Тархины шилдэг дасгалжуулагч



Сүүлийн жилүүдэд хүүхэд залуус ой тогтоолтын спортоор эрчимтэй хичээллэж байна. Анх орж ирсэн үетэй нь харьцуулахад спортын нэгэн төрөл болтол хот, хөдөөгүй хөгжүүлсэн хүн нь Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч, оюун ухааны спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар юм. Монголын ой тогтоолтын тамирчид өнгөрсөн хугацаанд олон улсын тэмцээнд амжилттай оролцохын зэрэгцээ дэлхийн чансааг шинэчилсээр ирсэн. Тэмцээний нас насны ангилалд оролцсон тамирчдаас гүйцэтгэлээ бүрэн, төгс биелүүлснээр өдгөө дэлхийд данстай яваа тамирчин Монголд олон бий. Тэдний зарим нь хувийн карьертаа анхаарал хандуулахын зэрэгцээ хүүхэд залууст мэдсэн сурснаа зааж Монголын оюун ухааны академид багшилж байна. Тийм нэгэн тамирчны нэг нь Ө.Сэнгэсамдан юм. Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатарын ууган шавь нарын нэг тэрбээр амьдралынхаа арав гаруй жилийг ой тогтоолтын спорттой холбожээ. Тамирчны карьераа хэсэг хугацаанд завсарласан түүнд шинэ оны дараахан нэгэн гайхалтай урилга ирсэн нь эл нийтлэлийг бичих эхлэлийг тавьсан юм.

Тэрбээр өнгөрсөн сард БНХАУ-ын хамгийн олон үзэгчтэй Jiangsu телевизээс зохион байгуулдаг “The Brain” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцжээ. Түүний өрсөлдөгч нь БНХАУ-ын шилдэг тамирчин Guo Feirong байв. Ө.Сэнгэсамдан мэдлэг, туршлагаараа бусдаас дутахгүй. Карьерынхаа эхэн үед тив, дэлхийн аварга шалгаруулах арав гаруй тэмцээнээс 70 медаль хүртсэнээс гадна олонтаа цом өргөсөн. Дэлхийд чансаагаараа тавдугаарт эрэмбэлэгдэж Монголын олон улсын их мастерын салхийг хагалсан тамирчин юм. Ө.Сэнгэсамдан ой тогтоолтын 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гуравдугаар байр, 2015 оны Азийн аварга бөгөөд ой тогтоолтын олон улсын их мастер тэрбээр өнгөрсөн хугацаанд карьертаа анхаарал хандуулахаас илүү Монголын ой тогтоолтын шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Түүний бэлтгэсэн шавь нараас олон улсын их мастерууд төрөн гарчээ. Шигшээ багийн дасгалжуулагчаар ажилладаг түүний шавь нараас Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар олон улсын их мастерууд болж өдгөө ой тогтоолтын дэлхийн тамирчид болсон юм. Тэд багшийнхаа адил “The Brain” шоу нэвтрүүлэгт уригдан оролцож гүйцэтгэлээ төгс хийж байв.

“The Brain” шоу нэвтрүүлгийн хувьд 2018 оноос шинэ форматтайгаар үзэгчдэд хүрч эхэлжээ. Нэвтрүүлэгт БНХАУ-ын ой тогтоолын спортын мастерууд олон орны шилдгүүдтэй оюун ухаанаараа өрсөлдөхдөө хүний санаанд оромгүй сонирхолтой даалгаврыг гүйцэтгэдэг. Тэд Герман, Америк, Англи, Швед зэрэг улсын ой тогтоолтын шилдгүүдийг урьж өрсөлдөхдөө тэмцээнийг ялалтаар өндөрлүүлдэг байжээ. Онцгой оюун ухаантай хүмүүсийг олох нь нэвтрүүлгийн зорилго нь.

Дэлхийн ой тогтоолтын шилдгүүд өрсөлддөг энэхүү шоу нэвтрүүлэгт одоогоос найман жилийн өмнө буюу 2016 онд олон улсын их мастер Э.Энхмөнх Монголоос анх удаа оролцож байв. Тэрбээр гараагаа ялалтаар эхлүүлсэн нь булган сүүлтэй байж. Өнгөрсөн онд олон улсын их мастер, дэлхийн хошой аварга, ихэр охид Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар энэ нэвтрүүлэгт оролцож Монгол Улсынхаа далбааг хоёр дахь удаагаа мандуулсан. Харин энэ жил олон улсын их мастер Ө.Сэнгэсамдан амжилтаар буухиалж “The Brain” шоу нэвтрүүлгийн олон удаагийн ялагч, БНХАУ-ын Guo Feirong-г ялсан юм. Өрсөлдөгч тамирчны хувьд БНХАУ-ын гурван удаагийн аварга Zhang Xinrong, 2023 оны дэлхийн аварга Huang Jin Yao нарыг ялж байсан нэгэн ажээ.

“The Brain” их нууцлагдмал нэвтрүүлэг. Зураг авалт эхлэхээс өмнө хэн гэдэг тамирчин ямар даалгавар гүйцэтгэх нь тодорхой бус байдаг. Тамирчдад энэ байдал нэг талаараа дарамт болж сэтгэлзүйд нь нөлөөлөх эрсдэлтэй. Тэр үед л тамирчин тархиа, сэтгэл зүйгээ хэрхэн удирддагийг харж, ажиглаж болох юм. Ө.Сэнгэсамдангийн хувьд нэвтрүүлэг эхлэхээс өмнө өрсөлдөгчдөө анхаарал хандуулахаас илүү өөртэйгөө ажиллажээ. Мэдээж долоон жилийн дараа тамирчны хувиар ирж байгаа хүнд сэтгэлийн хөдөлгөөн байсан нь илт. Гэхдээ тэр үед  тэрбээр шавь нартаа захидаг шигээ “Чиний хамгийн том өрсөлдөгч чи өөрөө шүү. Айж байвал айдсаа даван туул” гэж  өөртөө хэлсэн байх. Түүний гүйцэтгэсэн даалгавар их сонирхолтой. Ө.Сэнгэсамдан 180 тавагнаас цээжилсэн гурвыгаа олох байв. Нэвтрүүлгийн зүгээс түүний сонгосон гурван тавгийг бүтнээр нь харуулахгүй. Зөвхөн голын жижиг хэсгийг л харуулна. Харин түүнийгээ дараа нь бүтнээр нь харж, олох байсан юм. 

Тархины фитнес болох ой тогтоолтын спортоор ихэвчлэн хэн хичээллэдэг вэ. Хүмүүсийн нийтлэг бодол сэтгэх, ургуулан бодох чадвар сайтай хүүхдүүд, эсвэл удаан ойлгоцтой хүмүүст дадал суулгах үүднээс ой тогтоолтын спортоор хичээллэдэг гэх түгээмэл ойлголттой. Гэхдээ оюуны энэ спортоор таваас дээш насны хэн ч хичээллэж болно. Заавал тамирчин болох албагүй бөгөөд мэргэжил сонирхлоос үл хамаарна. Хамгийн гол нь хичээл зүтгэл болон ургуулан бодох чадвар юм. Тиймээс нас насны янз бүрийн мэргэжилтэй хүмүүс ой тогтоолтын спортыг сонгон хичээллэх болжээ. Ө.Сэнгэсамдан дасгалжуулагч ч тэдний л нэг. Тэрбээр АШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр суралцаж төгссөн. Оюутан ахуйдаа дотуур байрандаа санаандгүйгээр ой тогтоолтын талаар мэдээ үзсэнээр энэ спортыг сонирхон судлах хүсэл төржээ. Улмаар Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар багшийнхаа анхны шавь нарын нэг болсон байна. Түүнээс хэрвээ ой тогтоолтын дасгалжуулагч, тамирчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байсныг сонирхон асуухад тэрбээр мэс заслын эмч болох байснаа хэлсэн удаатай.

Хүний хувь тавилан их сонин. Телевизор бараг үздэггүй оюутны нэг өдрийн үйлдэл ирээдүйн замыг нь заах юм чинээ хэн санах билээ. Хэрвээ тухайн үед ой тогтоолтын тухай мэдээ үзээгүй бол өнөөдрийн олон улсын их мастер төрөн гарахгүй байсан биз. Ө.Сэнгэсамдан 2010 оноос ой тогтоолтоор хичээллэсэн. Өдөр нь хичээлдээ явж, оройдоо Монголын оюун ухааны академидаа багшилдаг. Түүний анхны тэмцээн нь ой тогтоолтын улсын аварга байв. Тухайн үед тэрбээр тэмцээндээ амжилттай оролцож, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэнээр өөрийгөө ялан дийлж, амжилтаа эхлүүлсэн түүхтэй.

Одоо тэрбээр АНЭУ-ын Дубай хотод болох оюуны олимпод оролцох зорилготой. Түүний өмнө нь оролцож байгаагүй ганцхан тэмцээн нь энэ учраас өөрийгөө сорихоор бэлтгэж эхэлжээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд арван жилийн сургууль төгссөн тэрбээр хичээлдээ тийм ч сайн биш, спортын эвсэлтэй. Хамгийн гол нь зорилгынхоо төлөө тууштай зан нь түүний өнөөдрийг бүтээсэн гэлтэй.

Хоёр хүүхдийн аав болсон Ө.Сэнгэсамдан том охиноо ой тогтоолтын спортоор хичээллүүлж эхэлжээ. Оюуны спортоор хичээллэснээр баруун, зүүн тархины суурь чадваруудаа тэнцвэртэй хөгжүүлдэг. Энэ нь мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа бидэнд ажил, хичээлийн бүтээмжээ дээшлүүлэхээс эхлээд олон талын ач холбогдолтой. Тиймээс тэрбээр хүн бүрийг ой тогтоолтын спортыг сонирхон судлаасай хэмээн хүсэж явдгаа ярьжээ.

  Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/

Шилдэг 40 тамирчин өрсөлдөнө

Шатар, даамтай эн зэрэгцэхүйц, олон улсад хурдацтай хөгжиж буй оюуны спортын төрөл бол бэкгамон юм. Манай хүүхэд залуусын олноороо хичээллэх болсон энэ спортын улсын чансааны шилдэг 40 тамирчин оролцсон тэмцээнийг энэ сарын 31-нд зохион байгуулахаар болжээ.

Бэкгамон спортын анхны тэмцээнийг өнгөрсөн жилийн наймдугаар сард хийснээс хойш өнөөдрийг хүртэл давтагдаагүй тоогоор 180 гаруй тамирчин улсын чансаанд бичигдэж байгаа аж.

Тиймээс хурдацтай хөгжиж буй оюуны спортын ахисан шатны тэмцээнийг улсын чансааг үзүүлэлтээр тэргүүлж буй 40 тамирчны дунд нас, хүйс харгалзахгүйгээр зохион явуулахаар болсон нь энэ аж. Бэкгамон тоглох нь эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Тоглогчдоос гүнзгий сэтгэж, стратегийн шийдвэр гаргахыг шаарддаг бөгөөд энэ нь оюун ухааны авхаалж самбаа, асуудлыг шийдвэрлэх чадварыг сайжруулахад тусалдаг. Бэкгамон тоглох үед самбар дээрх хэсгүүдийн байрлалыг санаж, урьдчилан төлөвлөхийг шаарддаг нь тоглогчийн санах ой болон ой тогтоолтоо сайжруулахад тустай юм.

Гиннесийн дээд амжилт тогтоов

 Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар болон оюун ухааны спортын тамирчин С.Чингим нар Гиннесийн дээд амжилт тогтоов. Тэд ой тогтоолтын Simon тоглоомыг харахгүйгээр буюу нүдээ боож, зөвхөн хөг сонсоод алдаагүй дарж тоглох төрөлд тамирчин С.Чингим 276 даралт (23 үе), Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар 325 даралт (25 үе)-ыг тус тус алдаагүй санаснаар Гиннесийн дээд амжилтын эзэд болжээ. Даралт тус бүрийн хооронд таван секунд бөгөөд энэ хугацаанд амжиж дараагүй тохиолдолд ялагдах хатуу дүрэмтэй даалгаврыг тэд амжилттай гүйцэтгэсэн байна.

 

Ой тогтоолтын өсвөрийн шилдэг тамирчныг онцолжээ

 ОХУ-ын “Россия-1” сувгаас “Удивительные люди” буюу “Гайхамшигт хүмүүс” шоу нэвтрүүлэг зохион байгуулдаг. Энэхүү нэвтрүүлэгт Монголын ой тогтоолтын их мастерууд болох Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар 2018 онд анхлан оролцож байв. Түүний дараа олон улсын их мастер Э.Лхагвадулам болон Монголын оюун ухааны академийг үүсгэн байгуулагч Х.Хатанбаатар охиныхоо хамт амжилттай оролцсоныг мэдээлсэн. Тэгвэл энэ жилийн “Гайхамшигт хүмүүс” шоу нэвтрүүлэгт мөн л монгол охиныг урьсан нь олон нийтийн сонирхлыг ихэд татав. Түүнийг Э.Үүрийнцолмон гэдэг бөгөөд 13-тайдаа 17 хүртэлх насны тамирчидтай ой тогтоолтын олон төрлөөр өрсөлдөж өсвөрийн дэлхийн аварга болсон содон амжилтын эзэн юм. Тэрбээр мөн ой тогтоолтын спортын 2022 оны бага насны ангиллын дэлхийн аварга төдийгүй их мастерын зэрэгтэй Монголын ой тогтоолтын өсвөрийн шилдэг тамирчдын нэг ажээ.    

Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22