Л.Оюун-Эрдэнэ: Аалзны шүлс мэт хэрсэн авлигын системийг хэрхэн үүсгэснийг нийгэм дүгнэж байна



Энэ парламент бүрэн эрхийн хугацаан дахь хаврын отгон чуулганаараа эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой хуулийн төслүүдээ нэн түрүүнд хэлэлцэж байна. 

Хөрөнгийн зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчдыг татна

 УИХ-ын чуулганы өнгөрсөн пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хөрөнгийн биржид өнөөдрийн байдлаар 174 хувьцаат компани бүртгэлтэй байна.  Хуулийн төсөлд  номинал дансны зохицуулалтыг хялбаршуулан тусгажээ.  Ингэс­нээр  иргэдийн хөрөнгийн зах зээлд оролцох оролцоог илүү нээлттэй болгож өгчээ. Мөн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой багагүй өөрчлөлтийг тусгасан байна.  Дэлхийн топ компаниуд  хөрөнгийн биржээрээ дамжуулан олон улсын зах зээлд гарахыг эрмэлздэг. Энэ чиглэлд анхаарч ажиллах талаар гишүүд санал хэлж байв.  Өнөөдөр хөрөнгийн зах зээл дээр 11 их наяд төгрөг эргэлдэж байгааг хууль санаачлагчид хэлж байлаа.  Өнөөдрийн үйлчилж байгаа хуулиар үнэт цаас гаргахад олон шат дамжлагатай байдаг. Энэ хууль батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдыг  хөрөнгийн зах зээлд татах боломжийг нээж байна. Харилцагчид хурдан шуурхай данс нээлгэх, цаг алдалгүй арилжаанд орох шат дамжлагыг багасгах зэргийг хуульчилж өгсөн.  Дансны доод үлдэгдэл байршуулах, данс хөтөлсөн шимтгэл зэрэг нэмэлт хураамж шаардагдахгүй байхаар зохицуулалт хийжээ. 

“Оюутолгой”-н  өр тэглэгдээгүй бол  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй байсан”

Дараагаар нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.  Энэ хуулийн төслийг Засгийн газраас нэн яаралтай хэлэлцэх горимоор өргөн мэдүүлсэн юм. 
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулсан юм. Тэрбээр “Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.  Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монголын төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.  Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авлигын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.  Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л “Эрдэнэт”-ийн 49 хувь, “Монголросцветмет”, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” болон харьяа стратегийн ордууд, “Оюутолгой”-н Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.  “Эрдэнэт”-ийн 49 хувийн луйврыг таслан зогсоосноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм. 
“Эрдэнэс Тавантолгой” компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
 Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм. 
Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь "Эрдэнэс Монгол"-ын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг УИХ удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо. 
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан байна. 
Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтвор­жуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байгаа юм. 
 Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стра­тегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Оюутолгой”  болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгажээ. 
 Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж хууль санаачлагч үзжээ. 
 Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэх аж. 
 Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.  
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 
-Засгийн газар баялгийн реформ  хийж чадлаа.  Баялгийн сан байгуулж иргэддээ тэгш хүртээх тухай энэ хуулийг оруулж ирсэн нь маш зөв. Стратегийн  ордод эргэж авахаар том ордууд бий. Энэ ямар байдалтай байна вэ. Байгаль орчныг сүйтгэж хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайг зогсоох хэрэгтэй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 
-“Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний орд,  Шивээ-Овоо, Тавантолгой, Эрдэнэт, Төмөртэй гээд 20 орчим орд байдаг. Нарийнсухайт, Цагаан суварга, Төмөртэй, Мардай, Бүрэнхааны ордыг стратегийн ордоос УИХ-ын болон ҮХЦ-ийн шийдвэрээр гаргасан. Стратегийн ордыг “стратегийн орд биш” гэж дүгнэсэн байдаг. Мөн стратегийн ордыг нөөцөөс нь хамаарч 5-7 хуваагаад авчихсан газрууд ч байна. Төр гэж байдаг бол энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх ёстой.  Зөвхөн “Эрдэнэт үйлдвэр”,  “Эрдэнэс Тавантолгой”-д  улсын төсөв зургаан их наядаар давж биелээд, төлбөрийн тэнцэл ашигтай гарч, жил бүр нэг хүнд ногдох ДНБ 1000 ам.доллароор ахилаа. Энэ нь бүртгэлгүй маш их баялаг байна гэсэн үг. Авлигатай хийх тэмцэл, Шинэ сэргэлтийн бодлогын реформ хэрэгжүүлснээр үр дүн нь мэдрэгдэж эхэлж байна. УИХ-д эрдэнэс баялгийн талаар сонсгол хийж, лицензүүд хэн хэнд очсон талаар мэдээллийг олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж бодож байна. 
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 
-Бүлэг ордоороо стратегийн орд байдаг. Гэтэл олон хэсэг хувааж, олон эзэмшилтэй болсноор стартегийн бус орд болно.  Өнөөдөр Нарийнсухайтын бүлэг орд долоон хувьцаа эзэмшигчтэй байна. Төмөртэй, Цайрт минералийн  орд стратегийн ач холбогдолтой ч тухайн ангилалдаа багтаагүй байдаг. “Эрдэнэс Монгол”-д бүлэг ордуудын 16 хувь хамаарч байна. Гэтэл “Эрдэнэс Монгол”  улсын төсвийн 73 хувийг бүрдүүлж байна. 
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: 
-Засгийн газар авлига, хээл хахуультай тэмцэж байна. Гэтэл хууль, хяналтын байгууллагаар хариуцлага тооцсон зүйл байна уу.  Бидэнд газрын доорх баялгаа судалсан судалгаа байна уу.  Лицензийн хэдэн хувь нь хугацаатай байдаг вэ. 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 
-“E-Мongolia”,   “Шилэн” ажил­лагаа­ны хүрээнд мэдээллийг ил тод болгох нь Засгийн газрын үүрэг. Гэм бурууг эцэслэн тооцох нь шүүхийн асуудал. Шүүхийн асуудалд Засгийн газар оролцох боломжгүй. Шүүхийн хувьд томилогдсон хүндээ үйлчилж байна. Шүүгчид өөрсдөө улс төрөөс хараат бус байж чадахгүй байна. Томилогдсон нэр бүхий шүүгчид асуудал байна. Жишээлбэл, “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал долоон жил шүүх дээр гацлаа, бусад хэрэг долоон сарын хугацаанд шийдэгддэг. УИХ-ын гишүүд,  төрийн албан хаагчдын асуудал цэгцэрсэн. Одоо хувь шүүгчийн авлигын асуудлыг хөндөх цаг болсон. Ордууд, ялангуяа газрын асуудлаар өөртөө давуу байдал олгосон шүүгч бий. Авлига авсан бол хуулийн өмнө хариуцлага хүлээх учиртай. Авлигад идэгдсэн зарим шүүгчээс хамаарсан асуудал дээр энэ тэмцэл гацсан гэж үзэж  байна. Энэ асуудлыг удахгүй гаргаж тавина. 
“Эрдэнэс Монгол” нэгдлийн дарга С.Наранцогт:
-Стратегийн ордтой холбоотой 2017 оны УИХ-ын тогтоолоор  16 ордыг стратегийн орд гэж тодорхойлсон. Үүний долоон лиценз нь “Эрдэнэс Монголд”-д, үлдсэн нь хувийн хэвшилд байна. Мөн  стратегийн ангилалд орох боломжтой 39 орд байгаагийн хоёрыг нь “Эрдэнэс Монгол” эзэмшиж байна. 
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: 
-Үндэсний баялгийн сангийн хуримтлал, нөөцийг хэрхэн тогтоосон бол.  Өв залгамжлах болон хувь эзмшихтэй холбоотой ямар зохицуулалт оруулсан бэ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 
-Байгалийн баялгийн АМНАТ бол ирээдүйд хадгалагдана. Ирээдүйн хадгалагдаж байгаа данс бол ирээдүйн өв сангийн данс. Норвегийн сантай адилхан арвижуулах эрх энэ хуулиар олгогдоно. Уул уурхайн баялгийг дэмиж байгаа бүс ба орон нутаг давуу эрх эдэлж, АМНАТ-ын зохих хувийг авч,  тухайн газар нутгийг  хөгжүүлэхэд зарцуулна. Иргэдэд ногдол ашиг ногдоно. Бэлнээр авахгүй. Үндэсний орон сууцжуулалтын эх үүсвэрт зарцуулагдана. Иргэн бүр Монголбанканд данстай байна. Иргэн орон сууц худалдан авах, эрүүл мэнд, боловсролдоо зарцуулна. Энэ хууль батлагдсанаар “Эрдэнэт”-ийн, “Оюутолгой”-н 34  хувь болон бусад стратегийн ордын 34 хувийн ногдол ашиг иргэдийн хуримтлалтын санд төвлөрнө.  
Ийнхүү Үндэсний баялгийн сангийн хуулийг УИХ яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр