ДУГААРЫН ЗОЧИН
Бид энэ удаагийнхаа “Дугаарын зочин”-оор Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих Засгийн газар хоорондын төслийг хэрэгжүүлэгч “Газопровод Союз Восток” ХХК-ийн хуулийн ерөнхий зөвлөх, хуульч, МАН-ын Бага хурлын гишүүн Х.Оюунцэцэгийг урьж ярилцлаа.
-Таны аав Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурц нэгэн үед УИХ-ын гишүүн, Геологи, уул уурхайн сайдаар ажиллаж төр түшилцэж явсан, эрдэс баялгийг гүн боловсруулж, Монголын ард түмний хөгжил дэвшилд зориулахын төлөө өнөөг хүртэл дуу хоолойгоо өргөж яваа төр, ниймийн зүтгэлтэн. Тэр ч утгаараа та мөн сүүлийн жилүүдэд нефть, хими, байгалийн хийн аж үйлдвэрийн шинэ салбарт ажиллаж байна. Таны одоо хариуцаж буй ажлаас ярилцлагаа эхэлье. Олон жил яригдаж буй байгалийн хийн хоолой барих төсөл одоогоор ямар шатандаа үргэлжилж байна вэ?
-Би БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр Нефть боловсруулах үйлдвэр барьж байгаа “МГТБҮ” ТӨХХК-д таван жил ажиллаж байгаад төслийг хэрэгжүүлэгч “Газопровод Союз Восток” ХХК-д ирээд байна. Үе үеийн Засгийн газрууд дамнан ярьж, шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулж байсан энэхүү төсөл ажил хэрэг болж байна.
Энэ бол Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд тэргүүтэй эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын мэргэжилтнүүдийн олон жилийн зүтгэлийн үр дүн юм. Өнөөгийн байдлаар нийт 950 гаруй км урттай байгалийн хий дамжуулах хоолойн төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулах, инженерийн судалгааны ажлууд хийж байна. Монголын талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн талаар баримтлах үндсэн чиг үүрэг, бодлогыг тодорхойлсны дагуу Шадар сайдын ахалсан ажлын хэсэг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн зүгээс хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Төсөл нь бодит ажил болж, манай улсын нийгэм, эдийн засагт томоохон түлхэц үзүүлж, ач холбогдолтой учраас улс төрийн түвшинд нэгдмэл ойлголтод хүрч дэмжиж байна. Эх орны эрдэс баялгийг гүн боловсруулж, үндэсний инженер-техникийн боловсон хүчин бүрдүүлж, улс орноо бүтээн байгуулж, хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг аавынхаа мөрөөдлийг нэг өдрийн өмнө ч гэсэн биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Миний бага хүү ч гэсэн механик инженерээр суралцаад эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байгаад баяртай явдаг.
Монгол Улсад нефть, газын аж үйлдвэрийн салбарын шинэ суурь тавигдаж байна
-Төслийг хэрэгжүүлэх, өөрөөр хэлбэл, хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавихын ач холбогдлыг энгийнээр тайлбарлавал?
-Одоогоор манай улс эрчим хүчээ гаднаас авч байгаа учраас бид үнэтэй дулаан, цахилгаан хэрэглэж байгаа шүү дээ, өртөг өндөртэй эдийн засагтай. Байгалийн хийн хоолойн төсөл хэрэгжиж дотооддоо өндөр хүчин чадлын хийн станцын цогцолбор барьж байгуулснаар эрчим хүчний хямд эх үүсвэрийн бүтэц оновчтой болж импортын эрчим хүч буурна. Түүнчлэн улс орны дунд, урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх шинэ боломжууд нээгдэж байна. Мөн агаарын бохирдлыг бууруулна. Төслийн үр дүн, ач холбогдлыг энгийнээр хэлбэл, Улаанбаатар, Дархан зэрэг томоохон хот, суурины агаарын бохирдол эрс буурч, улмаар иргэдийн амьдралын чанар сайжирна. Амьдралын чанар гэдэг нь агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл болон бусад эрсдэл буурч өрх, гэрийн зардал мөнгө, цаг хугацаа тэр хэрээр хэмнэх олон хүчин зүйлийн цогц нөлөөлөл юм.
-Гэхдээ монголчууд хий буюу газыг бүх нийтээрээ ашиглаж сураагүй, хэвшээгүй учраас эрсдэлтэй санагдаж байж магадгүй?
-Дэлхий нийтээрээ газын хэрэглээнд шилжиж байна шүү дээ. Тэр чинээгээр энэ салбарт ухаалаг техник, технологи ч хурдтай хөгжиж байна. Тиймээс хийн хэрэглээг ухаалаг, автомат системээр маш нарийн мэдэрч хэмжиж, хянах бүрэн боломжтой. Тийм учраас ахуйн хэрэглээ талдаа ч аюулгүй байх нөхцөл бүрдэж хий алдагдсан тохиолдолд автоматаар унтраах, анхааруулах систем нэвтэрнэ. Харин одоо зарим айл өрх, аж ахуйн нэгж газынхаа хэрэглээг хянаж чадахгүй, эрсдэлтэй нөхцөлд ашиглаж байна. Тэгэхээр энэ мэт асуудал цэгцэрч, нэг бодлогоор нэг системээр эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох боломж бий болно.
Хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэх зэргээр төрийн үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгох шаардлага хэвээр байна
-Төрийн албан хаагчдыг мэргэшүүлдэг, бэлтгэдэг Удирдлагын академид олон жил багшаар ажилласны хувьд та төрийн захиргааны хөгжлийн чиг хандлагыг хэрхэн харж, тодорхойлж байна вэ?
-Энэ маш чухал асуудал. Яагаад засаг, төр ажиллаад байхад иргэдийн бухимдал нэмэгдэж, сонгуулиар засаг огцом солигддог юм бэ. Зах зээлийн эдийн засгийн орчинд төрөөс нийгмийг хэрхэн удирдах юм, төрийн өмчийг хэрхэн үр ашигтай, хүчтэй, үр дүнтэй ажилладаг юм гэдэгт хариу нэхэх нь бий. Олон улсын түвшинд хөгжлийн олон загвар байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах нүсэр, бюрократ төрийн удирдлагын загварыг халж гүйцэтгэлийн удирдлага, үр дүнд суурилсан төрийн захиргаа, иргэдийн оролцоот гээд орчин үеийн хандлага, парадигмууд хөгжиж байна. Үүнийг НҮБ-ын түвшинд дэмжиж ирсэн бөгөөд өмнө нь “Сайн засаглал”-ын хөтөлбөрийн хүрээнд Монголд ч төр, засгийн үйл ажиллагаа, бүртгэлийг цахимжуулж, шат дамжлагыг бууруулах, нэг дороос бүх төрлийн төрийн үйлчилгээг нэвтрүүлэх, тусгай зөвшөөрлийн төрлийг багасгах гэх мэт арга хэмжээ авч ирсэн. Сүүлийн үед “Үр дүнд суурилсан төрийн удирдлага”, “Нээлттэй засаглалын түншлэл”-ийн загварыг нэвтрүүлж, иргэдийн оролцоотой төрийн үйлчилгээнд суурилж, төр, засгийн өндөр албан тушаалтан томилогдоход нээлттэй сонсгол хийх, төр, хувийн хэвшлийн түншлэл, мэргэжлийн холбоодод тусгай зөвшөөрөл олгох эрх мэдлийг шилжүүлэх, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг өргөжүүлэх гэх мэт цогц арга хэмжээ бүхий төрийн захиргааны загваруудыг хэрэгжүүлж байна.
-Манай улсын хувьд хэрхэн тусгалаа олсон бэ?
-Монголын төр ч мөн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж төрийн захиргааны хөгжлийн хандлага өөрчлөгдөж ирсэн. 2000 оны эхэн үед “Иргэн баян бол төр баян” гэсэн уриан дор эдийн засгийн либералчлалын бодлого хэрэгжиж, өмч хувьчлал ямар ч хяналтгүй явагдаж, төсвийн нэгдсэн удирдлага алдагдсан. Нэг харсан чинь яамны Төрийн нарийн бичгийн дарга яамны цалингийн фондоороо казинодсон хэрэг хүртэл гарч байсныг санаж байгаа болов уу. Тийм учраас, Төсвийн удирдлага, түүний санхүүжилтийн тухай хуулийг баталж 2013 он хүртэл хэрэгжүүлсэн. Уг хуулийн дагуу гүйцэтгэлийн удирдлагыг нэвтрүүлж, төрийн албан хаагч бүтээгдэхүүн нийлүүлж, түүнийг нь төр санхүүжүүлэхээр зохицуулсан. Гэтэл энэхүү загвар нь бас л тийм ч үр дүнтэй байж чадаагүй. Учир нь төрийн албан хаагчийн ажлын гол үзүүлэлт, үр дүн нь боловсруулж батлуулсан дүрэм, журам, хөтөлбөр баримт бичгийн тоо болж хувирсан. Тийм учраас 2013 оноос хэрэгжиж байгаа төсвийн тухай шинэ хуулийн үндсэн философи бол тодорхой үр дүнд чиглэгдсэн хөтөлбөр, арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэх, дотоод аудитын тогтолцоог нэвтрүүлсэнд оршиж байсан юм. Өөрөөр хэлбэл, үр дүнгүй ажиллаж байгаа төр, захиргааны байгууллагын орон тоог бууруулах, татан буулгаж, иргэд рүү хандсан үйл ажиллагаанд шууд зарцуулах, хүсэн хүлээсэн үр нөлөөтэй үйл ажиллагаатай төр, засагтай болох талаар хийх ажил их байна. Сүүлийн үед нээлттэй засаглалын түншлэл, иргэдийн хяналт нэмэгдэх хандлагатай байна. Төсвийн мөнгөний зарцуулалт, ил тод, иргэдийн оролцоотой худалдан авалт хийх, Эрдэнэсийн сангийн хяналтын зөв тогтолцоог нэвтрүүлэх зэргээр төрийн үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй болгох шаардлага хэвээр байна.
-Та ЗГХЭГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /ХШҮДАГ/-ыг хариуцаж байхдаа, мөн Монгол Улсын Шадар сайдын харьяа МХЕГ, Оюуны өмчийн газар зэрэг төрийн томоохон байгууллага хариуцсан зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллахдаа үр дүнтэй ажиллуулах тухайд ямар бодлого, зарчим баримталж байв?
-Төрийн захиргааны үр ашигтай байдал улмаар төрөөс баримталж буй бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж буй эсэхэд судалгаа шинжилгээ хийдэг Удирдлагын академид олон жил ажиллаж, энэ талаарх хичээл сургалтыг төрийн албан хаагчдад зааж байсан учраас төрийн байгууллагад ажиллахад надад ойр байсан. Намайг ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын даргаар томилогдоход улирал тутам 21 аймаг, 18 яам, агентлагийн тайлан гэж хэдэн мянган хуудас бүхий “copy paste” баримтууд ирдэг байсан. Тэр үед зөвхөн амны хөндийн эрүүл мэндтэй холбоотой үндэсний дөрвөн хөтөлбөр хэрэгжиж байсан. Тухайн үед үндэсний нийт 400 гаруй хөтөлбөрийг үнэлж, дүгнэж хаагаад 113 хөтөлбөртэй болж байсан. ХШҮДАГ төрийн бодлогыг ямар удирдлага, арга зүйгээр хангах вэ, хэрэгжүүлэхэд нь юу саад болж байна вэ, ямар үйл ажиллагааг үр дүн гэж үзэх вэ, ямар үзүүлэлттэй газрыг хүлээж аваад аль түвшинд хүргэх гэж байна вэ гэдгийг голлон анхаарч хардаг. Ер нь улирлын дотор нэг их өөрчлөлт гарахгүй учраас өмнөх тайлангаа хуулбарлаад л ирүүлдэг байсан. Энэ бол ямар ч шаардлагагүй, ач холбогдолгүй, илүү зардал гаргасан ажил байсан. Иймд бид Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмыг шинэчилж, яам, аймгийн Тамгын газрын үйл ажиллагааг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шиинэчилж анх удаа засаглалын үр ашигтай байдлын талаарх үзүүлэлтүүдийг баталж, тайлан, мэдээг цахимаар авдаг мэдээллийн системд шилжүүлэн, хоосон компьютер нэгэндээ шилжүүлдэг үеийг халж Засгийн газрын ой санамжийн санг бий болгосон бөгөөд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд Засгийн газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмыг хуульчлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн. Би улс орны хэмжээнд асуудлыг босоо, хэвтээ шугамд харж, сэтгэхийг сурч, хамтран ажилласан яам, аймаг, нийслэлийн ХШҮДА-ын нийт хамт олондоо талархаж явдаг.
Төрийн захиргааны байгууллагын үр дүнтэй байдлын тухай нэг жишээ хэлье. Дэлхий нийтээрээ 1992 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг дэвшүүлсэн. Түүний нэг нь ядуурлыг бууруулах явдал байв. Бусдын адилаар Монгол Улс олон улсын гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, үүрэг хүлээсэн. Энэхүү зорилтын үр дүнг 2015 онд олон улсын арга аргачлалаар дүгнэсэн. Тэгэхэд 1992 онд Вьетнам улсын нийт хүн амын 44 хувь нь өдрийн хоёр ба түүнээс доош ам.долларын орлоготой ядуу амьдарч байсан бол 2015 он гэхэд үүнийг 11 хувь хүртэл бууруулж чадсан. Тус улсын Засгийн газрын авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээ хүний хөгжил буюу хөдөлмөр эрхлэлт рүү чиглэж, ядуурлыг бууруулж чадсан байна. Тэгвэл Монгол Улсын тухайд 1992 онд нийт хүн амын 24 хувь нь ядуу байсан бол өдгөө энэ тоо 28 хувь болж бүр нэмэгдсэн. Тэгэхээр энэ олон яам, агентлаг, төрийн өмчит, төсвийн байгууллагууд хэр үр ашигтай ажиллаж байна вэ гэж бодогдохоор байгаа биз. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр гурван хүн тутмын нэг нь ядуу хэвээр байгаа нь үнэн шүү дээ.
Салбар хоорондын уялдаа холбоо, харилцан хамаарал дутагдалтай байна
-Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, дундаж давхаргыг дэмжихэд чиглэсэн бодлого барьж, тодорхой хэмжээний хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Хангалтгүй байна уу, аль эсвэл өөр асуудал байна уу?
-Төр, засаг энэ чиглэлд анхаарахгүй биш анхаарч байгаа. Ажиллахгүй биш ажиллаж байна. Тодорхой салбар, бүлэгт чиглэсэн төсөл хөтөлбөр, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч салбар хоорондын уялдаа холбоо, нэгнээ дэмжих, хамтын ажиллагаа дутагдалтай байдаг. Би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанд ажиллаж байсан учраас бодит олон жишээтэй нүүр тулж байсан. Яам бол зөвхөн өөрийнхөө салбарын эрх ашгийг бодсон, хамгаалсан бодлого, хөтөлбөр л боловсруулдаг. Тэгвэл үүнийг Засгийн газрын төв байгууллага буюу ЗГХЭГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ дээр зангидаж, уялдаа холбоо, харилцаа хамаарлыг нь хангаж өгөх ёстой. Монгол Улсад тогтсон төрийн захиргааны тогтолцоо, төрөөс баримталж буй бодлого үр дүнгээ өгч байгаа эсэхэд анхаарч, судалгаа шинжилгээ хийж түүнийгээ ашиглаж хэрэгжүүлдэг байх ёстой гэдгийг дахин тодотгон хэлье.
-Төрөөс иргэдийн хамгийн түгээмэл авдаг, авах ёстой үйлчилгээ бол эрүүл мэнд, боловсрол байдаг. Тэгвэл эдгээр салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа хэдий ч үзүүлж буй үйлчилгээний тухайд нэг их ахиц гарахгүй, иргэд, олон нийт бухимдаж, шүүмжилсэн хэвээр байх шиг. Яагаад тэр вэ?
-Гүйцэтгэлийн удирдлага уу, үр дүнд суурилсан удирдлага уу гэдэг зарчмын ялгаа яг үүн дээр гарч ирж байгаа юм. Эмнэлгийн тоо өсөөд байхад иргэдийн бухимдал буурахгүй байна. Яагаад. Эмчилгээний чанар, үнэд өөрчлөлт оруулж, үйлчилгээ нь хүндээ ээлтэй байх ажил дутаад байгаад асуудал байна уу. Үүнд л салбар яам нь анхаарч, шийдвэрлэх ёстой.
Нэг үеэ бодвол төр, засаг эрүүл мэнд, боловсролын салбарт ихээхэн хөрөнгө оруулалт хийж, хүртээмжийг нь хангалттай нэмэгдүүлж чадаж байна. Намайг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байх үед ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэдэг байсан. Гуравдугаар ээлжийн хичээл тарж явсан охин нохойд хазуулсан тухай ээж нь уйлаад ярьж байсныг мартдаггүй юм. Тиймээс гурван ээлжээр хичээллэж байсан ерөнхий боловсролын сургуулийг хоёр ээлж рүү шилжүүлэхэд анхаарч ажиллаж байлаа. Цэцэрлэгийн насныхан сугалаагаар ордог, аль эсвэл хонон өнжин дугаарлаж байж бүртгүүлдэг байсан асуудлыг бүрэн цэгцэлсэн. Тухайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгох замаар буюу бий болсон дэд бүтцээ ашиглаж үүссэн асуудлыг шийдвэрлэхэд том өөрчлөлт гараад байна. Энэ бол төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны үр дүнтэй, зөв бодлогын эерэг үзүүлэлтийн бодит жишээ.
-Уг нь Монгол Улс хүн ам цөөтэй, байгалийн асар их баялагаараа бусад улс орноос онцлог, давуу талтай. Энэ утгаараа хөгжлийн дээд түвшинд хүрэх бүрэн боломжтой гэдэг. Иймд цаашид юунд анхаарч ажиллах ёстой гэж та харж байна вэ?
-Тухайн хүний авч буй цалин амьдралд нь хүрэлцэж байгаа эсэхийг тогтоож, төр, засаг түүнд үндэслэж бодлогоо тодорхойлж, хөтөлбөр, арга хэмжээгээ хэрэгжүүлдэг байх ёстой. Тухайлбал, Хувь хүний орлогын албан татварын ялгавартай байдлыг яаж арилгах вэ, ямар ажил, үйлчилгээг НӨАТ-аас чөлөөлөх вэ, дундаж давхаргыг хэрхэн дэмжихээ нарийн тодорхойлох хэрэгтэй болов уу. Гэтэл одоо төрөөс үл хамааралтай амьдарч буй иргэн буюу хажуудаа хэдэн гэр бариад жуулчин хүлээж авч буй бичил бизнес эрхлэгч, байраа барьцаанд тавиад жижиг, дунд бизнес эхлүүлж буй хүний сарын орлого таван сая хүрэхэд тэд шууд л НӨАТ төлөгч болж байна. Тиймээс төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүн шинжилгээ хийж, түүнийг нь төрийн байгууллагууд ашиглаж байх ёстой. Гэтэл судалгаа дулимаг, чанаргүй хууль баталчихаад түүндээ ахин дахин өөрчлөлт оруулаад сууж байна шүү дээ.
-Түрүүн та Мянганы хөгжлийн зорилтын тухай ярьж байсан. Тэгвэл одоо улс орнууд тогтвортой хөгжлийн зорилтууд руу бодлого хөтөлбөрөө чиглүүлэн ажиллаж байна. Манай улсын хувьд тухайн зорилтуудыг бүрэн дүүрэн биелүүлэхийн тулд юунд анхаарах ёстой вэ?
-НҮБ-аас тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Түүнд социал-демократ үзэл санаа шингэсэн, нийгмийн баялгийн тэгш хуваарилалтын зарчмыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрч байна. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн эрх мэдэлтэнд, аль нэг том компанид илүү боломж, давуу байдал олгож олигархи болтол нь эрх мэдэл төвлөрүүлээд эдийн засгийг кластержуулж солонгруулж тухайн салбар дахь бизнесийн боломжийг тэгш хуваарилах зарчмыг баримтлах ёстой гэсэн үг. Жишээлбэл, “Туркиш эйрлайнс” компанид үндсэн үйл ажиллагаанаас бус охин компани гэж байдаггүй. Тухайн компанийн гол зорилго бол зөвхөн чанартай нислэг үйлдэх. Харин аяллын компани, зочид буудал, такси үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаатай байдаг юм билээ. Эдийн засгийг кластерын зарчмаар хөгжүүлж буйн жишээ бол энэ. Бид ийм зарчмыг тусгай зөвшөөрлөөр бий болгож зохицуулах ёстой л доо. Гэтэл манайх нэг том компанид үйлчилж, бусад жижиг компани, аж ахуйн нэгжийг залгиулдаг учраас эдийн засгийг кластерын зарчмаар хөгжүүлж чадахгүй хэвээр байна. Барилгын салбарт гэхэд л арван давхар барилга барихад шаардлагатай бүх зүйлийг нь нэг том компани дангаараа хийх ёсгүй. Харин нэг компани цонхыг нь, нөгөө нэг компани дотор засал чимэглэлийг нь хийх боломжийг төрөөс хангах хэрэгтэй л дээ.
Нийгмийн эмзэг асуудлыг эмэгтэйчүүд л барьж авч, нүүр тулж шийдвэрлэдэг
-Энэ удаагийн УИХ-ын сонгууль олон онцлогтой болох нь. Тухайлбал, эмэгтэйчүүдийн квотыг нэмэгдүүлсэн, жагсаалтыг хүйсээр сөөлжүүлэх гэх мэт. Ер нь таны бодлоор шийдвэр гаргах түвшинд буюу парламентад эмэгтэйчүүд олноор байх нь ямар ач холбогдолтой вэ?
-Авлига буурдаг, тэгш, хүртээмжтэй , зөв, зөөлөн шийдвэр, хууль, тогтоомж гаргадаг гэх мэт нийгэм, эдийн засагт эергээр нөлөөлдөг гэдгийг гадаад, дотоодын олон судалгаа харуулдаг. Өнөөдрийн бодит байдлаас ч харж болно. Гэр бүлийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж буй архидалт, хүчирхийлэл, ажилгүйдэл гэх мэт нийгмийн эмзэг асуудал, сэдвийг хэн барьж авч, нүүр тулж ажиллаж байна вэ гэвэл УИХ-ын эмэгтэй гишүүд, төлөөлөгчид л байдаг. Товчхондоо, хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй хууль, шийдвэр гаргахад эмэгтэйчүүд онцгойлон ач холбогдол өгч, ард түмнийхээ дуу хоолой болдог.
Би 1988 онд тухайн үеийн нэршлээр бол МАХН-д элсэж байсан. Тэр үед намын дотоод ардчилал, шинэчлэлийн асуудал, ялангуяа жендэрийн тэгш байдал, квотын талаар дуугарч, энэ талаар дүрэмд тусгуулж чадаж байлаа. Би 2000 оноос хойш өнөөг хүртэл Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны нэг эд эс нь болж, хувь нэмрээ оруулж явна. Өнгөрсөн хугацаанд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байсан. Тэр үед гэр бүлийн хүчирхийллийн тухай асуудлыг хөндөж ярихад УИХ-ын эрэгтэй гишүүд эсэргүүцэж, зарим нь өрөөндөө дуудаж “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол гэдэг юм шүү” гээд загнуулж байсан. Гэтэл өнөөдөр энэ бол зөвхөн эр, эмийн асуудал биш хүүхэд, ахмад настан гээд олон хүний эрх ашгийн тухай асуудал байсныг хаа хаанаа ойлгожээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчлэлийг хийх ёстой
-Улс төр судлаач хүний хувьд нам байх эсэх, цаашдын хөгжил чиглэл нь ямар байх тухайд таны байр суурийг сонсъё?
-Нам хэрэгтэй, хэрэггүйн талаар ярьж байгаа нь улс төрийн намуудын тогтолцоо, дотоод үйл ажиллагааны алдаа дутагдалтай холбоотой болов уу. Гэхдээ намын үйл ажиллагаа, санхүүжилт, тайлан, нэр дэвшилт, квот гэх мэт намтай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар цэгцэлж чадсан гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, нам тогтвортой, ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хууль эрх зүйн хүрээнд бүрдүүлж өгсөн. Ер нь аль ч улс оронд улс төрийн намыг эсэргүүцэх бус харин ч эвлэлдэн нэгдэх, эвсэхийг дэмжиж, энэ чиглэл рүү ч явж байна. Улс төрийн нам гэдэг бол үзэл баримтлал нэгтэй хүмүүсийн нэгдэл. Улс төрийн нам бол улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө өөрийн эрх ашгийг хойш тавьж чадна гэсэн итгэл үнэмшилтэй манлайлагчдыг бойжуулж, хүмүүжүүлж төрд гаргадаг гол тогтолцоо байх ёстой.
-Би таныг олон зүйлийн анхдагч болж явсан талаар сонсож байсан. Энэ тухайгаа хуваалцаж болох уу?
-Багшилж байсан үеийн тухайд бол Удирдлагын академид бизнесийн эрх зүй гэдэг хичээлийн хөтөлбөрийг анх боловсруулж, зааж байлаа. Үүнээс гадна Хууль зүйн дээд сургуульд Олон улсын эрх зүйн тэнхимийг анх байгуулахад оролцож, олон улсын нийтийн эрх зүй, олон улсын иргэний эрх зүй гэдэг хичээлийн тусгаарлан хөтөлбөрийг нь боловсруулан багшилж байсан. Ер нь онол, практик хоёр бодит амьдралд зайлшгүй холбогдож, уялдаж байдаг.
Анхны хуулийн фирмүүдийн нэгийг байгуулж, олон улсын хүмүүнлэгийн байгууллага Ротари клубийн шугамаар /1995/ ЭНЭШТ-д амьсгалын аппаратыг хандив цуглуулж авчирсан /1997/, МХЭХ-ны шугамаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн санаачлагчдын нэг нь байж 2005 онд УИХ-аар батлуулах, хурдан морины хүүхдийн аюулгүй байдал, хөдөлмөрийг үнэлүүлэх асуудлыг санаачилж холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан гээд олон арга хэмжээг хамт олонтойгоо хийж байлаа. Жендэрийн тэгш байдлыг хангах талаар ч мөн нөлөөллийн ажилд оролцож тухайн үедээ МАХН/МАН -ын Бага хуралд анх удаа эмэгтэй гишүүдийн квотыг тусгах асуудлыг оруулж шийдвэрлүүлж байсан бид анхны түчээ тогоруунууд шүү. Одоо энэхүү квот 20 хувь уу 30 хувь байх уу гэх хэмжээнд хүрч, эрчүүдийн дэмжлэг авдаг болсон нь эмэгтэй улстөрч бидэнд илүү их боломжийг нээж, улс орныхоо хөгжил дэвшил, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө зүтгэх итгэл өгч байна.
-Сүүлийн асуултдаа товч хариулт авъя. Төрийн байгууллагад олон жил ажилласан хүний хувьд ямар асуудал таны сэтгэлийг чилээдэг вэ?
-Төр, хувийн хэвшлийнхэнтэй өрсөлддөг, муу менежер гэсэн буруу ойлголт байдаг. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчлэлийг хийхээс гадна төрийн өмчийн менежмент, удирдлага, хяналтын тогтолцоонд онцгойлон анхаарах хэрэгтэй. Эл асуудал дээр Норвегийн жишээг ярья. Энэ улсын төрийн өмчит компаниуд нь яагаад ийм их хэмжээний ашигтай ажиллаж чаддаг вэ гэхээр төрийн өмчит томоохон компанийн Удирдах зөвлөлийн 50 хувийг төр, үлдсэн 50 хувийг мэргэжлийн холбоо, иргэний нийгмийн төлөөллөөс бүрдүүлдэг явдал юм. Тухайн салбарын мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн техникийн зөвлөлийг салбарын яамдаас томилж, уг зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу зарчмын асуудлыг шийдвэрлэдэг байх зарчимтай байдаг. Төрийн өмчийн компанид шийдвэр гаргахад мэргэжлийн, хөндлөнгийн экспертийн оролцоо, хяналт зайлшгүй шаардлагатай. Бид ийм л зарчим баримталж ажилладаг байх ёстой.
С.Юмсүрэн
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (3)