Ч.Ундрам: Уран бүтээлийг бүртгэлжүүлж, соёлын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлнэ


УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл багтсан. УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар энэ хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн билээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-ын чуулган, байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрамтай ярилцлаа. 

 

-Соёлын бүтээлч үйлдвэр­лэлийг дэмжих хуулийн төс­лийг хэлэлцүүлэгт бэлтгэх явц ямар байна вэ?

-Манай ард түмэн баялаг соёлтой. Дуу, хөгжим, бүжиг, соёлын үнэт өв, Монголын авьяастнуудын бий болгож байгаа бүтээлүүдийг бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулж, соёл урлагийн салбарынхны орлогыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор Соёлын яам хуулийн төслийг боловсруулсан. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжиж, үндэсний эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн лхагва гарагт хуралдаж, байнгын хорооны хуралдаанд оруулахад бэлтгэлийг хангаад байна. 

-Энэ хуулийн үйлчлэл ямар хүрээг хамарч байна вэ?

- Соёлын бүтээлч үйлдвэрлэлд технологи, инновац, оюуны өмчид суурилсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, бүтээх, үйлдвэрлэх, түгээх үйл явцыг хамааруулна. Хөгжим, тайзны урлаг, кино, дэлгэцийн урлаг, дижитал контент, тоглоом хөгжүүлэлт, дүрслэх урлаг, архитектур, дизайн, хувцас загвар, гар урлал, утга зохиол, ном, хэвлэл, соёлын өв, соёлын үнэт зүйлтэй холбоотой болон бүтээлч орон зай, чөлөөт цагийн үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой салбаруудыг хамарч байна. 

-Соёл урлагийн салбарынхан оюуны өмчөө хамгаалах, патентжуулах асуудал маргаан дагуулдаг. Хууль батлагдсанаар оюуны өмчийн хамгаалалт хэр сайжрах вэ?

-Саяхан гитарчин, ая зохиогч "Uujgii music" рекордсын продюсер Д.Өлзий-Орших “Хайрын бурхан”, “Чи минь”, “Чамайг санахдаа”, “Баяртай гэж битгий хэлээч”, “Зүүдний учрал” зэрэг бүтээлээ Оюуны өмчийн газарт бүртгүүлж, зохиогчийн эрхээ баталгаажуулсан нь олны анхаарлыг татсан. Уран бүтээл бол хамтын хөдөлмөр байдаг. Үг, ая зохиож, дуучин дуулж, олны хүртээл болгодог. Гэтэл тухайн дууг дуучин дуулж, орлого олдог бол үг, ая зохиогчид нь тухайн орлогоос хувь авдаггүй. 


Тиймээс хууль батлагдсанаар ямар уран бүтээлийг сард хэдэн удаа хаана хаана дуулсан, караокед хэчнээн удаа дуулсан бэ гэдгийг бүртгэдэг тоолуурын системтэй болно. Ингээд тоолуураар бүртгэснээс ямар уран бүтээлээс хэчнээн хэмжээний орлого орсон нь тодорхой болно. Эндээс тухайн уран бүтээлд хийсэн гэрээний дагуу дуучин, үг, ая зохиогчид тодорхой хэмжээний орлого авах юм. Олон улсад тоолуурын системийг ашигладаг. Соёлын яам энэ ажлыг хариуцаж хийх юм. Соёлын бүтээлч үйлд­вэрлэлийн тухай хуулийн гол зохицуулалтын нэг нь энэ. 

-Хууль батлагдсанаар төрөөс ямар дэмжлэг үзүүлэх бол. Хуулийн төсөлд “Соёлын бүтээг­дэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг 15-18 хүртэлх нас­ны иргэнд жил бүр олгоно” гэсэн заалт байна. Үүнийг тодруулахгүй юу?

-Хуулийн төсөлд төрөөс үзүүлэх дэмжлэгийг нарийвчлан тусгаж өгсөн. Түүхэн жүжиг найруулж, гадаад улс оронд түүх, соёлоо сурталчлахад санхүүгийн эх үүсвэр дутагдана. Энэ нөхцөлд төрөөс санхүүгийн баталгаа гаргаж өгөх юм. Татварын дэмжлэг үзүүлнэ. Компаниуд соёл урлагийн бүтээлүүдэд дэмжлэг үзүүлбэл, тухайн санхүүжилтийн хүрээнд татвараас нь хөнгөвчилнө. Жи­шээлбэл, Төрөөс үндэсний соёлын агуулгыг судлах, хөгжүүлэх, хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 

“Үндэсний соёлын агуулгыг түгээх, таниулах болон соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор 15-18 насны Монгол Улсын иргэнд соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах эрхийн бичгийг төрөөс үнэ төлбөргүй эзэмшүүлнэ” гэж заасан.

 Энэ эрхийн бичгээр хүүхдүүд дуу, бүжгийн дугуйланд явах, сонирхсон хөгжмөө худалдан авах зэргээр соёлын үйлчилгээг хүүхдэд хүртээмжтэй болгож байгаа юм. Зөвхөн кино, үзмэр үзэхээс илүү сонголтыг нь өргөн болгож байна. Үүнийг орон нутгийн Соёлын төвүүд их дэмжсэн. 

-Соёл урлагийн салбарт боловсон хүчний нөөц хэр вэ?

-Урлагийнхан ихэвчлэн чөлөөт уран бүтээл хийдэг. Тиймээс уран бүтээлчдээ туурвих боломжийг нь бүрдүүлж, хувийн хэвшлийг дэмжиж ажиллахад энэ хууль чиглэж байгаа юм. Тиймээс хувийн хэвшлийнхэн уран бүтээл илүү хөгжинө гэж харж байна. Сумын соёлын төвүүдэд орон тоог нь шинээр баталж өгсөн. Сумын соёлын төвд ажиллах боловсон хүчин дутмаг, олдоггүй үе байсан. Өнгөрсөн хугацаанд цалинг нь нэмж, нийгмийн асуудлыг нь анхаарч ажилласнаар сумын соёлын төвд боловсон хүчнийг бүрдүүлж чадсан. 

Хуулийн төсөлд хүний нөөцийг бүрдүүлэх талаар тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх сургалт-үйлдвэрлэлийн уялдааг хангасан тогтолцоог мэргэшлийн үндэсний хүрээнд тулгуурлан хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ, төлөвлөгөөг соёлын, боловсрол, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн гишүүн хамтран баталж, хэрэгжүүлнэ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид сур­галтын тэтгэлэг, хөнгөлөлттэй зээл олгох ажлыг зохион байгуулна. Мөн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, дагалдан сургах, ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах, мэргэжлийн ур чадварын тэмцээн, уралдаан зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ гэх зэргээр хуульчилсан. 

-Соёлын бүтээгдэхүүн үйлдвэр­лэлийг кластераар хөгжүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Энэ нь нутгийн онцлогоос хамаарч хөгжүүлнэ гэсэн үг үү?

-АНУ-ын хамгийн том кластер бол Холливуд. Холливудын кино бүтээхэд зохиогч, найруулагч, жүжигчнээс эхлээд хувцас зохион бүтээгч, нүүр будагч гээд хэдэн мянган хүн оролцдог. Тиймээс кластер бол тухайн нутаг орны онцлогт түшиглэнэ. Эсгий­гээр алдартай нутаг байлаа гэхэд үүнийг дагасан салбарууд байршина. 

-Технологи, инновацын үйлд­вэр­лэлийг хэрхэн хөгжүүлэх вэ?

-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хууль батлагдсанаар соёл урлагийн салбарт банкнаас зээл авах эрх зүйн орчин бүрдэнэ. Тиймээс зээл авч, соёл урлагийн салбарт шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх боломж бүрдэнэ. Хамгийн гол нь бүртгэлийн системтэй болсноор орлого нь баталгаажиж, цаашдын уран бүтээлээ туурвих нөхцөл бүрдэнэ.

-Соёлын бүтээгдэхүүн үйлд­вэр­лэлийг эдийн засгийн эргэл­тэд оруулснаар жилд хэч­нээн төгрөгийн орлого олох урьд­чилсан төсөөлөл бий болов?

-Судалгаагаар энэ салбараас жилд 481.4 тэрбум төгрөгийн орлого орох буюу ДНБ-ий 1.4 хувийг эзэлнэ гэсэн байдаг. ҮСХ-ноос түүврийн аргаар гаргасан судалгаагаар соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэн явуулдаг 11697 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүний 50 хувь буюу 5665 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Бүртгэлийн системтэй болгосноор энэ тоо өснө гэсэн хүлээлттэй байна. 

-Соёлын яам байгуулагдсанаар гадаад улс оронд үндэсний соёлоо сурталчлан таниулж байна. Тухайлбал, “Монгол хаан”-ыг Европын орнуудын том театруудад тоглолоо. Энэ нь соёлын бүтээлч үйлдвэрлэлээ дэмжиж байгаагийн илрэл мөн үү?

-Өмнө нь манай соёл урлагийн салбар БШУЯ-нд харьяалагддаг байсан. Боловсролын салбар өргөн хүрээг хамардгаас соёлын асуудал орхигддог байсан талтай. Харин энэ парламентын үед Засгийн газрын бүтцэд Соёлын яамыг тусад нь байгуулсан. Соёлын яамтай болсноор хууль, эрх зүйн орчин сайн бүрдэж, олон хууль батлуулж байна. Тухайлбал, УИХ-аас Музейн тухай анхдагч хуулийг баталлаа. Миний ээж Музейн удирдах газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс музейн орчинд өссөн, мэдэрсэн хүний хувьд би Музейн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж байлаа. Музейн тухай хууль батлагдсанаар музейн статус тодорхой болсон. Мөн ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Мөн Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар уран бүтээлчид тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс авдаг боллоо. Монгол Улсад гадаад орны уран бүтээлчид кино зураг авалт хийвэл татварын буцаалт авна. Энэ хууль хэрэгжсэнээр өнгөрсөн онд Япон, Өмнөд Солонгос гээд орноос Монголд ирж кино хийлээ. 

Ингээд энэ хаврын чуулганаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийг хэлэлцүүлж байна. 

-Энэ парламентын хаврын отгон чуулган хуралдаж байна. Та өнгөрсөн хугацаанд УИХ-ын гишүүний хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд хэчнээн хуулийн төсөл санаачлан, батлуулсан бэ?

-Миний хувьд УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд 22 хуулийн төсөл санаачлан боловсрууллаа. Үүнээс 17 хуулийг батлуулж, таван хууль нь хүлээгдэж байна. Хамгийн сүүлд УИХ-ын намрын чуулганаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийг батлуулсан. Энэ хаврын чуулганаар Малчдын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулан өргөн барилаа Малчдад уламжлал, шинэчлэлийг хослуулсан эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх хэрэгтэй. 

Малчны хөдөлмөр бол байгаль цаг уурын аясыг дагасан хүнд хөдөлмөр. Тиймээс малчид дангаараа биш хоршооллын хэлбэрээр хамтарч ажиллах нь хүнд хэцүү цаг үеийг даван туулахад тустай. Малчдын эрх зүйн байдлын тухай хуулиар хамтарч инновац нэвтрүүлж байгаа хоршоодод зээл олгох эрхийг нь өгнө. 

Мөн Малын бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг Ажлын хэсэг байгуулан боловс­руулж байна. Малчид малаа ченжүүдэд хямд үнээр худал­даалдаг. Тиймээс Малын бүтээг­дэхүүний бирж дээр мах, махан бүтээгдэхүүнээ худалдаалах боломжийг бүрдүүлэх юм. 

Нөгөөтэйгүүр энэ хаврын чуул­ганы гол хэлэлцэн батлах хууль нь Баялгийн сангийн тухай хууль. Өнгөрсөн намрын чуулганаар би “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг 2011 оноос хойш төрсөн хүүхдүүдэд олгох тогтоолын төслийн Ажлын хэсэгт ажилласан. Хувьцааны ногдол ашгийг анх удаа өгөөд эхэллээ. Одоо хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулах, өвлүүлэх, худалдах, худалдан авах зохицуулалтыг Баялгийн сангийн тухай хуульд тусгаж өгнө. 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
1
care
0
haha
5
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 10 цагийн өмнө
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 11 цагийн өмнө
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 11 цагийн өмнө
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 12 цагийн өмнө
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… 13 цагийн өмнө
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… 14 цагийн өмнө
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа 14 цагийн өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 17 цагийн өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 17 цагийн өмнө
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 17 цагийн өмнө
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ 18 цагийн өмнө
Франц Алжираас Элчин сайдаа татлаа 18 цагийн өмнө
Трампизм барууны хуваагдлыг гүнзгийрүүллээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг.... 18 цагийн өмнө
​ Ангарагийг зорих мөрөөдлийг биелүүлэгч 18 цагийн өмнө
Улаанбаатарт 11 хэм дулаан байна 19 цагийн өмнө
Үзэгчдийн хүлээлт, уухайн түрлэгтэй циркийн өдрүүд үргэлжилж байна 2025/04/19
Дэлхийн циркийн өдөр тохиож байна 2025/04/19
​ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл Санхүүгийн зохицуулах хороонд ажиллал… 2025/04/18
​ “Улаанбаатар Вест”, “Баянхайрхан Миг” багийнхан Чендүг зорино 2025/04/18