Сонгуулийн хуулийн дагуу улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар ҮАГ-т хүргүүллээ. Хуулийн хугацаа гуравдугаар сарын 24-нд дуусгавар болсон бөгөөд МАН үүнээс өмнө Бага хурлын III хуралдаанаа зохион байгуулж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах тогтоолын төслүүдийг хэлэлцэн баталсан юм. Ингэснээр МАН 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд дэвшүүлэн оролцох мөрийн хөтөлбөрөө хуулийн хугацаанд Үндэсний аудитын газар /ҮАГ/-т хүлээлгэн өгсөн юм.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загджавт гардуулан өгсөн. Мөрийн хөтөлбөр хүлээлгэн өгөх арга хэмжээнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа, О.Батнайрамдал, МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Д.Бумдарь нар болон албаны бусад хүмүүс байлцсан юм. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулахдаа намын удирдах албан тушаалтнууд 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 207 хороонд ажиллаж олон нийттэй биечлэн уулзалт, хэлэлцүүлэг хийж намын гишүүд, иргэд сонгогчдоос нийт 40 гаруй мянган саналыг авч нэгтгэсэн гэдгийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Энэ үеэр тэрбээр “МАН эрх баригч хүчний хувьд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон эхлүүлсэн улс орны эдийн засаг, нийгмийн байдалд өөрчлөлт авчирч чадахуйц томоохон төсөл хөтөлбөрийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө гол зүйл болгон боловсрууллаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан хориг заалтыг даваагүй. 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх бодлогод суурилсан “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” нэртэй мөрийн хөтөлбөрөө боловсруулсан. Учир нь Засгийн газрын санаачилгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийж УИХ 126 гишүүнтэй, бүсчилсэн сонгуулийн тойргийн системтэй байхаар томоохон өөрчлөлт хийсэн. Ийм өөрчлөлтийг хийсэн улс төрийн нам, Засгийн газрын хувьд энэхүү өөрчлөлт шинэчлэлт Монголд, ард түмэнд үр өгөөжөө өгөн, хүний хөгжлийг бодлогын цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан. Мөн монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэх чиглэлд голчлон анхаарч мөрийн хөтөлбөрөө боловсрууллаа. 2016 онд МАН засгийн эрх авахад эдийн засгийн өсөлт нэг хувьтай, нэг хүнд ногдох ДНБ гурван мянган ам.доллартай тэнцэж байсан. Одоо нэг хүнд ногдох ДНБ зургаан мянган ам.долларт дөхөж очсон байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ 74 их наяд хүрэх бодит боломжтой болсон. МАН найман жилийн хугацаанд засгийн эрх барихдаа нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээг даруй хоёр дахин нэмэгдүүлж чадлаа. Манай мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго бүрэн хангагдсанаар 2028 онд нэг хүнд ногдох ДНБ-ийг өсгөх зорилтыг тавьсан мөрийн хөтөлбөр боловсруулсан юм. Ийнхүү ДНБ, эдийн засгийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг харгалзаад цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх боломжийг тооцоо судалгаанд үндэслэн боловсруулж ҮАГ-т хянуулахаар өгч байна” гэдгийг тодотгосон. Түүнчлэн МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа мөрийн хөтөлбөрийн гол амин сүнс нь бүсчилсэн хөгжил төдийгүй эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалгаар оруулахад илүү анхаарсан бодлогыг тусгасан хэмээн онцолсон. МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг намын гишүүдийн санал дээр нэмж 38 мэргэжлийн холбоодод нэгдсэн 500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжээс ирсэн салбар бүрийн шинэчлэлийн асуудлыг тусгасан саналыг мөрийн хөтөлбөрийн төсөлд тусган, орон зайн эдийн засгийн тооцоолол хийсэн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан нь онцлог болсон гэдгийг хэлсэн.
Н.Энхбаатар: МАН-ын мөрийн хөтөлбөрт ямар нэгэн худлаа амлалт, попролт байхгүй
МАН-ын Бага хурлын III хуралдаанаар 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах тогтоолын төслүүдийг хэлэлцсэн юм. Уг хуралдааныг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдсан бөгөөд МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн талаар улс төрийн илтгэл танилцуулж, Бага хурлын гишүүдийн дунд хэлэлцүүлсэн юм.
