч байна. Өндөр байшингууд дэд бүтцээ даган хотын төвд баригдаж, Сүхбаатарын талбай тойроод гэрэлтэй гудамжаар зугаалж болж байна. Гэтэл алслагдсан гэр хороололд орчны хүртээмжтэй байдал алдагдаж, хүүхдүүд харанхуй гудамжаар сургуульдаа явж байна. Суурь шалтгаан нь дэд бүтэц шүү дээ. Үүнийг тэлж, задалж байж бүтээн байгуулалтаа хүртээмжтэй болгоно. 

-Харанхуй гудамжны талаар та жишээ дурдлаа. Явган хүний зам, гудамжны гэрэлтүүлэг хангалтгүй гэх шүүмжлэлийг хэр тусган ажиллаж байна вэ?

-Гэрэлтүүлгийн асуудалд бид эхнээсээ анхаарал хандуулан ажиллаж байна. Гэр хороолол, дэд бүтцийн хүртээмжийн нэг сөрөг жишээ. Гэрэлтүүлгийн судалгааг хийж үзэхэд, сургууль орчмын гэрэлтүүлэг бусад хэсгүүдтэй харьцуулахад арай гайгүй. Гэхдээ л хангалтгүй. 

Тээврийн цагдаагийн албанаас осол аваар хаана их гарч байна, хүүхэд хаана их эрсдэлд өртөж байна вэ гэдгээр хар цэгийн судалгааг гаргаад байгаа. Зарим цэгт гэрэлтүүлэг байхгүй байхад заримд нь гэрэлтүүлэг байгаа хэр нь ажилладаггүй. 2024 оны төсөвт тусгаж, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг эхлүүлсэн.


-Эрчим хүчний хараат байдлаас гарах гэж хичээж байгаа энэ үед нийслэлийн дэд бүтцийг тэлэхэд амаргүй байх болов уу?

-Нийслэл хотын эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг шийдэж байж бид урагшилна. Шийдэл нь “20 минутын Улаанбаатар” концепц. Нийгмийн суурь үйлчилгээг гэрээсээ гараад 20 минут зарцуулах зайнд авдаг болохын тулд дүүргүүдээ хэрхэн зохион байгуулах талаар санал солилцлоо. Сургуулиуд хотын төвд төвлөрснөөс үүдэн гэр хорооллоос урагшаа чиглэсэн хөдөлгөөн идэвхэждэг. 

Иргэн бүр хүүхдэдээ чанартай боловсрол эзэмшүүлэхийг хүсдэг. Тойргийн бус, чанартай сургуульд хүүхдээ оруулахыг хичээх нь буруу биш. Хол зайд зөөхөөр хүүхэд ядардаг. Мөн аливаа эрсдэлд орох магадлал нэмэгдэнэ. Гэрт ойр, чанартай боловсрол эзэмших эрх хүүхэд бүрд бий. 

-Тэгвэл “20 минутын Улаан­баатар” концепц хотын төвийн сургуулийн ачааллыг бууруулахаас илүү давуу талтай юу?

-Төвийн сургуулиудад өргөтгөл хийхээс илүүтэйгээр хотын захад байрлах сургуулиудад боловсролын чанарыг сайжруулахаар зорьж байна. Зөвхөн барилга, байгуу­лам­жийг сайжруулахаас гадна чанарын хүртээмжид анхаарах цаг болсон. Хотын төвийн 47 сургууль гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна гэсэн судалгаа гарсан. Хотын төвд байрлах сургуульд суралцаж байгаа хүүхдүүдийн 25 хувь нь хамран сургах тойргийн бус байдаг. Энэ нь түгжрэлийн бас нэгэн шалтгаан. 


-Нийслэлийн төсвийн тодот­голд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх тухай тусгасан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн Засаг даргаас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголыг хоёр чиглэлээр хийнэ. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор газар чөлөөлөлт хийх арга хэмжээ авахыг тодотголд тусгасан. Энэ жил цэцэрлэгийн хүртээмж 92.5 хувь болж нэмэгдсэн. 

Ерөнхий боловсролын сургуулийн хувьд нийт 381 мянган хүүхэд нийслэлд суралцаж байна. Жил бүр сургуульд суралцах хүүхдийн тоо нэмэгддэг. Тиймээс сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, засвар үйлчилгээг сайжруулахад төсөв нэмж байна. Энэ удаагийн төсвийн тодотголоор шинэ суурьшлын бүс болох Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүрэг дэх байшин хорооллуудад газар чөлөөлөлт хийж, улсын цэцэрлэг сургууль байгуулах тодотгол хийж байгаагаараа онцлогтой. 11 сургууль, цэцэрлэгийн асуудлыг төсвийн тодотголд тусгаж, нийт 26.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна.

 Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр