Цахимжилт орон нутагт эрчимтэй өрнөж байна



“Цахим үндэстэн” болох уриалга бодитоор хэрхэн хэрэгжиж байна вэ. Тэр дундаа орон нутгийн иргэд цахимын хэрэглээг өдөр  тутмын амьдралдаа хэвшүүлж чадсан уу. Аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн үйлчилгээг хүргэж буй албаныхан энэ тухайд иргэддээ хүрч ажиллаж байна уу. Цаашид төр, засгийн зүгээс бодлогын ямар  дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна вэ гэдэгт хариулт авч, цахимжилтыг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүднээс салбарын сайдын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн орон нутагт ажиллаж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан төр, хувийн хэвшлийн мэргэжилтнүүдээс бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг баруун бүсэд ажиллаж эхэллээ. Тэдний хувьд өнгөрсөн хугацаанд говийн болон хангайн бүсийн долоон аймагт “Цахим хөгжлийн өдөрлөг”-ийг зохион байгуулсан бол  баруун бүс дэх аянаа Говь-Алтай аймгаас эхлүүлсэн юм.  “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд өрнүүлж буй энэхүү  өдөрлөг нь бүсчилсэн хөгжлийн хүрээнд ЦХХХЯ-наас баримталж буй бодлого, төлөвлөлт, зорилт, арга хэмжээг танилцуулахаас гадна аймаг, орон нутаг дахь цахим шилжилт ямар түвшинд байгааг үнэлж, дүгнэн, тулгамдаж буй асуудлуудад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буйгаараа онцлогтой.  Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, цахимаар үзүүлэх төрийн үйлчилгээний тоо, хүртээмжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол нь оршиж буй.  


Монгол Улсын Засгийн  газраас “Цахим үндэстэн” болох  уриалгыг  дэвшүүлэн  хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд  ЦХХХЯ-ыг  2022 онд байгуулсан байдаг. Энэхүү уриалгын хүрээнд  дижитал дэд бүтэц, цахим засаглал, мэдээллийн аюулгүй байдал, тоон бичиг үсгийн чадавх, инновац үйлдвэрлэл, үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн стратегийн зургаан том төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байгаа билээ. Түүнчлэн салбар яамыг байгуулахын  зэрэгцээ цахимын хэрэглээг орон нутагт эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх үүднээс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрыг /ТЦҮЗГ/ байгуулж, 21 аймагт хэлтэс байгуулсан байдаг.  ЦХХХЯ-наас баталсан  “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг  орон нутагт хэрэгжүүлэн зохион байгуулах гол үүргийг ТЦҮЗГ-ын салбар нэгжийнхэн хариуцан ажиллаж байгаа юм. Говь-Алтай аймгийн  хувьд цахимжилтын ерөнхий үзүүлэлтээр 21 аймгаас есдүгээрт эрэмбэлэгдсэн гэдгийг өдөрлөгийн үеэр албаныхан дуулгасан. Харин цахим хэрэглээний хувьд  аймгийн 18 сум, 83 баг байдгаас 18 баг 4G сүлжээнд, 41 баг 3G  сүлжээнд холбогдсон бөгөөд  төрийн үйлчилгээний нэгдсэн систем "И-Монгол"-д 52 үйлчилгээг холбоод байгаа бол гурван байршилд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгээр дамжуулан иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч байна. Говь-Алтай аймгийн  58257  иргэний 22.897   буюу 58 хувь  нь тоон гарын үсэгтэй  болжээ. Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн  дарга  Н.Сумъяабазар “Иргэд биднээс ирж үйлчилгээ авах бус "И-Монгол" системээр дамжуулан төрөөс шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй авдаг болохыг илүүд үздэг. Тиймээс эхний ээлжид бидэнд хандсан иргэнд цахим хэлбэрээр хэчнээн төрлийн, ямар үйлчилгээг  цахимаар авах боломжтойн талаар бүх талын мэдээлэл, шаардлагатай заавар зөвлөгөөг өгч ажилладаг. Нэг үеэ бодвол манай аймгийнхны цахимын хэрэглээ харьцангуй өсөж байна” гэсэн юм.  

Ж.Эрхэмбаатар: Төрийн үйлчилгээг цахимжуулснаар тухайн 
бүс нутгийн  иргэдийн амьдрал илүү хялбар болно   

ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, “Цахим үндэстэн” болох уриалгыг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг түргэн, шуурхай, хариуцлага, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Ажлын хэсгийн ахлагч, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар энэ үеэр  “Энэ аяны хүрээнд бид орон нутаг дахь цахимжилтыг дэмжих, эрчимжүүлэх үндсэн зорилготой. Ингэхдээ  цахимжилтыг иргэдийн хэрэглээнд нэвтрүүлэхэд  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ төрийн албан хаагчид болон иргэдэд цахим хэрэглээний ур чадвар олгох, хэрэглэж буй  мэдээ мэдээллийн системийн ашиглалтыг  сайжруулах зорилготой. 2023 онд буюу жилийн өмнө ЦХХХ-ны сайд Н.Учралын тушаалаар “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг баталсан. Энэ хүрээнд  аймаг орон нутгууд хэрхэн цахимжих вэ, ямар системтэй байх ёстой юм. Эргээд ямар шалгуураар цахимжилтын  үр дүнг дүгнэх ёстой вэ, ямар тохиолдолд цахимжлаа гэж үзэх вэ гэх зэргийг нарийвчлан тусгаж өгсөн. Үүний зэрэгцээ  аймгуудын  цахим бэлэн байдлын үнэлгээг  хийсэн юм. Энэ үнэлгээгээр Говь-Алтай аймаг есдүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ бол чамгүй үзүүлэлт. Гэхдээ цаашид цахимжилтад бүрэн шилжихийн тулд хийж, хэрэгжүүлэх ажил их байна.  Тийм ч учраас бид  өргөн бүрэлдэхүүнтэйгээр, салбарын төдийгүй хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад орон нутагт ажиллаж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулна гэдэг нь тухайн бүс нутагт амьдарч буй иргэдийн амьдралыг илүү хялбар болгоно  гэсэн үг” хэмээн тодотгосон. 


"Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхлэгчид, иргэд, олон нийтэд ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гишүүн 23 байгууллага өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээ,  орчин үеийн дэвшилтэт технологийг сурталчлан, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан юм. Тэдний зүгээс Говь-Алтай аймгийн төрийн байгууллагын ахлах болон дотоод ажил хариуцсан мэргэжилтнүүд, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, хүний нөөц, бичиг хэргийн ажилтнууд, сумдын "И-Монгол" хариуцсан операторуудын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгууллаа. Тухайлбал,  төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд  Кибер аюулгүй байдлын хууль, эрх зүйн орчин, Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журмыг хэрэгжүүлэх, Монгол Улсын Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдлын талаар, төрийн байгууллагын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд төрийн үүлэн тооцооллын дэд бүтэц /mCloud/, цахим орчны зохицуулалтын талаар,  төрийн албан хаагчдад зориулсан docx, erp, sudalgaa.gov.mn, ekids систем, орон нутгийн төрийн үйлчилгээнд процессын шинжилгээ хийх, дахин загварчилж төрийн үйлчилгээний нэгдсэн системд холбох төслийн танилцуулга зэргийг хийсэн.  Харин ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад  “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгад цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотойгоор оруулсан зохицуулалтын талаарх мэдээллийг өгч ажиллалаа.  “Цахим хөгжлийн өдөрлөг”-т ЦХХХЯ болон  Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар /ТЦҮЗГ/,  "И-Mонгол", Монголын үндэсний Дата төв, “Радио телевизийн үндэсний  сүлжээ” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/, “Мэдээлэл холбооны сүлжээ” компани, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Монгол шуудан”, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын төлөөллөөс бүрдсэн баг ажиллаж байна. Бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн “Цахимд хэвшье” уриан дор үндэсний хэмжээнд  өрнүүлж буй  баруун бүсийн  өдөрлөг  Говь-Алтай аймгаас  ийнхүү эхэлж байгаа бөгөөд энэ сарын  5-нд Ховд, 8-нд Баян-Өлгий, 10-нд Увс, 12-нд Завхан аймагт болно. 


М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22