Цалин тэтгэврийн нэмэгдэлтэй, ногдол ашигтай, шар усны үертэй долоо хоног


Урин цаг усны аюул дагуулан ирлээ. Нийслэлд хаа сайгүй шар усны үер бууж, гуу жалга, судаг дамжин орж ирсэн усыг зайлуулах ажил ид өрнөж байна. Дан ганц Монгол Улс ч биш, ОХУ, Казахстанд их хэмжээний шар усны үер болж, хэдэн мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх ажилд хөлс хүч, хөрөнгө мөнгө зарцуулж байгаа сурагтай. 

УИХ дахь хоёр том намын бүлэг үндсэндээ “ажил хаяж” өнгөрсөн долоо хоногийг үр бүтээл муутайхан өнгөрүүлэв. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ажлын таван өдрийн завсарлага авах хүсэлт гаргасан.  Харин АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр мөн ажлын таван хоногийн завсарлага авсан юм. Ямартаа ч бүлгүүд өнгөрсөн даваа гарагт хуралдаж маргаантай асуудлаа нэг талд гаргаж, зөвшилцсөн сурагтай. 
Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хаагчдын цалин 10 хувь, үйлчилгээний ажилчдын цалин 20 хувиар, тэтгэвэр тэтгэмж 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Үүнээс гадна Сангийн сайдын тушаалаар 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ээс төрийн албаныхны  томилолтын зардлыг бараг хоёр дахин нэмэх шийдвэр гаргалаа. 
Өнгөрсөн долоо хоногийн хамгийн том сенсаацын эзнээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодров. Тэрбээр “Улаанбаатараас ярьж байна” нэвтрүүлэгт оролцож, С.Зоригийн хэргээс эхлээд  авлига, хээл хахууль, шүүх засаглалтай холбоотой олон сэдвийг хөндөн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан. Сошиал орчинд төдийгүй улстөрчид Л.Оюун-Эрдэнийн яриаг тойрон ярьцгааж, АН-ынхан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ эгдүүцлээ нууж чадахгүй бухимдаж, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хараалын үг урсган жиргэв. Олны анхаарлыг татсан ярилцлага өгснийхөө дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд БНСУ-д айлчилж, “GO MONGOLIA” арга хэмжээнийхээ нээлтийг хийлээ. Өнгөрсөн жил Монгол Улс түүхэндээ анх удаа аялал жуулчлалын салбараас  1.3 тэрбум ам.долларын орлого олсон. Монголд ирсэн 600 гаруй мянган жуулчны гурван хүн тутмын нэг нь солонгосчууд байсан учраас Ерөнхий сайд аялал жуулчлалын шинэ хөтөлбөр, шинэ чиглэл гаргаж, илүү олон жуулчин татахыг эрмэлзэж байгаа бололтой. 
Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” 2022 оны гуравдугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо. Харамсалтай нь газрын тос олборлох зөвшөөрөлтэй компаниуд Монгол Улсад арай л хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг гэдэг нь энэ үеэр тодорхой болов. Тодруулбал, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК өнөөдрийн байдлаар 436 тэрбум төгрөгийн татвар төлөөгүй, нийгмийн даатгалын  4.7 тэрбумын актыг хүчээр биелүүлсэн. Мөн Үндэсний аудитын газраас 66.5 тэрбум төгрөгийн акт тавьсан байна. Газрын тосоо ухаж авчихаад татвараа төлдөггүй энэ компани ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй хэл ам хийсээр өнөөдөртэй золгож байгаа гэнэ. 
Хэвлэлийн мэдээнээс харвал, Засгийн газрын хуралдаан дээр тун ч сонирхолтой асуудлууд яригджээ. Тодруулбал, Улаанбаатар хотыг  14 дүүрэг, 42 нэгжид хуваарилан зохион байгуулахаар санал боловсруулснаа  нийслэлийн удирдлагууд танилцуулсан байна. Мөн Богдхан уулын Хүрхрээгийн амнаас Номтын ам хүртэлх 15,3 км нүхэн гарц (туннел) бүхий авто зам барих урьдчилсан судалгааг Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулжээ. Улаанбаатар хотыг 14 хувааснаар нийслэлийн одоогийн чиг үүрэг 58 хувиар, дүүргийн чиг үүрэг 15 хувь,  анхан шатны нэгжийн чиг үүрэг 95 хувиар нэмэгдэж,  төрийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх боломж өснө гэж үзэж байгаа юм байна. Харин  Туулыг гатлаад уулыг нүхлэх авто замын  төсөл амжилттай хэрэгжиж гэмээнэ түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулна гэсэн тооцоо гарчээ.
Өнгөрөгч долоо хоногийн хамгийн таатай мэдээг “Эрдэнэс Тавантолгой” компанийнхан дуулгалаа. Тус уурхайн  хайгуулын ажлын үр дүнгийн тайланг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ордын нөөцийг 1.8 тэрбум тонн буюу 29 хувиар  нэмэгдүүлж, ордын нөөц баялгийг 8.1 тэрбум тонноор баталсан байна. Тавантолгойн бүлэг орд газрын  нүүрсний нөөцийг анх 1981 онд хийж, 5.1 тэрбум тонн гэж дүгнэж байсан юм.  Жилдээ 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, иргэн бүрд 256,000 төгрөгийн ногдол ашиг тарааж эхэлсэн Тавантолгойн нөөц нэмэгдсэнээр улсад ч, иргэдэд ч ирэх өгөөж нь өсөх нь дамжиггүй хэмээн олон хүн баярлаж сууна. Учир нь монголчууд энэ долоо хоногт Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааныхаа 2023 оны ашгаас ногдол ашгийг хүртлээ. "Эрдэнэс Тавантолгой" ХК  2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Аудитын дүгнэлтээр баталгаажжээ. Тиймээс  ногдол ашиг авах 2.5 сая иргэний 760 гаруй тэрбум төгрөгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв рүү шилжүүлж,  иргэдийн дансанд ногдол ашиг орж эхэллээ. 

 Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр