Уэльсийн гүнж хорт хавдар тусаж, химийн эмчилгээ хийлгэж байгаагаа зарласан мэдээ британичуудыг цочирдуулсан. Кейт Миддлтоны олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгт “Нэгдүгээр сард би Лондонд хэвлийн хөндийн хүнд хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай болсон ч шинжилгээгээр хорт хавдар илэрсэн юм. Эмч нар урьдчилан сэргийлэх химийн эмчилгээ хийлгэхийг зөвлөснөөр анхан шатны эмчилгээ эхэлсэн. Миний бие сайн, бүрэн эдгэрэх болно. Намайг дэмжиж, сайн сайхныг хүсэн ерөөсөн ард түмэндээ талархаж байна” гэжээ. Ханхүү Уильямтай 2001 онд их сургуульд сурч байхдаа танилцжээ. Арван жилийн дараа Вестминстерийн сүмд болсон хуримын ёслолыг шууд дамжуулахад дэлхий даяар сая сая хүн үзсэн. Энэ цагаас хойш Кейт бүх талаараа олны анхаарлыг татсаар ирэв. Одоо түүний амьдралд шинэ хуудас нээгдэж байна.
“Мөнхийн хүлээлт”-ээс хаант засаглалын нүүр царай болов
Уэльсийн гүнж Кейт эгэл жирийн амьдралаас хааны гэр бүлийн нэр хүндтэй гишүүн болсон. Беркширид бизнес эрхэлдэг гэр бүлийн ууган охин болж 1982 оны нэгдүгээр сарын 9-нд мэндэлжээ. Тэрбээр чинээлэг айлын хүүхдүүд суралцдаг Марлборо коллежийг дүүргэсэн байна. Багш нар, ангийнхан нь түүнийг олны танил, авьяастай сурагч байсан гэж тодорхойлдог. Сургуулийн хоккейн багийн ахлагч байв. Шотландын Гэгээн Эндрюсийн их сургуульд сурч байхдаа буюу 2001 оны есдүгээр сард ханхүү Уильямтай танилцжээ. Кейт Миддлтон гүнж болох замдаа олон сорилтыг давжээ. Түүний амьдралын хамгийн сонирхолтой хуудсууд хаан ширээг залгамжлагчтай уулзсаны дараа эхэлсэн. Ханхүүгийн анхааралд өртөхийн тулд язгууртан, алдартай загвар өмсөгч бүсгүйчүүдтэй өрсөлддөг байв. Уильямын найз охинтойгоо ирсэн оюутны загварын шоунд Кейт оролцож, нэвт гэрэлтсэн даашинзтай тайзнаа алхаж, ханхүүгийн сэтгэлийг хөдөлгөжээ. Уильям, Кейт нар оюутны амралтаараа хамтдаа аялж байсан бөгөөд 2003 онд ханхүүгийн 21 насны төрсөн өдөрт уригдсан цөөн зочны нэг байжээ. Букингемийн ордон болон хэвлэлийнхний хооронд байгуулсан албан бус гэрээний дагуу ханхүүгийн үерхлийг эхний жилүүдэд нууцлав. Хаалтын гэрээ удаан үргэлжилсэнгүй. Хатан хаан II Элизабета тэднийг 2005 онд Балморал эдлэнд урьснаар Кейтийн зураг хэвлэлд анх удаа нийтлэгдлээ. Кейт их сургуулиа урлагийн түүх судлалаар төгсөөд Лондоны язгууртнуудын үйлчлүүлдэг “Jigsaw” дэлгүүрт ажиллаж эхлэв. Папарацциуд түүний алхам бүрийг мөрдөж мөшгөдөг байлаа. Түүний өмгөөлөгч сонин, сэтгүүлийн редакцад хаягласан захидалдаа хувийн нууцад хүндэтгэлтэй хандахыг хүссэн. Хунтайж Уильямыг офицер болох ёслол 2006 оны арванхоёрдугаар сард Хатан хааны цэргийн академид болоход Кетрин оролцжээ. Хатан хааны гэр бүлийн гишүүд оролцдог хүндэтгэлийн ёслолд анх удаа ирсэн түүний зураг сонин, сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарах нь тодорхой. Ингээд хунтайж ардын охинтой сүй тавих нь гэсэн яриа Лондонгоос салхины хурдаар тархав. Кейтийн 25 насны төрсөн өдөр ойртох тусам цуурхал дээд цэгтээ хүрчээ. Челси дэх гэрийнх нь үүдэнд цугларсан гэрэл зурагчид, өдөр шөнөгүй харуулдах папараццичдын бүлэг Кейтийг Диана гүнжтэй харьцуулахад хүргэсэн. Букингемийн ордноос папараццичдын авсан гэрэл зургийг ашиглахгүй байхыг редакцуудад анхааруулжээ. Хэвлэлийн дарамтаас залхсан Уильям, Кейт нар харилцаагаа түр цуцалсан ч жилийн дараа эвлэрчээ. Энэ нь тэдний хоёр дахь салалт байсан гэдэг. Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд Диана гүнжид хүндэтгэл үзүүлэх тоглолтод хамтдаа оролцов. Ханхүү 2008 оны дөрөвдүгээр сард цол нэмж, командлагч болоход Кейт байлцжээ. Ханхүүтэй арван жил болзсон түүнийг “Уэйти Кэти” буюу мөнхийн хүлээлт гэж хочилдог байлаа. Ард түмний хүсэн хүлээсэн сүй тавих ёслол 2010 оны арваннэгдүгээр сард боллоо. Кейт Миддлтоныг орчин цагийн Үнсгэлжингээр нэрлэж, азтай, одтойг нь гайхаж байхад хааны гэр бүлд элсэх нь аймшиг гэж бичих хэвлэл ч байлаа. Хуримын тов гарсан ч шар хэвлэлүүд Кейтийг “хөгшин сүйт бүсгүй”, гэрлэхээсээ өмнө хамт амьдарч байсан гэх зэргээр элдэвлэсэн. Гэхдээ сая сая эмэгтэй Кэтринийг дэмжиж, ханхүүгийн зүрх сэтгэлийн төлөөх тэмцэлд тэсвэр тэвчээрээрээ ялсан гэж магтаж байв. Зарим сэтгүүлч “Хатан хаан ач хүүгийнхээ замбараагүй явдлаас залхаж, Уильямыг Кейттэй гэрлүүлсэн” гэж бичсэн байдаг. Удаан хүлээсэн хурим 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болов. Сүйт бүсгүйн ёслолын даашинзыг Александр Маккуин, хүлээн авалтын даашинзыг Брюс Олдфилд урласан байна. Тэр 13 жилийн хугацаанд бүх эргэлзээг тайлж, Их Британи төдийгүй дэлхий даяар хүндэтгэл хүлээсэн гүнж болж чадсан. Түүгээр ч зогсохгүй хаант засаглалын нүүр царай болж, “мөнхийн хүлээлт”-д байсныхаа нөхөн төлбөрөө авчээ.
Британичуудын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан гүнж
Өрх тусгаарласан ханхүүд хатан хаан Кембрижийн гүн хэргэм олгож, Сандрингемийн эдлэнгээ бэлэглэв. Ханхүүгийн гэр бүл анхны гадаад айлчлалаа 2011 онд АНУ, Канадад хийжээ. Дараа жил нь хатан хаан II Элизабетын ойд зориулан Зүүн өмнөд Азид зочилсон байна. Тэд хамтын амьдралын эхний жилүүдээ хунтайжийн үүрэг гүйцэтгэдэг хойд Уэльсид өнгөрүүлсэн. Удалгүй Гэгээн Жеймсийн ордноос 2012 оны арванхоёрдугаар сард гүнж хөл хүнд болсныг зарлав. Түүний анхны жирэмслэлт хүндхэн өнгөрсөн бөгөөд хордлогоос болж олон нийтийн үйл ажиллагаанд оролцоогүй аж. Английн хааны удмыг залгамжлах ханхүү Жорж 2013 оны долдугаар сарын 22-нд Лондоны баруун хэсэгт орших Гэгээн Мэрийн эмнэлэгт мэндэллээ. Энэ эмнэлэгт Диана гүнж Уильям хүүгээ төрүүлсэн юм. Уильям 2015 онд Зүүн Английн нисэх хүчинд татагдан ирснээр Кембрижийн гүнгийн гэр бүл Лондонд Кенсингтоны ордонд шилжин суурьшив. Тэр жил гүнж Шарлотта Элизабет Диана хорвоод мэндэлжээ. Кембрижийн гүнгийн гэр бүл хатан хааныг төлөөлөн 2016 оны дөрөвдүгээр сард Энэтхэг, Бутанд айлчиллаа. Тэд 24 жилийн өмнө Уэльсийн гүнж Дианагийн зургаа авахуулсан Таж Махалын үүдэнд зургаа авахуулсан байна. Кейтийн үйлдэл, хувцасны сонголтыг загварын сэтгүүлүүд Диана гүнжийн стильтэй жишиж адилтгадаг. Британийн “Vogue” сэтгүүлийн 2016 оны зургадугаар сарын дугаарынхаа нүүр царайгаар гүнжийг сонгосон нь түүнийг загварын бэлгэ тэмдэг болгосон. Кейтийн өмссөн хувцас трэнд болж, Европын язгууртан хатагтай нар дуурайж эхлэв. Тэдний отгон хүү Луис Артур Чарльз 2018 оны дөрөвдүгээр сарын 23-нд мэндэлжээ. Гүнж олон нийтийн ажил, хүлээн авалт, төрийн айлчлал, дээдсийн уулзалт, буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Тэрбээр бага насны хүүхдүүдэд туслах буяны байгууллага болох “Royal Foundation Early Childhood Centre”-ээ 2021 онд байгуулав. Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах нь тэргүүн зорилго.
Од биш хатан хаан болохыг хүссэн
Орчин үеийн түүхэнд жинхэнэ шийдэмгий, тэсвэр хатуужлын нэгэн жишээ бол Уэльсийн гүнж Кейт. Олонд танигдаж эхлэхдээ үг хэл, үйлдэл, хувцаслалтаараа хэсэгтээ л Английн язгууртан, элитүүдийн ярианы сэдэв болсон. Хямд брэндээр хувцаслаж, сэтгэл хөдлөлөө харуулахаас ичдэггүй зан нь ард иргэдэд таалагдаж байлаа. Англичууд төлсөн татвар нь хаашаа явж байгааг мэдэхийг хүсдэг байсан тул хааны гэр бүлийн зарцуулалтыг сонирхдог. Түүний хувцас жилээс жилд өөрчлөгдөж, уламжлалт шинжийг бүрдүүлсэн. Гүнж 2016 онд шинэ хувцас авахад 100 мянга, 2017 онд 119 мянган фунт стерлинг зарцуулжээ. Брэндийн сонголт ч өөрчлөгдөж, дотоодын загварын нэр хүндтэй загварын ордноос гадна “Dolce&Gabbana”, “Chanel”-ээр гангарч эхлэв. Жинхэнэ англи язгууртны дүрд богинохон хугацаанд хувирсан. Өнөөдөр Кэтрин өө сэвгүй харагдаж, ирээдүйн хатны дүрд бүрэн тохирохоо баталжээ. Эцэст нь Кэтрин бол Диана биш гэдгээ харуулсан. Тэр од биш хатан хаан болох хүсэлтэйгээ бүгдэд ойлгуулсан юм. Кейт амьдралынхаа хамгийн хэцүү жилийг туулж байна. 2023 оны нэгдүгээр сард 41 насны төрсөн өдрөөрөө хадам дүүгээсээ тэсрэх бөмбөг мэт бэлэг авсан. Харри номдоо Меган, Кейт хоёрын хоорондох зөрчилдөөнийг бичжээ. Хэдхэн сарын дараа III Чарльзын хаан ширээнд залрах ёслол болно. Кэйтийг арьс өнгөөр ялгаварлагч гэж хочилсон нь хааны удмынхны нэр хүндэд сөргөөр нөлөөлөв. Үүнтэй зэрэгцэн Миддлтоны гэр бүлийн бизнес дампуурч компанийг нь бизнесмэн Жеймс Синклэр худалдан авчээ. Гүнж энэ бүхэнд бууж өгөлгүй олны өмнө инээмсэглэж байв. Уэльсийн гүнжийг өнгөрсөн нэгдүгээр сард гэнэтийн хагалгаанд орсны дараа ямарваа үйл ажиллагаанд оролцолгүй сураг тасарсанд хэвлэлүүд янз бүрийн таамаг дэвшүүлсэн. Энэ хугацаанд Кейтийг комд оруулж, хунтайж Уильямаас салж хаа нэгтээ амьдарч байгаа гэсэн олон цуурхал таржээ. Тэр ч байтугай гүнж гэрлэлтээ цуцлуулбал хэр хэмжээний хөрөнгө өвлөх тухай бичээд амжсан. Диана гүнж салахдаа 22 сая ам.доллар бэлнээр авч, байр, үйлчлэгчдийн төлбөрт жил бүр 600 мянган ам.доллар авахаар тохиролцсон. Тэгвэл Кейт үүнээс илүүг авна гэж таамагласан байв. Шуугианыг дарахаар засварласан гэрэл зураг нийтэлсэн нь гал дээр тос нэмсэн. Түүний нэг хобби нь гэрэл зураг авах. Хүүхдүүдийнхээ төрсөн өдрийн зургийг авч цахим хуудастаа нийтэлдэг уламжлалтай. Хувийн мэдээллээ нууцалж байсан Кейт Миддлтон арга буюу химийн эмчилгээ эхлүүлснээ хүлээн зөвшөөрч, бичлэг цацсан. Бичлэгийнхээ төгсгөлд гүнж хорт хавдартай хүмүүст хандаж, итгэл найдвараа алдахгүй байхыг уриаллаа. Кенсингтоны ордон эмчилгээний талаар тайлбар хийгээгүй байна. Ханхүү Харри, Меган Маркл нар Кейт Миддлтоныг хурдан эдгэхийг хүсэж, захидал илгээжээ.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №012/24591/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна