Монгол Улсыг дэлхий нийтэд сурталчлах “Go Mongolia” үндэсний брэндингийг БНСУ-ын нийслэл Сөүл хотод танилцууллаа. Үндэсний брэндингийг танилцуулах ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд болон БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд, бизнес, соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын төлөөлөл оролцов. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд агаарын тээврийн либералчлал, төрийн үйлчилгээг цахимжуулах, зарим улсын иргэдийг визгүй нөхцөлөөр зочлох эрхзүйн орчныг бүрдүүлж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Үүний үр дүнд өнгөрсөн онд Монгол Улсын эдийн засаг найман хувиар өссөн үзүүлэлтээр дэлхийд 22-т эрэмбэлэгдээд байна. Үүний зэрэгцээ дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлсэн. Эдгээр өсөлтөд уул уурхайн салбараас гадна аялал жуулчлалын салбар чухал нөлөө үзүүлж байна. Манай улс 650 мянган жуулчныг анх удаа хүлээн авсан бөгөөд тэдгээрээс гурван хүн тутмын нэг нь Өмнөд Солонгосоос иржээ.
Монгол, БНСУ-ын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттайгаар нэмэгдүүлнэ
Монгол Улс, БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 34 жилийн хугацаанд хоёр орны хамтын ажиллагаа эдийн засаг, нийгэм, соёл зэрэг салбар бүрд өргөжин хөгжиж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүрсэн. Монгол Улсын Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулагчид, зочид буудал, агаарын тээврийн компаниуд, хэвлэл мэдээллийнхэн, кино урлаг, дэлгэцийн бүтээлийн одод, найруулагч, продюсерууд, цахим ертөнц, нийгмийн сүлжээний нөлөөлөгчид, контент бүтээгчид Монголд аялж, хамтарсан төсөл, уран бүтээл туурвихад эерэг нөлөөлөл үзүүлж эхэллээ. Түүнчлэн Монгол Улс 10 орны 26 чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 онд 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Энэ онд 52 улсын 379 чиглэлд нислэг үйлдэнэ. Монгол, БНСУ хоёр улсын агаарын хэлэлцээрээр нислэгийн тоог үе шаттайгаар тогтмол нэмэгдүүлэх, орон нутгийн шууд нислэгийг нээх шийдвэр гаргаад байна.
Монгол Улс жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, төрийн үйлчилгээг хялбаршуулан цахимжуулсан. Ийнхүү цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, олон улсын хэмжээнд сайн туршлага болсон юм. Мөн орон нутагт "Starlink" өндөр хурдны интернэт үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, БНСУ-ын жуулчдыг Монгол Улсад аялахад нь таатай нөхцөлөөр ханган ажиллаж байна.
БНСУ-д “Go Mongolia”-г танилцууллаа
Олон улсад шинээр танилцуулж буй үндэсний брэндингийн хувьд, Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж "Welcome to Mongolia"-г түлхүүр үгээ болгож байв. Тэгвэл цаашид аялал жуулчлалын салбараас гадна эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тогтоон хэрэглэх шаардлагатай болсон юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацын экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр “Эделмань” олон улсын брэндинг, маркетингийн компани, үндэсний зөвлөх, холбогдох байгууллага, бүтээлч багтай хамтран Монгол Улсын үндэсний брэндийн дизайны олон улсын зах зээл дэх өрсөлдөх чадварыг судалжээ. Улмаар олон улсад танигдах үндэсний брэндийн харагдах байдал, дүрслэлийг боловсруулан, үндэсний нэгдмэл үнэт зүйл, үндэстний брэндинг, маркетингийн стратегийг тодорхойлон, маркетингийн стратегийн төлөвлөгөө боловсруулсан байна.
“Go Mongolia” үндэсний брэндинг нь Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, олон нийттэй харилцах бодлогын хүрээнд соёлын болоод аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойлсон.
“Монголд зочлох жил”-ийг тохиолдуулан гаргасан Welcome to Mongolia брэндийг 2022 онд зарлаж, олон улсад Монгол Улсад зочлохыг илтгэж, үр дүн, ач холбогдлоо өгсөн. Харин 2024 оноос Монгол Улсыг бүрэн илэрхийлэх “Mongolia, Always Moving” брэндийг дэлхий дахинаа зарлаж эхэллээ.
“Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй Сөүл хотноо уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол оронд хаваржилт хүндэрч, зудын сорилт бэрхшээлтэй тулгарсан хүнд үеийг даван туулахад зориулан БНСУ-ын Засгийн газраас 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. Тэрбээр үргэлжлүүлэн 2023 онд манай улсад зорчсон солонгос жуулчдын тоо цар тахлын өмнөх үеэс 60 гаруй хувиар нэмэгдэн 140 мянгад хүрч хоёр улс аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, иргэдийн солилцоог эрчимжүүлэх, уг салбарт бизнес хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх өргөн боломж байгааг онцлон тэмдэглэлээ. БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү Монгол Улсыг гадаадад сурталчлах “Go Mongolia” арга хэмжээг БНСУ-аас эхлүүлж, өнгөрсөн сарын 28-ны өдөр Сөүл хотод амжилттай зохион байгуулсанд баяр хүргэв. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлтийг сайжруулахад анхаарч эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах асуудлыг шуурхайлах, эрдэс баялгийн хамтын ажиллагааг өрнүүлэх асуудалд ач холбогдол өгч буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн “Хөх толботон” аялал жуулчлалын маршрут хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-аас чанартай эм импортлох, Өмнөд Солонгосын эмийн үйлдвэрлэлийн стандартыг Монголд нутагшуулах, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлж Монголоос улаанбуудай, тэжээлийн буудай экспортлох боломжийг танилцууллаа. Мөн энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Экспорт-Импорт банкны дэд ерөнхийлөгч Хон Юнсүн, ерөнхий захирал Ань Бюнхо нарыг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр 1992 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн нийт төсөл хөтөлбөр, хамтын ажиллагааг дүгнэн хэлэлцэж, цаашдын хөрөнгө оруулалт, зээл олгох нөхцөлийг сайжруулах, төслийн хэрэгжилтийг хурдасгах, хөгжлийн хамтын ажиллагааны баримт бичиг, цар хүрээгээ шинэчлэх талаар ярилцав. Мөн талууд Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлсэн Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд нийслэл Улаанбаатар хотын дахин төлөвлөлт тухайлбал, нүхэн гарц, гүүр, автозамын бүтээн байгуулалт зэрэг дэд бүтцийн төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжтой гэдэгт санал нэгдэв. БНСУ-ын Экспорт-Импорт банк, Монгол Улсын Хөгжлийн банк хооронд хамтран ажиллах, туршлага солилцох, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зэрэг асуудлаар нэгдсэн ойлголтод хүрлээ.
Эх сурвалж: Монголын үнэн сонин №013/24592/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна