Э.Энхсайхан: 2026 оны өвлийн олимпын наадамд оролцохоор зорьж байна


Монгол Улсын биатлоны шигшээ багийн тамирчин, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн дэд түрүүч, олон улсын хэмжээний мастер Э.Энхсайхантай ярилцлаа. Европын орнуудад зохион байгуулсан олон улсын тэмцээнд оролцож бэлтгэлээ “шалгуулсан” тэрбээр хэдхэн хоногийн өмнө Булган аймагт болсон биатлоны улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд түрүүлээд байна. Европын аварга болоод удаагүй түүний хэтийн зорилго 2026 оны өвлийн олимпын наадамд амжилттай оролцох юм.        

-Биатлоны анхдугаар улсын аварга шалгаруулах тэмцээн таны бэлтгэл ямар байгааг харууллаа. Харин таны хувьд энэ удаагийн тэмцээн ямаршуу байдлаар өрнөв?
-Манайд биатлоны сорил тэмцээнүүд өмнө нь болдог байсан. Харин энэ жил биатлоны улсын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. Тэмцээнийг цаашид уламжлал болгон хийхээр болсонд баяртай байна. Би энэ сарын эхээр эх орондоо ирсэн. Хөнгөвтөр ханиадтай байснаа эс тооцвол улсын аварга тодруулах анхдугаар тэмцээндээ амжилттай оролцлоо. Тэмцээний гурван зай, төрөлд уралдаж түрүүлсэндээ туйлын баяртай байна.


-Улсын аварга шалгаруулах тэмцээний үед таны багш А.В.Попов ямар зөвлөгөө өгсөн бол. Та түүнийг нь биелүүлж чадсан уу?
-Ханиадтай байсан болохоор тэмцээндээ улайрч оролцохгүй байхыг зөвлөсөн. Түүнийх нь дагуу нэг хэмнэлээр тэмцээндээ оролцохдоо буудлагадаа нэлээд анхаарал хандууллаа.  


-Тэмцээний үед төвлөрч “бай”-гаа онох нь тамирчны сэтгэл зүйгээс бүрэн хамаардаг. Өөртэйгөө хийх энэ тулаанд та хэрхэн бэлтгэдэг вэ?
-Эхэн үедээ би буудахдаа алддаг байсан. Тэр үетэй харьцуулахад одоо харьцангуй сайжирсан байх. Анхандаа тэмцээний үед буудлагаа бүрэн гүйцэд хийж чадахгүй алдахаараа сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг байлаа. Алдсан тойргоос дараагийн тойрог хүртэлх замд “бай”-гаа онож чадахгүй байгаадаа шаналдаг байв. Сүүлийн хоёр, гурван жил сэтгэл зүйдээ анхаарал хандуулснаар энэ байдал өөрчлөгдсөн. Алдсан ч өөр зүйлийн талаар бодож дараагийн гүйцэтгэлээ сайн хийхийг хичээдэг болсон юм. Дэлхийн томоохон тэмцээний үед үзэгчдээс ирж байгаа сэтгэл хөдлөл, хандлага  тамирчны буудлагад их нөлөөлдөг. Тиймээс өндөр зэрэглэлийн тамирчид тэмцээнд хэрэглэхийг зөвшөөрдөг чихний бөглөөсийг ашигладаг. Миний хувьд ч гэсэн олон үзэгчийн чимээнд автах гээд байдаг талтай. 

   
-Өнгөрсөн саруудад таны оролцсон олон улсын үргэл­жилсэн тэмцээнүүдээс Чех улсад болсон Дэлхийн цомын талаар тодруулъя. 20 км-т ямар үзүүлэлттэй оролцоод  ирсэн бэ?
-Чех улсад болсон Дэлхийн цомын тэмцээн нь Европын аварга дууссаны дараа, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хүртэлх хугацаанд болсон. Нэг ёсондоо энэ тэмцээн миний хувьд залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх сорил байв. Би энэ тэмцээний оролцсон зайдаа 99 дүгээр байрт бариалсан. Үзэгчдийн дуунд автаж сэтгэл хөөрсөн учраас буудлагадаа их алдсан гэж өөртөө дүгнэлт хийсэн. Тиймээс цаашид энэ тал дээр ажиллана.   


-Таны үүнээс өмнө оролцсон тэмцээн бол Европын аварга шалгаруулах тэмцээн байсан. Гүйцэтгэлээ бүрэн хийхэд хамгийн их нөлөөлсөн зүйл юу байв?
-Гараанаас гарахын өмнө багш маань “Яг л бэлтгэлийн үеийнх шигээ тайван байгаарай. Гол нь буудлага шүү” гэсэн. Яагаад гэвэл, миний түрүүлсэн зайд хамгийн гол нь буудлагын гүйцэтгэлээ бүрэн хийх байсан юм. Тиймээс тухайн үед аль болох тайван байж бэлтгэлийн үеийнх шигээ буудахыг хичээсэн. Мөн тойргоос тойрогт шилжихдээ үзэгчдийн дуунд автахгүй байхыг зорьсон нь үр дүнгээ өгсөн. Би сүүлийн хоёр, гурван жилийн хугацаанд буудлагадаа түлхүү анхаарч бэлтгэл хийсэн. Гэхдээ биатлоны спортод буудлагаа сайн гүйцэтгэсэн ч тухайн өдрийн цаг агаар, тамирчны сэтгэл зүйгээс ихээхэн хамаардаг.  


-Ингээд амжилт ахиж туршлага хуримтлуулаад ирэхээр зорилго илүү тодордог байх. Таны хамгийн ойрын тэмцээн хаана, хэзээ болохоор байгаа вэ?
-Тэмцээнд дээгүүр байр эзэлсэн ч түрүүлэх хүсэл, хор шар хөдөлдөг үе бий. Энэ жилийн аравдугаар сараас олимпын оноо олгох тэмцээнүүд эхэлнэ. 2025 оны хоёрдугаар сард Ханжоуд болох Азийн наадам хүлээж байна. Энэ бол олимпын өмнөх том сорилго. Түүний дараа 2026 оны өвлийн олимпын наадамд оролцох зорилготой. Энэ зуны Азийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын эхээр БНСУ-д болно. Зуны дэлхийн аварга Эстони улсад наймдугаар сард болох юм.  

 
-Ажиглахад таны амжилт, бэлтгэл багштай тань их холбоотой санагдсан. Олон улсын тэмцээний арвин туршлагатай Попов багштайгаа хэрхэн танилцаж байв?
-Орос багшаас гадна монгол багш нарын маань ач гавьяа, нөлөө их бий. Би А.Попов багштай 2019 онд танилцсан. Тухайн үед багш манай багтай ажиллахаар болж бидэнтэй Итали улсад анх уулзаж байлаа. Түүнээс хойш бид А.Попов багштайгаа бэлтгэл сургуулилалтаа хийж байна. 


-Багшийг тань Беларусьт ажиллаж, амьдардаг гэсэн. Та хэд бэлтгэлээ тус улсад очиж базаадаг уу?
-Багш Орос, Беларусь хоёр улсын иргэншилтэй. Ерөнхийдөө Беларусь улсад ажиллаж, амьдардаг. Манай шигшээ баг 2021 оны зун Беларусьт очиж бэлтгэл сургуулилалтаа базаасан. Спортын том цогцолбортой. Бэлтгэл хийхэд цаг агаараас эхлээд бүх зүйл нь тэнд таатай байдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дайны улмаас Беларусь руу явж чадаагүй. Дайны байдлаас шалтгаалан манай баг энэ зуны бэлтгэлийг Беларусь руу явж хийх эсэх нь шалтгаална. 


-Та тэмцээний үед буудлагаа бүрэн дүүрэн гүйцэтгэдэг. Багаасаа ийм онч мэргэн байсан уу?
-Ямар ч тэмцээний үр дүн бэлтгэлээс бүрэн шалтгаалдаг. Би буудлагадаа тийм ч сайн байгаагүй.  


-Одоо та цэргийн гэрээт алба хаагч. Цаашид спортоороо дагнах уу эсвэл өөр сонголт хийхээр төлөвлөж байгаа юу?
-Гэрээт цэргийн алба хаагчаар хоёр жил явсан. Европын аварга шалгаруулах тэмцээний дараа дэд ахлагч болсон. Спорт насан туршийнх биш. Миний карьер дуусахад би арми, зэвсэгт хүчиндээ хүчин зүтгэхээр төлөвлөж байна. 
-Тамирчин бүрийн зорилго олимпын наадамд оролцох байдаг. Та хэтийн зорилгоо ч ингэж тодорхойлсон байх?
-Миний хэтийн зорилго 2026 оны өвлийн олимпын наадамд оролцох. Шарандаа энэ олимпод оролцохын төлөө хичээх болно. Яагаад гэвэл, би 2022 оны Бээжингийн олимпод дөрвөн тамирчны урдуур таслуулж олимпын наадамд оролцож чадаагүй. Одоо тухайн үед тавьж байсан зорилгоо биелүүлэхийн төлөө бэлтгэлээ хийнэ. Хоёр жил зуныхаа бэлтгэлийг сайн хийж байгаад 2026 оны олимпод оролцохыг хичээх болно. 


-Тэмцээн уралдаанд оролцоход тань хэн таныг хамгийн их дэмжиж, тусалдаг вэ?
-Мэдээж гэр бүлийнхэн маань, түүнчлэн Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын биатлоны холбоо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хамт олон маань надад бүх талаар тусалж дэмждэг. Энэ ташрамд, тэдэндээ баярлаж, талархаж явдгаа илэрхийлье. 

  Б.Сэлэнгэ

 Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №011/24590/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 15 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 16 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 16 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 18 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 19 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 19 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 22 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 22 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 22 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 23 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 23 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 23 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 23 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 23 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна Өчигдөр
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18