МАН 2023 оны наймдугаар сард иргэд, олон нийтээс санал авах Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд таван сувгаар дамжуулан намын гишүүд төдийгүй иргэд, олон нийтээс саналыг нь авчээ. Ингэхдээ албан бичгээр болон цаасаар, ENAM аппликэйшн болон вэб сайт, Call center төвөөр болон и-мэйлээр санал авахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, 21 аймаг, есөн дүүрэг, 330 суманд ажиллаж биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийсэн байна. Ингэснээр нийтдээ 40 гаруй мянган санал авсан аж. Бага хурлын III хуралдаанд МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулж, Бага хурлын гишүүдийн асуултад хариулсан. Сонгуульд нэр дэвших хүсэлтэй МАН-ын гишүүдэд хэд хэдэн зарчмын шаардлага тавьж байгаагаа Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар онцоллоо. Тухайлбал, нэр дэвшихийг горилж буй гишүүн нь аливаа ажил албанд хариуцлагатай ханддаг, ёс зүйтэй, сахилга баттай, зохион байгуулалттай, багаар ажиллаж чаддаг, эв нэгдэлтэй байх гэсэн чухал зарчмын шаардлагуудыг тавьж байна. Хяналтын ерөнхий хороо нэр дэвших хүсэлтийг авч эхэлсэн бөгөөд намын Удирдах зөвлөлд нэр дэвших хүсэлтүүдийг өгч улмаар МАН-ын Бага хурлын IV хуралдаанд танилцуулах юм байна. Энэ удаагийн Бага хуралд МАН-ын 30 дахь Их хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэйгээс 80 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, төлөөлөгчид ENAM аппликэйшнээр дамжуулан саналаа цахим хэлбэрээр өгснөөрөө онцлогтой байлаа.
МАН харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүрдээ хүрч ажиллаж байгаа бөгөөд цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Бага хурлын III хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар МАН-ын Бага хурлын III хуралдааны талаар “Хуралдааны эхэнд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрийн талаар танилцуулсан. Сонгуулийн хуулиар улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө нийтэд танилцуулах, сурталчлах болоогүй учраас агуулгын танилцуулга хийсэн. Сонгууль бол улс төрийн өрсөлдөөн учраас нууцлалыг тодорхой хугацаанд хангах шаардлагатай. Гэхдээ өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан ковид цар тахал, геополитикийн нөхцөлд байдал зэргээс авахуулаад МАН-ын тэргүүлсэн Засгийн газар амаргүй цаг хугацаанд ажиллаж ирлээ. Гэсэн хэдий ч богино хугацаанд эдийн засгийг сэргээх, улс төрийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр бодлого хэрэгжүүлж ажилласан. Тодорхой үр дүнд хүрч, амжилт гаргасан гэж үзэж байгаа.
2023 оны эцсийн байдлаар Монгол Улсын эдийн засаг долоон хувийн өсөлттэй гарлаа. Энэ бол цар тахлын дараа дэлхийн улс орнуудаас хоёрдугаарт орж байгаа үзүүлэлт. Түүнчлэн Монголбанкан дахь валютын нөөцийг анх удаа түүхэн дээд хэмжээ буюу таван мянган ам.долларт хүргэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр явуулсан бодлогоос авахуулаад төрийн албан хаагч, ахмадуудынхаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх гээд олон талаар явуулж буй бодлого ард иргэдийн дэмжлэгийг хүлээж байна. МАН-ын Засгийн газраас явуулж буй бодлого шийдвэр үр дүнд хүрч байгаа учраас МАН мөрийн хөтөлбөртөө эдгээр бодлогыг үргэлжлүүлэх, хүрсэн амжилтаа ахиулахад голлон анхаарсан. Нөгөөтэйгүүр олон нийтээс ирүүлсэн санал, хүсэлтийг нэгтгэсний үндсэн дээр цаашдын хийх ажил, бодлогоо боловсруулж ажиллах зорилго бүхий мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энд улс төрийн ямар нэгэн худлаа амлалт, попролт байхгүй. МАН сүүлийн найман жилийн хугацаанд засгийн эрх барилаа. Энэ хугацаанд УИХ, Засгийн газраас гаргаж буй шийдвэр төдийгүй төрийн бусад байгууллагаас гаргасан нийгэм, улс төрийн нөхцөл байдалтай холбоотой дата мэдээлэлд үндэслэсэн бодитой мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн оролцоно гэдгийг тодотгоё” гэсэн. Харин тэрбээр сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх, хүсэлт хүлээн авах тухайд “МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтийг одоогоор 100 гаруй хүн албан ёсоор буюу бичгээр ирүүлээд байна. МАН-ын дэргэдэх Хяналтын ерөнхий хорооноос сонгуульд нэр дэвшигчийг тодруулах хүртэл баримтлах түр журмыг баталсан. Үүний дагуу нэр дэвших хүсэлтэй байгаа намын гишүүд маань Удирдах зөвлөлд хүсэлтээ илэрхийлж эхлээд байна. Нэр дэвших хүсэлтэй гишүүд маань иргэд сонгогчдод хүндэтгэлтэй хандах, хүний эрхийг дээдэлсэн байдлаар уулзалт хэлэлцүүлгээ зохион байгуулах, намын гишүүдтэй уулзахдаа эв нэгдлийг хүндэтгэх гэх мэтээр журамд нарийвчлан тусгаж өгсөн. Үүний дагуу нэр дэвшигчдээс хүсэлт хүлээн авах процесс үргэлжилж байна. Хүсэлт хүлээн авах хугацаа энэ сарыг дуустал үргэлжилнэ” гэлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна