Юуны өмнө уншигчдадаа Инээдмийн баярын мэнд дэвшүүлье. Бид энэ удаа инээж баясах үед хүний бие махбодод ямар үйл явц явагддаг талаар толилуулахаар бэлтгэлээ.
Байгаль эх зөвхөн хүнд л сэтгэл хөдлөлийн ховор нандин бэлэг хайрласан нь инээд юм. Бид эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх ёстой гэдгийг ойлгож мөрдөхийг хичээдэг ч инээхэд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Огт хэрэггүй зүйл байсан бол байгаль эх яах гэж ийм сонин, хэнд ч хэрэггүй зүйл бүтээж зөвхөн хүн гэдэг бодгальд бэлэг барих билээ. Манай ард түмний уламжлалт хэл ярианд инээд, түүний ач холбогдлын талаар эрдэмтдийн судалгааны дүгнэлттэй дүйцэхүйц амьдралын ухаан нуугдах ажээ. Инээд нь зовоход эм, ядрахад амралт, гутрахад гэрэл гэгээ болно. “Инээдэг хүний дэргэд чөтгөр тогтохгүй, ажилсаг хүний дэргэд өвчин тогтохгүй. Өөдрөг хүний дэргэд гуниг тогтохгүй”, “Инээж явбал өдрийн жаргал.Наадаж явбал насны жаргал” гэх зэргээр амьдралын философи болсон үг сургаал цөөнгүй бий.
Инээхийн ач холбогдлыг судалдаг нэг сэтгэл зүйч, америк эрдэмтэн Ичаги Прити инээдийн эрүүлжүүлэх нөлөөг химийн хувьд тайлбарлахдаа, инээд хөөрийн үед биед үүсдэг аз жаргалын гормон гэж нэрлэгддэг эндорфин нь хүний дархлааны, амьсгалын, зүрх судасны, хоол боловсруулах системд хүчтэй нөлөө үзүүлдэгтэй холбон үздэг. Өөрөөр хэлбэл, инээж баясах үед өвдөлт намдаах, тайвшруулах хүчтэй үйлчилгээ бүхий бодис ялгарч цусанд орсноор биед физиолог-биохимийн олон таатай процессууд явагддаг байна. Тухайлбал:
-Инээд хоол боловсруулалтыг хөнгөвчилдөг. Инээд нь аэробекийн дасгалын нэг төрөл юм. Учир нь, инээд дотоод эрхтнүүдэд массаж болж өгдөг. Инээдийн үр дүнд шүлс, ходоодны шүүс ялгаралт, ходоод гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн ихсэж, элэг, нойр булчирхай, цөсний зам сэгсрэгдэж, өрц доргиж хоол боловсруулалтад сайнаар нөлөөлдөг. Энэхүү гимнастик нь хоол боловсруулах замыг төгс хөдөлгөөнд оруулж өтгөн хаталтаас сэргийлдэг. Удаан хугацааны стресс бухимдал нь ходоодны шархлаа үүсгэх, өтгөн хатах зэрэг сөрөг нөлөөтэй. Тэгвэл инээд, баяр хөөртэй амьдралын хэв маяг энэ мэт өвчнөөр шаналах эрсдэлийг бууруулна.
Инээд нь зүрхийг эрүүлжүүлдэг. Чанга инээснээр цусны судаснууд тэлж, цусны эргэлт нь сайжирдаг. 10 минут инээхэд л даралт илт буурч, холестерин үүсэх эрсдэл багасдаг байна. Инээд нь зүрхний шигдээст өртсөн хүмүүст ч ашигтай. Эмч нарын үзсэнээр сайхан сэтгэгдэл хоёр дахь удаагаа шигдээст өртөх магадлалыг бууруулдаг аж. Инээд бол хөдөлгөөний дасгал мэт биед нөлөөлдөг. Уйльям Фрайны хэлснээр 27 секундийн инээд нь гурван минутын турш сэлүүрт завиар явсантай тэнцүү бөгөөд энэ нь зүрхний дасгал хийхтэй ижил үүргийг гүйцэтгэдэг. Мөн нэг минутын чин сэтгэлийн инээд нь 40 минутын гүйлттэй адил эрүүл мэндэд тустай ажээ. Инээд нь биеийн тамирын дасгал хийх боломжгүй хүмүүст /Ялангуяа зүрх судасны өвчтэй/ хөдөлгөөн нөхөх нөлөөтэйг Уйльям Фрай тэмдэглэсэн байна. Өөдрөг үзэлтэй хүмүүс зүрхний өвчнөөр өвдөх нь гутранги үзэлтэй хүмүүсээс 40 хувь бага байдаг ажээ.
Инээд бүх төрлийн өвдөлтийг намдаана. Энд “Үхлийг инээдээр ялсан хүн” гэж түүхэнд алдаршсан Норман Казинсын эдгэшгүй гэгдэж байсан өвчнөө инээдээр ялж чадсан туршлага бэлхнээ гэрчилнэ. Инээх үед ялгардаг аз жаргалын даавар болох эндорфин нь жинхэнэ өвчин намдаах хүчтэй эм юм. Инээж, асуудлыг эергээр харж чаддаг өвчтөнүүд гуниглаж байгаа хүмүүсийг бодвол өвдөлтийг илүү тэсвэрлэх чадвартай, түргэн эдгэрдэг хэмээн эмч нар тэмдэглэжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдэд инээд их тустай байдаг. Төрөлтийн өвдөлтийн эхний шатанд ч инээд өвдөлтийг дарангуйлж чаддаг.
Инээд уушгийг хөгжүүлдэг. Бид инээхдээ удаан, гүнзгий амьсгаа авдаг. Мэдрэлийн эмч Уйльям Фрай инээх үеийг тайван байдалтай харьцуулахад хийн солилцоо 3-4 дахин хурдсаж, улмаар эрхтэн, эд эсийн цусны хангамж сайжирдгийг ажиглажээ. Нэг үгээр хэлэхэд, инээд нь ойд зугаалах эсвэл хүчилтөрөгчийн нэмэлт авахтай адил юм. Инээд бол багтраа, бронхитоор өвчилсөн хүмүүсийн хамгийн шилдэг дасгал болдог. Инээд нь амьсгалын дээд замыг цэвэрлэдэг бөгөөд энэ нь астма өвчний зарим хэлбэрийг даван туулж, уушгины эмфиземийг эдгээхэд тусалдаг. Зарим эмч инээдийн үйлчилгээг цээжний эрхтнүүдийн физиотерапитай харьцуулан үздэг.
Инээд нь стресс түгшүүрийг ялан дийлэх хамгийн хүчтэй эм. Стрессийн тухай сургаалыг үндэслэгч Ханс Селе хэлэхдээ: стрессийг бие махбодын зохих дасгал, эерэг сэтгэл хөдлөлийн аль алинаар нь амжилттай тайлдаг. Учир нь хоёуланд нь стрессийн эсрэг бодисууд дотоод шүүрлийн булчирхайд үүсдэг. Иймээс инээд нь биеийн болон сэтгэлийн ачааллаас давхар салгадаг эм гэсэн үг юм. Эрдэмтдийн баталснаар нэг минут чин сэтгэлээсээ инээх нь 45 минут тайван амарсантай тэнцдэг байна. Хүн инээж байхдаа сэтгэлийн түгшүүр, уур уцаар, уйтгар гунигийг мэдэрч чаддаггүй. Инээх нь зөвхөн тайвшруулахаас гадна хүчийг нэмэгдүүлэхэд тусалдаг.
Дархлааны систем идэвхэждэг. Япон улсын РИКЕН хүрээлэнгийн дархлаа судлаач эрдэмтэн, АШУҮИС-ийн зөвлөх, профессор Д.Нямбаяр тархи мэдрэлийн систем бүгдийг удирдана. Тэгэхээр инээх нь дархлаанд хамгийн их тустай. Стресс дархлаанд муу байдгийг шинжлэх ухаанаар тогтоочихсон. Стресстэхэд ялгарч байгаа стеройд гормонуудын хэмжээ ихэссэнээр дархлааны эсүүд үхдэг гэсэн судалгаа бий. Иймд боломж л гарвал инээж байгаарай. Ялангуяа 10-20 минут инээх нь бүр сайн гэж зөвлөжээ. Хүний бие өөрөө өөрийгөө эрүүлжүүлж байдаг гайхамшигтай шинж чанартай билээ. Элэг гэдэг эрхтэн баруун өрцтэй наалдаж байрладаг, инээх бүрд өрц хөдөлж элгэнд массаж болдог. Инээд бол элэгний массажчин юм. Та бид инээд хөөртэй байвал элэг тань дархлааны системийг тэтгэж таныг элдэв халдвар, өвчнөөс хамгаална. Хүн чин сэтгэлээсээ инээсний дараа амьсгалын замаар антител их хэмжээгээр ялгарч гардаг байна. Энэ нь нян, вирусээс хамгаалахад тустай.
Инээд илүүдэл жинг хаяхад тусалж, биеийн галбирыг хадгалдаг. Инээд нь хүний биед яг л дасгал хөдөлгөөн шиг тустай. Эрдэмтдийн тооцоолсноор өдөрт 15 минут инээхэд долоо хоногт гурван удаа 30 минутын дасгал хийсэнтэй тэнцдэг байна. Нэг минутын инээд нь 10 минут хүндийг өргөх буюу 15 минут дугуй унасантай тэнцэнэ. 1862 онд Францын мэдрэлийн эмч Гийом Дюшен жинхнээсээ инээх үед 80 хүртэлх булчин идэвхтэй ажилладгийг олж мэджээ. Ингэж олон булчин нэгэн зэрэг ажилладаг учраас сайхан физик дасгал болдог байна. Инээх явцад хүний мөр хөдөлнө, өрц чичирнэ, хүзүү, нуруу, нүүрний булчин чангарч, пауз авахад буцаж суларч байдаг.
Инээд амьдралыг уртасгана. Инээх дуртай хүмүүсийн дархлаа илүү сайн байх тул бага өвчилж урт насалдаг. Цухалдаж уурлах нь ч бага, сэтгэл гутрал гэдгийг мэддэггүй. Учир нь инээж баясах үед стрессийн даавруудын ялгарал дарангуйлагдаж, эндорфин зэрэг аз жаргалын даавруудын ялгарал нэмэгдэж байдаг. Япон хүмүүс урт наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог улс. Эдүгээ Японд 100-гаас дээш насны 30 мянга гаруй хүн амьдарч байна. Японы Хөдөлмөрийн яамнаас үүний цаад шалтгааны талаар судалгаа хийж үзэхэд урт наслалтын нууц нь “Зовлон шаналлаа удаан хуримтлуулдаггүй зан чанартай нь холбоотой” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Зовлон шаналал амьдралын чанарт ноцтой нөлөөлдөг. Геронтологич эрдэмтдийн саяхны хийсэн нэгэн судалгаанаас харахад амьдралын том зорилготой хүмүүс эрүүл саруулаар 90 хүртэл наслах бүрэн боломжтой гэсэн байна. Энэ бол урт наслах энгийн жор.
Инээд нь арьсыг сэргээдэг. Хэрвээ та байнга инээдэг бол үнэтэй гоо сайхны эмчилгээг мартаж болно. Учир нь, инээд нүүрний булчинг сэргээж, цусны эргэлтийг сайжруулдаг байна. Үүний ачаар хүний нүүрний арьс туяарч, өнгөлөг болж эхэлнэ. Олонх хүмүүс инээснээр үрчлээ тогтоно гэж боддог. Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар инээснээр нүүрний булчинг чангалж, арьсыг эрүүл залуу болгодог байна. Инээх үед нүүрний 17 булчин ажилладаг бол уурлахад 47 булчин ажилладаг аж. Монголчууд бид “уруулаа унжуулах”, “ уруулаа битгий унжуулаад бай” гэх мэтээр ярьж зөвлөдөг нь уурлах үед хацар уруулын булчин унждагийг мэдэж, сэрэмжлүүлсэн ажээ.
Инээд нь оюун ухаан, сэтгэл санаа, бие махбодын хамгийн сайн амралтын нэг юм. Таван минут инээхэд 30-40 минут амарсантай тэнцэнэ гэсэн судалгааны дүн гарсан байна. Хүний тархинд инээд хариуцдаг, түүнд үйлчилдэг эд эсүүд байдаг. Инээх үед эдгээр эс идэвхжиж биологийн идэвхт бодис ялгарна. Инээсний дараа бүх бие тайвширч, нойрсох тааламжтай нөхцөл бүрддэг. Тиймээс инээж хөөрөх, гүн нойр зэргийг нэгэн төрлийн “эмчилгээ” хэмээх агаад эдгээр нь эмчийн шилдэг жоруудын нэг юм.
Инээд нь эрүүл мэндэд ийнхүү олон талын эерэг нөлөө үзүүлэхээс гадна нийгмийн харилцааг ихээхэн зөөллөдөг. “Инээдэггүй хүн эзэнгүй гэр, наргүй өдөр, навчгүй модтой адил” гэсэн үг байдаг. Хаа хаанаас илүү инээд хөөр цуурайтаж байх ёстой газар бол гэр. Инээд нь гэр бүлийн амьдралд сайнаар нөлөөлж нэг нэгэндээ баяр баясал бэлэглэнэ. Уйтгар гуниг хургасан ордноос инээд хөөр бялхсан овоохой дээр ч гэж ярьдаг. Сайхан инээд гэрт нарны гэрэл мэт нөлөөтэй. Инээж хөгжилдөж байх нь гэр бүлийн гишүүдийг илүү баяр баясгалантай, нээлттэй, илэн далангүй, гэр бүлийг бат бөх, аз жаргалтай болгох ач холбогдолтой.
Н.Бямбаа, Ч.Үржмаа
/“Инээд эмчилгээ” санаачлагч, ахмад эмч/
Үргэлжлэл бий....
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна