"Хавар хүүхэн" өнгө өнгийн аашаа дэлгэж байна. Уулын хучлага шар усны үер болон урсаж, Туулын мөс нимгэрэх цагаар гэнэт цасаар шуурч, хот хөдөөгүй зутрав. Ялангуяа зудын хүнд нөхцөлд амьдарч байгаа малчид, хөр цас, хүйтэн жаврыг арай гэж нугалсан хэдэн малд хаврын тэнгэр арай л хатуурхав. Гэнэтийн цас шуурганаас болж халтиргаа, гулгаа, осол аваар ихтэй долоо хоног өнгөрөв. Сонгинохайрхан дүүрэгт 10 хүн угаартаж нас барсан муу мэдээтэйгээр шинэ долоо хоног эхэлсэн. Бөөнөөрөө цугласан найз нөхөд яндангийн хаалтаа нээхгүйгээр унтсанаас болж угаартан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Болгоомж хаана ч илүүдэхгүй. Гал хөс түлэхдээ аюулгүй байдлаа хангаж байхыг Онцгой байдлын Ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
“Хамтдаа давна” гэж зуд турханд нэрвэгдсэн малчдаа зоригжуулж байгаа Засгийн газар хөдөө рүү онцгой анхаарч дэм тус болохыг хичээж байна. Энэ удаа малчдад зориулж, таван их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсноо зарлалаа. Малчны хотонд 7000 төгрөгөөр зарагддаг мах хот руу орж ирэхээрээ 21 000 төгрөг болж дамлагддаг. Ченжийн сүлжээг халахгүйгээр малчдын орлого өсөхгүй, нийслэлчүүд өндөр үнэтэй мах хэрэглэдэг байдал засрахгүй гэж Засгийн газар үзэж, энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “Малчин хоршоо, бүлгийн гишүүн болно. Ингэснээр малчин хамтын хариуцлагын урт хугацааны хөнгөлөлттэй зээл авах боломжийг нээж өгнө. Хэрэв таван их наядын хөтөлбөрийн үр дүн богино хугацаанд гарвал хөдөө аж ахуйн салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл 20-30 хувьд хүрч, уул уурхайгаас дан ганц хараат байгаа Монгол Улсын эдийн засагт нэг гарц нэмэгдэнэ” гэж мэдэгдлээ.
Цаасан зуданд нэрвэгдэж янз бүрийн зөвшөөрлийн бичиг цаас барьж ажлаа хийдэг төрийн алба цахимжиж, богино хугацаанд чамлахааргүй амжилт олоод байгаа. Цахим хөгжлийн яам эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийж, эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, хүүхдийн вакцины гэрчилгээ зэрэг долоон төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлэх болсноо мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, шинжилгээ өгчихөөд хариугаа авах гэж эмнэлэг рүү дахиж явдаггүй, эмч нар янз бүрийн эмийн нэртэй, гаргах, гаргагдахгүй жор бичиж өгдөг байдал устах юм. Сайн мэдээний хажуугаар бас нэг саар мэдээ гарч ирэв. Эрүүл мэндийн салбарын цахимжилт 2015 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж эхэлсэн. Нийт 19.5 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлсэн ч бодитой үр дүнд хүрч чадаагүй гэдэг аудитын дүгнэлт гарсан учраас Дэлхийн банк Засгийн газраас 1.7 сая ам. доллар нэхэмжилж байна. Тиймээс Ерөнхий сайдын эрүүл мэндийн салбарт элдэв янзын программ хангамж нэвтрүүлэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан компанийг Авлигатай тэмцэх газраар шалгуулах чиглэл өгчээ.
Өнгөрөгч долоо хоногт улс төрийн намууд хурал ихтэй, уулзаж зөвлөлдөх ажилтай, завгүй бужигнав. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 2024 оны сонгуульд оролцох намууд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс бүгд л хурлаа хийж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө гишүүддээ танилцуулсан. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал хэрүүл зодоонтойгоор эхэлж, даргаа огцрохыг шаардан уриа лоозон барьсан тэмцэгчдийн маргаан мэтгэлцээнтэйгээр үргэлжилсэн ч мөрийн хөтөлбөрөө эцэслэж, Үндэсний аудитын газарт хүргүүллээ. Тус намын мөрийн хөтөлбөр есөн бүлэг, 90 дэд хэсэг, 900 ажлыг багцалсан, тоон утгаар нь авч үзвэл 999 сорьц бүхий мөрийн хөтөлбөр болсон гэнэ. Харин Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Мөрийн хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд улстөрчид тэр тусмаа миний бие гар хүрээгүй.Бид “Нэг улстөрч мянган мэргэжилтэн” зарчмыг баримтлан ажиллаж байна” гэж мэдэгдсээр мөрийн хөтөлбөрөө хүлээлгэж өгөв. Монгол Ардын Нам Бага хурлаа зарлан хуралдуулж, мөрийн хөтөлбөрөө намын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн биеэр танилцуулж, хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүлээлгэн өгөв. Улсын Дээд шүүхэд улс төрийн 37 нам бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн 27 нам, хоёр эвсэл мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна. Ингэснээр сонгуульд оролцох нам, эвслийн нэр тодорхой болж, “морьд” зурхайгаас хөдөллөө. Аудитын байгууллагаас улс төрийн намуудаас ирүүлсэн мөрийн хөтөлбөр хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд 2024 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор тухайн нам, эвсэлд мэдэгдэж, нам, эвслүүд алдаа зөрчлөө тав хоногийн дотор засах юм байна. Харин бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуулийн зохицуулалттай.
Бүсчилсэн хөгжлийн хүрээнд төрийн байгууллагуудыг нийслэл хотоос үе шаттай нүүлгэх чиглэл гараад байгаа юм. Засгийн газрын ордныг хотын төвөөс гаргаж, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Номтын аманд байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ. Мөн зураг төсөл боловсруулахад шаардагдах зардлыг танилцуулж, шийдвэрлүүлэхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасныг бодоход Засгийн газрын ордныг нүүлгэхээр Л.Оюун-Эрдэнэ сайд эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Өнөөгийн Засгийн газрын ордон 1951 онд бүрэн ашиглалтад орсон. Өөрөөр хэлбэл, 73 жилийн дараа Засгийн газар буйр сэлгэхээр Ажлын хэсгүүд ээлж дараалан байгуулагдаж байна.
Б.Нүүдэл
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна