Хөгжил дэвшлийн хурд минут, секундээр хэмжигддэг болсон орчин цаг. Хөл хөдөлгөөн, түгжрэл, агаарын бохирдол нь нийгмийн хөндүүр хурц асуудал болсон Улаанбаатар. Их хотын иргэн бүрд орон гэр нь тав тух, амар амгалан байдлаас таашаал авч, нүргээнт хотын завгүй амьдралаас холдох нуувч болдог гэхэд хилсдэхгүй. Цэлгэр цонхтой, тохилог орон зайд дуртай, хөгжмөө намуухан хэмнэлээр чагнаархан, саяхан хутгалдаж явсан хотын яаруу хэмнэлийг ширтэн суух нь өдрийн их ажлын ачааллаа мартан алжаалаа тайлах бас нэгэн арга байж болох юм.
Тэгвэл орон гэрийн ийм тав тухыг хэрхэн бий болгох вэ. Мэдээж таны өөрийн мэдрэмж, хандлага дээр нэмээд шуудхан хэлэхэд хэтэвч энэ бүгдийг шийдэхэд оролцоно. Энэ бүгд танаас шалтгаалах зүйлс. Харин таны тав тухыг таны өмнөөс, таны мэдрэмж, хандлагад нийцүүлэн шийдэж өгдөг мэргэжлийн, үйлчилгээний компаниуд зах зээлд бүтээгдэхүүнээ санал болгоод удсан. Тэдний нэг нь Д.Ган-Эрдэнэ захиралтай “Орос тех” компани юм. Бид энэ бүтээгдэхүүн үйлчилгээний талаар уншигчдад тодорхой мэдээлэл өгөх зорилгоор түүнтэй уулзаж бага зэргийн мэдээлэлтэй болсон юм. “Орос тех” компанийн хувьд модон доторлогоо хийж, дулаалгыг Орос технологиор шийдэж хувийн болон нийтийн орон сууцны тагтыг жилийн дөрвөн улиралд ашиглаж болохоор дулаалж, засаж тохижуулж өгдөг юм билээ. Эрс тэс уур амьсгалтай Монгол орны цаг уурын нөхцөлд бид байрныхаа тагтыг дулааны улирлын таван сард нь л ашигладаг гэнэ. Мэдээж энэ нь бидний бүтээлч сэтгэлгээ дутмаг байгааг харуулдаг байж ч болох юм. Тагтыг зөвхөн хайрцаг сав, хэрэггүй хог новшийн агуулах болгон хэрэглэдэг байдлыг өөрчилбөл ямар вэ. Бид тагтаа амьдардаг өрөө болгон тохижуулж, өөрсдийн амьдралдаа оруулж ирэн тав тухаа нэмэх боломжтой. “Орос тех” компани тагт ханын гадна биш дотор байх ёстой гэж үздэг.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ авах ямар ч хэрэглэгч тухайн компанийн нэр хүнд, зах зээлд эзлэх хувь, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар, стандарт ном дүрмийн дагуу байгаа эсэхийг сонирхон судлах нь гарцаагүй. “Орос тех” компанийн хувьд энэ салбартаа 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зах зээлийн 70 хувийг дангаар эзэлдэг. Үйлчилгээний хувьд чанарын гологдолгүй явж ирсэн 12 жилийн түүх нь нэр хүндийн баталгаа болж өгдөг тухай Д.Ган-Эрдэнэ захирал өгүүлж байна билээ. Доторлож, дулаалсан тагт бүрдээ чанарын баталгаа өгдөг ч одоогийн байдлаар шаардлага хангасангүй, дизайн загварын хувьд таалагдсангүй гэдэг гомдол сонсоогүй л явна даа хэмээн бардам өгүүлж байгаагаас нь үзвэл энэ тал дээр толгой өвтгөдөггүй бололтой. Хөдөлмөрийн аюулгүй байдал, осол авааргүй ажиллагааны дүрэм зааврын чанд мөрдлөг “Орос тех” компанийн нэр хүндийн бас нэгэн баталгаа болдог.
Тагтны доторлогоонд хамгийн чухал зүйл бол ашиглах материал. Мэдээлэл технологийн эрин үед ялихгүй эдээр шалихгүй ажил гүйцэтгэвэл амархан баригдах нь гарцаагүй. Хэрэглэгчид мэдээлэлтэй, мэдлэгтэй, экологийн мэдрэмжтэй болсон цаг. Ийм үед өндөр чанартай түүнийгээ дагасан өнгө үзэмж сайтай, экологийн шаардлага хангасан материал, бүтээгдэхүүнээр ажлаа гүйцэтгэдэг компани бол “Орос тех”.
Тус компанийн үйлчилгээндээ нэвтрүүлсэн Пеноплэкс хавтан, Пенофол тусгаарлагчаас гадна брус,фанерь,булан, штиль болон евро рейк зэрэг нь ОХУ-ын чанартай нэгдүгээр зэргийн модон материал байдаг. Мөн Германы Egger брэндийн ламинатан шал, Fome Flex брэндийн дулаалгын хөөс, силикон, IDEAL брэндийн шалны хүрээ,ОХУ-ын резин будаг зэргийг хэрэглэгчдэд санал болгодгоороо давуу талтай. Тагтыг дөрвөн улирлын турш гэр орныхоо нэг хэсэг байлгахад дуу, дулаан тусгаарлагч материалаар хийсэн дулаалгатай байх ёстой. Тэгвэл тагт дулаалахад Пеноплэкс XPS шахмал хавтангаар доторлогоо хийхэд өндөр даралтад тэсвэртэй ус, чийг, хөлдөлтөөс хамгаалах, дулааныг хадгалж, температурын өөрчлөлтөд төлөв байдлаа алдахгүй бөгөөд удаан хугацааны туршид хэвээ алддаггүй, нягтрал сайтай, галд идэвхжихгүй зэрэг давуу талууд нь дээрх нөхцөлийг бий болгоход тустай ажээ. Энэ хавтангаар тагтны хана, шал таазыг доторлох боломжтой байдаг тул “Орос тех” компани хэрэглэгчдэд санал болгоод байгаа юм. Энэ хавтанг хар зам, төмөр зам, онгоцны гүйдэл зам, машины зогсоол, хүйтэн зоорийн шал хананд өргөнөөр ашиглаж ирсэн гэдэг нь хавтангийн зах зээлийн эрэлтийг тодорхойлж, чанарын өндөр шаардлагад хариулт болж чаддаг байна.
Мөн танд дулаалгын Пенофолын тугалган тусгаарлагчийг санал болгоно. Хөөсрүүлсэн полиэтилен ба хөнгөн цагаан тугалган цаасны энэ хослол нь нэг сантиметрээс ихгүй зузаантай. Энэ материал нь дулааныг хадгалж, дуу чимээ нэвтрүүлэхгүй, халуун ууранд цантахгүй өвөрмөц шинж чанартай.
Дулаан тусгаарлагч өндөртэй шинж чанар нь янз бүрийн барилгын суурийн бүтэц, Төрөл бүрийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг баглаж бооход ч хэрэглэдэг учраас эрэлт хэрэгцээтэй байдаг. Пенофол нь хана, тааз, шал, шингэн дамжуулах хоолой, агааржуулах хоолой, дулаан дамжуулах шугам гэх мэтэд өргөн хэрэглэгддэг. Мөн хүнд даацын тээврийн хэрэгслийн бүхээгийг дулаалах, хөлдөөсөн хүнс тээвэрлэх сав хийх, жуулчны майханд ор дэрний цагаан хэрэглэл болгон ашигладаг талтай. Энэхүү дулаалга нь маш бат бөх, хөнгөн жинтэй бөгөөд нэг хуйлмал ороомог нь 36 хавтгай дөрвөлжин метр талбайг хамрахад хангалттай хүрдэг.
Германы Egger брэндийн ламинатан шал нь үйлдвэрлэлтийн жишиг болох EN1332931 стандартын АС3 түвшинд хүрсэн бөгөөд 1990 оноос эхтэй, хэрэглээнд шалгарсан бүтээгдэхүүн юм. Зай бага эзлэх 12 милметрийн зузаантай энэ шал нь дуу чимээ гаргахгүй, зурагдаж, зүсэгдэхгүй, цөмөрч, хонхойлт үүсдэггүй, тамхины цогонд түлэгддэггүй, чийг эсэргүүцэх чанар өндөртэй, тусгайлсан, нэмэлт хамгаалалтын резинтэй тул тавилгын хөл, сандал ширээний хөлөнд зурагдах, мөр зураас үүсдэггүй байна. Суларч зай гардаггүй, суурилуулахад хялбар зөрөлт багатай. Мөн өнгөө алдаж, элэгдэхгүй, цохилтод тэсвэртэй, толбо тогтдоггүй, хэт ягаан туяаны хамгаалалттай, ачаа даах тэсвэрлэх чанар сайтай байдаг гэх мэт маш олон сайн чанарыг дурдаж болох ажээ.
“Орос тех” компанийн захирал Д.Ган-Эрдэнэ компанийхаа ажил үйлчилгээг танилцуулж суухдаа “Хамгийн гол түүхий эд болох модон материалаа ОХУ-ын энэ төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниас шууд татан авдаг тул чанарт нь эргэлзэх хэрэггүй. Манай компани хэрэглэгчдээ гомдоох зүйл хийхгүйн тулд хамгийн сайн гэсэн материал, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийнхээ тав тухыг хангах ёстойгоо ойлгодог. Бусад тагт доторлогоо хийдэг хүмүүс ганц хоногт, хоёр хоногт гэж маш түргэн шуурхай хийх мэтээр ярьдаг. Гэтэл энэ ажил маань тийм амархан зүйл биш. Бид тагтныхаа хэмжээнээс шалтгаалаад гурав хоногт бүх ажлаа дуусгахыг хичээдэг. Аюулгүй ажиллагаа нэмэх нь чанар шүү дээ. Бид 12 жилийн турш нэг ч гомдол авч байсангүй, ганц удаа л хэрэглэгчийн буруугаас үүдэлтэй жижигхэн засвар хийж байсан. Гэхдээ одоо ч жижигхэн засвар гарлаа гэхэд хийж өгөхдөө баяртай байх болно” хэмээгээд “Одоо тагт гэрийн илүүдэл эд зүйлс хурааж овоолдог агуулах биш болсон шүү” гэж нэмж хэллээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна