Боловсролын тэргүүний ажилтан, багш, сэтгүүлч Л.Оюунчимэгийн хөгжлийн хөдөлгөгч хүч болсон боловсролын тухайд уудам Монгол орны баруун, зүүн хязгаарт аялсан тэмдэглэлийг толилуулж байна.
ХОЛЫН ЦЭНХЭР ХОВДЫН ХЯЗГААР БУЮУ ХОВДООС ХАРВАРД ХҮРТЭЛ...
Одоогоос яг хоёр жилийн өмнө ажил үүргээ хүлээн авсан аймгийн анхны эмэгтэй Засаг дарга эрхэмсэг хатагтай Э.Болормаа олон улсын байгууллагад ажиллаж байсан туршлага, бас ч Ерөнхий сайдын ажлын албаны ахлах зөвлөхийн хувьд улс орны цараатай ажил үйлсийг эмхлэн цэгцэлж, эрч хүчээ зориулж явсан хүний хувьд төрөлх аймгийнхаа бодлогыг тодорхойлолцож хүчээ өгөх нь санаанд илхэн байлаа. Тэрбээр ажлаа авмагцаа гуравхан сарын дотор бэлтгэлээ хангаад хоёр оны зааг дээр “Хөрөнгө оруулалтын чуулган-Invest Khovd”-ыг нутагтаа амжилттай зохион байгуулсан билээ. “Invest Khovd-2023” хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Э.Болормаа дарга хэлэхдээ “1000 км радиуст зургаан сая монгол хүн байдгийг бодолцвол баруун таван аймаг ногоон хөгжлийн шинэ алхамд хүрэхийн тулд төрийн хүртээмжээ сайжруулж, гадаад харилцаандаа эргэлт авчиръя, эдийн засгийн зургаан тэргүүлэх чиглэлийг түшиглэж хоёр хөрштэй хиллэдэг давуу талаа ашиглан боомтуудаар экспорт хийх боломжтой, сэргээгдэх эрчим хүчийг ч хөрш рүүгээ нийлүүлэх чадавхтай болно л гэдгийг онцлон тэмдэглэсэн чуулган болсон билээ. Хандлагаа өөрчлөөд, хөгжлийн чиглэлээ оновчтой тогтоож, шийдлээ зоригтойгоор хэрэгжүүлбэл бүс нутгийн ирээдүй тодхон мэт ээ.
Хүний хэрэгцээний анхдагч шаардлага болсон аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд нийтийн эзэмшлийн гудамж талбайгаа 100 хувь камержуулсан анхны аймаг болжээ.
“Хөшөөт хөгжлийн сан”-г татан буулгаж, олон нийтийн болгосноор тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан ба орон нутгийн хөгжлийн санг “шилэн” болгоно гээд 2024 онд улсаас татаас авдаггүй аймаг болохоор нөөц боломжоо дайчилж байна. Энэ нь ААН-үүдийн ялалт, цаг хугацааны хэмжүүр байлаа. Боловсролын салбарын хувьд чадварлаг багш, сурагч, оюутан зэрэг дөрвөн хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд улсын дундажтай харьцуулахад 25 сургуульд 19.7, СӨБ-ын дөчөөд байгууллага болон цэцэрлэгт 25.6 хувийн дүүргэлттэй байгаа нь бага байна. Боловсролын байгууллагын гүйцэтгэлийг зургаан шалгуур үзүүлэлтээр үнэлдэг бөгөөд дээрх 25 сургуулиас нэг нь сайн, 21 нь дунджаас доогуур, СӨБ болон цэцэрлэгүүдээс 20 нь дунджаас доогуур үнэлгээтэй гарсанд сурган хүмүүжүүлэгчид анхаарах хэрэгтэйг онцлов. Салбарыг нь мэргэжлийн хүнээр удирдуулахыг голчилж, эхлэл нь боловсролын газрын даргаар Сайнбаяр багшийг томилсон явдал байв. Нийгмийн тэгш бус байдлын ялгааг арилгах эхлэл болгож "Ховд-ЭЕШ" хөтөлбөрийг 30-60 сая төгрөгөөр санхүүжүүлсэн, үүний үр дүнд зургаан хүүхэд 800 оноо авсан. Ховд аймгийн хэмжээнд түүх, монгол хэлээр улсын дунджаас дээгүүр, бусад хичээл дээр унасан үзүүлэлтэйд дүгнэлт хийх цаг болжээ. Аймгийн засаг даргын нэрэмжит шагнал 200 мянган төгрөгийг 400 оюутанд өгч эхэлсэн, өөрөөр хэлбэл 16 сум, 12 багаас тус бүр нэг хүүхэд гэсэн зарчимтайгаар, голч дүн нь 550-аас дээш байвал олгоно гэж тогтжээ. Иймээс эдийн засгийн өсөлтийг бүтээмж, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн чадвараар хэмждэгийг бодолцвол “Ахмад багш нарын зөвлөх баг”-ийг бий болгоё. Өөрөөр хэлбэл 3.4 сая хүн амтай орны хувьд 2-3 хүний бүтээмжтэй хөдөлмөрлөж байж хөрш орнуудтайгаа эн зэрэгцэж ирнэ. Хүн амын 40 хувь нь 18 нас хүрээгүй, 1.2 сая ажиллах хүчний 4.1 нь төрийн албанд, 500 мянга нь ахмадууд гэвэл энэ асуудлын агуулгыг ойлгох биз ээ. Нийгмийн манлайлагчид болсон багш нартаа хандаж мэргэжлийн хүмүүс та нартаа найдна, хамтдаа хүлээн зөвшөөрье, нэгдье, зорилгоо тодорхойлъё, замаа олъё. Та бүхний гар дээр Монгол орны, тэр дундаа Ховдын маргаашийн нар мандана гэдгийг итгэлтэйгээр уриаллаа.
Ховдын боловсролын бас нэгэн содон өнгө төрх болсон торгууд хөвгүүн О.Батнайрамдалын "Ховдоос Харвард хүртэл..." номыг олж уншвал хүн боломж олдох бүрд өнгөрсөнтэй нүүр тулж байнга өөртэйгөө ажиллаж байх ёстой гэдгийг олон уншигч ухаарнам. Ном бол шидэт саваанаас ч хүчтэй, хүмүүний ер бусын гайхамшигт ололт яах аргагүй мөн гэдгийг ч мэдэрнэм. Өөрийн бяцхан ертөнцдөө эрх дураараа тонгочиж, оюуны хил хязгаараа тэлэх үүд хаалгыг сумынхаа номын сангаас эхэлсэн тэрбээр номын амтыг, ажлын сайхныг, бусдад тустай амьдрахын ач тусыг их л багаасаа мэдэрч, өөрийн үнэ цэн болгож дотроо ургуулсан нэгэн бөлгөө.
Наран мандах дорнод хязгаар буюу М.Бадамсүрэн Засаг даргын боловсролын шинэчлэлээс
Дорнод нутгаас сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авч ажилласнаар 88.4 хувь болж, өмнөх оноос 3.2 хувиар нэмэгджээ.
Мөн алслагдсан багийн болон хилчдийн хүүхдүүдийг гэрээсээ цэцэрлэг, сургуульд явж, аав, ээжтэйгээ хамт амьдарч суралцах боломжийг бүрдүүлэхэд анхаарч, Матад сумын Мэнэн багт Орон нутгийн хөгжлийн сангийн 120 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар стандартад нийцсэн зохион байгуулалттай, хүүхдийн сурч хөгжихөд таатай, эрүүл аюулгүй орчинтой, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, шалны халаалт, боловсон ариун цэврийн байгууламжтай бага сургуулийн барилга, 168 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 хүүхдийн, НҮБ-ын хөрөнгө оруулалтаар 40 ортой хүүхдийн цэцэрлэгийг тус тус барьж ашиглалтад оруулсан ба эдгээр цэцэрлэг, сургуульд 95 хүүхэд хамрагдан сурч хөгжиж байна.
Аймаг орон нутгаас 2016-2024 онд боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, суралцагчдын эрүүл мэнд, боловсрол, хөгжил хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр дөрвөн дэд хөтөлбөр, 26 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 9.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
“Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй- суралцагч төвтэй хичээл, үйл ажиллагаа” сэдэвт онол практикийн VIII бага хуралд Дорнод аймгаас хамгийн олон илтгэл буюу 14 илтгэл шалгарч, үндэсний хэмжээнд арга туршлагаа түгээсэн байдаг.
“Оюутны хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд 47.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн ба оюутан залууст тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх, оюутан бүр улс, бүс нутгийн нийгэм-эдийн засгийн тогтвортой хөгжлийн төлөө идэвхтэй, хариуцлагатай оролцогч нь байх манлайллыг сайжруулах, урамшуулан дэмжих олон талт ажлыг зохион байгуулан хэрэгжүүлж байна.
“Хүн болох багаасаа” дэд хөтөлбөрийн хүрээнд сурагчдын монгол ёс заншил, ахуй уламжлал, тоглоом наадгай, ардын аман зохиолоос суралцан, орон нутгийнхаа түүх домгийг судалж, байгаль орчноо хайрлан хамгаалахад хувь нэмрээ оруулж, багаасаа байгаль дэлхий, амьд амьтан, ургамлаа хайрлах, арчлах зэргээр хүүхдийн хандлага, төлөвшилд эерэг үр дүн гарч байна.
Төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Access”, “Бага төмөрч” сургалтын төвтэй хамтран гурван удаагийн англи хэлний анхан ба дунд шатны сургалтыг зохион байгуулж, 22 агентлагийн 120 төрийн албан хаагч хамрагдан англи хэлний орчуулах чадвар, сонсох чадвар, анхан шатны дүрмийн мэдлэг, үгийн сангийн нөөцөө нэмэгдүүлсэн байна.
Аймгийн цэцэрлэг, сургууль бүр Багш хөгжлийн төвтэй болж, 1200 гаруй багшийг ажлын байрны ая тухтай орчинд ажиллах боломжоор хангаж, багшийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулсан аж.
Нэгдүгээр ангийн таван туслах багшийг ажиллуулж байгаа нь улсын хэмжээнд туршлага болохуйц ажил хэмээн Боловсролын ерөнхий газраас дүгнэжээ. Үүний үр дүнд нэгдүгээр ангийн багш сурагч болгонтойгоо ажиллах боломж бүрдэж, нэгдүгээр ангийн сурагчдад чанартай боловсрол эзэмшүүлэх тэгш боломж бүрдүүлэхэд туршлага болж байна.
Бага боловсролын багш нарын нийгмийн асуудал, ажлын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Дорнодын багш” болзолт уралдааныг 2022, 2023 онд зохион байгуулж, долоон багшид орон сууц худалдан авахад урьдчилгаа болгон, тус бүр 20 сая төгрөгийн урамшуулал олгосон. 2024 онд 28 багшид орон сууцны урьдчилгаа 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх “Бага ангийн багшийг дэмжих” төсөл болгон үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
“Монгол бичгээ суръя” төслийг гурван жил амжилттай хэрэгжүүлж байна.
Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, 7.8 тэрбум сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байдаг.
Аймгийн төвийн алслагдсан гурван сургуулийн сурагчдыг гэр, сургуулийнхаа хооронд нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор эко автобустай болгожээ.
“ЭЕШ эрчимжүүлсэн сургалт, үйл ажиллагаа” төслийг 2016 оноос эхлэн жил бүр хэрэгжүүлж, эрчимжүүлсэн сургалт, үйл ажиллагаанд 86.25 сая, урамшуулалд 63.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үр дүнд нь элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр Дорнод аймаг улсын хэмжээнд тогтмол 1-5 дугаар байр эзэлсэн амжилттай байна.
2023 онд “Хүн болох багаасаа” төслийг аймгийн төсвийн 2.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр авьяас, спорт, гадаад хэлний сургалт, дугуйлангуудыг хичээллүүлэн 9137 хүүхдийг хамруулан хөгжүүллээ.
“Байгаль шинжлэл” төслийг хэрэгжүүлж, хичээлээс гадуурх үйл ажиллагааны хүрээнд хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, сонирхолд нь тулгуурлан хөгжүүлэх, сурах арга барил эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх замаар шинжлэх ухаанч, техник сэтгэлгээтэй бүтээлч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор химийн хичээлээр найм, физикийн хичээлээр 10, газарзүйн хичээлээр 10, биологийн хичээлээр клуб дугуйлан хичээллүүлж, 450 хүүхдийг хамруулсан, “Дорнод Эврика” өдөрлөгт 18 сургуулийн байгалийн ухааны дугуйлангийн сурагчдын 260 гаруй шилдэг бүтээл, багш нарын сонирхолтой туршилтын үзүүлбэрүүдийг 600 гаруй сурагч, багш, эцэг эх, иргэдэд үзүүлснээр төсөл нь суралцагчдын бие даан бүтээлчээр суралцах чадварыг хөгжүүлэх, шинжлэх ухааны туршилт бүхий оюуны бүтээлийг урамшуулах, шилдэг бүтээлүүдийг сурталчлахад бодит дэмжлэг үзүүлсэн ажил болжээ.
Дорнод аймгийн хэмжээнд нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудыг 2019 оноос эхлэн "Нутгийн ирээдүй" төсөлд хамруулж, орон нутгаас сургалтын төлбөрийг бүрэн хариуцаж буй. Улсын хэмжээнд жишиг болохуйц энэхүү төсөлд 2023 оны байдлаар 149 хүүхэд хамрагдсанаас 35 оюутан төгсөж, сум орон нутагтаа тогтвортой ажиллаж байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (1)