Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулгатай ярилцлаа.
-Сүүлийн үеийн үйл явдал буюу “Боомтын сэргэлт үндэсний форум-2024” арга хэмжээнээс ярилцлагаа эхэлье. Энэхүү форум зорилгоо биелүүлж чадав уу. Талууд ямар санал, шийдэлд хүрсэн бэ?
-Юуны өмнө боомт гэж юу вэ, түүнийг ямар төлөвлөлтөөр хөгжүүлэх ёстой вэ гэдэгт товчхон хариулт өгөх нь зүйтэй болов уу. Боомт бол эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, олон улсын худалдааг хөнгөвчлөх хамгийн том үүрэгтэй институц. Тиймээс боомтыг цогцолборын хэмжээнд биш бүс нутаг буюу хотын хэмжээнд ойлгож, ярих хэрэгтэй. Мөн боомт ашгийн төлөө байгууллага байх ёстой учраас боомтоор нэвтрүүлж буй худалдааг хөнгөвчилсөн, хэмжээг нэмэгдүүлсэн, тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэн бүгдээрээ энэ үйл ажиллагаанд оролцдог байх цогц төлөвлөлтийг хийх хэрэгтэй. Үүнд төрөөс хөрөнгө оруулалт хийхээс гадна хувийн хэвшлийнхэнтэй хэрхэн яаж хамтарч ажиллах вэ гэдэгт бид хамтдаа гарц шийдэл эрэлхийллээ. Тухайлбал, боомтын цогцолбор, түүний дэргэд үйл ажиллагаа явуулдаг үндсэн функц буюу ачаа болон зорчигч тээврийн терминалаас өгсүүлээд том оврын ачааны талбай, зочид буудал, аялал жуулчлалын төв болон чөлөөт бүсүүдийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд нэгдсэн ойлголт, шийдэлд хүрч чадсан гэж бодож байна.
Мөн боомтыг хөгжүүлэхдээ олон улсын худалдааны бодлогыг бүсийн хөгжил, бүс нутгийн эдийн засгийн интеграцтай уялдуулан төлөвлөх нь чухал гэдэгт төвлөрлөө.
Форумын үеэр хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, боомтоор нэвтрэх олон төрөлт тээвэрлэлтийг хөгжүүлэх, эдийн засгийн коридор, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрүүдтэй уялдуулах, салбар хоорондын харилцан уялдаа, тулгамдаж буй бусад асуудлыг хамтран шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт оролцогчид санал нэгдсэн.
Тиймээс Боомтын сэргэлтийн Үндэсний хороо МҮХАҮТ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хилийн боомт, эдийн засгийн коридор, олон улсын тээвэр, логистикийн зохион байгуулалт, хилийн боомтын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог хангах, коридорын аялал жуулчлал болон холбогдох бусад асуудлаар гаргасан санал санаачилгыг ажил хэрэг болгоход хамтран ажиллахаар боллоо.
Боомтууд өрсөлдөж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх боломжтой
-Форумын үеэр боомтыг Корпорацын зохион байгуулалтад оруулах ёстой талаар оролцогчид хөндөж байсан. Үүнд та ямар саналтай байгаа вэ. Корпорацын зохион байгуулалтад оруулсан тохиолдолд удирдлага, менежментийн тухайд ямар шийдэл байж болох вэ?
-Боомт бол 1990 оноос өмнө хил, хяналтын байгууллагын хувьд хил зөрчигч гаргахгүй байх үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин 1990 оноос хойш зах зээлийн зарчимд шилжиж чөлөөт худалдаа бий болсноор түүгээр дамжин өнгөрч буй бараа таваарт хяналт тавих чиглэлээр түлхүү ажиллаж ирсэн. Харин өнгөрсөн хугацаанд менежментийн асуудал бүрэн утгаараа орхигдсон.
Боомт гэдэг бол өөрөө үйлчилгээ үзүүлдэг байгууллага учраас түүнээсээ ашиг олдог, олсон ашгаараа боомтоо өргөжүүлдэг корпорац байх ёстой. Энэхүү корпорацын гол зарчим бараа таваарыг түргэн шуурхай, хүндрэлгүй оруулж, гаргах явдал юм. Тиймээс корпорацын бүрэлдэхүүнд төр байхаас гадна хувийн хэвшлийн төлөөлөл заавал орох ёстой. Боомт бүрд ийм бүтэц бүрэлдэхүүнтэй корпорац байгуулснаар тэд хоорондоо өрсөлдөж, худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх бүрэн боломжтой болно.
Одоогоор хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтаар боомтууд руу автозам, төмөр зам, технологийн замууд тавигдаж байгаа. Мөн төмөр замын болон олон тээвэрт тээврийн хэрэгслийн терминал, автомат удирдлагатай тавцан байршуулах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байна.
Гурван боомтын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгасан
-Манай улс албан ёсоор хэчнээн боомттой вэ. Тухайн боомтуудыг сэргээх, хөгжүүлэх зорилтын хүрээнд томоохон хэмжээний ямар бүтээн байгуулалтын ажлыг одоогоор өрнүүлж байна вэ?
-Монгол Улс хууль эрх зүйн болон олон улсын гэрээ хэлцлээр 39 боомттой. Үүнээс 22 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс бид үлдсэн 17 боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэхээс гадна ажиллаж буй боомтуудынхаа нөхцөлийг сайжруулж, худалдааны эргэлтээс хамаарч боомтын хот, тосгон гэдэг статусыг оруулж, төлөвлөлт, хөрөнгө оруулалтыг татах, гадаад худалдааны урсгал, хэмжээг эрс нэмэгдүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд боомтуудыг хатуу хучилттай авто замаар нийслэл, аймаг, сумтай холбох, уул уурхай, аж үйлдвэрийн бүсүүдийг технологийн буюу хүнд даацын автозамаар холбох, мөн төмөр замын сүлжээнд боомтуудаа давхар холбох гэх мэт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.
Монгол Улс баруун, зүүн, төв гэсэн гурван чиглэлийн босоо тэнхлэгийн коридорыг бий болгож, түүнтэй холбох замаар боомтуудаа хөгжүүлэх талд онцгойлон анхаарч байгаа. Өнгөрсөн онд 22 боомтод бүтээн байгуулалтын ажил эхлүүлж, одоогоор гурван боомтынх нь ажил бүрэн дуусан байдалтай байна. Энэ оны эхний хагаст хоёр боомтын бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Боомтуудад энэ мэтчилэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлснээр цаашид ямар үр дүнд хүрнэ гэж тооцоолж байгаа вэ?
-Боомтын сэргэлтийн үр дүнг хамгийн түрүүнд иргэд хүртэх ёстой. Тодруулбал, иргэдийн гар дээр очиж буй, импортоор орж ирж буй, бидний үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хямдарч, өртөг буурна. Аливаа худалдаа, тэр дундаа олон улсын худалдаа тээвэр, логистик, нэвтрүүлэлт, түгээлт, төлбөр тооцооны дэд бүтэц гэсэн үндсэн таван дамжлагаас бүрддэг гэж үздэг. Эдгээрээс аль нэг нь байхгүй, аль эсвэл дутуу хөгжсөн бол олон улсын худалдаа эрхлэхэд саад учирдаг. Тийм учраас Засгийн газраас нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд боомтын сэргэлтийн бодлогыг зарлан ажилласан.
Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагаар ажиллана
-Форумын нээлтийн үгэндээ та Замын-Үүдийн боомтыг 24 цагаар ажиллуулахаар болсон тухай мэдээллийг онцлон дурдаж байсан. Ингэж ачаа тээврийн нэвтрэх хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх нь ямар ач холбогдолтой байх вэ?
-Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 24 цагаар ажиллуулахаар болсон. Монгол Улсын Засгийн газраас Замын-Үүд-Эрээн авто замын боомтыг 24 цаг болгох хүсэлтийг 1992 оноос хойш тавьж ирсэн. Тэгвэл одоо ийнхүү 32 жилийн дараа биеллээ олж байна. Ийм шийдэлд хүрэхээс өмнө харилцан туршилтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 14 хоног зохион байгуулсан. Боомтоор тээвэрлэлт хийсэн жолооч нарын төлөөллөөс түүвэрлэн судалгаа авахад тэдний 90 хувь нь 24 цагаар ажиллуулахыг дэмжсэн хариулт өгсөн.
Туршилтын хугацаанд тус боомтоор нийт дөрвөн орны 1398 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна. Иймд боомтыг цаашид 24 цагаар үргэлжлүүлэн ажиллуулах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамаар дамжуулан БНХАУ-ын Үндэсний боомтын албанд хүргүүлэн ажилласны үр дүнд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэхээр болсон. Боомтын ачаа тээврийн хэсэг 24 цагийн горимд шилжсэнээр ачаалалтай оргил үед том оврын авто машины дараалал багасах ач холбогдолтойгоос гадна тээвэрчдийн цагийг хэмнэх, буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах, улмаар бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжиход чухал нөлөө үзүүлнэ.
Алтанбулаг боомтыг олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөж байна
-Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаанаасаа хоцорч байх шиг. Та саяхан Сэлэнгэ аймагт ажиллаж, шинэ боомтын үйл ажиллагаатай танилцах үеэрээ ямар асуудлыг шийдвэрлэсэн бэ?
-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг найман боомтод төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Алтанбулаг хилийн боомтод 21 жилийн дараа олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэх их бүтээн байгуулалтын ажлыг хийж буйгаараа онцлогтой. Бүтээн байгуулалтын ажил удааширсан нь цар тахлын үеийн хязгаарлалттай холбоотой.
Алтанбулаг боомтын нийт бүтээн байгуулалтын 50 хувь буюу ачаа тээврийн терминалыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд бүрэн ашиглалтад оруулсан. Одоогоор зорчигч тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулаагүй байгаа учраас хоёр урсгалаа нийлүүлээд ачаа тээврийн терминалаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор боомтын цогцолбор доторх хил хяналтын байгууллагын үйл ажиллагаанаас гадна татвар, даатгал зэрэг, мөн боомтоор үйлчлүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдээр үйлчлүүлдэг байгууллагуудын асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага гарсан. Тиймээс бид боомтын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн удирдлагуудтай уулзан зарим асуудлыг шийдвэрлэхээр болсон. Боомтын нэг цэгийн үйлчилгээний барилга байгууламж барих, боомтыг цогцоор нь төлөвлөх шаардлага байгаа нь харагдаж байна.
Алтанбулаг боомтод хэрэгжүүлж буй төслийн ач холбогдол нь хүн амын хэтийн төлөвийг тооцон боомтын төлөвлөлтийг хийж, ирээдүйн боомт дагасан хот бий болгохтой уялдуулж бүтээн байгуулалтын зураг төслийг хийж гүйцэтгэсэнд оршиж байгаа. Тухайлбал, төлөвлөлтийн хугацаанд Алтанбулаг сумын хүн ам 19 мянга орчимд хүрнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Ингэхдээ ажлын байр дагаж шилжин ирэх өрхийн дунджийг улсын дундаж болох 3.3 хүнээр тооцон гаргасан.
-Алтанбулаг боомт хэзээнээс бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх вэ. Бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хийж дуусгаснаар хүчин чадал нь хэд дахин нэмэгдэх вэ?
-Хоёрдугаар ээлжийн ажлын хүрээнд хийх зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилга байгууламж болон бусад дэд бүтцийн ажлыг энэ онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Боомтын шинэчлэл хийж, өргөтгөлийн ажлыг бүрэн дуусгаснаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэнэ. Гол үр дүн бол зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх явдал юм.
Одоогоор Алтанбулаг боомтоор Монгол Улс болон ОХУ-ын хороонд өдөрт 500 орчим автомашин, 1500 орчим иргэн зорчих хөдөлгөөн хийж байна. Энэ тоо зуны улиралд нэмэгддэг. Ер нь дэлхийн геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж Алтанбулаг боомтоор зорчих зорчилт эрс нэмэгдэж байгаа.
Боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг хэрэгжүүлнэ
-Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын нэг нь боомтын сэргэлт. Тэгвэл боомтын сэргэлтийн гол зорилгыг хэрхэн тодорхойлж байна вэ. Цаашид энэхүү бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасан эхний арван жилийн буюу Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж байна. Шинэ сэргэлтийн бодлогын нэг онцлог нь бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгаж, төр болон хувийн хэвшлийн түншлэлийг дараагийн шатанд гаргаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийнхээ санаачилга, ур чадвар, туршлагыг Монгол Улсын хөгжлийн цөм хэмээн үзэж буй явдал юм. Энэхүү бодлогын зорилго нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм. Тиймээс Монгол Улсын хөгжлийг хязгаарлаж буй зургаан хүчин зүйлийг тодорхойлсон. Түүний нэг нь боомтын бойм ба боймыг тайлахын тулд Боомтын сэргэлтийг зарласан.
Боомтын сэргэлтийн үндсэн зорилго бол боомтоор дамжин хийгдэх худалдааг дэмжих, хөнгөвчлөх, боомтоор дамжин ажил бизнес эрхэлж буй иргэд, аж ахуйн нэгжүүд аль болох ахиу ашиг орлого олох, улмаар боомт нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бүтэц, чадавхтай болж эдийн засгийн өсөлтийг эрс нэмэгдүүлэхэд чиглэж байгаа.
Мөн олон улсын худалдааны нэвтрүүлэлт, түгээлт, тээвэр зохицуулалт, логистик, төлбөр тооцооны талаарх дотоодын дүрэм журам, стандартыг зохицуулах салбар хоорондын уялдааг хангах шаардлагатай. Тиймээс боомтын сэргэлтийн бодлогыг гурван үе шаттай хэрэгжүүлэхээр тодорхойлсон. Нэгдүгээрт, 2022-2024 онд боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, боомтын менежментийг сайжруулах 5Э стратегийг 2025-2028 онд хэрэгжүүлэх, гуравдугаарт, 2029 оноос хойш олон улсын боомтын хөгжлийн жишигт нийцүүлэх юм.
-Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дараагийн үе шатыг ярихаас өмнө эхлээд эхний үе буюу боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын үр дүнг харах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, өмнөхөөсөө ямар ахиц дэвшил гарсан бэ?
-Ачаа тээврийн эргэлтийг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад төрлөөсөө шалтгаалаад тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны арваннэгдүгээр сард БНХАУ-д айлчлах үеэрээ нүүрсний экспортыг ойрын хугацаанд 70 сая тоннд хүргэх талаар тохиролцсон. Энэ түүхэн хэлэлцээрийг Монгол Улсын болон БНХАУ-ын Засгийн газар, нүүрс экспортлогч, уул уурхай, нүүрс тээврийн компаниуд хамтран ажиллаж жилийн дотор ажил хэрэг болгож чадсан. Энэ нь манай худалдааны салбарын түүхэн сэргэлт.
Тодруулбал, экспортын 90 хувийг бүрдүүлдэг нүүрсний тухайд хоёр жилийн хугацаанд хийдэг байсан борлуулалтын хэмжээг нэг жилийн дотор хийж чадсан. Энэ бол боомтын сэргэлт буюу нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж чадсаны үр дүн. Тодруулбал, нүүрс, төмрийн хүдэр, уул уурхайн бусад бүтээгдэхүүний үнийг биржийн зарчмаар тогтоосон.
Ингэснээр үүний цаана явагддаг хууль бус ажиллагаа, авлига хазаарлагдаж монголчуудын зарж борлуулж байгаа өртөг нэмэгдсэн. Мөн боомтоор дамжиж тээвэр зохицуулалтын үйл ажиллагааг цэгцэлж, ойлгомжтой болгохоос гадна эрдэс баялгийн худалдааг ил тод буюу биржээр дамжуулж хийдэг болсон гэх мэт олон хүчин зүйл үүнд нөлөөлсөн. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын зарж борлуулж байгаа бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ эрс нэмэгдэж, макро эдийн засгийн түвшинд ахиц гарсан.
-Тэгвэл дараагийн үе шат буюу 2025 оноос хэрэгжүүлэх боомтын менежментийг сайжруулах 5Э стратеги гэдгийг тодруулна уу?
-Боомт бол олон улсын худалдааны түлхүүр оролцогч юм. Өөрөөр хэлбэл, боомт гэдэг нь өөрийн гэсэн Эдэлбэр газартай, өөрийн дүрэм журамтай, Эрх зүйн зохицуулалт тодорхой, зорилготой, Эрэмбэ нь тодорхой, төрөлжсөн, түүнийгээ хариуцсан аж ахуйн тооцоотой мөн Эдийн засгийн үр ашигтай, Эзэнтэй, ашгийн төлөө хуулийн этгээдээр удирдуулсан, бусад орны боомтуудтай олон улсын худалдаанд эзлэх байр сууриар өрсөлдсөн нэн идэвхтэй хуулийн этгээдийг хэлнэ. Тиймээс боомтыг ийм менежментийн хувьд бие даасан хэлбэрт оруулахын тулд 5Э стратегийг хоёр дахь шатанд хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа юм. Энэхүү стратегид эрх зүй, эрэмбэ, эзэн, эдэлбэр, эдийн засаг гэсэн ухагдахуун багтаж байгаа.
Боомтын хууль, эрх зүй ил тод, уян хатан зохицуулалттай байх хэрэгтэй
-Эдгээрээс эрх зүйн хэсгийг нь дэлгэрүүлж тодруулмаар байна. Ер нь энэ салбарын хууль, эрх зүйн зохицуулалт ямар түвшинд байна вэ?
-Газар ашиглах, төлбөр хураамж тогтоон зарцуулах, мөн тодорхой этгээд менежментийг явуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа. Боомтын тухай харилцааг Монгол Улсын хилийн тухай хуулиар зохицуулж байна. Одоогоор Хилийн боомтын тухай хууль, Боомтын нийтлэг журмын шинэчилсэн журмын төслийг холбогдох байгууллагуудаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Боомтын нийтлэг журмаас гадна боомт тус бүр хиллэж буй хөрш орны боомт, тухайн боомтоор нэвтрэн өнгөрүүлэх олон улсын худалдааны бараа, зорчигч үйлчилгээний онцлогт нийцсэн дүрэм журамтай байх хэрэгтэй. Энэхүү журмаар боомтоор нэвтрүүлэх горим, цагийн хуваарь, боомтын үйлчилгээний төлбөр, хураамж, чанар стандарт, ердийн болон онцгой байдлын үед авах арга хэмжээ зэрэг бүх асуудлыг ил тод, уян хатан байдлаар зохицуулах боломжийг олгох юм.
Нэг зүйл тодруулж хэлэхэд хэт хатуу дүрэм журмаас илүү уян хатан, нээлттэй дүрэм журмыг батлах бололцоог гаргаж өгөх хэрэгтэй. Боомтын хөгжил дөнгөж эхэлж байгаа энэ цаг үед боомтын эрх зүйн зохицуулалтыг хэт хатуу хийж өгөх нь зарим талаар ажил, үйлчилгээ, худалдааг удаашруулах эрсдэлтэй. Хамгийн гол нь экспортлогч, импортлогч болон бусад оролцогч тал болох тээвэр, логистикийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад ээлтэйгээр тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн журам хэрэгтэй.
Бидний боловсруулсан журамд боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Худалдааны танхим голлох байр суурьтай байхаар тусгасан. Боомтыг зөвхөн хил нэвтрүүлэх, шалгах, гаалийн татвар хураамж хураах цэг гэж ойлгож болохгүй. Харин өөрийн газартай, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, эдийн засгийн идэвхтэй үйлчилгээний байгууллага гэж ойлгож, харах цаг болсон.
Бараа бүтээгдэхүүний явцыг цахимаар хянах боломжтой болсон
-Засгийн газрын баримталж буй бүсчилсэн хөгжлийн бодлоготой боомтын сэргэлт хэрхэн уялдаж байна вэ?
-Бүсчилсэн хөгжлийн бодлого 20-оод жилийн өмнө цаасан дээр бууж, УИХ-аар батлагдсан ч хэрэгжүүлэх үүрэгтэй улс төрийн шийдвэр нь гараагүй байсан. Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийг томсгосон буюу бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар болсон нь бүсчилсэн хөгжлийн бодлого хэрэгжих, боломж нөхцөлийг бий болгож байна.
УИХ, Засгийн газраас баталсан бүсчилсэн хөгжлийн бодлого нь боомт руу хөрөнгө оруулалтыг татаж, боомтоор дамжуулан худалдааг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Засгийн газраас боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг эрс сайжруулж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад онцгойлон анхаарч байгаа. Гадаад талдаа мөн ялгаагүй, ОХУ-ын баруун талд хийж байгаа цэргийн үйл ажиллагаатай холбоотой эдийн засаг, худалдааны урсгал Ази руу буюу ОХУ-ын алс дорнод руу чиглэсэн нөхцөл байдал үүсэж байна.
Тиймээс бид боомтын статусаа тодорхой болгох, цаашлаад бүсчилсэн хөгжлийн хүрээнд боомт, суурин хотын эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар боомт дагасан хотыг бий болгох шаардлага, цаг үе ирсэн байна. Үүнтэй холбоотой Алтанбулаг сум, Сүхбаатар сумын хөгжил, дагаад төвийн бүсийн боомтын хөгжил илүү хурдацтай явах, хөрөнгө оруулалт нь илүү амархан шийдэгдэх нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Тэгэхээр бүсчилсэн хөгжлийн хүрээнд төвийн бүсийн гол хөдөлгөгч хүчний нэг бол төвийн бүсдээ Сүхбаатар, Алтанбулаг боомт болж байгаа юм.
-Боомтуудыг хөгжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхээс гадна орчин үеийн дэвшилтэт байдалд нийцүүлэх буюу цахимжуулах ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Цахимжуулах ажил нэлээд эрчимтэй өрнөж байгаа. Хилийн худалдааг хөнгөвчлөх чиглэлд хэд хэдэн төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд одоогийн байдлаар боомтуудад ухаалаг гарцуудыг суурилуулахаас гадна зорчигч тээврийн хувьд цахим паспорт ашиглан нэвтрэх боломжийг бүрдүүлсэн. Мөн хаана байгаагаас үл хамаарч хилээр орж, гарч буй бараа бүтээгдэхүүнд цахимаар хяналт тавих боломжтой болсон.
Хөгжлийн тулгын гурван чулуу бол төр, хувийн хэвшил, судалгааны байгууллага
-Манай улсын боомтуудын хөгжлийн дүр зургийг харьцуулж тодорхойлох хамгийн ойрын жишээ бол Замын-Үүд болон Эрээн. Зэргэлдээ оршиж буй хоёр боомт яагаад ийм их хөгжлийн ялгаатай байна вэ. Цаашид боомтуудаа ийм хэмжээнд хүртэл хөгжүүлэх боломж бий юү?
-Энэ ялгаа бол манай улс боомт, гадаад худалдааныхаа эргэлтэд ач холбогдол өгч байгаагүйн тод дүр зураг. БНХАУ Эрээнийг боомт хот гэж үзэн цогцоор нь төлөвлөж хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл манай улс Замын-Үүдийн хилийн шалган нэвтрүүлэх хэсгийг боомт, харин Замын-Үүд сумыг засаг захиргааны нэгж гэж салгаж авч үздэг. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар боомтуудын статусыг тодорхойлох, холбогдох хууль эрх зүйн орчныг нь бий болгож, улмаар тухайн сум гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Боомтын цогцолборыг сайжруулахаас гадна тухайн хот, бүс нутгийн хэмжээнд тооцож төлөвлөлт хийж, түүнд тохирсон бизнес, хөрөнгө оруулалт татах замаар хөгжүүлэх боломжтой.
Боомтын хөгжил ярихын тулд эхлээд төр ба хувийн хэвшлийн түншлэлийн тухай хөндөх хэрэгтэй. Бид одоохондоо төр, хувийн хэвшлийн тухай хоёрлосон харилцааг л хөндөж байгаа. УИХ-аас баталсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль мөн Монгол Улсын хилийн тухай хуульд ч төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар нээлттэй тусгаж өгсөн байдаг.
Харин судлаачид, эрдэм шинжилгээний байгууллагын талаар аль ч хууль, бодлогод хараахан тусаагүй, ач холбогдлыг нь бүрэн гүйцэт үнэлээгүй хэвээр байна. Аливаа улс хөгжих үндсэн түншлэлийн хэлбэр нь хоёр бус гурван талтай байдаг. Төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага бол улс орны хөгжлийн тулгын гурван чулуу юм. Манай хөрш улсууд ч гадаад дотоод худалдаа, аж үйлдвэрийн хөгжил түүн дотроо боомтын хөгжил, чөлөөт бүсүүдийг тусгайлан судалдаг, судлаачдаа маш өндөр түвшинд авч үздэг төдийгүй төлөвлөлт судалгааны хүрээлэнгүүд, тэдний судалгааны ажлын үр дүнд тулгуурлан хөгжлийн бодлого шийдвэрээ гаргадаг шүү дээ.
