Улс төрийн бүхий л нам, эвсэл “Үйлдвэрлэгч улс орон болох тухай” том том мөрийн хөтөлбөр дэвшүүлж, Засгийн газар нь “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх”, “Жинхэнэ Монгол брэнд гаргах” гоё гоё нэртэй төсөл хэрэгжүүлсэн ч бид байрнаасаа урагш хөдөлж чадахгүй, гацаанд байсаар гучаад жилийг үдэж байна. Уг нь монголчууд асар том бүтээн байгуулалт хийж, гаднын хүний гар харахааргүй амьдарч байсан цаг саяхан. Улаанбаатар хотод гэхэд л аж үйлдвэрийн комбинат, цахилгаан станцууд, цэмбэний фабрик, авто засварын газар, оёдлын үйлдвэр, шохой, тоосго, мод боловсруулах заводууд, эсгий, эсгий гутлын фабрик, “Улаанбаатар транс”, Махкомбинат, Ноос угаах үйлдвэр, төмөр зам , сүүний завод, гурилын комбинат, телевизийн төв, авто засварын завод, архи пивоны үйлдвэр, шувууны фабрик, хүнсний үйлдвэрүүд зэрэг олон арван барилга байгууламж байгуулж өөрсдийнхөө хэрэгцээг хангаад зогсохгүй, өнөөх ах дүүгийн найрамдалт улс орнуудад илүүчилдэг байлаа.
Бүхэл бүтэн жаран дамнасан энэ үйлдвэрүүдийг хэдхэн жилийн дотор дампууруулж, хэсэг бүлэг хүмүүсийн гарт алдаж, зарим нь төмрийн хаягдал нэрээр хил давж, нэг хэсэг нь “мафижсан” бүлэглэлийн гарт үлдсэн. Үүнийхээ горыг өнөөдөр ард түмэн төр засагтайгаа хамт амсаж байна. Тухайлбал, гурилын үнэ. Сүүлийн гурван жилийн дотор гурилын үнэ 1584 төгрөгөөс 3500 төгрөг болтлоо өсөв. Гурилын үнэ дагаж талх нарийн боов, сургууль цэцэрлэгийн хүүхдийн хүнсний зардал, цайны газар, ресторануудын хоолны үнэ ч өсжээ. Гурван жилийн өмнө 1100 төгрөг байсан талхны үнэ өнөөдөр 3600 төгрөг. Тэгвэл 3000 төгрөгөөр худалдаж авдаг байсан нэг уут нарийн боовны үнэ 6500-8500 төгрөг болж нэмэгдсэн байх жишээтэй. Гурилын үнэ дан ганц ард иргэдийн халаасыг хоослоод зогсохгүй шоронгоос эхлээд эмнэлэг, дотуур байр, сургууль, цэцэрлэгийн хоолны зардал өсөж улсын төсвөөс ч бас чамлахааргүй их мөнгө зулгааж, инфляцад голлох нөлөө үзүүлж байгаа.
Баримт-1
Төрийн өмчийг үнэгүй шахам хувьчилж аваад төрийг дарамталж байна
Улсын хэмжээнд 940 мян.тн үр тариа тээрэмдэх суурилагдсан хүчин чадал бүхий 58 гурилын үйлдвэр бий. Гэхдээ “Алтан тариа” ХХК, “Улаанбаатар гурил” ХХК, “Миллхаус” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд зах зээлийн 50 орчим хувийг эзэлдэг бол үлдэж буй 50 хувийг бусад 20 үйлдвэр хуваан эзэлж байна. Монгол Улсын нийт гурилын хэрэглээний 70 хувийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга, “Алтан тариа” компанийн эзэн П.Цэнгүүн, “Таван богд” компанийн босс Ц.Баатарсайхан тэргүүтэй дөрөвхөн гэр бүл баздаг. Үгсэн хуйвалдаж, төрийг дарамтлан гурилын үнийг тогтоодог энэ дөрвөн гэр бүлийг “Төрөөс төрсөн тэрбумтнууд” гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Х.Баттулга гэхэд “Талх чихэр”, “Мах импекс”, “Баянгол” зочид буудлыг хувьчилж авсан. Тэгвэл Ц.Баатарсайхан “Говь”, “Хаан” банк зэрэг төрийн оролцоотой том аж ахуйн нэгжийг гартаа оруулсан. П.Цэнгүүн гэгчийн гарт байгаа “Алтан тариа” гурилын үйлдвэр гэхэд л 1959 онд тухайн үеийн ЗХУ-ын тусламжаар баригдсан үйлдвэр.
“Атар газар эзэмших” аян Монгол даяар өрнөж, хураасан буудайгаа тээрэмдэн хүн ардынхаа хүнсний хэрэгцээг хангах зорилгоор байгуулагдсан энэ үйлдвэрийг хувьчлах шийдвэр гаргасан хүн нь Ерөнхий сайд М.Энхсайхан. Тэрбээр 1996 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 328 дугаар тогтоолоор “Алтан тариа” ХК-ийн дүрмийн сангаас төрийн өмчийн 51 хувьд ногдох хувьцааг нэг багц болгож Монголын хөрөнгийн биржээр дамжуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдад хувьчилж худалдахыг Төрийн өмчийн хороо / ТӨХ/- ны дарга З.Энхболдод зөвшөөрчээ. Тухайн үед “Алтан тариа” ХК зөвхөн улсын төсөвт татвар болон ногдол ашгаар 1996 онд 741 сая төгрөг, 1997 онд 946.4 сая төгрөг төлж байсан ч П.Цэнгүүн гэгч этгээд ердөө 600 саяхан төгрөгөөр, ямар ч өрсөлдөөнгүйгээр хууль зөрчин хувьчилж авсан байх юм. Нэг жилийнх нь ногдол ашиг хүрэхгүй мөнгөөр бүхэл бүтэн үйлдвэрийг тоног төхөөрөмж, барилга байшин, эд хөрөнгөтэй нь хувьчилж авах үед агуулахад нь 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй улаан буудай байсан талаар Л.Цандэлэг олон нийтийн сүлжээнд мэдээлж байна.
Олон жилийн өмнө болсон хувьчлалын тухай ярихаа болье. Харин төрийн өмчийг авсан хүмүүс эргээд төрөө дарамталдаг байдал бүр гаарсан тухай баримт дэлгэе. Зах зээлд гурилын үнийг тогтвортой барихын тулд Засгийн газар гурил үйлдвэрлэгчдийг бараг аргадаж ирсэн гэхэд болно. Тэдэнд жил бүр олон тэрбумын хөнгөлөлттэй зээл олгож, татварын хөнгөлөлт, бодлогын дэмжлэгийг үзүүлдэг. Түүгээр ч зогсохгүй үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаалахын тулд гаднаас орж ирэх хямд үнэтэй импортын гурилын хэмжээнд квот тогтоож өндөр татвар нэхдэг. Гэвч гурил үйлдвэрлэгчид үнээ нэмсээр... Тухайлбал, энд коронавируст халдварын хор хөнөөл сулраагүй, нийгэм, эдийн засаг хэвийн хэмжээнд очиж амжаагүй байх 2022 онд гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдаж үнээ нэмжээ. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 20-нд Улаанбаатар гурил” ХХК, “Од групп” ХХК, “Алтан тариа” ХХК-ууд нэгэн зэрэг гурилын үнийг нэмсэн байв. ШӨХТГ шалгалт хийгээд үзэхэд тус компаниуд нь ганцхан жилийн дотор гүйцэтгэх захирлын 4-12 удаагийн тушаалаар гурилын үнийг нэмсэн нь тогтоогджээ. Гурил үйлдвэрлэгчид 2021 оны арванхоёрдугаар сард гурилын үйлдвэрийн үнийг дунджаар 68.9 хувиар өсгөсөн хэрнээ дахиад нэмж, хэрэглэгчдээ биш хэтэвчээ бодсон шийдвэр гаргасан байх юм. ШӨХТГ-аас “Үнэ үндэслэлгүй нэмсэн хэмээн торгууль тавихад маргааш нь “Алтан тариа” компанийн эзэн “ШӨХТГ намайг торгосон учраас гурилын үнээ нэмнэ” гэж мэдэгдэж байх жишээтэй.
Баримт-2
Гурил үйлдвэрлэгчид үнээ нэмж, ард түмэн зээлийн хүүг нь төлдөг
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурилын үйлдвэрүүд 209 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. Зөвхөн 2023 онд гэхэд л гурил үйлдвэрлэгчид 100 гаруй тэрбумын хөнгөлөлттэй зээл авчээ. Зээлийн хүү жилийн 19 хувь. Энэ хүүнээс 13 хувийг нь Засгийн газар төлдөг. Засгийн газрын мөнгө биш үнэндээ бол татвар төлөгч бидний л мөнгөөр гурил үйлдвэрлэгчдийн зээлийн хүүгийн зөрүүг олгож байгаа юм. Харин зээл авсан гурил үйлдвэрлэгчид дөнгөж зургаахан хувийн л хүү төлдөг аж. Түүнчлэн Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолын дагуу дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, улсын нөөцөд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөгийн урамшуулал тооцуулж, түүхий эдийн үнийг тогтворжуулж өгчээ.
Баримт-3
Гурван, дөрвөн бизнесмэний ашиг чухал уу, 3.4 сая хүний амьжиргаа чухал уу?
Өнөөдөр УИХ яг ийм асуултад хариулж, шийдвэр гаргах дээрээ тулаад байна. Засгийн газар инфляцад нөлөөлж байгаа гурилын үнийг хязгаарлахын тулд импортын татварыг хугацаатайгаар тэглэх саналтай анх тулсан. Гэтэл П.Цэнгүүн тэргүүтэй гурил үйлдвэрлэгчид “Тэгвэл импортын гурил орж ирэх хугацаанд бид гурил үйлдвэрлэхгүй” хэмээн гэдийчих нь тэр. Дахиад л зохиомол хомстол үүсэж импортын гурилын үнэ өснө.
Тиймээс импортын гурилын татварыг хугацаагүйгээр тэглэх, тариаланчдын тарьсан улаанбуудайг экспортлох эрхийг нээхээр ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, гурилын импортыг, улаанбуудайн экспортыг нээж өгч байж, хэмжээ хязгааргүй үнэ нэмж, “Үнээ нэмлээ гэхээр дахиад ч нэмнэ” гэж давардаг, “Бид үйлдвэрлэхгүй бол та нар өлбөрч үхнэ” гэдэг агуулгаар айлгаж, дарамталдаг, “Үндэсний үйлдвэр” хэмээн хөнгөлттэй зээл авч, хүүгээ төрөөр төлүүлчихээд үндэснийхээ эсрэг ажилладаг хүмүүстэй тэмцэхээс өөр гарц үлдсэнгүй. Хойд хилийн цаана Хиагтад орос нэгдүгээр гурил кг нь 935 төгрөг байхад Монголд 2426 төгрөг.
Орос гурил гааль, НӨАТ-ын 15 хувийн татвар төлж, тээвэрлэж зөөвөрлөж авчирсан өртөг зардал, олох ашгаа шингээгээд 50 кг-ын шуудай нь Увсад 78 мянга, монгол гурил 50 кг-ын шуудайтай нь 120-140 мянган төгрөг байна. Тиймээс импортын татвар, босгыг хэмжээ, хугацаагүйгээр чөлөөлбөл нэгдүгээр гурил кг нь 1600 , Атар талх 1800 төгрөгт хүртэл буухаар байна.
Б.Нүүдэл
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна