“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх санал хүргүүлжээ



Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин, урамшуулал дахин нэмэгдэв.  Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг инфляц, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлнэ”,  Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд “Нийгмийн даатгалын сангийн болон халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын түвшин болон хүн амын амьжиргааны доод түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ” гэж тус тус заасан байдаг. Тиймээс энэхүү бодлого, зорилтын хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, цалин урамшууллыг энэ сараас нэмлээ. Энэ удаагийн нэмэгдлээр эмч, багш нарын үндсэн цалин 1.4 сая төгрөг, ахмад настны тэтгэврийн дундаж 785.6 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болж байна.

Тэтгэвэр 100 мянган төгрөгөөр нэмэгдэв

Ахмад настны тэтгэвэр энэ сараас 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүнгээрээ орж буй. Улмаар бүрэн тэтгэврийн доод хэмжээ 550 мянган төгрөгөөс 650 мянган төгрөг хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 440 мянган төгрөгөөс 540 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Энэхүү арга хэмжээнд 499.2 мянган тэтгэвэр авагч хамрагдаж, 449.3 тэрбум төгрөг зарцуулж, 685.6 мянган төгрөг байгаа тэтгэврийн дундаж хэмжээг 785.6 мянган төгрөгт хүргэж 14.6 хувиар нэмэгдүүлж байна.

Тэгвэл өнгөрсөн хугацаанд ахмад настны тэтгэврийг ямар үе шаттайгаар хэд дахин нэмэгдүүлж, ийм хэмжээнд хүрэх нөхцөлийг бүрдүүлсэн бэ. Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг есөн жилийн дараа шинэчлэн баталж, тэтгэврийн хэмжээг хэрэгжүүлсэн. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 2020 онд 25-40 мянган төгрөгөөр, 2022 онд 15-43 хувиар, өнгөрсөн онд арван хувиар тус тус нэмэгдүүлсэн. Энэ сарын 1-ээс Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн тэтгэвэр авч байгаа тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг ийнхүү 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэв. 

Шинэчлэн баталсан хуулиар тэтгэврийн насныхан сайн дураараа ажил хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд тэтгэврийн шимтгэл төлөх эсэх сонголтыг өөрт нь олгосонд ахмад настнууд талархалтай хандаж буйг ХНХ-ын сайд  Х.Булгантуяа хэллээ. Тэрбээр “Бас нэг зохицуулалт бол  тэтгэвэр авагч нас барвал үлдсэн эхнэр эсвэл нөхөрт үндсэн тэтгэврийнх нь 20 хувийг нэмж олгодог болсон. Мөн тэтгэврийн хоёр хувийг мөнгөжүүлдэг боллоо. Ийм шинэчлэл хийсэн шалтгаан нь 25 жилийн дараа дөрвөн хүн тутмын нэг нь ахмад настан болох гэж байна. Одоо бол нийт хүн амын арав гаруй хувь нь ахмад настан байгаа бол энэ хувь удахгүй 25 болж нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр одоогийнх шиг шимтгэлээ дундын санд хийгээд түүнээсээ тэтгэвэр тавих боломжгүй болно. Шинэ хуулиар та хэр их хэмжээний шимтгэл төлсөн түүнийгээ эргүүлэн тэтгэвэр болгон авах боломжтой болж байгаа юм. Хувь хүн ирээдүйд хэр хэмжээний тэтгэвэртэй байх нь өөрөөс нь шалтгаалах хариуцлагын тогтолцоонд шилжинэ” гэв.

Орон нутгийн нэмэгдлийг 20-40 хувиар бодож олгоно

Төрийн албан хаагчдын цалин арван хувиар, орон нутагт ажиллахад олгодог урамшууллыг 20-40 хувиар нэмэгдүүлэв. Тодруулбал, суманд ажиллаж буй төрийн албан хаагчдын орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 40 хувь, аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй албан хаагчдынх 20 хувиар нэмж бодогдох юм. Төрийн албан хаагчдын цалин урамшууллын нэмэгдлийн тухайд ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Энэ удаагийн нэмэгдлээр төрийн албан хаагчийн цалин хамгийн багадаа нэг сая гаруй, дээд тал нь 2.5 сая төгрөг болно. Үндсэн цалин дээр үр дүн болон зэрэг дэв, ажилласан жилийн нэмэгдэл, төрийн албанд тогтвор суурьшилтай ажилласан албан хаагчид таван жил тутамд олгодог нэмэгдэл, урамшуулал бодогдоно. Ингэснээр төрийн албан хаагчийн дундаж цалин өнгөрсөн оны долдугаар сарын нэмэгдлээр хоёр сая төгрөг болсон бол энэ удаагийн нэмэгдлээр 2.4 сая төгрөг болж байгаа. Хамгийн өндөр нэмэгдэл сумд ажиллаж буй төрийн албан хаагчид руу очиж байна. Төрийн зарим үйлчилгээ орон нутагт доголдож эхэлсэн. Олон улсын PISA-гаар орон нутаг дахь төрийн үйлчилгээ Улаанбаатар хотоос 2.5 дахин хоцрогдолтой гэдэг үнэлгээ гарсан. Энэ нь орон нутагт сайн багш, эмч ажиллахгүй байна гэсэн үг. Улаанбаатар хотод давуу байдал бий болговол орон нутагт хүндрэл үүсэхээр байгаа учраас урамшууллыг нь нэмэгдүүлсэн” гэлээ.

Төрийн албан хаагчдын ангилал, зэрэглэлийг сайжруулах, ойлгомжтой цэгцтэй болгох арга хэмжээг 2020 оноос авсан. Үүний  зэрэгцээ эдийн засаг сайжирч эхлэнгүүт төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал, өнгөрсөн долдугаар сард төрийн албан хаагчдын цалинг 26-50 хувиар нэмсэн. Ингэснээр төрийн захиргааны албан хаагчид болон шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, биеийн тамир, спортын салбарын ажилчдын үндсэн цалин нэг сая төгрөгт хүрсэн. Харин төрийн тусгай албан хаагчдын цалин 242000 төгрөгөөр, төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалинг 30 гаруй хувиар нэмэгдүүлсэн юм.

Ингэж нэмэгдүүлэхээс өмнө судалгаа явуулахад нийт төрийн албан хаагчдын 60 гаруй хувь нь ажлаасаа гарах тухай бодож буйгаа илэрхийлж байсан бол цалин, урамшууллыг нь дээрх байдлаар нэмэгдүүлснээр энэ хувь 30 болж буурсан.


Асаргааны тэтгэмж 375 мянган төгрөг болов

Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдийн  амьжиргааг дэмжих зорилгоор асаргааны мөнгөн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмжийг мөн үе шаттай нэмэгдүүлж байгаа. Энэ удаад арван хувиар нэмэгдүүлж 375 мянган төгрөг болгожээ. Энэхүү арга хэмжээнд 67.4 мянган хүн хамрагдаж байгаа аж.

Асаргааны мөнгөн тэтгэмж 2020 онд 188 мянган төгрөг байсныг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн бол өнгөрсөн онд 12.8 хувиар нэмэгдүүлжээ. Харин ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асарч буй иргэнд олгодог мөнгөн тэтгэмж 2020 онд 84.5 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа иргэний тэтгэмж 123.1 мянган төгрөг байсныг өнгөрсөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс 2-3 дахин нэмэгдүүлж 275 мянган төгрөг болгосон байна. Тэгвэл энэхүү мөнгөн тэтгэмж энэ сараас дахин нэмэгдэж, дээрх хэмжээд хүрлээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийн 50 мянган төгрөгийг нэмэх үү

Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд “Цалинтай ээж” хөтөлбөрийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж, 0-3 насны хүүхдээ харж буй ээжид 50 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгодог болсон. Улмаар Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журмыг шинэчлэн баталснаар 0-3 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эцэгт тэтгэмж олгох хууль, эрх зүйн орчин бүрдсэн билээ. Тэгвэл сүүлийн үед энэхүү тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэмэгдүүлэх ёстой гэдэг хүсэлтийг иргэд, олон нийт гаргах болсон. Тэгвэл ХНХЯ-наас цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэх санал гаргаж 2025 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд тусган Сангийн яаманд хүргүүлжээ. Ингэхдээ 50 мянган төгрөгийг 2-3 дахин нэмэгдүүлэх санал хүргүүлсэн байна. Энэ тухайд ХНХ-ын сайд Х.Булгантуяа “Цалинтай ээжийн мөнгийг 50 мянган төгрөгөөр бодож олгоход жилд 100 тэрбум төгрөг зарцуулдаг. Бид Халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах үүрэг чиглэл авсан. Төрийн мөнгө гэж байдаггүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий.  Төр хүн амын өсөлтөө дэмжих ёстой. Бодлогоор дэмжээгүйгээс болж төрөлт буурсны горыг бид өнөөдөр амсаж байна.  Тийм учраас хүн амаа өсгөх бодлогыг дэмжих ёстой. Нөгөө талдаа хөдөлмөр эрхлэлтийг ч мөн дэмжих ёстой” гэв.

Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг ингэж нэмэгдүүлж буй нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх шалтгаан, нөхцөл биш гэдгийг ХНХ-ын сайд Х.Булгантуяа тодотголоо. Тэрбээр “Цалин нэмбэл инфляц өснө гэдэг. Яг үнэндээ цалин, тэтгэврийг нэмээгүй жил ч инфляц өсөж л байсан. Тэгэхээр инфляц нэмэгдэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодорхойлж, түүний үнэ ханшийг яаж бууруулах уу, хэрхэн тогтоож барих вэ гэдэгт л анхаарах хэрэгтэй. Зах зээлийн зарчмаар бол дээд үнэ ханшийг тогтоох боломжгүй ч өрсөлдөөний бус аргаар нэмэгдэж буй тохиолдолд арга хэмжээ авах ёстой” гэлээ.

Асрамжид байгаа хүүхдүүд мөнгөн тэтгэмжийнхээ 20 хувийг бэлнээр авах боломжтой

Асрамжийн газарт байгаа хүүхдүүдийн хувьд тухайн асрамжийн газар нь хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээж хүүхдийн мөнгийг банканд 100 хувь хадгалуулдаг. Хүүхдүүдийн хувьд хичээлийн хэрэгсэл авах, дугуйлан, секцэд хамрагдах зэргээр өөрийн хэрэгцээт зүйлд мөнгө зарцуулах шаардлага гардаг бөгөөд нөгөө талаас хүүхэд бүрийг мөнгөтэй харьцаж сургах, санхүүгийн боловсролтой болгох асуудал чухал гэж үзэн холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Ингэснээр төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа 14 ба түүнээс дээш насны хүүхдүүд мөнгөн тэтгэмжийнхээ 20 хувийг бэлнээр авах боломжтой болсон байна.  Харин хүүхдийн мөнгөн тэтгэмжийн үлдсэн 80 хувийг одоогийн зохицуулалтаар буюу хүүхдийн хадгаламжийн данстай холбон хадгаламж хэлбэрээр авдаг зарчим хэвээр үргэлжлэх аж. 

Түүнчлэн зарим эцэг, эх хүүхдээ асрамжийн газарт өгчихөөд мөнгөн тэтгэмжийг нь авдаг асуудал гардаг байна. Тэгвэл тухайн журамд өөрчлөлт оруулснаар энэ асуудал шийдэгдэж, хүүхдэд өөрт нь буюу хадгаламжийн дансанд нь хуримтлуулах боломж бүрджээ.  

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22