-Манай улс хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр хийгээгүй учраас экспорт, импорт асуудалтай байдаг талаар та хөндөж байсан. Олон улсын худалдааг хөгжүүлэх тухайд танд ямар санал, шийдэл байна вэ?
-Олон улсын худалдааг хөгжүүлэхийн тулд нэгдсэн бодлого гаргаж гол түнш орнуудтайгаа чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр хийх нь маш чухал. Худалдааны хууль тогтоомж, нэгдсэн бодлогогүйгээс шалтгаалан бие биетэйгээ өрсөлдөх, үнэ тарифаа унагаах, стандартын бус хэлцэл хийгдэх зэрэг эрсдэлтэй байна. Тиймээс олон улсын худалдаанд хийгдэж буй худалдааны хэлэлцээрийн хэмжээ, үнэ тариф хамгийн чухал байдаг. Дотоодын хувьд тулгын гурван чулуу буюу төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлж, олон улсын худалдааны үндсэн таван нөхцөлийг бүрдүүлсний дараа бид бусад, тэр дундаа хөрш улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулж, тарифын ба тарифын бус хязгаарлалтуудыг зохицуулах шаардлагатай болно.
Өргөн хэрэглээний барааг өндөр үнээр авах, тухайн барааны нийлүүлэлт тогтвортой бус байх зэрэг асуудалтай нүүр тулж байгаа ч энэ нь гол төлөв улс хоорондын худалдааны гэрээ хэлцлээс хамаардаг. Жишээлбэл, хоёр улсын хооронд хийгдсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хүрээнд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Шинэ Зеланд улсын сүүн бүтээгдэхүүн Хятад руу татваргүй нэвтэрч эхэлсэн нь Хятад-Шинэ Зеландын чөлөөт худалдааны хэлэлцээрт тусгагдсан стратегийн татварыг тэглэх үйл явцын оргил үе болсон юм. Энэ нь Шинэ Зеландын бизнес эрхлэгчид болон сүүн бүтээгдэхүүний салбарт оролцож буй хөрөнгө оруулагчдад шинэ боломж олгохын зэрэгцээ Хятадыг Шинэ Зеландын хамгийн том худалдааны түнш болгосон.
-Шийдэл шаардаж буй хариуцлагатай энэхүү үүрэгт ажлыг хүлээж аваад та жил болох гэж байна. Цаашид бодлогын түвшинд ямар зарчим барьж ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай манай улсын хувьд амин чухал судас болох боомтын хөгжлийн хоцрогдлыг арилгах, ачаа тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр боомтын асуудал хариуцсан сайдыг томилж, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог байгуулсан нь эхний алхам. Энэ хугацаанд Монгол Улсын голлох боомтуудын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтыг урагшлуулж, олон төрөлт ачаа тээврийн терминалуудыг ашиглалтад оруулж, боомтын авто болон төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна.
Мөн Боомтын сэргэлтийн Үндэсний хороог удирдаж эхэлснээс хойш гадаад худалдаа, аж үйлдвэр, чөлөөт бүс, хөгжлийн талаар судалдаг Монголынхоо тэргүүлэх эрдэмтэд, хөрш орны судалгааны байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байна. Манай улсын хувьд худалдаа, аж үйлдвэр тэр дотроо боомтын талаар судалдаг судлаачдын эрэлт хэрэгцээ, орон зай их байгаа. Тиймээс энэ чиглэлээр их дээд сургуулиуд тусгайлсан хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага зайлшгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа салбарыг хөгжүүлье гэвэл тухайн салбарын суурь судалгаанд үндэслэсэн төлөвлөлтийг хийж гүйцэтгэдэг чадавхыг бүрдүүлэх нь чухал. Цаашид Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дэргэдэх эрдэмтэн судлаачидтайгаа хамтран бодлогын түвшинд хамтран Олон улсын худалдааны бодлоготой болоход анхаарч ажиллана.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна